Антуан МАИР

ХӨХ ТЭНГЭРИЙН ДООРХ ЭДИЙН ЗАСГИЙН ДАЙН

Олон улсын Монгол судлалын 10-р их хурал, Улаанбаатар, 2011. 8. 9-13

Монгол Улс оновчтой шийдвэр, улс төрийн сонголт хийх ёстой түүхэн дэх эргэлтийн цэг болох замын уулзвар дээр байна. Монгол улсын өнгөрсөн түүхийн итгэл үнэмшил, тусгаар тогтнолын төлөөх тэмүүлэл нь дан ганц улс хоорондын цэрэглэлийн үр дүн байсан үеэ өнгөрөөж, хэзээ ч урьд нь үзэж байгаагүй либерал ба неолиберал онолын эдийн засгийн "дайны" туршилтыг одоо үзэж байна. Уламжлалт либерал онолын хувьд Адам Смит 1776 онд хэвлэгдсэн “Үндэстнүүдийн баялаг” бүтээлдээ худалдаа, арилжааг төрөөс зохицуулахыг буруушаасан байдаг. Бирж, дэлхийн чөлөөт худалдаа нь хүмүүсийг өмнөхөөсөө илүү баян болгож, бүх нийтийн сайн сайхан байдлыг бий болгодог гэжээ. 

Гэсэн хэдий ч, энэ онолын дутагдалтай тал нь, хэрэв бараа солилцоо хэн нэгнээс хамааралтай бол хомсдол үүсгэх аюултайг тооцоолоогүй. Либерал парадигмын сүйрлийн анхны жишээнүүдийн нэг нь газрын тос. Нефть экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) 1973 онд газрын тосны анхны хямрал дэгдээсэн нь хомсдол үүсгэж, тэрийг нь даван туулах, цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай болсон анхны туршлага юм. Түүхий эд угаасаа хязгаарлагдмал байдаг тул тэрийг хянах өрсөлдөөн үүсч таарна. Түүнчлэн хөгжиж буй орнуудын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ энэ чиг хандлагыг улам бэхжүүлдэг. Эдгээр улс орнууд өсөлтөө хурдасгахын тулд илүү их түүхий эд шаардлагатай байдаг тул нөөцийн төлөөх өрсөлдөөн улам ширүүссээр байна. Ийнхүү нөөцийн асуудал үндэсний эрх ашиг, магадгүй үндэсний аюулгүй байдлын асуудал болоод байна. 

Монтескью "Хуулийн амин сүнс" номондоо худалдааны жам ёсны үр дагавар нь энх тайван байдаг гэж үзсэн, гэхдээ түүний буруу байж магадгүй. Зөрчилдөөн намжсан ч үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашиг гол цөм хэвээр байх болно. Уламжлалт дайн, дэлхийг хамарсан мөргөлдөөн зэрэг нь эдүээ цөмийн зэвсгийн айдсаар хязгаарлагдаж, эдийн засгийн дайн хийх болжээ. Эдийн засаг нь зөвхөн эдийн засгийн асуудал байхаа больсон, харин одоо газарзүйн болон улс төрийн ашиг сонирхлыг багтаах болж гээд, Э.Луттвак үүнд геоэдийнзасаг гэсэн нэршил бодож олжээ. Энэ талаас нь дүгнэх юм бол энэ нь неолиберал хандлагаас эрс ялгаатай. Төр нь асуудлын нэг хэсэг байхаа больж, шийдлийн зөвхөн нэг бүрэлдэхүүн хэсэг нь болж байгаа юм. Эдийн засгийн агентууд өөрсдийгөө илэрхийлэх ерөнхий бүтцийг зохион байгуулах ёстой тул түүний роль гол үүрэгтэй. Улс орны хувьд стратегийн ямар шийд гаргахыг мэдэх үүрэгтэй болохоор төр ч мөн чухал оролцоотой. Энд оролцогч талууд зөвхөн шинэ зах зээлийг эзлэх зорилго өмнөө тавьдаг учраас үндэсний эдийн засаг, аюулгүй байдлын чухал асуудал болох хомс нөөцийг хянах зорилготой юм. Монголын хувьд энэхүү аяндаа бий болсон тогтолцоо нь эрсдэлтэй боловч хөх тэнгэрийн орны удаан хугацаанд эрхэмлэн дээдэлж ирсэн бие даасан байдлын төлөөх эрэл хайгуулаа ашиглах боломж юм. Үнэхээр ч Монгол Улс ашиглагдаагүй ашигт малтмалын асар их нөөцтэй, гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татдаг стратегийн давуу талтай. 

Гэсэн хэдий ч энэ нь улс орныг олон хүсэл сонирхол, ашиг сонирхлын уулзварт оруулдаг. Монгол улс урьд урьдынхаас илүү их хүсэн тэмүүлж, баялгийг нь ашиглах хүсэлтэй олон улс орон нүүр тулсан. Эдгээр хүслийг Монголд боломж гэж үзэж болох ч аюул заналхийлэл гэж үзэж бас болно. Монголчууд хөршүүдтэйгээ дайсагналцаж болохгүй, харин ч тэднээс хэт хамааралтай байж болохгүй гэсэн нарийн тоглоом тоглох ёстой. 

