Дорноговь аймаг байгуулагдсаны 90 жилийн ой болж байгааг тохиолдуулж сэтгүүлч Б. Туулд өгсөн ярилцлага
Би Өргөн сумын харьяат. Миний төрсөн гэрийн буйр 1956 онд Өргөн суманд нэгтгэгдсэн Баянмөнх гэдэг суманд байсан. Аргалын уул нэртэй гайхалтай сайхан говийн хангай байдаг. Тэр уулын хойд талд байгаа Гарамын голын Илийн бууц бол миний төрсөн гэрийн буйр гэдгийг ээж минь зааж өгсөн юм.
1. Энэ жил Дорноговь аймаг байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Дэлхийг нөмөрсөн цар тахал дэгдээгүйсэн бол аймагтаа зав зай олдвол очиж тэмдэглэх юмсан гэсэн бодолтой явж байх байсан биз. Цаг сайхан болвол та нутаг явъя гэж бодох юм уу?
Нутаг явах бодол байдаг.Би Өргөн сумын харьяат. Миний төрсөн гэрийн буйр 1956 онд Өргөн суманд нэгтгэгдсэн Баянмөнх гэдэг суманд байсан. Аргалын уул нэртэй гайхалтай сайхан говийн хангай байдаг. Тэр уулын хойд талд байгаа Гарамын голын Илийн бууц бол миний төрсөн гэрийн буйр гэдгийг ээж минь зааж өгсөн юм. Нутгийнхан, тэнд амьдардаг айлын хүүхдүүд ч мэднэ. Аргалын ууланд, төрсөн гэрийн буйр дээрээ очмоор л санагддаг. Миний аав Аргалын уулын Алтан Чой гэдэг хочтой байсан юм билээ. Ээж минь дөч гаруй жил Баянмөнх сумандаа амьдарч байгаад намайг 1946 онд Санхүүгийн техникумд суралцаж эхлэхэд Улаанбаатарт ирж билээ. Аав ээжийн минь амьсгал, дуу хоолой, бараа нь шингэсэн байж болох Аргалын Уул хайрханаа шүтэж, харж мөрөөдөж байхаас яахав.
2. Хамгийн сүүлд та нутаг усаа хэзээ эргэв.Зориод очиход бүр нэг хужирхайгаа тэнийтэл ярьчnхаар хуучны таньж мэдэх хүмүүс хэр олон таарах юм?
Хамгийн сүүлд 2019 онд очсон. Өргөн сумын удирдлага сумынхаа ерөнхий боловсролын сургуулийг миний нэрэмжит болгох шийдвэр гаргасан.Тэр ёслолд оролцож, сургуулийн багш сурагчидтай уулзаж, холбоо тогтоосон. Жижиг номын сан бий болгосон, одоо нэмэж өгөх номуудаа бэлтгэж байгаа. Манай сумынхан чинь ИХ ГОВИЙН ЗОРИГТОНГУУД гэж алдаршсан хүмүүс.Дэлхийн хоёр дугаар дайн болж байсан 1944 онд аюултай зуд болж олон хоног үргэлжилсэн цасан шуурганд хөөгдсөн далан мянган адууг хил давуулж алдахгүйн төлөө манай сумын иргэд, хилчдийнхээ хамт тэмцэж тогтоон барьсан. Ямар баатарлаг гавьяа байгуулсныг маршал Чойбалсангийн даалгавараар Б. Ринчэн гуай газар дээр нь сурвалжилж “Их говийн зоригтонгууд“ гэсэн нийтлэл бичсэн нь хадгалагдан дурсагдаж байдаг. Тийм зудын аюул – гамшиг болж байсныг би мэднэ. Хавар нь цас хайлж дулаарах үеэр манай сумын төвийн эрчүүд үхсэн адууны арьс ширийг өвчиж авч байхад нь би \11 настай\ туслалцаж байснаа санадаг. Мөн тэр онд сумын төв орчимд хоёр гурван орос цэрэг нэг ачааны машинтай зээр агнаж байсантай би танил болж байлаа. Бодвол Зөвлөлтийн дайчдын хүнсний хэрэгцээнд зээр агнаж хэрэглэхийг зөвшөөрч байсан байх.Ер нь манай аймгийн иргэд нийт монголчуудынхаа адил дайны үеийн хүнд хэцүү нөхцөлд улс эх орноо хамгаалах, үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхийн төлөө тэмцэж, амьдралын гачигдал зовлонг өндөр тэвчээр гарган даваж байсан эгэл жирийн баатарлаг иргэд гэдгийг би тэр үед өсч хүмүүжиж байсан хүүхэд байх үеийн амьдралаараа мэддэг, бахархаж байдаг.
