Д.Эрдэмбилэг гэж ийм л хүмүүн
Энд зохиолын баатрынхаа өөрөө бичиж өгсөн анкетаас нь эшлэе.
“Төрийн захиргаа” сэтгүүлийн 2018 оны эхний тусгай хоёр дугаарт эх оронч дипломатч С.Аварзэдийн тухай “Хугараагүй ноён нуруу”, хэлмэгдлийн хар шуурганд уруудсан Сайд Н.Лхамсүрэнгийн тухай “Нугараагүй ноён нуруу” гэсэн панфлет бүтээл маань хэвлэгдсэн. Дараагийн тусгай дугаараа “Эрдэмт Элчин сайд” хэмээн тодотгоод Д.Эрдэмбилэг хэмээх буянтай бууралд зориулахаар шийдсэн. Эхний хэсгийг нь baabar.mn 7 хоногийн өмнө нийтэлсэн. Үргэлжлэл болгож сэтгүүлд бичсэнээсээ энэ удаа дахин хэсэгчлэн сонирхуулъя.
Энд зохиолын баатрынхаа өөрөө бичиж өгсөн анкетаас нь эшлэе. 1950-1952 онд МУИС-д багш, 1952-1953 онд “Үнэн” сонины газарт утга зохиолын ажилтан, 1953-1954 онд Сайд нарын Зөвлөлд референт, 1954-1956 онд “Үнэн” сонины орос хэл дээрхи “Монголын мэдээ” сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга, орлогч эрхлэгч, 1956-1959 онд Зөвлөлт Холбоот Улсад аспирантуртэрдмийн зэрэг горилогч аспирант, 1959-1967 онд ГЯЯ-нд Хэвлэл мэдээллийн болон Нэгдүгээр хэлтсийн дарга, 1967-1968 онд Москвад ЭСЯ-нд Зөвлөх, 1968-1969 онд ГЯЯ-нд Нэгдүгээр хэлтсийн дарга, 1969-1970 онд БНМАУ-аас БНАГУ-д суугаа Элчин сайд, 1970-1976 онд ГЯЯ-ны орлогчсайд, 1976-1984 онд БНМАУ-аас НҮБ-ын Женев дэх салбарын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, 1979-1984 онд БНМАУ-аас Итали улсад хавсран суугаа Элчин сайд, 1984-1985 онд МАХН-ын Төв Хорооны Үзэл суртлын хэлтэст зааварлагч, 1985-1987 онд МАХН-ын Төв Хорооны Үзэл суртлын хэлтсийн Гадаад улс төрийн сурталчилгааны тасгийн дарга, 1987-1989 онд МАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтэст МАХН, ЗХУКН-ын харилцаа эрхэлсэн тасгийн дарга, тус тасаг татан буугдсаны дараа 1989-1990 онд ЗХУКН-аас бусад намуудтай харилцах асуудал эрхэлсэн зааварчлагч гэхчлэн жагсаж байна.
Д.Эрдэмбилэг сайдыг Женевт хав барьчихаад (8 жил) хөдөлгөхгүй, ГЯЯ-ны төв аппаратад ажиллуулахгүй байлгаад байсан нь төвд ирвэл өөртэй нь өрсөлдөж магад, эв түнжингүй, ажил явахгүй, хэрүүлийн нэмэр хэмээн М.Дүгэрсүрэн сайд нь үздэг байснаас тэр хэмээн олон ахмад ярих юм билээ. Д.Эрдэмбилэг нь тэгж хардагдаад байхаар хүн бишсэн. Тэрээр Женевт Дүгэрсүрэнгийнхээ халааг авч Байнгын төлөөлөгчөөр ажилласан хоёр дахь Элчин сайд, өмнө нь ГЯЯ-ны орлогч сайд (1970-1976 он) байж, Дүгэрсүрэндээ тодорхойлолт гаргаж өгч байсан хүн шүү дээ. 1971 онд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, 1976 онд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол хүртчихсэн, БНАГУ-д Элчин сайдаар ажиллачихсан, тухайн цагтаа дипломат албаны ноён оргилуудын нэг нөхөр нь билээ.
