Домог
Уул тахихад эмэгтэй хүн яагаад гардаггүйг тайлбарласан нэг ийм домог олж харав.
Уул тахихад эмэгтэй хүн яагаад гардаггүйг тайлбарласан нэг ийм домог олж харав, ".. Оргил уулсын үзүүр газарт цахилгаан соронзон орны нөлөөлөл их, тэнгэр газрын савслагад байнга дээш доош таталцан үелзэж байдаг.. Үүнийг эртнээс мэдсэн өвөг дээдэс маань охид бүсгүйчүүдийнхээ саванд хий цохиж хураад.. эх үр эндэхээс хамгаалсандаа ууланд эмэгтэй хүн гарахгүй гэдэг ёсыг олж нээжээ..” Гайхалтай уянгын халил гайхалтай. Гэхдээ тэр "соронзон орны нөлөөлөл тэнгэр газрын савслагад дээш доош таталзан үелэх.." гэж яг юу ч юм, ёстой бүү мэдээ.
Бас нэг домог: "Хүсвэл бид Орос улсыг сарын дотор ч эзэлнэ, харин түүний цаана Их Монгол улс бий. Тэдний хүнийг нь байтугай нохойг нь ч гаслуулж үл болно" хэмээн Гитлэр хэлжээ. Үнэндээ Гитлерийн "Майн Камф" номонд монгол хүний тухай, Чингис хааны тухай огт дурддаггүй.
"Монгол гэрийн хаалга намхан байдаг нь гэрт орсон хүн бүр монгол гэрт хүндэтгэл үзүүлж буй гүн философи.." энэ ч үр хэтэрсэн философи л доо. Дундаж 5 ханат гэрийн хаалга 150 см, тооно хүртэл 270 см өндөр байдаг. Хэрэв хэн нэгнийг бөхийлгөхгүй гэвэл 2 метр өндөр хаалгатай, 3 метр өндөр баганатай гэр хийх шаардлагатай. Бидний өвөг дээдэс ийм урт багана чирээд явахааргүй ухаантай улсууд байж. Харин үүнд ямар нэг философи оруулж, домог ярьж буй тэнэг үр хойчисоо өршөө.
Манж нарыг тэнгэр язгууртай гэж цөсийг нь хөөргөсөөр байгаад мөхөөсөн гэдэг, одоо ч маниусыг санаатай ч юмуу санаандгүй ч юмуу янз бүрээр л хөөргөж огшоох болж дээ. Нэг сумаас төрсөн гурван төрийн соёрхолт дэлхийд байхгүй л гэнэ, монголд манддаг нар хорвоод хосгүй л гэнэ, бурхан мэт аав ээждээ очиж золгож нигүүлсэнгүй их үйлсийг хийлээ л гэнэ, нэг нэвтрүүлэг үзээд уйлдаг болж, нэг домог сонсоод аархдаг болж.
Домог зөвхөн аархал төрүүлдэггүй, заримдаа уур бухимдал төрүүлэх үүрэгтэй. 1990-ээд онд шар хэвлэлүүд 2015 он гэхэд Монгол улс хятадад нэгдэнэ гэж бичдэг байлаа. Өчигдөр харин фээсбүүк дээр "2040 он гэхэд бид хятадын дагуул улс болно. Сэрэмжлэхтүн, цааш 3 сая хүнд хүртэл түгээ.." гэсэн сүржин пост явж байх юм. Хятадад эзлэгдэх он цаг овоо цаашлаад л байгаа бололтой. Иймэрхүү глобал домгоос гадна "Шатдаг будааны хэрэг", "ДОХ-той таавчиг урдаас орж ирсэн тероризмын түүх", "Эмэгтэй хүний өмнө унтсан эрчүүдийн спэрм дараагийн удамд нөлөөлдөг нууц шинжлэх ухаан", "Хүүхдийн хэрэглэсэн живхийг заавал байгальд булах ёстой" г.м. ахуйн хүрээний домог ч олон. “Эмэгтэй хүний трусик дээр жоом өндгөө шахаад, өнөөх эмэгтэй жирэмслээд жоомон хүүхэд төрүүлсэн” тухай 90-ээд оны домогтой харьцуулахад арай ахисан түвшнийх л дээ.