3. Та чинь ингэхэд эхээс хэдүүлээ вэ. Хэн таныг эх барьж авч байв. Танайх ер нь ямар айл байв?
Миний ээж Думаа, аав Чойжамц нарын төрүүлж өсгөсөн 8 хүүхдээс би долоог нь мэддэг. Хамгийн том ах минь 1943 онд уушигны хатгалга авч нас барсан. Аав минь хилийн гадна тусгай үүрэг гүйцэтгэж яваад мөн тэр жилд амь үрэгдсэн. Үлдсэн 6 хүүхдийн 3 нь өөр айлд өргөгдсөн, надтай гурав нь 1943 оноос ээжтэйгээ амьдардаг байсан. Би чинь эх барьж авсан хүн байтугай, төрсөн сар өдрөө мэддэггүй. Төрсөн он 1933 он гэдэг баталгаатай. Харин төрсөн сар өдөрөө 7 сарын 14 гэж таамгаар бичүүлсэн. Миний 7 орчим настайгаасаа \1943 оноос\ мэддэг манайх гэдэг айл бол гурван хүүхэдтэй, өрх толгойлсон Цэвэгийн Думаа гэдэг ядуу амьдралтай эмэгтэйнх байснаа намайг санхүүгийн техникум төгсөж Сангийн яаманд ажиллаж эхэлсэн 1950 оноос Содномынх гэдэг айл болсон.
4. Сониноос та чинь Содномжамц гэсэн нэртэй байсан гэл үү?
Тийм. Баянмөнх сумын бага сургуулийг төгсөөд 1946 онд Улаанбаатар хотод ирж Санхүүгийн техникумд суралцахаар шалгалт өгч бүртгүүлэхдээ хүмүүс Содном л гэдэг байсан болохоор Думаагийн Содном гэж бичүүлсэн. Тэгэж нэрийнхээ жамц гэдэг хэсгийг гээчихсэн. Төвд нэр, Содном гэдэг нь буян, Жамц гэдэг нь далай гэсэн утгатай юм гэсэн.
5. Та хамгийн анх төв суурин газар хэзээ очиж үзэж байв. Тэр мэдрэмжээсээ хуваалцаач. Суурин газрын юу нь тийм содон санагдаж байв. Их сонин түүх байгаа байх гэж бодогдоод асуулгүй өнгөрч чадсангүй?
Хамгийн анх буюу 1946 онд үзсэн хот бол Улаанбаатар. Хотод ойртож ирээд Баянзүрхийн модон гүүрийн дэргэд машинаас бууцгаахад Туул голыг хараад энэ их ус урсаад дуусчихдаггүй юм байхдаа гэж гайхаж билээ. Анх удаа их урсгал ус үзсэн говийн хүний мэдрэмж. Дайн дууссаны дараах анхны жил. Сүхбаатарын хөшөөг хэд хоногийн өмнө босгосон, орчны талбайн хайргыг ч тэгшилж амжаагүй байсан. Одоо төрийн ордон байгаа талбайд Бөмбөгөр ногоон нэртэй театрын модон байшин байсан. Одоогийн багшийн сургуулийн барилгын төв хэсэг нь засгийн газрын ордон байсан. Гадаад яамны барилга дөнгөж ашиглалтад орсон, дуурийн театр, одоогийн хөрөнгийн биржийн барилга баригдаж байсан. Өөрөөр, нийслэлийн маань төвийн цөөхөн хэсэг баригдаж эхэлж байсан. Түүнээс хойш Улаанбаатар маань миний нүдэн дээр баригдаж хөгжсөн, би хаана юу баригдсан, юу байгааг сайн мэддэг байсан. Харин одоо хотоо мэдэхээ больж байна. Хэдхэн хоног, сарын дараа шинэ гоё барилга байгууламж бий болж хуучирсан нь алга болсон байх юм.Хотын хөгжлийн одоогийн түүх их содон бичигдэж байна.
