В.Ганзориг: Өдрийн мэнд Эбэ захирал аа? Хэвлэл мэдээллийн салбарт технологи ашиглан түйвээлт хийж байгаа компани бол яах аргагүй танайх. Саяхан Токио дахь салбарынхаа нээлтээ хийсэн. Гадаад зах зээлд гарахын тулд хэр удаан бэлдсэн бэ?

Х.Эрдэнэбаяр: Бид 2014 оноос эхлэн цахим сэтгүүл, дижитал паблишинг, софтвэр, аппликэйшн чиглэж ажилласан. Гадаадад гарах бэлтгэл ажлийг гурваас дөрвөн жил хийсэн. Олон улсын тавцанд гарах эхний танилцуулгаа 2019 оны долоон сарын 14-нд Сингапурт Marina Bay Sands-т хийсэн. Энэ арга хэмжээ амжилттай болж, нэлээдгүй олон улсын паплишинг хаусууд хамтарч ажиллая гэсэн учраас 2019 оны 10 дугаар сарын хоёронд Токиод Азийн нээлт гэж бид хийсэн юм. Жил хагас гаруй олон улсын гэрээ контрактууд хийгдээд, одоо л нэлээн сайн үе дээрээ ирж байна.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!


- Та нар эхнээсээ гадаад зах зээлийг үндсэн сегментээ болгожээ дээ?

- Тийм. Бид монгол гэж анхнаасаа бодоогүй. Аппликэйшн хийдэг, технологиор мөнгө олох зорилготой компаниуд сүүлийн гурван жил нэлээд нэмэгдсэн. Аппликэйшн хийх амархан зүйл байж магадгүй. Гэхдээ тэрийг хэн, хэзээ хэрэглэх, хаанаас мөнгө олох, энэ бизнес хэр тогтвортой байх асуудлуудыг шийдэх нь хамгийн чухал. Монголд аппликэйшн хийгээд дотоодынхоо зах зээлээс өндөр орлого олно гэж байхгүй гэж харсан. Жоохон тохуутай маягаар хэлбэл, ер нь манай зах зээл зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам, тэгээд зайсан гэсэн дөрвөлжин доторх 100 мянга гаруй хэрэглэгч байгаа шүү дээ. Энэ зах зээлээс бүтэн мөнгө олсон ч технологийн өндөр орлоготой компани үүснэ гэхэд хэцүү. Тиймээс бидний анхнаасаа харж байсан гарч олон улсын зах зээл. Энэ чиглэлдээ үзээд л яваад байгаа. Ойрхон амжилтад хүрэх байх аа. 

- Танай бизнесийн онцлог юу вэ? Одоогийн байдлаар хэдэн харилцагч, ямар түншүүдтэй болоод байна?

- World+ аппликэйшнийг дэлхийд түгээх ажлын нээлтийг уг нь 11 дүгээр сарын 16-нд товлосон байсан. Гэтэл гэнэтийн хөл хорионы улмаас хоёрдугаар сар хүртэл хойшлуулах болоод байна. Яагаад энэ зах зээл рүү орсон гэдгээ тайлбарлая. Медиад телевиз, радио, сонин, сэтгүүл гэсэн дөрвөн салбар байдаг. Сүүлийн 20 жилд телевиз on demand болж буюу технологийн том дэвшил хийж чадсан. Радио станцууд подкаст болоод, сонсогчид дуртай үедээ хүссэнээ сонсдог болж байна. Сонинуудын хувьд бүгдээрээ цахим хуудас суурьтай боллоо шүү дээ. Гэтэл цахим сэтгүүл гэдэг том хувьсал ерөөсөө гарч ирээгүй. Хэвлэлийн эх буюу PDF файл уншуулдагаа дижитал гэж нэрлээд яваад байсан. 

Иймээс бид Full interactive буюу яг орчин цагт зориулсан, үзэж болдог, харж болдог, сонсож болдог хөдөлгөөнтэй, бүх төрлийн гар утсанд таардаг цахим сэтгүүл хийхээр зорьж ажилласан. Яг энэ ажил дээрээ нэлээн гайгүй түүхтэй явна. Өнөөдрийн байдлаар найман улсын 200 орчим сэтгүүл гэрээ хийгээд ажиллаж байна. Томоос нь дурдвал The Guardian Weekly, New York, Vogue, GQ гэх мэт. Өчигдөр гэхэд Европын хамгийн том хэвлэлийн компани Axel Springer гэрээгээ хийлээ. Энэ мэтээр нэмэгдээд л байгаа. Бидний зорилго дэлхийн хэмжээнд дижитал сэтгүүлийн нэтфликс болох юм. 