Энэ нийтлэлд Монгол дахь эдийн засгийн дайн, энэ тэмцэлд Улаанбаатарын сонгосон стратегийн тухай өгүүлнэ. Юуны өмнө энэ эдийн засгийн дайн ямар нөхцөл байдалд өрнөж байгааг харах ёстой. Түүхий эдийн хомсдол бий болсон энэ үед Монгол улс байгалийн баялаг ихтэй шинэ орон учраас онцгой байр суурь эзэлдэг. Нүүрс, зэс бол Монголын сайтар мэдэгдэж буй баялаг боловч өнөөдөр ураан, газрын ховор элементийн төлөөх тэмцэл илүү өрнөж байна. Тиймээс л түүхий эд бол тодорхойлох хүчин зүйл юм. Энэ нь Монгол улсад хөгжил дэвшлийн хөдөлгүүр, мөн олон улсын тавцанд шинэ байр суурьтай болж, бие даасан байдлаа батжуулан сэргээн босгох боломж олгох учраас Бурханы бэлэг гэж үзэж болох. Тиймээс жишээ нь Хятадтай хөрш байгаа нь боломж, гэхдээ Дундад улсын хоолны дуршлыг бас аюул гэж үзэж болно. Энэ байдал нь Оросын хувьд ч адилхан. Энэ бодит байдлыг сөрөн зогсолгүйгээр дэлхийн нөөц баялгийн төлөөх өрсөлдөөнийг зөв ашиглахын тулд Монгол улс түүхий эдээ тулгын чулуу болгох стратегийг баримтла ёстой юмаа.Төр засаг эрх мэдлээ хуулиар дамжуулан хэрэгжүүлдэг. Гэсэн хэдий ч хөгжлийн тогтолцоо хангалтгүй, үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй үед хууль тогтоох эрх мэдэл зөв ухаалаг байж л ажиллах чадвараа олж авдаг. Өнөөдөр Монгол Улсын хамгийн чухал шийдвэрүүд стратегийн гэх үндэслэлээр гарах ч эргээд эдийн засгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна. Энэ нийтлэл бол Монголд эдийн засгийн дайн болж байгааг харуулах гэсэн оролдлого төдий шүү. 

МОНГОЛ ДАХЬ ЭДИЙН ЗАСГИЙН ДАЙНЫ ЗОРИЛГО

Дайн ба "эдийн засгийн дайн" нь ийм үзэл баримтлалын хувьд дайтаж болзошгүй талуудын дайны зорилго юу болохыг тодорхойлоход нарийвчлал шаарддаг. Монголын хувьд байгалийн баялаг нь гадаадын тоглогчдыг татах нь гарцаагүй. Монголын цэлмэг хөх тэнгэр нь, эцэс төгсгөлгүй уудам тал нутаг нь биш, харин тачир өвснийх нь дор нуугдаж буй зүйлс л татах хүч нь юм. Үнэхээр ч дэлхийн эрэлт хэрэгцээ байнга нэмэгдсээр буй энэ үед Монгол улс асар их хэмжээний ашиглагдаагүй ашигт малтмалын нөөцтэй байна. Энэ бодит байдал нь зарим эрдэмтэдийг, тухайлбал Урадын Булаг гуайг Монголыг “Minegolia" болгон хувирган нэрлэхэд хүргэжээ.[i]

Үнэхээр ч Монголд уул уурхайн салбар Монголын дотоод улс төрд чухал байр суурь эзэлж, нөлөөлөл нь нэмэгдсээр байна. Монгол улс аугаа боломж ба аюул заналхийлэлтэй зэрэгцэн тулгарсан ийм нөхцөл байдалд давуу тал нь зэсээс нүүрс хүртэл, ураанаас газрын ховор элемент хүртэл гэх мэт ашигт малтмалын олон төрөл билээ. Бүр жар гаруй химийн элемент энд нуугдаастай бий гэж зарим нь хэлдэг.[ii]

Монгол орны хөрсөнд булагдсан ашигт малтмалын тухайд нүүрс бол улс орон, хөгжил дэвшилд хамгийн хэрэгтэй зүйлийн нэг. Монгол улс хүрэн нүүрсээс эхлээд антрацит хүртэлх бүх төрлийн нүүрсийг эзэмшдэг. Хүрэн нүүрсний хувьд Монгол улсын үндсэн орд нь Багануур, Шивээ Овоогийн нүүрсний уурхай. Аль алин нь стратегийн ач холбогдолтой ордод тооцогддог. Үнэхээр ч тэд улсынхаа цахилгаан эрчим хүчний хэрэглээнд асар их хувь нэмэр оруулсан. Нарийн Сухайтын уурхай ч сонирхолтой. Эдгээр орд улс орон, эдийн засагт чухал ач холбогдолтой ч Монголын хамгийн алдартай орд бол мэдээж нүүрсний асар их нөөцтэй Тавантолгой юм. Таван толгойг Бурхан Монголд өгсөн бэлэг гэж үзэж болно. Энэ “бэлэгт” антрацит, коксжих нүүрс зэрэг өндөр чанарын нүүрсний асар их нөөц бий. Нөөц нь 6.5 - 7.5 тэрбум тонноор хэмжигддэг.[iii] Тендер шалгаруулалтын дүнгээс харахад Хятадын “Шинхуа” компани, Америкийн “Пибоди” болон Орос-Монголын нууцлаг консорциумд талбайнууд одоохондоо хуваагдсан байна.[iv]

Энэ гэрээ яригдсан юм бол яаралтай баталгаажуулах ёстой, учир нь ойрын ирээдүйд дахиад л өөрчлөгдөх магадлалтай. Тавантолгойг бүрэн ашиглаж амжаагүй байгаа ч 2011 онд Монголын нүүрсний олборлолтын хэмжээ аль хэдийн гучин сая тоннд хүрэх төлөвтэй байна. Тэгвэл Монгол Улс дэлхийн долоо дахь том нүүрс олборлогч болох боломжтой юм. Монгол улсын хувьд нийтдээ 163.2 тэрбум гаруй тонн нүүрсний нөөцтэй гэж зарим мэргэжилтэн хэлдэг. 

