Д.Сумъяабазар хаашаа явав?
-Арслан цолонд ханалгүй аваргаа хүртэж, УИХ-ын гишүүнээ хаячихаад Хотын дарга болсон түүний амбиц “ногоон автобусны тендерт” хүрч тормозлов-
Д.Сумъяабазар явлаа. Хаашаа? Энэ их эргэлзээтэй. Хаанаас ирсний хувьд тэрбээр чөлөөт бөхийн холбооноос НИТХ-д, улмаар парламентад гурвантаа сонгогдож улстөрч болсон байдаг юм.
Үндэсний бөхийн арслан цолонд ханалгүй аваргаа хүртсэн тэрбээр анх парламентад сонгогдохдоо л нэг л өөр байсан. “Ангийнхан” нь 2012 оны сонгуулийн дараа тангарагаа өргөсөн бол Д.Сумъяабазарын тойрогт маргаан гарч шүүхдэлцсээр 2013 оны 5 дугаар сард тангарагаа өргөсөн байдаг. Дараа нь УИХ-ын 2016 оны сонгуулиар дахин нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Үүнээс нэг жил гаруйхны дараа тухайн үеийн буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсны дүнд шинэ Засгийн газар байгуулагдаж Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болж билээ. Сайдын тамга гардахдаа амласан таван зүйлээс нь биелсэн нь ховор ч эгзэгтэй ээдрээтэй үед ажлаа сайн хийсэн гэж хэлж болох талтай. УИХ-ын 2020 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн иргэд түүнд дахин итгэлээ өгч сонголоо. Харамсалтай нь гуравхан сарын дараа түүнд Хотын даргын суудал гоё харагдаад УИХ-ын гишүүний ажлаа өгөөд хотыг удирдах болсон юм. Ковидын хүнд үе, утаа, шахмал түлшний асуудал гээд том ажлуудыг нугалж хаврын урь, зуны дулаан ирэхэд түүний амнаас бондын тухай асуудал салахаа болив. Хот уурхайтай болно, тэндээсээ санхүүгээ нэмэгдүүлж улс дотроо улс болох адил нэлээд том мөрөөдөл тээсээр “Ногоон автобусны дуулиан”-тай золголоо.
Энэ үед л түүнийг “ямар аймаар худалч” болчихсоныг гайхав. Тэрбээр “Тендер зарлахгүйгээр 318 тэрбум төгрөгөөр автобус худалдан авсан асуудлыг нууцын зэрэглэлд оруулсан” хэмээн удаа дараа худал хэлсээр байв. Энэ тухай олон нийтийн өмнө худал хэлсэнээсээ хоёр жилийн өмнө УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн 24 гишүүнтэй Түр хорооны хурал дээр “500 автобус, LRT, хурдны замын асуудлыг нууцад оруулсан гэх худал мэдээлэл хийсэн байдаг. Тэгээд “Шинэ” нэртэй хуучин ногоон автобусны асуудал босч ирэхэд дахиад худал хэлж маш хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Ингэхдээ “уг тендрийн асуудлыг төрийн нууцын зэрэглэлд авсан” гээд Тагнуулын ерөнхий газар, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг давхар давхар гүтгэчих нь тэр. Учрыг лавлаж тухайн байгууллагуудаас тодруулахад бүгд няцаагдсан.
Тагнуулын ерөнхий газар хуулиар олгосон эрхийнхээ дагуу зөвхөн зөвлөмж өгсөн, ингэхдээ уг зөвлөмжид холбогдох шатны байгууллагуудаасаа зөвшөөрөл авах ёстойг анхааруулсан. Тэр нь Засгийн газар. Гэвч Засгийн газрын баталсан нууцын жагсаалтад уг тендрийн асуудал байхгүй. Харин өнгөрсөн онд хотын дарга өөрөө Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулаад хуралдаанаар оруулах гэж байхад нь тэр үеийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “аж ахуйн ажлыг төрийн нууцад оруулахгүй” гэсэн агуулгатайгаар татгалзсан байдаг юм. Хашир улстөрчийн тархинд нууцын жагсаалтад оруулаад төмөр замын баахан тендерийг оруулсан өөр нэг бөхийн хэрэг явдал орсон хэрэг биз. Ямартай ч үүгээр төрийн нууцад уг тендер орох асуудал хязгаарлагдсан байдаг. ҮАБЗ-ийн хувьд мөн л хэзээ ч ямар нэг хуралдаанаар автобусны тендрийн асуудлыг хэлэлцээгүй байгаа юм. Ийм байдлаар 318 тэрбум төгрөгийн автобусны тендрийн асуудлыг баригдаад ирмэгц хаашаа ч чихэж, төрийн болон төрийн тусгай байгууллагуудын албаны нэр хүндэд халдаж гүтгэсэн нь “ногоон автобусны” ажиллагаа анхнаасаа цэвэр тунгалаг байгаагүйг харуулсан.