- Одоогийн байдлаар дэлхий даяар хэдэн хэрэглэгчтэй болсон бэ?

- Дэлхий даяарх албан ёсны маркетингийн кампанит ажлаа 11 дүгээр сард эхлүүлэх байсан ч хоёрдугаар сар болгон хойшлуулсан. Яг одоогийн байдлаар 270 мянган хэрэглэгчтэй болсон байна. 

- Энэ бүх технологи, техникийн шийдлүүдийг бүгдийг нь монгол залуучууд, монгол компани хийсэн үү?

- Тийм. 2014 оны сүүлээр ганцаараа эхлээд, удахгүй хоёулаа болоод, одоо манай хамт олон гээд 97 залуу байна. Програм хангамж, аппликэйшн хөгжүүлэлт, дата гээд бүх ажлыг in house буюу манай компанийн залуучууд хийсэн. Энэ шийдлээ турших зарчмаар жижиг зах зээл буюу Монгол улсын гурван сая хэрэглэгчийг сонгоод маркетингийн зардал гаргалгүйгээр хэдэн хэрэглэгч орж ирэхийг нь үзэхээр M+ гэдэг аппликэйшнийг хоёр жилийн өмнөөс ажиллуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 400 мянган төхөөрөмж дээр 287 мянган бүртгэлтэй хэрэглэгчтэй болсон явж байна. 

Дэлхийн хамгийн алдартай гэсэн бүх сэтгүүлийг бид өөрийн платформ дээрээ бүрэн цахим болгоод нэг улсаас 200 мянган хэрэглэгч авахад дэлхийн 200 улсаас нийт хэдэн хүн хэрэглэж болох нь вэ гэдэг тоог гаргах гэж ерөнхийдөө энэ датаг хэрэглэсэн. Энэ дээр нэлээн боломжийн тоо харагдаад байгаа.

- Алсдаа M+ ба World+ хоорондоо нэгдэнэ гэсэн үг үү?

- Үгүй. World+ апаа дэлхийд гаргахаас өмнө Монголын зах зээлд М+ гээд тест маягийн аппликэйшн болгож хэрэглэж үзсэн. Гэтэл энэ нэлээн боломжийн яваад байгаа учраас цааш нь хөгжүүлүж аудио подкастуудыг нэмээд иж бүрэн платформ болгоод ашиглаад явж байна. 

- Цар тахлын нөхцөл байдал танай бизнест хэр эерэгээр болон сөргөөр нөлөөлж байна?

- Цахим гэдэг үүднээсээ айхтар муу болоогүй ч сөрөг нөлөө байна. Бид өнгөрсөн хугацаанд олон улсын нэлээд сэтгүүлтэй гэрээ хийж чадсан. Дэлхийн топ 50-д байдаг Хятад, Сингапурын тэргүүлэгч медиа корпорациудтай маш том цахим платформын гэрээ хийгдсэн байсан. Нэгийг нь энд зарлахад одоо асуудалгүй. Тэр бол Singapore Press Holdings буюу The Straits Times зэргийг эзэмшдэг Азийн хамгийн том медиа корпорац бид нартай хамтарч аппликэйшн хийнэ гээд өөрсдийн аппликэйшнийг бүгдийг нь унтраалаа гээд биднээр биднээр хийлгээд есдүгээр сарын 26-нд нээх байсан. Гэтэл таагүй мэдээ нь Singapore Press Holdings 40 жилийн түүхэндээ анх удаа санхүүгийн хувьд хасах гарч таарсан тул түр хугацаагаар хойшлуулъя аа гэдэг санал тавьсан. Түүнээс биш бид зүүн өмнөд Азийн медиа зах зээлийн хамгийн том платформыг үүсгэхэд бэлэн болчихсон байна. Энэ талаас нь харвал цар тахал бидэнд таатай биш байгаа. 