6. Таны залууд Оросод сурна гэдэг азтай гэмээр явдал. Та ер нь ямаршуухан оюутан явав. Ингэж асуугаад байгаа маань учиртай. Тэр үед одоогийн бид шиг интернэт, компьютер, цахим толь бичиг энэ тэр гэж байсангүй. Тиймээс орчин цагийн хүүхэд хар тархиараа бүгдийг сурна гэхэд сэтгэлд нь багтах болов уу гэж бодоод асууж байгаа юм?
Оросод суралцаж орос хэл мэддэг, дээд мэрэгжилтэй болохыг миний үеийн залуучууд мөрөөддөг байсан. Үеийн найз нөхөдтэйгээ Орост суралцаж санхүүгийн дээд мэрэгжил эзэмшсэнээ би аз гэх биш Сангийн сайдын санаачлага, бид нарын өөрсдийн хичээл зүтгэлийн ач гэж боддог. Манай эрхэм удирдагчид Ю. Цэдэнбал, Д. Моломжамц нар хоюулаа Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хот дахь Санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцаж 1938 он, 1946 онд санхүүгийн дээд мэрэгжил эзэмшсэн анхны монголчууд бөгөөд өөрсдийн суралцсан сургуульд залуучуудыг явуулж сурган санхүү, эдийн засгийн дээд мэрэгжилтэн нарыг бэлтгэх бодлого хэрэгжүүлдэг байсан. Бид нар хичээдэг байлаа. Техникумд долоон жилийн боловсролтой болсон бид оройн цагаар гурван жил суралцаж арван жилийн боловсролтой болж, орос хэлний бэлтгэлийг шамдан хангаж байгаад Эрхүүгийн санхүү, эдийн засгийн дээд сургуульд бэлтгэл ангид биш шууд нэг дүгээр ангид орж суралцаж байлаа. Одоо Байгалийн эдийн засаг эрхийн улсын их сургууль нэртэй болсон энэ сургуульд манай улсаас 800 гаруй залуучууд суралцаж санхүү эдийн засгийн дээд мэрэгжилтэй болсон байдаг. Энэ сургуульд суралцсан хүмүүсээс манай улсын сангийн сайдаар 9 хүн ажилласан юм билээ.
Таны хэлж байгаа шиг хар тархиараа сурахыг хичээсэн оюутан байсан. Харамсах биш олзуурхах хэрэгтэй. Таны дурьдсан интернет, компьютэр, цахим толь зэрэг үнэхээр ажил амьдралд зайлшгүй хэрэглэдэг, асуудлыг ойлгох шийдэхийг хялбарчилсан агуу дэвшил. Гэвч тархиа ажиллуулах зайлшгүй шаардлагатайг хэрхэвч анхаарахгүй байж боломгүй. Компьютер, гар утсанд залгагдсан дүүжлүүр шиг байж болох уу? Тэр хоёрыг нь түр буюу хэсэг хугацаанд тэжээлээс нь салгачихвал тасарч унаад амьдарч чадахгүй болох биш үү?
7. Хойноос төгсөж ирээд ямар ажилд орж байв. Ер нь нам таныг хэзээ нь анзаарч олж харсан хэрэг вэ?
