Д.Чагнаа: Цана, гутал, бие гурав л байхад амжилт гаргадаг
Уулын цанын холбоо, Дэлхийн монголчуудын чөлөөт цанын холбооны Гүйцэтгэх захирал, ОУХМ, дасгалжуулагч Д.Чагнаатай ярилцлаа.
-Хамгийн сүүлийн тэмцээнээс эхлээд ярих уу. Сахалинск-2019 наадамд оролцсон амжилтын талаар ярина уу. Хэр бэлтгэлтэй, ямар шалгуураар явсан нь сонин байна?
-Сахалинск руу гурван шинэ хүүхэдтэй яваад ирлээ. Нэг нь эндээ хоёр тэмцээнд оролцсон байсан. Эндхийнхийг ямар тэмцээн гэхэв дээ, Скай ресортын замыг тэр тэмцээний замтай харьцуулах аргагүй шүү дээ. “Сахалинск-2019” наадамд Alpine цанын төрөлд ердөө 13,14 гэсэн хоёрхон ангилалтай. Өөр төрлүүдэд бол 17 болон түүнээс дээш насныангилал бий. Alpine цанын төрлөөрөө насны ангилалд нь тохирсон гурван хүүхэд авч явсан. Хоёр нь Эрдэнэтийн тамирчид, Ч.Хүсэлтөгөлдөр, С.Тэмүүлэн нар маань техникийн саатлын улмаас хасагдсан. Улаанбаатараас явсан Мөнх-Оргил маань 49 тамирчнаас 31-д орсон. Энэ нь Сахалинскийн наадамд оролцсон манай баг тамирчид дотроо гол амжилт нь юм. Дараа нь Красноярскт болсон Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадамд хоёр тамирчин оролцсон. Би өөрөө яваагүй. Оролцсон тамирчдын хувьд хэрэв төрөөс зардал мөнгөөөр дэмжээд 2022 онд Бээжингийн өвлийн олимпт бэлдье гэвэл эхний гуравт багтаж амжилт үзүүлж чадах хүүхдүүд. Нэг нь 102 тамирчнаас 52-т орсон. Манай хоёр тамирчин гэрээрээ бэлтгэл хийгээд ийм байгаа юм чинь дэмжээд сайн бэлдвэл үүнээс илүү амжилт гаргаж чадах хүүхдүүд юмсан. Биатлоны холбоо маш сайхан амжилттай оролцсон. Мундаг байлаа.
-Яагаад техникийн алдаа гарсан бэ?
Энэ удаад тамирчид ч шинэ, зам нь ч тэдэнд шинэ байсан. Скай ресорс чинь тэр тэмцээний замын дэргэд юу ч биш шүү дээ.Очоод гурав хоног бэлтгэл хийсэн боловч “бөндийгөөд” өгсөн. Хамт явсан хүмүүс ч алдаа гаргасан. Супер жи төрлөөр манай хүүхдүүд энэ жил л оролцож байна. Томчууд бол орж байсан л даа. Хурд ихээр шаардсан төрөл тул зам нь доунхилл төрөлтэй төстэй. Харин замын налуу градус нь доунхилл төрлөөс илүү огцом юм. Манай хүүхдүүд 183 см урттай цанатай явсан. Байгаа нь л тэр. Тэрийг нь голоод өмнөх өдөр нь бэлтгэл хийлгээгүй. Гэтэл надад туслах гээд сайн мэдэхгүй хүмүүс “цанаа бэлдээд тосолчихсон” гээд байсан чинь.195 см урттай цана бэлдчихэж. Гулгахад бол мэдэгдэхгүй л дээ. Тэмцээн дээр тэр олон бартааг сүлжиж туулахад алдаа гарчихдаг. Ингээд хоёр хүүхэд маань залж дийлэхгүй унасан, гэмтсэн. Тэгсэн чинь их хөгтэй. Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2020 онд болох Азийн хүүхдийн наадмыг зохион байгуулах хорооны дарга юм гэнэ. Гэхдээ хоёр хоноод л буцсан. Бидэнтэй уулзаад “Санал хүсэлт юу байна” гэсэн. Тэмцээндээ оччихсон хүмүүс юугаа ч хүсэх билээ. Цана, гутал, бие гурав л байхад амжилт гаргадаг байхгүй юу.
-Та яагаад гэмтчихэв ээ. Одоо бие тань гайгүй юу?