Монголын хоёр дахь алдартай ашигт малтмалын баялаг бол мэдээж зэс. Түүх сөхвөл, Монгол Улс социализмын үе болон Эрдэнэт үйлдвэрийг ЗХУ-тай хамтран байгуулснаас хойш зэсийн томоохон экспортлогч орон байсаар ирлээ. Зэсийн салбарт гурван уурхай зонхилж байгаа бөгөөд бүгд улс орны хувьд стратегийн ач холбогдолтой гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Эхнийх нь Эрдэнэткомпанийн удирддаг 3.3 сая тоннын нөөцтэй, Орос-Монголын хамтарсан Эрдэнэт үйлдвэр юм.[v] Цагаан суварга бол Монголын бас нэгэн чухал баялаг. Харин зэсийн аварга том орд нь Оюутолгой билээ. Оюутолгойд 24-39 сая тонн зэс агуулагдах төлөвтэй байна.[vi] Ашиглалтын хэлэлцээрүүд урт бөгөөд төвөгтэй байсан ч дарамт шахалтыг үл харгалзан уг талбайг Австралийн түнш Рио Тинто, Канадын Айвенхоу компаниуд эзэмшин ажиллуулахаар тогтсон. Энэхүү стратегийн ач холбогдол бүхий ордын 34 хувийг Монгол улс эзэмшихээр болсон. Монгол улсын хувьд 43.5 сая тонн зэсийн илэрсэн нөөцтэйгээр зэсийн нөөцөөрөө дэлхийд дөрөвт орох боломжтой.[vii]

"Хар алт", "улаан алт"-ын дараа Монгол улс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал болох шар өнгөт урааны их нөөцтэй. Ураан бол химийн ховор элемент, тэр дундаа Монгол дахь илэрсэн нөөц бага. Улстөрийн шалтгаанаар ЗХУ-ын оролцоогүйгээр Монголын урааны баялгийг ашиглах боломжгүй байсан. Урааны нөөц нь Монголын зүүн хэсэгт төвлөрдөг. Энд Мардай, Гурванбулагийн хоёр ордыг дурдах хэрэгтэй. Сүүлчийнх нь хувьд Гурванбулагийн нөөц нь 6900 тонн ураан.[viii] Хэсэг хугацаанд Канадын “Вестерн проспектор” компанийн эзэмшилд байсан ч тус компанийг Хятадын үндэсний цөмийн корпорацтай нэгтгэж, одоо тус талбайг Хятадын төрийн өмчит компанийн мэдэлд авчээ. Зарим талаараа Гурванбулагийн нөхцөл Мардайтай их төстэй байсан ч үр дүн нь өөр гарсан. Мардайн урааны нөөцийг 33 мянган тонн[ix] гэж тооцож байгаа бөгөөд ойрын хугацаанд Орос-Монголын хамтарсан компани олборлох ёстой болжээ. Гэхдээ ураан нь Ашигт малтмалын тухай ерөнхий хуульд хамаардаггүй учраас Монгол улсад ураан онцгой статустай гэгдэх болсныг онцлох хэрэгтэй.

Алт, жонш, фосфат, мөнгө гэх мэт бусад олон элементийг дурдаж болох ч газрын ховор элементийг онцгойлон товч дурдах хэрэгтэй. Хятад бол дэлхийн ховор элементийн зонхилох, бараг цорын ганц үйлдвэрлэгч юм. Өнгөрсөн оны сүүлээр Хятад улс өөрийн Японтой хийсэн хилийн маргаандаа газрын ховор элементийн монополчлолоо улс төрийн хэрэгсэл болгон ашигласан. Чухам үүнээс болж газрын ховор элементийн ордыг энд тэнд шинээр нээн ашиглахыг ихэнх хэрэглэгч, худалдан авагчид хүсэх боллоо. Энэ эрэл хайгуулд Монгол улс өөрийн боломжит оролцогч тул удахгүй Япон, Өмнөд Солонгос зэрэг орнын тусламжтайгаар хөх тэнгэрийн оронд томоохон нээлтүүд хийгдэж магадгүй.[x] Монгол орны газрын ховор элементийн нөөц 31 сая тонн.[xi] Тэгвэл Монгол улс дэлхийн нөөцийн 16.77 хувийг эзэмшиж, газрын ховор элементийн нөөцөөр дэлхийд хоёрдугаарт орох боломжтой.

Монгол улсын уул уурхайн салбарын экспоненциал хөгжил орон нутгийн мэдлийх байж болохгүй гэдгийг харуулах гэсэн үүднээс уул уурхайн салбарын энэхүү товч тоймыг хийсэн болно. Нөгөөтэйгүүр Монголын үндсэн ордуудын дийлэнх хувийг гадаадын түншүүдтэй хамтран ашиглаж байна. Монголд өөр сонголт байхгүй ч үүнтэй холбогдох шийдвэрүүд хөх тэнгэрт орныхоо бие даасан байдалд заналхийлэх аюул ч бас бий гэдгийг илэрхийлэх гэсэн юм. 