Эрхүү хотоос сургуулиа төгсөөд 1958 онд ирхэд Сангийн яамны сайд Б. Дүгэрсүрэн гуай намайг яамандаа шинээр байгуулаад байсан Валютын хэлтсийнхээ даргаар томилсон. Ер нь тэр үед мэрэгжлийн боловсон хүчнийг, үүний дотор санхүүчдийг бэлтгэх бодлоготой, тэр бодлогоо хэрэгжүүлэх арга төлөвлөгөөтөй байсан юм билээ. Жишээлбэл: Сангийн яам өөрийн харьянд байсан Санхүүгийн техникум төгсөгчдийг бүгдийг яамандаа болон аймаг хотын санхүүгийн хэлтэст хуваарилан ажиллуулж, цааш суралцах хүсэлтэй, гайгүй ажиллаж байгааг нь бэлтгэл хангасан гэж үзвэл дотоод гадаадад их дээд сургуульд яамныхаа нэр дээр явуулж санхүүгийн дээд мэрэгжилтэй болоод ирэхэд нь шаардлагатай газарт томилж ажиллуулдаг байсан.Намайг 1950 онд техникум төгсөхөд яамандаа авч байцаагч, нягтлан бодогчоор ажиллуулж, арван жилийн сургуульд оройгоор гурван жил сургаж, орос хэлний бэлтгэл хийлгээд, Эрхүүд дээд сургуульд явуулж сургасан, суралцаж байхад яамандаа ирүүлж дадлага хийлгэсэн, төгсөж ирэхэд хэлтсийн даргаар томилж таван жил ажиллуулсны дараа чи бэлтгэгдсэн гэж хэлээд 1963 онд Сангийн сайдаар томилж байсан. Боловсон хүчнийг бэлтгэж, бэлтгэгдсэнээс олж харж, хариуцлагатай албанд томилж ажиллуулдаг байсаны нэг нь би байх. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны хурлаар намайг Сангийн сайдын албанд томилох асуудлыг хэлэлцэхэд “Яамны сайдын ажлыг би хийж чадахгүй байх, айж байна” гэж би хэлчихсэн юм. Тэгэхэд Цэдэнбал гуай: “Чи зохих ёсоор бэлтгэгдсэн учраас чадах ёстой. Туршлага дутах байх, бид нар туслана шүүдээ“ гэж хэлээд шийдвэр гаргуулж байсан.Сангийн сайдаар 6 жил ажиллуулаад 1969 онд Улсын Төлөвлөөний Комиссын даргаар томилсон. Тэнд 15 жил ажиллуулаад Сайд нарын зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилсон. Эдгээр өндөр хариуцлагатай албанд өөрийн саналаар биш зөвхөн нам, төрийн удирдлагын даалгавараар ажилласан.
Би 17 настайгаас нийтдээ 60 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн, түүний 41 жилд нь төрийн байгууллагад, сүүлийн 19 жилд нь Монголын Алт Компани гэдэг хувийн компанид зөвлөхөөр ажилласан юм.
8. Одоогийн улс таныг харахаар дандаа дардан замаар явж, магтуулж сайшаагдаж явсан юм шиг харж байж магад.Та ер нь буланд шахагдаж, буруудаж явсан үе тохиож байв уу. Монгол-Зөвлөлтийн хамтын ажиллагааны үр ашгийг үгүйсгэгч гэж буруудаж явсан гэдэг үнэн үү?
Дандаа дардан замаар явсан гэж хэлэхгүй. Ажил амьдралд оноо, алдаа, бэрхшээл байлгүй яахав. Гэвч ноцтой хэрэгт холбогдож буруутгагдаж, хэлмэгдэж байгаагүй шүү.Наяад онд Монгол Зөвлөлтийн хамтарсан Эрдэнэт үйлдвэрийг байгуулах засгийн газар хоорондын гэрээний зарим нөхцөл Монголын талд алдагдалтай болсон гэж үзэж засах санал гаргасаныг манай зарим эрх мэдэлтэн ойлгоогүй буюу хувийн ашиг сонирхолын үүднээс хоёр улсын хамтын ажиллагааны үр ашгийг үгүйсгэж байна гэж мушгин гуйвуулж намайг хэлмэгдүүлэхийг оролдсон явдал бий. Мөн 1990 онд Цэдэнбалыг тойрон хүрээлэгчийн нэг нь болж, прокурорт хоёр жил шахам хугацаанд байцаагдаж байлаа. Ийм хоёр янзын шахалтад өртөж байсан боловч шударга шүүхийн ачаар хэлмэгдээгүй. Дилэв хутагт Жамсранжав гуайн “Ариун сэтгэл авралын үндэс” гэж хэлсэн үгийг би санаж явдаг.
9. 1990 оны улс төрийн өлсгөлөнгийн үеэр Улс төрийн товчооноос огцрохоо мэдэгдэж, Сайд нарын зөвлөлийн даргын суудлаа өгч байж. Албаа хүлээлгэж өгчхөөд харьж явахад юу бодогдож байв. За одоо болно доо гэж бодож байв уу эсвэл гомдох хоргодох сэтгэл төрж байв уу?