Манай залуусын хувьд хөл хорионы шийдвэр гарснаас хойш гэрээсээ ажиллаж байгаа. Эндээс давуу тал олж харахгүй байгаа. Яагаад гэвэл монголчууд зайнаас ажиллаж байсан туршлагагүй учраас ер нь нэг дундажлаад л явж байна даа. 

- Гадаад зах зээл дээр бизнесээ өргөтгөхийн тулд энд тэндээс хөрөнгө оруулалт татах төлөвлөгөө байна уу?

- Эхний дөрөв, таван жил өөрсдийнхөө боломжоор явсан. Яагаад гэвэл та ч мэдэж байгаа, Монголд технологийн бизнесээр мөнгө олох ёстой гэдэг бодол бүх хүнд байдаг ч төрөөс, эсвэл банкуудаас ямар нэгэн байдлаар санхүүжүүлэхийг дэмжих асуудал бол ноль шүү дээ. Тийм боломж нь ч байхгүй байгаа байх л даа. Албан бус нээлтээ хийсний дараа Японоос хөрөнгө оруулалтууд орж эхэлсэн. Сүмогийн их аварга Хакүхо хамгийн эхний хөрөнгө оруулалтыг хийсэн. Үүний дараахан Японоос гурван хөрөнгө оруулагч орж ирсэн. Kimura Construction компанийн захирал аав хүү хоёр хөрөнгө оруулсан. Хүү нь одоо Японы парламентын Ардчилсан намын бүлгийн дарга хийдэг. Arix Partners гээд Японы хүний нөөцийн нэг номерын компани нь бас манайд хөрөнгө оруулсан. Цаашдаа бас ганц хоёр хөрөнгө оруулалтууд яригдаж байна. Түүнчлэн Америк болон Израйлаас хөрөнгө оруулалт хийх саналууд ирсэн. Тэгэхдээ яг одоо ковид гээд онгоц нисэхгүй байгаатай холбоотой ямар ч бизнесийн уулзалтууд хийх боломжгүй болчихоод байна. 

- Дэлхийн зах зээлд гарах боломж болон эрсдэлийн талаар залуучуудад зөвлөөч гэвэл та юу хэлэх вэ?

- Ер нь бол маш хэцүү. Яагаад гэвэл нэгт, олон улсын зах зээл дээр Монгол сайн нэр биш болчихоод байна. Монголчууд олон улстай хийдэг, гадаадын шууд хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл дээрээ төр, хувийн компаниуд ялгаагүй тогтвортой байдаггүй учраас улсаараа муу нэртэй. Хоёрт, олон улсын технологийн компаниуд хамтарч ажиллахдаа эхлээд Монгол гэж сонсоод гайхдаг. Бараг танайх цахилгаантай юм уу гэх нь холгүй асуудаг. Тэгээд хийсэн зүйлсийг хараад хамтран ажиллах боломжтой юм байна гээд бизнесээ ярьдаг. 

Улсын нэр хүнд ийм ч гадны зах зээлд гарах боломжгүй гэсэн үг биш. Нэгт, бизнес санаа дахин давтагдаагүй буюу бусад хүмүүсийн бодож олоогүй санаа байх ёстой. Хоёрт, хийж байгаа зүйлдээ маш их тууштай байж л амжилт олно доо. Ёстой хэдэн жил нойр, хоолгүй явж байж амжилтанд хүрнэ. Амжилтад хүрч болно. Дээрээс нь монгол залуучууд ийм амжилтанд хүрэх бүрэн чадвартай гэдэгт би 100% итгэлтэй байдаг. Гол нь тууштай, хөдөлмөрч байх ёстой. 

Өнгөрсөн долоо хоногт манай Япон дахь оффисын албан ёсны бүртгэл дуусч ажлууд нь эхэлсэн. Сайхан мэдээ хэлэхэд Panasonic компанийн ерөнхийлөгч Мори гэж хүн манай Япон дахь салбарын захирлаар томилогдоод ажиллаж байна. Тэгэхлээр бид нэг их муугүй олон улсад харагдаж байгаа байх. Panasonic компанийн захирал манай компанийн охин компанийг японд үүсгээд явна гэдэг нэр төрийн асуудал гэж харж байгаа. 

- Баяр хүргэе! Ямар гоё мэдээ вэ? Цахим шилжилт улам эрчимжих нь тодорхой боллоо. Монголчууд сонгодог утгаараа цахим үндэстэн болоход бэлэн байна уу?