ЭДИЙН ЗАСГИЙН ДАЙНТАЙ ХОЛБООТОЙ ХОЁР ЖИШЭЭ 

Монгол улсын бие даасан бодлогын стратегийг шинжихийн өмнө энд болоод өнгөрсөн ба болж буй хоёр үйл явдлыг тодотгон дурдах нь зүйтэй. Эхнийх нь мэдээж нэгэн цагт Канадын “Хан ресурс” компанийн мэдэлд байсан Мардайн урааны орд. Хоёр дахь нь хэдэн долоо хоногийн өмнө тендерийн ажил нь дууссан гэх Тавантолгойн асуудал.

Урааны асуудал хөрш улсынх нь эрх ашгийг хөндсөнөөрөө нэн сонирхууштай явдал, энэ нь Орос, Хятад хоёр л доо. Харин гурав дахь нь мэдээж Монгол улсын, монголчуудын өөрсдийнх нь эрх ашиг. Юу болоод өнгөрснийг товчхон сануулах нь зүйтэй. Өмнө дурьдсанчлан Мардай бол Монголын урааны гол ордын нэг. 1995 он хүртэл Орос-Монголын хамтарсан “Эрдэс” компани ажиллуулж байсан. Энэ үед урааны зах зээлийн үнэ огцом унасан тул уурхай хаагдсан. 2003 онд Мардайн лицензийг Канадын “Хан ресурс” компани худалдаж авсан. Канадын компани 58 хувийг эзэмшиж, үлдсэн хувийг Оросын "Атомредметзолото" (ARMZ) болон Монголын Монатом хоёр хувааж хамтарсан үйлдвэр байгуулжээ. 2009 онд Мардайн асуудал гэнэт үндсээрээ өөрчлөгджээ. Ерөнхий сайд С.Баяр 2009 оны гуравдугаар сард ОХУ-д айлчилж, хамтран зүтгэгч В.Путинтэй Монгол-Оросын урааны салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцсанаар бүх зүйл хөдөлж эхэлсэн.[xii] В.Путин тавдугаар сард Халх голын байлдааны ойн баярын бэлтгэлд оролцохоор Монголд очсон юм. Түүний айлчлал нь гуравдугаар сард хийсэн мэдэгдлүүдийг баталгаажуулж, Росатом болон Монголын Цөмийн Энергийн Агентлагийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.[xiii] Энэхүү санамж бичгийг Ерөнхийлөгч Д.Медведев 2009 оны наймдугаар сард тус улсад хийсэн айлчлалын үеэр Засгийн газар хоорондын хэлэлцээр болгон өргөжүүлж гарын үсэг зурснаар баталгаажуулсан.[xiv] Гэрээгээр Мардайд ураан олборлох Орос-Монголын хамтарсан үйлдвэр байгуулах явдал аж. Гэрээ байгуулагдах үед Мардай нь “Хан ресурс” болон түүний хамтарсан компанийн мэдэлд байсан гэдгийг энд онцлон хэлэх хэрэгтэй. Гэтэл 2010 оны долдугаар сард Цөмийн тухай хуулийг баталж, Цөмийн энергийн газраас шалгалт хийснээр “Хан ресурс” компанийн лицензийг түдгэлзүүлсэн.[xv] Ингэж Канадын компани шинэ асуудалтай учрав. Үнэхээр ч тус компанийн хүндрэл гэвэл өмнө дурдсанчлан хамтарсан компанийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох АРМЗ-аас Хан Ресурс руу дайсагнасан бооцоо гэнэт тавьсанаас шууд үүдэлтэй. Хан Ресурс үүнээс зайлсхийж, 2010 оны нэгдүгээр сард Монголын цөмийн салбарын өөр нэг бүрэлдэхүүн хэсэг болох Монатомтой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.[xvi] Энэхүү гэрээнд хамтарсан компанийн өөрийн хөрөнгийн 51 хувийг Монатом, үлдсэн 49 хувийг Хан Ресурс эзэмшихээр заасан. Монатомын байгуулсан гэрээг АРМЗ наймдугаар сарын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөрчсөн гэж зарга үүсгэжээ. Гэвч асуудал үүгээр зогссонгүй, гуравдагч орон тоглолтод оров. Нэгдүгээр сарын сүүлчээр хамтарсан компанийн нэг хэсэг болох Хятадын CNNC компани Хан Ресурсыг худалдан авах ашигтай санал тавьжээ. ARMZ-ийн саналыг эсэргүүцсэн "сайн санаат баатар"-ын дүрд хувирсан CNNC-ийн саналыг хоёрдугаар сарын 21-нд Хан Ресурсийн захирлууд хүлээн авчээ. Гэвч хамгийн сүүлд 2009 оны аравдугаар сарын 8-ны өдөр “Хан ресурс” компанийн лицензийг хүчингүй болгосон тухай мэдэгдснээр өнгөрсөн гуравдугаар сарын бүх тохиролцоо өөрчлөгдсөн. Ерөнхий сайд С.Батболдыг 2010 оны арванхоёрдугаар сард ОХУ-д ирэхэд Орос-Монголын хамтарсан шинэ компани нь өөрийн хөрөнгийн 51 хувийг “Монатом”, 49 хувийг “АРМЗ” компаниас бүрдэхээр шийдсэн байв.