Би Сайд нарын Зөвлөлийн дарга байхдаа 1990 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатарын төвталбайд өлсгөлөн зарлаад байсан С. Зориг тэргүүтэй ардчилсан хөдөлгөөний залуучуудтай төв телевиз дээр уулзаж, анх удаа залуучуудаас нам засагт тавьж байгаа шаардлага, тэдгээрт Засгийн газар хэрхэн хандаж буйг хэлэлцсэн ил тодорхой яриаг иргэдэд нээлттэйгээр өрнүүлсэн. Хүмүүс санаж байгаа байх. Телевизийн тэр уулзалт ярилцлагын бичлэгийг олоод, оролцсон бүх хүмүүсийн яриаг, зурагтай нь ном болгож хэвлүүлсэн. “Өлсгөлөн зарлаж, огцролт болж, өөрчлөлт эрчимжсэн түүхээс” гэсэн нэртэй жижиг ном гарсан байгаа. Тэр уулзалтын үед ярьсаны дагуу МАХН-ын Төв Хорооны Бүгд хурал, Ардын Их Хурлын Чуулган хуралдаж өөрчлөлтүүд явагдсан.
Телевизэд болсон уулзалтаас дөрөв хоногийн өмнө буюу 3 дугаар сарын 4-ний өдөр би Япон улсад хийсэн айлчлалаас ирсэн байлаа.Японд айлчлал хийж байх үед болсон хэвлэлийн бага хурал дээр Японы сэтгүүлч “Танай улсад залуучууд засаг төрийг өөрчлөх хатуу шаардлага тавьж байна. Та яаж хандаж байгаа вэ?“ гэсэн асуулт тавьсан. Би түүнд нь “Манай улсад өөрчлөн байгуулалт шаардлагатай. Манай ирээдүй - залуучууд. Ийм учраас засаг төрийн эрх залуучуудын мэдэлд шилжинэ. Үүнд асуудал байхгүй“ гэсэн утгатай хариу өгсөн байдаг. Тэр санаж хэлж байснаар огцролт өөрчлөлт болсон учраас бид нар тайван байсан. Гомдох хоргодох гэх мэт юм сэтгэлд огт байгаагүй.
10. Хамгийн их чардайж ард нь гарсан ажил үүрэг юу байсан гэж хожим нь дүгнэж байв?
Ард нь гарч үр ашиг өгсөнажил гэдэгт би юуны өмнө өөрийн удирдаж боловсруулаад хэрэгжүүлж амжсан “Монгол улсын үйлдвэрлэх хүчнийг 1975- 1990 онд хөгжүүлж байршуулах ерөнхий схем“ гэсэн баримт бичиг гэж боддог. Чухамдаа тэр Ерөнхий схемийн ачаар манай улс 1975 -1990 онд урьд байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, эдийн засаг нийгмийн үсрэнгүй хөгжлийг хангаж чадсан юм.
11. Хүн ер нь чадалтай тэнхээтэй цагтаа ихийг хийгээд, бүтээгээд л байх шиг байдаг. Сул суух цаг нь ирэхээр хийсэн бүтээсэн бүхэн чамлалттай санагдах юм уу. Эсвэл би хангалттай ихийг хийжээ, гэр бүлдээ илүү их цаг зарцуулдаг байжээ гэж бодох юм уу?
Өнгөрсөн цагийг эргүүлж авчирахгүй. Хийснээ чамлах, ихийг хийжээ гэж сайрхах ч хэрэггүй биз.
12. Тэр үеийн ажил алба гэдэг цаг наргүй, дуусч дундардаггүй байсан байх. Цагаан сар ч гэж ёс төр болдоггүй байсан цаг. Танайх цагаан сараар ёсолдог айл байв уу. Таны гэргий монголд их элэгтэй хүн байсан гэдэг?