Д.Эрдэмбилэг нь 1984 оны намар, Ю.Цэдэнбалыг дуулиантай огцруулсны дараа хугацаагаа дуусгаж нутагтаа иржээ. Тэгсний дараа ч М.Дүгэрсүрэн сайд нь шазруун зангаа тавихгүй, яаж ийгээд дипломат албанаас нь холдуулж дөнгөсөн байгаа юм. “Улиран одсон он жил” номоос нь эшлэе:
- Миний бие 1984 оны 10 дугаар сарын эхээр ГЯЯ-ны удирдлагатай (М.Дүгэрсүрэн, Д.Ёндон, Г.Дашдаваа) уулзаж Женев дэх үүрэгт ажлаа дуусгавар болгож Улаанбаатарт бүрмөсөн буцаж ирснээ мэдэгдээд ээлжийн амралтаа авах хүсэлт тавьсан билээ. Нэг сар ая тухтай амраад ажилд орох асуудлыг тавив. Одоогоор шийдээгүй. Хүлээзнэж бай гэсэн хариултыг авлаа. Чингэвэл Клиникийн 2-р эмнэлэгт хэвтэж, шинжилгээ хийлгэж сувилуулаад хоёр долоо хонов. Нэгэн өдөр яамнаас дуудлага ирж учрыг сонсвол Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны хуралд орж миний томилолтын асуудлыг шийдэх юм гэж ойлгуулав.
- Тэр үед ГЯЯ-ны орлогч сайдын нэг орон тоо сул байсан юм. Тэр яг олон улсын байгууллага зэрэг бусад асуудлыг эрхлэх орон тоо байв. Женевт томилогдохын өмнө эрхэлж байсан ажилд дахин томилох нь гэж тааварлаж байлаа. Гэтэл энэ удаагийн хурлаар шийдэхгүй болов. Эмчилгээ сувилгаагаа дуусгаад яамны сайдтай (М.Дүгэрсүрэн) уулзвал Төв Хорооны боловсон хүчний хэлтэст очиж уулзтугай гэдэг юм байна.
- Тэр даруйд нь хэлтсийн эрхлэгч Ламжавтай гурван ч удаа уулзаж ярилцлаа. Тэрээр “Намын Төв Хороонд Гадаад сурталчилгааны тасаг дахин байгуулах болсон. Тасгийн даргаар таныг томилох бодолтой байна. Саналыг чинь сонсъё” гэсэн юм. “Миний бие МАХН-ын 1948 оны гишүүн. Надад намын удирдах байгууллага ийм өндөр хариуцлага, их итгэл найдвар өгч буй дор туйлаас талархаж байна. Хэрэв саналыг минь асууж байгаа бол миний бие ГЯЯ-д гучаад жил ажилласны хувьд тэндээ ажиллах хүсэлтэй байна” гэж тухай бүр саналаа илэрхийлж байв.
- Яамны удирдлага намайг хоёр сар шахам эрхэлсэн ажилгүй байлгаж хоосон цалин олгож байхыг хүсээгүй юм байлгүй дээ. Тэр үед олон улсын байгууллагын хэлтсийн даргын албан тушаал эзэнгүй байсан тул тэнд хэлтсийн даргын албыг түр эрхлэж байх шийдвэр гаргав.
- Нэгэн өдөр яамны сайд (М.Дүгэрсүрэн) дуудаж “Ажлын томилолтын тухайд Таны ярьж хэлсэн зүйл дарга нарт таалагдаагүй бололтой” гэв. “Миний саналыг асуухад нь ГЯЯ-даа ажиллах хүсэлтэй гэдгээ л хэлсэн. Үүнд юу нь буруу байхав дээ!” гэсэн юм.
- “Яамны Хэвлэл, мэдээллийн хэлтсийн даргын албыг хашвал ямар вэ?” гэж сайд асуувал, би “Яамандаа гучаад жил ажиллахдаа анх эхэлсэн албан тушаалд дахин ажиллах дур сонирхол үгүй байна. Миний бие БНМАУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолтой. Тусгай үүрэг гүйцэтгэх элчин сайдаар ажиллаж болох юм” гэж түс тас хэлж билээ. “Тийм орон тоо байхгүй” гэснээр М.Дүгэрсүрэн бид хоёрын албан ёсны уулзалт яриа дууссан юм.
- Дээр нэр дурдсан яамны удирдлагад багтаж байсан нөхөд тус яаманд надтай хамт ажиллахгүй гэж урьдаас үгсэн тохирохоор барахгүй намайг зохих албан тушаалд томилогдон ажиллахыг эсэргүүцэж байсан юм байна гэдгийг миний бие сүүлд мэдсэн юм гэжээ.
“Надтай хамт ажиллахгүй гэж урьдаас үгсэн тохирохоор барахгүй намайг зохих албан тушаалд томилогдон ажиллахыг эсэргүүцэж байсан” гэсэн үгс мөн айхтар дуулдаж байнаа. Тэр бүү хэл Намын Төв Хороо чамайг ингэж үзэж байна гэснүүдийг нь хүртэл ГЯЯ-наас хов матаас маягаар дээшээ хэлж ойлгуулан, урьдчилан цэнэглүүлээд байсан мэт хардаж болноо доо. Лав зохиолын баатар маань тэгж хардсан нь мадаггүй.