Хан Ресурст тохиосон эдгээр явдал нь хачирхалтай бөгөөд хэд хэдэн онцлох үйл явдалтай. Нэгдүгээрт, Орос урьд өөрийн мэдэлд байсан ордоо эргүүлж авах гэсэн шахалт дарамт байх. Оросууд Мардайн урааны ордыг Канадын мэдэлд байлгахыг хүсээгүй нь ойлгомжтой. Монгол улсын Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын хэлснээр “Манай Оросын түнш Канадын компанийг хөөж, Орос, Монгол хоёр 51:49 харьцаагаар хамтран ажиллах хүсэлтэй байна”.[xvii]23. Түүнчлэн 2010 оны хоёрдугаар сарын сүүлчээр Хятад улс асуудалд орж ирсэн нь Канадын явдалд тус болохоосоо ус болжээ, учир нь канадчуудыг хөөж гаргасан энэ шийдвэр нь Монголын Засгийн газраас Монатомын төслийн эсрэг зогсож, Цөмийн энергийн агентлагийнхаа төслийг дэмжихэд хүргэсэн бололтой. Энэ маягийн үйл явдлууд нь Монголын улс төр, Монголын шийдвэр гаргах үйл явцад шууд нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг л жишээ юмаа.

Сүүлийн үед Тавантолгойн нүүрсний аварга ордын нэг хэсэг болох Баруун Цанхийн талбайг ашиглах сонгон шалгаруулалтын мөрөөр Монголын Засгийн газар шийдвэр гаргасан нь бас нэг бөөн будлианы үүсвэр болов. Хэвлэлийн мэдээлснээр ордын баруун хэсгийг Хятадын төрийн өмчит “Шинхуа” компани талбайн 40 хувийг, АНУ-ын “Пибоди” 26 хувийг, үлдсэнийг Орос-Монголын консорциум тус тус эзэмшихээр болсон байна. Энэ шийдвэр хэд хэдэн шалтгааны улмаас гэнэтийнх байсан. Нэгдүгээрт, ялагч гэгдэх хоёр компани тендерт оролцоогүй. Юу гэвэл Шинхуа үүнд оролцсон гэх авч тэд Японы Мицуй компанитай хамтарч тэндэрт дэвшсэн атал ийм шийдвэр гарсныг япончууд огт мэдээгүй байв. Орос-Монголын консорциумын тухайд бол шалгаруулах уралдаанд тэдний нэр байгаагүй. ҮАБЗ-ийн Цэндсүрэнгийн хэлснээр Орос-Монголын консорциум Тавантолгойн шалгаруулалтад нэрээ огт оруулаагүй аж.[xviii] Түүгээр ч барахгүй Монголын Засгийн газар шалгаруулалт явуулахаар нэг жил орчим ажилласан ч гэнэт ийм шийдвэр гаргана гэж хэн ч урьдаас төсөөлөөгүй. Тавантолгойн ордыг эх орныхоо зүүн хэсэгт орших Оросын төмөр замын сүлжээтэй холбож, ингэснээр Монголын нүүрс, ашигт малтмалын бүтээгдэхүүнийг экспортлох шинэ гарц нээх гэсэн нэгэн зорилгоор ийм шийдвэр гаргалаа гэж тайлбарлах болов. Ингэж Монгол улс 2010 оны зун зүүн тийш шинэ төмөр зам барих шийдвэрээ гаргалаа.[xix] Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Монголын төр ч их зүтгэсэн. Оросын зүүн боомтоор дамжин өнгөрөх татварыг багасгах талаар ч Оростой тохиролцсон.[xx]

2010 оны арваннэгдүгээр сард Япон улстай стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, хоёр улс уул уурхай, нүүрсний хайгуулын чиглэлээр хамтран ажиллах амлалт авчээ.[xxi] 2011 оны гуравдугаар сард Өмнөд Солонгостой ижил төстэй гэрээ байгуулж[xxii]2010 оны 11-р сарын сүүлээр Оросын Алс Дорнодын хөлддөг боомтоор нүүрс тээвэрлэх цуваа туршилтыг хүртэл зохион байгуулжээ. Оросын төмөр замын сүлжээг ашиглаж экспортын хойд шинэ зам бий болгох нь найдвартай, арилжааны хувьд ашигтай гэдгийг харуулах гэсэн хэрэг.[xxiii] Энэ шийдвэр нь Орос, Солонгос, Японы компаниудын консорциум тендерт давуу эрх эдлэх ёстой байсан гэж зарим нэг хүнийг дүгнэхэд хүргэсэн гэх. Гэвч ийм зүйл болоогүй бөгөөд эцсийн хэлэлцээрээс Япон, Солонгосын компаниудыг хассан. Энэ явдалнь наймдугаар сарын сүүлээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мөн Бакийн Монголд хийхээр төлөвлөсөн айлчлалыг сонирхолгүй болгож орхив.  