Хүүхдүүдээ унтаж байхад ажилдаа явж, унтсан хойно нь ажлаасаа ирэх, хагас сайн өдөрч ажил дээрээ байх тохиолдол багагүй байсан. Ажил сонирхолтой, албадлагаар биш, ажлын шаардлагаар байсан болохоор түүртэж байсангүй. Намайг Улсын Төлөвлөгөөний Комисст ажиллаж байхад олон хүн хүүхдээ манай байгууллагад оруулж ажилд сургах юмсан гэж хүсдэг байсан шүү. Таны хэлж байгаа шиг цаг наргүй ажиллаж байгаа манай байгууллагын ажилтнуудын гэр бүлийн хүмүүс нь ойлгодог дэмждэг байсан. Хамт ажиллаж байсан нөхөд маань одоо уулзаад ярьцгаахдаа тэр үеийн ажиллаж байсан арга барил, даруухан амьдралаа гэгээлэг сайханаар дурсацгааж байдаг. Бид нар, манай гэр бүл цагаан сарыг даруухан тэмдэглэдэг байсан.
13. Та гэргийтэйгээ анх хэрхэн төвхнөж байв. Танайх хоёр хүүхэдтэй айл. Одоо ач зээ хэдүүлээ болов?
Гэргий Вера Степановна минь ЗХУ-ын Алтайн хязгаарын, украйн гаралтай хүн. Бид хоёр Эрхүү хотын Санхүү, эдийн засгийн дээд сургуульд хамт сурч 1958 онд төгсөлтийн шалгалтаа өгч дууссан өдөр гэр бүлээ бүртгүүлээд, гэр гэртээ харьж дараа жил нь Вера минь Улаанбаатарт ирсэн. Улаанбаатар төмөр замын удирдах газарт тасралтгүй 32 жил ажилласан, монгол хэлийг сайн сурсан, монгол зан заншилаар амьдардаг, маш олон монгол найз нөхөдтэй, миний ээжийг сайхан асардаг, миний заяаны хань байсан. Бид хоёрын охин хүү, гурван ач зээ байдаг, би бас одоо гурван хүүхдийн өндөр өвөө болоод байна.
14. Яг одоо сэтгэлд тань бууж буй гэр бүлтэй чинь холбоотой хөгжилтэй явдлаас нэгийг дурсаач?
Бид нар гэртээ монгол орос хэлээр ярьдаг байлаа. Хоёр хүүхэд маань зарим үгийг монгол орос хоёр үгийг нийлүүлж нэг үг болгож ярьдаг байж билээ. Тэд нар хэл сурах авьяастай. Одоо монгол, орос, англи хэлийг сайн мэднэ. Миний оросоор бичсэн юмыг засаж өгнө, англи хэлнээс сонирхсон юмыг орчуулж өгдөг юм.
15. Таны үеийнхний намтар түүхийг сонсохоор надад хар цагаан, тэгсэн хэрнээ итгэл үнэмшил өндөр, гэрэл гэгээ цацарсан, хайр халамж ундарсан асар баялаг уртхан кино үзэж байгаа юм шиг санагддаг. Тантай хөөрөлдөж суухад ч мөн тэгж санагдаад байх нь юуных юм бол?
Миний үеийнхэн чинь социализмын үеийнхэн шүү дээ. Одоогийн зарим хүний ад үзэх маягтай ярьдаг социализмын үед чинь Монгол улсын иргэд улсынхаа тусгаар тогтнолыг олж авч бататгасан, хүн бүхний тэгш амьдралыг бий болгох оролдлого хийж байсан, социализм ирээдүйтэй гэдэгт итгэл үнэмшилтэй, сахилга дэг журамтай, хүн чанартайчууд зонхилсон иргэд байлаа. Монголчууд монголоороо л байсан. Мөхөхөд дөхсөн 600 орчим мянган хүнтэй ядуу орныг 3 сая гаруй эрүүл чийрэг, боловсролтой иргэд бүхий, дэлхийд нэр алдраа бадруулсан орчин үеийн Монгол улсыг бий болгож өгсөн хүмүүс чинь социализмын үеийн монголчууд. Миний үеийнхэн алдаж онож байсан, хар цагаан, гэрэл гэгээ, хайр халамж, ололт амжилт гэж таны дурьдаж байгаа хүний амьдралын баялаг түүхийг бүтээгчид юм. Тийм учраас урт сайхан кино үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрөх нь аргагүй. Ер нь Социализмын үеийн түүхийг нарийн судалж, түүнээс уламжилж авах ёстой зүйл их байдгийг олж ашиглахад анхаарах цаг ирэх байх.