Домог бас ард олонд таалагдах ёстой. Жишээ нь "Дунд сурлагатнууд онц сурлагатнуудаас илүү амжилт үзүүлж, илүү сайн бизнэсмэн болж чаддаг.." тухай домог. Боловсрол нь унасан манайх шиг улсад маш сайхан түгнэ. Үнэндээ хамгийн амжилттай яваа 100 бизнэсмэний сурлагын амжилтыг харвал онц, дунд сурлагатан тэнцүү л байх вий. Харин нэг том ялгаа байгаа нь онц сурлагатны дийлэнхи нь өндөр цалин авч, гадаад дотоодоор аялж амьдардаг. Дунд сурлагатны дийлэнхи нь тааруу цалин авч, урсгалаараа амьдардаг. Түүнээс биш дундчууд онцуудаас илүү мундаг бизнэс хийдэг тухай домог худлаа. Ньютоны толгой дээр алим унангуут гэнэт толгойд нь гоё санаа орж ирээд таталцлын хууль нээчихсэн юм биш, энэ хуулийг нээх гэж амьдралынхаа олон жилийг зарцуулсан юм.
Бодит баримт хар төсөөллөөс огт өөр, ойлгоход төвөгтэй. Жишээ нь таталцлын онол мэдэхгүй хүнд дэлхий бөөрөнхий гэдгийг тайлбарлаж өгөх маш хэцүү. Харин дэлхий хавтгай бөгөөд дөрвөн том зааны нуруун дээр тогтдог гээд хэлээд өгчихвөл илүү амар. Норвегит 77 хүн шүршиж алсан Андрэс Брэйвикийг цаазлахгүй, ердөө 21 жилийн ял өгсөн учир шалтгааныг ойлгоход маш төвөгтэй. Философи, хууль эрхзүйн нэлээд ном уншиж байж мөн чанарыг нь ухаарна. Харин “Имперлист америкийн жолоог залагч жүүдийн гар хөл манкурт боол нь гэмгүй олон хүнийг хядаж, хувьцааны үнэ өсгөөд Роквэлэр Ротшилдүүд их ашиг олов..” гэх мэтийн домог яриад өгөх нь хавьгүй амар.
Буддын шашин биднийг мунхаг харанхуй болгосон юм биш, буддын ухааныг гуйвуулсан мухар сүсэг л биднийг хоцрогдолд хүргэсэн. Исламын шашин хүнийг терорист болгодог юм биш, исламын шашныг гуйвуулсан мугуйд сүсэг л терорист бэлддэг. Түүн шиг эх оронч үзэл санааг гуйвуулж, домог утга уянгаар чимэгсэд хэтэрхий олширчээ. Өөрт нь л итгэхгүй бол урвагч, буруу номтон. Домог ихэвчлэн өнгөрсөнийг хэтрүүлж магтан, өнөөг хэтрүүлж муулах гол өнгө аястай, хачирт нь “боловсрол биш сэтгэл чухал” гэсэн үзэл түгээх зорилготой байгаа нь анзаарагдана. Хятад моодноос гарч америкийг муулагсад, бидэнтэй хаа хамаагүй жүүдийг үзэн ядагсад ч сошиалд олширч. Магадгүй биднийг имперлист америк, өст хятадаас аварч, ард түмний хувьсгал хийн өнгөрсөн сайхан цагийг эргүүлэн авчрах баатар нь тодорчихсон бололтой.“Юмыг эрүүл ухаанаар дүгнэх хэцүү, иймээс бүгд л тэр дороо шүүж шүүмжилж эхэлдэг” хэмээн нэг алдартан хэлсэн байдаг. Философи талаасаа ч, физиологи талаасаа ч хүний тархи ямар нэг юмаар дүүрэх ёстой, эрдэм мэдлэггүй бол элдэв домог, цуу яриагаар л дүүрэхээс биш яалтай.
батбилэгт
UNKNOWN
Зочин
баагий
erkhembayar
Х.Батнэрэн
Уншигч
Зочин
oyundelger
Зочин
unshigch
Омгорхол
Кэлээд юүкэв
Зочин
ҮНЭЭН.ККК
Зочин
бб
өөрийгөө хичээ
Зочин
Зочин
Зочин
Дорж
Зочин
Билэгт