Хөрөнгө оруулалтын гэрээнийхээ мөн чанарыг ойлгохгүй бол үр дүнгийн тайлбар нь олон янз бөгөөд ээдрээтэй байдаг. Гэсэн хэдий ч зарим зөвлөмж гаргаж болно. Эхнийх нь мэдээж 2011 оны хавар Монголд нүүрлэсэн шатахууны хомсдолтой холбоотой. Оросууд Монголд шатахуун нийлүүлэхээ хязгаарлахын тулд дотоодод нь ямар нэгэн бэрхшээл үүссэн тухай ярьж эхлэв. Улс орны нөхцөл байдал хүнд, уул уурхайн салбар хүртэл хэцүүдэж болзошгүй гэх мэт. Эндээс үүссэн шатахууны хомсдол нь монголчууд хойд хөршөөсөө энэ талаар хэр хамааралтай болохыг тод харуулсан. Орос улс дотроо бодит хүндрэлтэй боллоо гэж шалтаг тоочин, Москва түлш нийлүүлэлтээ Монголд үзүүлэх шахалтын зэвсэг болгочихсон бололтой. Монголын Эрчим хүчний сайдын мэдэгдсэнээр “ОХУ нь Монгол улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэддээ хэзээ ч хязгаарлалт хийх арга хэрэглэж болзошгүйг харуулж байна”. Ноён Д.Зоригт “Хэрвээ бид Оростой ураан, төмөр зам, Тавантолгойн ордын чиглэлээр хамтран ажиллахгүй бол... энэ асуудлыг нэг мөр шийдэхгүй бол дахиад л ийм асуудалтай үргэлж тулгарах болно” гэж мэдэгдсэн. ОХУ-ын шахалт нь нүүрсний ордыг хянах зорилготой байсан нь тодорхой харагдаж байна. Ийнхүү Улаанбаатарт наадам эхлэхийн өмнөхөн Монгол улсад нийлүүлэх шатахууны нийлүүлэлт хэвийн болсон нь, магадгүй Тавантолгойн сонгон шалгаруулалт зарлагдсантай холбоотой болохыг онцлон хэлэх ёстой. Энэ шийдвэрээрээ Монголын Засгийн газар Оросын шахалтад бөхийсөн ч Хятадын “Шинхуа” компанийн байр суурьтай Оросын байр суурийг тэнцвэржүүлэх гэсэн оролдлого байж болох. Мөн Америкийн компани хөх тэнгэрийн оронд томоохон хөрөнгө оруулах гэсэн хамгийн анхны оролдлого бөгөөд өөр өнцгөөс харвал Хятадын ба Оросын ашиг сонирхлын хооронд нь тусгаарлагч үүрэг гүйцэтгэж чадах учраас Пибодигийн роль бас чухал байх байлаа. Гэхдээ бүх зүйл дахин өөрчлөгдөж болно гэдгийг энд дурдах хэрэгтэй. Үнэхээр ч Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхны хөрөнгө оруулалтын гэрээгняцаав. Нөхцөл байдал будлиантай ч энэ цааш хэрхэхийг сайтар ажиглаж байх хэрэгтэй. Төслийг цуцлах нь ихээхэн ач холбогдолтой гэсэн бөгөөд тус улсад, бүр тодруулбал хоёр хөрштэй харилцах харилцаанд тодорхой хэмжээний үр дагавар авчирч магадгүй юм.

“Хан ресурс” болон “Тавантолгой”-н жишээ бол Монгол улс шийдвэр гаргах явцад ямар дарамт шахалт, заримдаа хүчирхийлэлд өртдөгийг тод харуулж байна. Монгол улс уул уурхайн баялгийнхаа дарамтад нэрвэгдээд зогсохгүй, шунахай хөрөнгө оруулагчдаас, заримдаа нөхөрсөг дарамтаас өөрийгөө хамгаалах нэг төрлийн батлан хамгаалах стратеги баримталж чадах ёстой болов уу. 

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ СТРАТЕГИ

Улс орноо болзошгүй дарамтаас хамгаалж, улс орныхоо хөгжил дэвшлийн үр шимийг монголчууд өөрснөө хүртэхийн тулд Монгол улсын Засгийн газраас янз бүрийн хууль, шийдвэрүүдийг гаргаж ирсэн байх. Энэ бүх шийдвэрийн нэг гол онцлог нь Монгол улс эдийн засгийн асар их үр өгөөжийг стратегийн зөв нүдээр харж чадах ёстой.

Монгол улсын ашигт малтмалын ерөнхий хуулиас нэг ашигт малтмал олборлолтыг онцгойлсныг энд дурдах хэрэгтэй. Энэ бол ураан. 2009 оны зун УИХ-аас 34 дүгээр салбарын тухай хуулийг шинээр баталсан. Энэ хуулийн нэг онцлог нь Монголын урааны бүх ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод тооцсон явдал юм. Нийтлэг хуулиас өөр нэг ялгаа нь төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 34-өөс доошгүй хувийг, төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 51-ээс доошгүй хувийг Монгол улсын Засгийн газар төлбөргүй авах ёстой аж. Энэ хууль батлагдсан учрыг мэдээж тухайн шийдвэр гарсан нөхцөл байдлаас нь хайх хэрэгтэй. Дээр дурдсанчлан 2009 оны зун Монголын хувьд хүнд хэцүү үе байлаа. Оросууд Мардайн урааны ордыг өөрийн болгохын тулд Монголд шахалт үзүүлж, улмаар Хан Хисорсын шуугиант хэргүүдийг дагуулсан. Энэ үед нийтлэг хууль ёсны ураан олборлох шийдвэрийг ерөнхий нөхцөл байдлын тэмдэглэгээ болгон авсан байх магадлалтай. Тухайн үед албан тушаалтнууд орос түншүүдтэйгээ уулзаж хэлэлцээр хийх шаардлагатай болсон үед үүнийг нэг төрлийн даатгалын бодлого гэж үзэж болно. Үнэхээр ч анхны санал болгосныхоо эсрэгээр Мардайд байгуулах хамтарсан үйлдвэрийн 51 хувийг Монголын төр, 49 хувийг ОХУ эзэмшинэ гэж Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлах үеэр хэлсэн.[xxiv] Энэ хууль бол Монголын сонгосон өөрийгөө хамгаалах стратегийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм. 