Би зах зээлийн нийгэмийн үед хүний чанар, зан авир эвдэрч байна гэж боддог. Зарим хүн хүсэл шуналаасаа болж өөрийгөө зовоож, бусдад гай болж байна. Буддагийн сургаальд хүсэл шунал бүх зовлонгийн эх үүсвэр гэж хэлсэн байдаг.Хүний эрх эрх чөлөөг туйлшруулж, сахилга дэг журмыг эрхэмлэхгүй байна, энэ нь даамжирвал буруу болно. Хэрэв иргэн болгоныг юу хүссэнээ хийх бүрэн эрхтэй болгочихвол түүгээр нийгэм дэх тэгш байдал төгсөнө гэж үздэг юм билээ. Бусдын эрхийг хүндэтгэдэг байхаас өөр зам байхгүй.Энэ бүхэн бас л социализмын үеийнхэний амьдралыг сонирхоход хүргэдэг байх.
Иргэн баян бол улс баян гэж ярьдаг. Баяжихыг уриалах нь зөв. Харин яаж баяжвал зохих, тухайлбал шударга, бүтээлч хөдөлмөрөөр баяжих ёстойг хамт уриалдаг баймаар. Ялангуяа баялаг бүтээж байгаа сайн бизнесменүүдээ, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж амьдралаа аятайхан авч яваа хүн бүхнийг бүх талаар дэмжиж байх нь чухал. Капитализмын үед хүмүүсийн чадварын ялгаанаас болж мөнгө адил биш хуваарилагддаг. Баячууд нь ядуучуудаасаа чадвартай, хөдөлмөрч учраас баян байдаг. Баячууд сайн эмнэлэг, сайн боловсролын байгууллагаар үйлчлүүлж, сайн хооллож байгааг ад үзэх, хараар атаархах хэрэггүй. Эх дэлхий хөдөлмөрийг гавьяаг баялгаар шагнаж, залхуурлыг шийтгэж байдаг гэх мэт капитализмын онол сургааль байгааг буруу гэх аргагүй.
16. Сүүлчийн асуулт эх орон, эх нутагтай холбоотой асуулт байх нь зөв зүйтэй байх. Монголынхоо ирээдүйг хэрхэн төсөөлж явдаг вэ?
Монгол улс минь өөртөө тохирсон хүчирхэг эдийн засагтай, тухайлбал, дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэг хүнд оногдох хэмжээгээр хоёр хөрш улсын түвшинд ойрын үед \10-15 жилд\ хүрч бага боловч хэмжээгээр түрүүлсэн, ийм хугацаанд ядуу амьдралтай иргэдгүй улс болно гэж төсөөлж байна. Хөгжлийн ухаалаг бодлого гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөө зохион хэрэгжүүлбэл манайд ийм зорилт хэрэгжих бодит бололцоо байгаа.
Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үед Монгол Ардын Намаас нэр дэвшиж сонгогдсон У. Хүрэлсүх “Монгол улсыг хүчирхэг эдийн засагтай, экспортлогч орон болгохын төлөө зүтгэнэ“ гэж байсан. Энэ амлалт надад маш эрхэм зүйл санагдсан. Мал аж ахуй, уул уурхайн түүхий эдийг гүнзгий боловсруулж экспортод өрсөлдөж чадах чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар хүчирхэг эдийн засагтай болох бодлого, түүнийг хэрэгжүүлэх маш тодорхой төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх хэрэгтэй.Энэ талаар надад тодорхой саналууд бий. Хамгийн яаралтай шийдэх асуудал бол засгийн газрын бүрэлдүүнд Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан яамыг байгуулж, энэ чухал ажлыг хариуцсан эзэнтэй болгох хэрэгтэй. Ийм зорилттой, ийм яамтай болсон нөхцөлд нэг хүнд оногдох бүтээгдэхүүний хэмжээ ОХУ-д одоо 15’000 долларт хүрээд байгаа түвшинг гучин жилийн дараа хүрэх зорилт болгоно гэсэн хоцрогдлыг хадгалах хөгжлийн үзэл баримтлал гаргаад байгаа дутагдал засагдах байх.
Нутгийн эрхэм ахтай цар тахлын үеэр хоёр талаасаа ийн хөөрөлдөх завшаан тохиосонд нэн билэгшээж байна. Цар тахлын дараах шинэ дэлхийд нүүр тулан уулзахын ерөөл тавья.