“Манай Намын Төв Хорооны зарим дарга нар намайг “намд ихэрхэв” гэж дүгнэсэн юм болов уу даа. Тэр үеийн дарга нарын зүгээс захиргаадлын араншингаа гаргаж намайг нэгэн зааварлагчаар томилсон юм” хэмээн өөрөө дурссанаас үзвэл тэгснээс гарцаагүй болох мэт. Хэрэг тариагүй, гэм хийгээгүй Элчин сайд хүн эргэж ирээд яамныхаа орлогч сайдын сул орон тоонд очъё хэмээн бодсон биш зааварлагч дээр бууна гэдэг мөн айхтар хэлмэгдүүлэлт байсан мэт.
Тодорхойлолт энд өгөх гэж байгаа юм биш. Гэхдээ түүний талаар хамтран ажилласан зарим нөхдийнх нь сэтгэгдлээс хуваалцахаас аргагүй болж байна. Женевээс буцаж ирээд хэсэг ажилгүйдэж байгаад МАХН-ын Төв Хорооны Үзэл суртлын хэлтэстзааварлагчаар очиход хэлтсийн орлогчоор ажиллаж байсан хожим дипломат албанд зүтгэсэн Ч.Даваадаш Эрдэмбилэг гуайн талаар тун гэгээлэг зүйл ярьж байна.
Ер нь гадаад сурталчилгааг томхон байранд гаргаж тавихгүй бол болохгүй болсон, тэр талаар ах дүү социалист орнуудын эрх баригч коммунист-ажилчны намууд санал нэгдсэн үед тэдний хэлтэст Гадаад сурталчилгааны тасаг 1978-1979 онд анх байгуулж ажиллуулжээ. Тасгийн даргаар нь хожмын Элчин сайд, ГЯЯ-ны орлогч сайд Г.Дашдаваа ажиллажээ. 1981 онд Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн үед тус тасаг ихээхэн үүрэгтэй, хувь нэмрээ оруулж сайн ажилласан, сурталчилгааны группыг ахалж Г.Дашдаваа сайд Москвад очсон, дээрээ Төв Хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга Г.Адьяад ажлаа тайлагнадаг ийм нэг нэгж байхад нь Д.Эрдэмбилэг сайд зааварлагчаар очоод тун удалгүй тасгийн дарга нь болжээ. Г.Адьяагийн оронд Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Ц.Балхаажав, хэлтсийн эрхлэгч Ч.Түмэндэлгэр, хэлтсийн орлогч эрхлэгч Ч.Даваадаш, Б.Пүрэвдаш нар шууд харьяалах даргаар нь ажиллажээ.
Ч.Даваадаш гуай Эрдэмбилэг сайдыг ингэж үнэлж байна. Их хүндэтгэл хүлээсэн хүн, нийтээрээ хүндэтгэнэ. Тэр ямар шалтгаантай вэ гэхлээр:
- Мэдлэгийн өндөр түвшин, ухаан тэгширсэн, тухайн үеийн Монголын боловсролтой толгой сэхээтний нэг
- Өндөр соёлтой (бүх утгаараа)
- Хэлний их мэдлэг. Эх хэлээ төгс эзэмшсэн, орос болон гадаад хэлний өндөр мэдлэг
- Өвөрмөц сэтгэлгээтэй, бүр оригналь сэтгэнэ
Бас Эрдэмбилэг гуайд дургүйцэх явдал дарга нараас цухалзана. Яагаад гэвэл тэрээр маш хурц ааштай, бодсон санаснаа улаан нүүрэн дээр нь хэлчихдэг, хүн болгонд таалагдах албагүй гэдгээ ч өөрөө ойлгодог тийм нэгэн хүн байжээ.
Нэг үгээр хэлэхэд социализмын үеийн коммунист нам ноёрхсон нийгэмд даргын, тэр дундаа боловсон хүчний шалгуурт тэр бүр таарч өгөхгүй, зарим талаар тохирохгүй гэмээр ааш араншинтай хүн байжээ. Юу гэвэл хашир буурьтай царайлсан, дүр эсгэсэн, зогсонги дүр төрхтэй, үгээ зөөсөн, дүлэгнэсэн, мохоо чанарын эсрэг хүн байсан аж.