Монголын эдийн засагт ирээдүйн бүтцийг өгч, дагаж мөрдөх зарим загваруудыг бий болгоход Засгийн газрын макро эдийн засгийн шийдвэрүүд чухал. Иймээс Монгол улс дэлхийн эдийн засгийн дайны ийм уур амьсгалыг өөртөө ашигтайгаар эргүүлэхийг хичээх ёстой. Хөх тэнгэрийн орны хувьд хамгийн чухал шийдвэр бол яах аргагүй 2010 онд тус улсад шинэ төмөр зам барих шийдвэр.[xxv] Тавантолгойн ордыг Чойбалсантай, цаашлаад Транссибирийн төмөр замын сүлжээтэй холбох гол шугам болгож Монгол улс бүхэлдээ Хятадаас хараат байдлаасаа гарахыг хүсэж буй бололтой. Энд эдийн засгийн логикоос илүүтэй улс орны үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах санаа давамгайлсан байх. Энэхүү шинэ төмөр зам нь Монголын нүүрсийг экспортлох, мөн ирээдүйтэй газрын ховор элементийг экспортлох шинэ замыг нээх аж. Энэ санаанд онцгой утга учир, тодорхой стратегийн үнэ цэнийг төлнө. Юутай ч энэ төмөр замын эдийн засгийн үр ашигтай байдал хараахан нотлогдоогүй байна. Монгол улс үүний төлөө нүүрсний туршилтын экспортыг зохион байгуулж, ОХУ-тай хөнгөлөлттэй татварын талаар тохиролцож, Монголыг Хятадтай төмөр замаар холбох бусад төслүүдийг хаах замаар тэмцэх ёстой аж.[xxvi] Гэсэн ч эдгээр хүчин чармайлтыг үл харгалзан төслүүдийг хэрэгжүүлэхэд үнэхээр хэцүү. Санхүүжилтийн зарим хүндрэлүүд нь энэ төмөр замын бүтээн байгуулалтыг удаашруулж байх шиг байгаа бөгөөд тус улсыг Хятадтай холбох төмөр замын ажил 2012 он хүртэл эхлэхгүй байж магадгүй.[xxvii] Гэхдээ хамгийн гол нь Тавантолгойн зүүн болон баруун хэсгийн талаар сүүлийн үед гаргасан шийдвэр, үүнд Хятад улсын үзүүлж буй жин тус төсөлд хохирол учруулж болзошгүй л дээ.[xxviii] Магадгүй энэ нь Тавантолгойн ирээдүйтэй холбоотой будлиантай байдлын бас нэг тайлбар байх болов уу. Дараагийн сарууд төслийн ирээдүйг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Монгол улсын хувьд энэ өдрүүд бол маш том боломж, гэхдээ дээр дурдсанчлан бие даасан байдал, цаашлаад улс орны аюулгүй байдалд заналхийлж буй цаг үе юм. Энд ашигт малтмал давхар үүрэг гүйцэтгэдэг ч Монголыг дэлхийн бусад улстай холбох, далайд гарцгүй байдлаас үүдэлтэй эмзэг байдлыг бууруулах улс төрийн хэрэгсэл болгон ашиглаж болно. Хятадын эрэлт хэрэгцээ их, зарим үед ОХУ-ын дарамт шахалт бүр их байдаг ч Монгол улс бие даасан байдлынхаа арга хэрэгслийг бүрдүүлж чадах ёстой. Улс орны батлан хамгаалах стратеги нь хууль тогтоомжийн акт, бүтцийн шийдлүүдийг хослуулсан прагматик арга хэмжээ юм. Үнэхээр ч Монголын газар шорооны баялаг олон улсын тавцанд улс орноо харагдуулах үзүүлэлт. Мөн дэлхийн өнцөг булан бүрээс олон сонирхолтой хөрөнгө оруулагчдыг татах бололцоо. Уг нь хөх тэнгэрийн орон өмнөхөөсөө илүү хүчтэй нөлөөлж байгаа эдийн засгийн дайнаас Монгол улс ялагчаар гарч ирж чадах байсан. Монгол улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататгах ийм олон янзын боломж урьд өмнө байгаагүй нь ойлгомжтой мэт. Монгол улсын гаргах ёстой шийдвэр, тулгарах үйл явдлыг нэг нэгнээс нь салгаж болохгүй. Уг нь эдийн засгийн дайныг төр л явуулах үүрэгтэй ба чадвартай учраас оновчтой чухал шийдвэрүүд гаргахад Монголд төрийн үүрэг маш чухал. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар Монгол улс амжилтад хүрэхийн тулд бий болох бүх боломжийг ашиглахаар нэгдэх ёстой гэсэн Чингис хааны санааг үндэслэн 2008 онд олон намын эвслийн Засгийн газар байгуулсан.


[i] U. E. Bulag, 2008, "Mongolia in 2008, from Mongolia to Mine-golia", Asian Survey, Vol. 49, No. 1, http://www.jstor.org/pss/10.1525/as.2009.49.1.129

[ii] B. S. Fisher, T. Batdelger, A. Gurney, R. Galindev, M. Begg, B. Buyantsogt, E. Lkhanaajav, B. Chadraaval, Février 2011, p.36.

[iii] Frontier Securities, 21/01/2011. "Every Mongolian Citizen Will be Issued 550 Shares of Erdenes TT, Every National Enterprise Will be Sold 30,000 Shares at Nominal Price, Planned in 2011Q1", Research Note, http://www.minegolia.com/?p=693.

[iv] O. Batbayar, 05/07/2011, « Peabody, China, Russia to develop Mongolia mine », AFP, http://www.mongolianviews.com/2011/07/peabody-china-russia-to-develop.html.