Дээр нь яаран нисэж ирж хэвлэлийн хурал хийлгээд, төдөлгүй манай хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж саатуулагдаад байгаа зэрэг нь Хотын даргын хувьд огт мэдээгүй, надад хамаагүй, Хот байгуулалтын сайдын асуудал гэж янз бүрээр мэлзэхэд тулсан “эвгүй” хэрэг явдал байж болзошгүй гэх хар төрүүлээд байгаа юм.
Тэгээд ч үдээс өмнө “Хариуцлага хүлээж огцрох уу” гэсэн сэтгүүлчдэд уурлаад байсан Д.Сумъяабазар яагаад хонь шиг болж гарч ирээд мэхийсний цаана өөр асуудлууд бий. Хот байгуулалтын сайд Ж.Сүхбаатарын хувьд “эрийн шийр заасан” ч юм уу, огцрохынхоо өглөө нь “Хотын дарга буруугүй” гэж хэлж үзэж байна билээ. Харин яагаад огцрох мөчид тэр хоёр хоёулаа “Амарбаясгалан” гэдэг нэрийг ногоон автобусандаа наахыг хүсэв?
Яг хэлэлцсэн юм шиг энэ үгийг хэлсний цаана бас учир бий. Энэ нь нийтийн тээврийн либеральчлалыг монопольчлохтой хольж хутган гуйвуулж тодорхой бүлэглэлд үйлчлэх оролдлого нь цухалзаад байсныг цөөнгүй хүн нарийн учрыг нь мэдэж байв. Хууль хяналтын байгууллагын шалгалтаар тодорхой болох биз. Өөр ч бас бус асуудлууд бий. “Чих нь зөөлөрч” ажлаа өгөх болсоны учир энд ч байж мэднэ.
Наад зах нь Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн тендерт 4 солонгос компани өрсөлдөхөд хамгийн муу үнэлэгдсэнийг нь шалгаруулаад байсны “но”-г дурдаж болно. Энэ бол Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас авах Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээрээр санхжүүжих төсөл. БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.доллартай тэнцэх хэмжээний, нийт 30 жилийн хугацаатай, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөлгдөх, жилийн 0.2 хувийн хөнгөлөлттэй зээл бөгөөд үүнийг тухайн Ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан Ч.Хүрэлбаатар, хотын дарга Д.Сумъяабазар нарын муудалцаад байдгийн цаад шалтгаан гэж өгүүлэх ч хүмүүс бий. Ямар ч байсан яагаад хоёр улсын тендрийн дүрмээр зохицуулагдсан энэ тендрийг яагаад цуцлаад 4-рт шалгарсан “Aum&Lee JV” компанийг үндэслэлгүйгээр “хамгийн сайн” гэж үнэлээд байсныг шалгах л ёстой.
Түүнчлэн гурван шатны шүүхийн шийдвэр гарч, тэр тусмаа Улсын Дээд шүүх “энэ тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэсээр байтал зөрчиж захирамж гаргаж Үндэсний төв номын сангийн барилгын дэргэдэх “Сант хаан” компанийн газрыг “дээрэмдсэн” тухай асуудал дахиад шүүхэд хандахад хүргэж одоогоор Анхан шатны шүүх дээр ялчихаад байгаа юм билээ. Ийм гомдолтой ААН нэг бус байгаа нь “захирамжийн аргаар” ААН-ийн газрыг зөвшилцөж бус дээрэмдээд байсан хэрэг бус уу гэж эргэлзэхэд хүргэдэг.
Энэ мэтчлэн Улаанбаатар хотыг гурван жил удирдаж ачааны хүндийг үүрэхийн сацуу алдаа оноо, хууль зөрчсөн асуудлууд бий. Тэр хэрэв сайн удирдагч байсан бол ямар ч тохиолдолд алдааг өөрөөсөө эхэлж хайх байсан. Гэтэл ойр хавийнхнаа хардаж сэжиглэж, гүтгэж мэлзэж, займчсаар явлаа. Нэгэн цагт миний бие “Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээрээ нэг бөхтэй, дороо нэг бөхтэй” хэмээн бичиж байсан. Дээрх бөх буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулга төрийн нууц руу төмөр замын тендрүүдийг хийж шууд гэрээнүүд байгуулсан нь одоо шалгагдаж буй. Харин “дорх бөх” буюу Хотын дарга Д.Сумъяабазар улаан, ногоон автобусны хэргээр нууц руу хийхгүйгээр “төрийн нууцад хийсэн” гэж олон нийтийг хууран мэхэлж ямар гээч гэрээ хийчихээд явж буйг цаг хугацаа харуулах биз ээ. Энэ бол мэх биш гэмт хэрэг юм шүү.