Хүний хувьд үзэл бодол, байр сууриндаа хөнгөмсөг хүн биш, харин сэтгэлгээний хурд нь нийгмээсээ түрүүлсэн гэж Даваадаш гуай үздэг аж. Тэр том сэхээтний хүч бололцоог тун тааруухан ашигласан. Тэгэхээс ч аргагүй. Социализм чинь өөрөө тийм нийгэм юм. Тэгшитгэсэн нийгэм, ядуу пролетарийн нийгэм учраас тэр нийгмийн захиалгад элит гэр бүлээс гаралтай Эрдэмбилэг гуай ер таарах хүн биш. Харин өнөөгийн нийгмийн эрэлт хэрэгцээнд яг тохирох сэхээтэн. Тэр утгаараа фундаменталь хур мэдлэг нь нийгэмдээ цаг үеэ олоогүй юм болов уу.Уг нь Монголын нэрийг хаа ч тахлаж чадах том сэхээтэн хэмээн үнэлж байна.
Эрдэмбилэг гуай дээд даргадаа таалагдах гэж ер хичээдэггүй, байгаагаараа, сэтгэл сайхан, хүн матахгүй (тэр үед мэргэжлийн матаач нар олон байсан цаг). Түүнд дээрээс татдаг хүн байхгүй, доороос түшдэг хүн бас байхгүй. Даваадаш гуайд зориулж Ц.Балхаажав ахайтан 4 мөрт бичсэнээ Эрдэмбилэг сайдад тохирох шүлэг хэмээн надад уншиж өглөө. Үүнд:
- Түүний талаар гашуун хорон хов
- Түм бумаар миний чихэнд цутгаж байсан ч
- Түүнийг аваад эргэцүүлэн бодохоор
- Түргэн зангаас өөр юу ч байдаггүй юм аа гэжээ.
Гадаад хэргийн сайдаар 2000-2004 онд ажилласан, ахмад дипломатч, Элчин сайд Лувсангийн Эрдэнэчулуун, ГЯЯ-нд олон улсын байгууллагаар мэргэжин ажиллаж байсан дипломатч асан Доржсүрэнгийн Хүрэлбаатар нар ийн дурсаж байна.
Д.Хүрэлбаатар: Хүмүүстэй их жигд харьцана. Залуусыг их хамгаална. Дипломат шуудан гээсэн залуу ажилтнаа “Олон улсын хөдөлмөрийн байгууллага юуных нь нууц байх вэ?” гээд хамгаалж, харин ч сэтгэлийг нь засч,сэтгэлээр унаад амиа сүйдлэчих вий хэмээн Женев дэх монгол айлууддаа захиж, хоол ундаар бүү тасла, сэтгэлийг нь зас гэж байсансан. Өөрөө ялыг нь үүрэе хэмээн амралтаараа Улаанбаатарт ирэхдээ НАХЯ-нд очиж байцаагдсан. Тэр шуудан нь ч алга бололгүй, хулгайч боодлыг нь хагас дутуу задлаад вокзал дээр хаячихсан байсныг нь швейцарийн цагдаа олж өгч байжээ.
Эрдэмбилэг сайд бичгийн чадвар гэж яггүй. Орос хэлний найруулга нь Дүгэрсүрэн сайдаас илүү, Дүгэрсүрэн нь модон хэлтэй, хий л шүүмжлээд байхаас Эрдэмбилэг сайд шиг найруулан бичиж чадахгүй.
Амьдрал их мэднэ. Тал талын мэдлэгтэй. Наргианч, шогч, бас их цайлган. Залуустай их нийлнэ. Женевт залуу дипломатчид нь булагнаад гадуур пиво бааранд орчихсон байхаад яаж ийгээд араас хүрээд очно.
“За” бол за, “Үгүй” бол үгүй. Их шуурхай. Дүгэрсүрэн сайдтай ажлын арга барил таарахгүй. Дүгэрсүрэн нь бичиг баримтыг өдөржингөө нухна, шүүмжлэх өөлөх талдаа, их удна. Эрдэмбилэг нь түс тас, маш хурдан, цахилгаан шиг л. Маш хурдан уншина, ялих ялихгүй асудлыг шууд л ялгана.
Их сайхан, зөв хувцаслана. Францын нэг дипломатч саваагүйтээд асууж гэнэ. “Ерөөсөө социалист орнууд дотроо Танай монголчууд илүү ганган байх юм. Энэ ямар учиртай юм бэ?” Эрдэмбилэг хариулж байна. “Тэр зөвлөлтийнхний эхнэрүүдээс нь очиж асуу!”
Эрдэмбилэг гуай бол ёстой жинхэнэ сэхээтэн. Бусдаасаа ялгарах нь төрөлхийн сэхээтэн царайтай, тийм ч хүн. Дипломат албанд үе дамжсан сэхээтэн хүн ажиллах нь маш чухал юм байна гэдгийг тэрээр нотлож чадсан гэжээ.
(Хэсэгчлэн толилуулав)