- Бэлэн байх боломжтой ч бэлэн биш байна гэж бодож байна. Яагаад гэвэл нэгт, сайн бодлого гаргах хэрэгтэй. Яаж ажиллах ёстой, юуг хийж болох, болохгүй гэдгээ хүртэл шийдэх ёстой. Хоёрт, төр ба хувийн хэвшлийн оролцоог сайн зохицуулах ёстой. Манай компани төртэй ажиллаж үзээгүй. Гэхдээ мэдээллийг олон талаас авдгийн хувьд харж байхад жишээ нь эрүүл мэндийн салбарын цахим шилжилт гэдгийг 2014 оноос Хятадын засгийн газар болон бусад газраас санхүүжүүлээд 120 сая ам.доллар орж ирсэн гэдэг. Гэтэл өнөөдөр эрүүл мэндийн даатгалын систем, эмнэлгийн бүртгэл, шинжилгээ цахим болоогүй л байна. Тэгэхээр хийж чаддаг хүмүүс нь хийх ч байдаг юм уу, үүссэн асуудлуудаа зөв шийдэж явах ёстой. 

Цахим шилжилтийг хийж чадах уу гэвэл харин магадгүй Эстоноос илүү хийж чадна гэж би боддог. Яагаад гэвэл монголчуудын хэрэглээ ухаалаг. iPhone 12 худалдаанд гарлаа гэхэд бүгд л хэрэглэж байдаг. 10 жилийн сурагч хамгийн сүүлийн үеийн Самсунг хэрэглэдэг. Цахим хэрэглээнд ойроос гадна жижиг улсын давуу тал байж болохоор харагддаг. 300 сая биш гурван сая хүн дээр хийх маш боломжтой. Нөгөө талаасаа цахим шилжилт заавал хийх шаардлага үүсч байна. Дэлхийн бүх улсууд аль нэг улсын системийг ашиглаж тэдэнд мөнгө төлдөг биш, жижиг ч хамаагүй өөрийнхөө юмыг хэрэглэдэг систем рүү шилжиж байгаа. 

Сая Азийн найман орон жил хагасын дараанаас фэйсбүүк хэрэглэхгүй харин дотоодын системээ хэрэглэнэ гэж зарлалаа. Япончууд Line, cолонгосчууд Kakao Talk, хятадууд WeChat, оросууд Telegram-аа илүү хөгжүүлж байна гэдэг шиг тэд бэлэн байгаа юмыг хэрэглэхэд амархан ч яагаад фэйсбүүк дээр нэг юмаа бүүст хийсний төлөө бүх мөнгөө Америк руу өгөх ёстой юм, яагаад iTunes дээр дуугаа тавиад бүх орлогоо Америк руу явуулах ёстой юм бэ гэдэг бодлогыг бүгд бодож байгаа. Тэгэхээр жижиг ч бай, том ч бай яг хэрэгцээгээ тодорхойлоод бодлогоо гаргах хэрэгтэй байх. Ebarimt нэлээн сайн жишээ болсон. Үүн шиг нэгдсэн маягаар бүх тэтгэврийн сан, даатгал, нийгмийн даатгал зэргээ ухаалаг болгоод, цахим данс хүн болгонд дээрээ үүсгээд, үүгээрээ дамжуулан татвараа төлдөг, буцаад тэтгэврээ авдаг, бүх юм ил тод болох бүрэн боломж бол манай улсад байгаа. 

- Яг үүнтэй холбоотой асуухад E-Mongolia гээд төрийн цахим үйлчилгээний платформ нээлтээ хийсэн. Үүнийг ашиглаж үзэв үү?

- Нээгдсэн өдөр нь E-Mongolia-г хэрэглэж үзсэн. Богино хугацаанд бодитоор төрийн 180 үйлчилгээг хамруулна гэдэг бол нэлээд том ажил. Цаашдаа функцуудыг нь нэмээд монголын бүх цахим шилжилтийг зөвхөн энэ систем дээр төвлөрүүлээсэй гэж би хараад байна. Бүгд хоорондоо холбогддог, EBarimt, татвар бүгд хамт орчих ёстой. Түүнээс биш төрийн яамны хэлтэс болгон нэг нэг аппликэйшн хийгээд байдаг бол бүтэхгүй. 