[v] B. Sandagorj, 2/10/2007. « Current Developments and Future Prospects for the Mongolian Copper Industry », International Copper Study Group, Lisbonne, http://www.icsg.org/index.php?option=com_docman&task=doc_download&gid=75&Itemid= 62

[vi]R. Nash, Oganisian, 11/12/2009. «Mongolia, Blue sky opportunity» Renaissance Capital, http://www.petromatad.com/live/uploads/Mongolia_11_Dec_Final.pdf. Page12 United-Nations, 19/04/2010, « United Nations Country Team in Mongolia Universal Periodic Review », http://lib.ohchr.org/HRBodies/UPR/Documents/session9/MN/UNCT_UnitedNationsCountry Team.pdf.

[vii] USGS, janvier 2011. “Copper”, http://minerals.usgs.gov/minerals/pubs/commodity/copper/mcs-2011-coppe.pdf.

[viii] AIEA, OCDE, 2009. « Uranium, ressources, production and demand », Red Book, http://www.oecdilibrary.org/docserver/download/fulltext/6610051e.pdf?expires=1306252718&id=id&accnam

e=ocid53005061&checksum=D73CC682C36640A6F9AEA1329B777F8E.

[ix] F. J. Dahlkamp, 2009. Uranium deposits of the world, Asia, Berlin, Springer, 508 p.

[x] Kyodo, 04/10/2011, « Mongolia joins rare earths quest »,http://search.japantimes.co.jp/cgibin/nn20101004a3.html.

[xi] N. Detert, R. Yondon, B. Bat-Erdene, 02/12/2010. « Rare Earths not so Rare in Mongolia »,Research Note, Eurasia Capital,

http://www.eurasiac.com/system/files/RN%20REE%20Mongolia%20021210.pdf.

[xii] V. PoutiŶe, ϭ7/Ϭϯ/ϮϬϬ9, ͞On March 6, Moscow hosted the 13th session of the Russian-Mongolian Intergovernmental Commission on Trade, Economic, Scientific and Technical Cooperation. The Commission has set some serious tasks, primarily on major joint projects on extracting minerals, such as uranium, and deǀelopiŶg railǁaLJs aŶd agriculture͟, press conference of V. Poutine and S. Bayar, Prime Minister of the Russian Federation, Press Service, http://www.premier.gov.ru/eng/events/news/3613/

[xiii] Prime Minister of Russian Federation, Press Service, 13/05/2009, « Russia, Mongolia sign joint documents following bilateral talks »http://premier.gov.ru/eng/visits/world/6105/events/4147/.

[xiv] Reuters, 25/08/2009, «Russia, Mongolia form Dornod uranium joint venture» Oulan-Bator, http://www.reuters.com/article/2009/08/25/mongolia-uranium-idUSPEK4421720090825

[xv] Business Mongolia, 16/04/2010, « Khan Resources Uranium Mining & Exploration Licences Invalidated », http://mongoliabusinessblog.com/khan-resources-uranium-mining-exploration-licences-invalidated.

[xvi] Idem.

[xvii] Zuunii Medee, 15/10/2010, « SPC chief says Russia wants Canadians out of uranium sector », http://www.roc-taiwan.org/mn/ct.asp?xItem=173321&ctNode=8892&mp=641.

[xviii] Business MoŶgolia, Ϯ5/Ϭ7/ϮϬϭϭ, "O.TseŶdsureŶ: MoŶgoliaŶ aŶd RussiaŶ CoŶsortiuŵ doesŶ’t edžist", http://www.business-mongolia.com/mongolia/2011/07/25/o-tsendsuren-mongolian-and-russian-consortiumdoesn%E2%80%99t-exist/.

[xix] Grand Khural de Mongolie, 24/06/2011, « State Policy on Railway Transportation », http://www.minegolia.com/wp-content/uploads/2010/09/Railway-Policy_ENG.pdf.

[xx] Mongolian Mining Journal, September 2010, « Mongolia profits if its neighbours vie with each other to offer it concessions », http://mongolianminingjournal.com/index.php?pid=1&sec=view&id=651.

[xxi] UB Post, 23/11/2010, "Mongolia and Japan Agree on Strategic Partnership", http://ubpost.mongolnews.mn/index.php/politics/5559-mongolia-and-japan-agree-on-strategic-partnership

[xxii] Business Mongolia, 24/03/2011, "Mongolia, South Korea Ministers agree to deepen cooperation", http://www.business-mongolia.com/mongolia/2011/03/24/mongolia-south-korea-ministers-agree-to-deepencooperation/

[xxiii] D. Choi, 06/12/2010, « New Route Launched for Mongolian Coal by Russian Railways Takes Only 6 Days to Reach Eastern Seaports Compared to Estimate of 22 days », Frontier Securities, http://www.minegolia.com/?p=540.

[xxiv] AFP, 14/12/2010, "Russia, Mongolia set terms for uranium mining venture"

http://www.nuclearpowerdaily.com/reports/Russia_Mongolia_set_terms_for_uranium_mining_venture_999.h tml.

[xxv] Great Khural, 24/06/2011, « State Policy on Railway Transportation », http://www.minegolia.com/wpcontent/uploads/2010/09/Railway-Policy_ENG.pdf.

[xxvi] J. Kucera, 19/03/2010, "China Eyes Bite of Mongolia?", The Diplomat, http://thediplomat.com/2010/03/19/china-eyeing-a-bite-of-mongolia/.

[xxvii] News.mn, 01/08/2011, "Slow progress in construction of 1100-km railway", http://english.news.mn/content/75928.shtml.

[xxviii] Reuters, 27/07/2011, "Mongolia state-owned miner signs coal deal with China's Chalco", http://www.mongolianviews.com/2011/07/mongolia-state-owned-miner-signs-coal.html.