Анзаарсан бол гомдмоор ч гэсэн гайхамшигтай жишээ байдаг. АСЕМ-ийн аппликэйшн. Санхүүг нь харахаар нэлээн олон зуун саяар хийсэн байх шиг байсан. Гэтэл Play Store, App Store-ийн таталтыг нь харахаар тэр аппликэйшнийг 100 хүн ч хэрэглээгүй байсан. Тэгэхээр яг юунд зориулж, хэн, яаж хэрэглэх вэ гэдгээ сайн бодох ёстой юм. Нөгөө талаас төрийн залгамж халаа гэдэг шиг нэг юм нь байнга давтагддаггүй учраас болж өгвөл модуль модулиар нь чаддаг компаниудтайгаа хамтраад эхнээс нь зөв хийлгээд явбал их зөв жишээ болно. Түүнээс биш төр нэг их олон программистууд нийлүүлээд ухаад суугаад байж болохгүй. 

Төрийн албаны цалингийн хэмжээ магадгүй 800 мянгаас 1.5 саяын хооронд байгаа гэхээр тэнд супер инженерүүд хэзээ ч очихгүй шүү дээ. Суперууд нь хаана байх вэ гэхээр хувийн хэвшилд л байна. Хувийн хэвшлийн хамгийн мундаг толгойнууд, шинэ үеийн программчлалын аргуудыг хэрэглэж байгаад хүмүүсийг төр өөрийн төслүүд дээрээ хамруулаад явуулбал зөв алхам болох болов уу. Ажлуудаа компаниудад хувааж өгөөд хийсэн ажлын үр дүнгээсээ буюу ирээдүйд олох орлогоос нь нэг хувийн урамшуулал аваад яваарай, энэ танай компанийн үнэ цэн болно шүү гээд хөдлөх юм бол яг жинхэнэ утгаараа цахим шилжилт болох болов уу гэж бодож байна. 

- Эстон улсын төвшинд хүрэхэд Монголд хэдэн жил шаардлагатай вэ?

- Ер нь бол программ бичихээр жишээ авбал нээлттэй эх хөгжсөн, бэлэн аргачлалууд их байдаг болсон учраас хуучин шиг бүх юмыг цоо шинээр хийхээ больсон. Харин ерөнхий схем, бүтэц сайн байх юм бол маш богино хугацаанд гүйцэтгэх боломжтой. Магадгүй үнэхээр сайн менежментийн баг бүрдүүлээд, E-Mongolia дээрээ суурилаад хийлээ гэхэд 18 сар бодит хугацаа гэж харж байна. Анхнаасаа сайх шийдэл хийсэн байхад хүмүүс аяндаа хэрэглээд явчихна. Гол нь тэр дэд бүтцийг хэрэглэснээр иргэнд, төрд ямар ашигтай байх, аль аль талдаа өгөөжтэй байх ёстой. 

EBarimt-ийг яагаад энэ олон хүмүүс хэрэглээд байна гэхээр буцаад тэндээс 1000 төгрөг ч хамаагүй авдагт байгаа. Нөгөө талдаа улсад маш ашигтай. Учир нь худалдан авалт болгон дээрээ энэ хүн татвар төлж байгаа эсэхийг, тухайн үйлчилгээний байгууллагыг шалгаад байна. Яг ийм холимог систем бүрдүүлбэл жил гараны дотор технологийн шийдлээ хийж гүйцэтгээд, зургаан сарын дотор бүрэн нэвтрүүлнэ гэж тооцвол хоёр жилийн дотор Цахим Үндэстэн төсөл бүрэн хэрэгжих боломжтой гэж харагдаж байгаа. Эндээс маш олон давуу тал гарна. Татвар нуудаг юм байхгүй болж, хүн болгоны орлого тодорхой болно. Гаалиар гарч байгаа бүтээгдэхүүнүүд хүртэл буюу Эрдэнэт үйлдвэрээс хэдэн тонн зэс өнөөдөр гарч байгаад ERP систем дээр бүртгэгдээд явна. Том, жижиг бүх юмаар нь холиод явахад маш сайн үр дүн гарах байх гэж хараад байна.

- Сонирхолтой ярилцлага цагаа гарган бид нарт зориулж өгсөнд талархаж байна.