-Ямар ч байсан чиний урилгад таягтайгаа дэгдээд ирлээ. Тамирчдаа гараанд гаргачихаад байж байтал манай хэд тээр дор хувцас хэрэглэл, цүнхнүүдээ орхичихож. Би өнөөх хувцас, цүнхнүүдийг тэврээд гулгаж яваад хатуу мөс байсныг мэдэлгүй хальтраад уначихсан юм. Ойр хавьд дуудах хүн ч байсангүй, дуу гарч өгдөггүй, царай хөхрөөд багтрах мэт болоод арай гэж цээж хэвлийгээ дарж илж байгаад арай гэж боссон. Алхаж яваа биш инерцээрээ гулгаад яваад байлаа. Яс хугарсан биш, дотор гэмтэл байх л гэж бодлоо. Манай багт эмч ч байхгүй. Солонгос зэрэг зарим орон багийн эмчтэй, бэлтгэл, хангамж, зохион байгуулалт ч мундаг. Багаараа өөрсдийнхөө л хоолыг иддэг байх жишээний. Яг л олимпт оролцож байгаа юм шиг нижгэр оролцдог. Солонгосын эмч тэгэхэд намайг үзээд “Та хөдөлгөөнөө л хорих хэрэгтэй дээ. Хоёр гурав хоног хэвтмээр байна” гэсэн. Би цөс, нойр булчирхай ч юм уу, доргилтоос л үүдсэн байх гээд хоёр гуравхан минут юм болохоор тэсээд хүүхдүүдээ бэлтгээд тэмцээнд гаргасан. Alpineцана чинь яг л штанг өргөж байгаа мэт хүч шаарддаг онцлогтой. Тэгтэл гарааны ахлах нь “Танай хүн ингээд унасаан” гээд ойчиж буй мэтээр дүрсэлж харуулаад байхаар нь амжилтгүй болжээ гэж мэдсэн. Дараагийн тамирчин бас тэгсэн. Гурав дахь тамирчин Мөнх-Оргилдоо “өмнөх хоёроо харав уу, мориныхоо амыг татаж яв гэдэг шиг бодолтой уралдаарай” гэж захьсан. Тэр хүү маань ч эхний гараагаа давлаа. Тэгэхгүйгээр хоёрдугаар гараанд гаргахгүй шүү дээ. Ингээд 49-31-д орсон. Нөгөө хоёр тамирчин Ч.Хүсэлтөгөлдөр, С.Тэмүүлэн нар маань унаагүй бол бас л гурван жил хичээллэсэн, дутахааргүй амжилт гаргах л байсан. Ийм зам дээр уралдаж үзээгүй гэдэг нь ч үнэн. Хурдаа дийлэхгүй, 183 см байх ёстой байтал 195 см урттай цанаар гулгасан нь ч нөлөөлсөн. Дараа нь Красноярскт болсон Универсиад наадамд оролцлоо. Бас л орон орны шигшээгийн ирдэг, хорин хэлтэй залуучууд оролцдог том тэмцээн. Универсиадад манайх 102-оос 52-т орсон. Хэрэв 2022 оны тэмцээнд бэлтгэвэл ид лут амжилт үзүүлэхээр үндсэн багийн л гишүүд болох юм.
-Та тэгээд гэмтлээ хэр эмчлүүлэв, яажшуу ирэв. Хүнд бэртсэн гэсэн мэдээ аваад санаа зовж байлаа?
-Би тав хоног эмнэлэгт, огт хөдөлгөөнгүй хэвтсэн. Гурван өдөр л ажилласан. Оросын эмч нар, тэдний шинжилгээ ч мундаг. Таван минутын дараа л нурууны зураг авахуулсан хариу гарч нуруу хугарсан байсан. Гүнзгий амьсгалж инээж ханиаж болохгүй байлаа. Ингээд тамирчин Ч.Хүсэлтөгөлдөрийн ээжтэй хамт ирсэн. Одоо нэг маань тэнд ухаангүй хэвтэж байгаа, санаа зовоод л сууна.
-Сагсан бөмбөгийн дасгалжуулагч Д.Уртнасан багш уу?
-Тийм.
-Яагаад тийм байдалд орчихов оо. Юу болсон юм бол?
-Тэр тухай ярих хэрэг байна уу.
-Та тухайн цаг үед тэнд хамт байсан, адилхан тамирчин хүнийхээ хувьд мэдээлэл өгч болох уу?
-Бид тэмцээндээ өглөөд гараад явчихдаг байсан. Уртаа өрөөндөө л үлддэг. Уг нь ирэх есдүгээр сард гавьяаны амралтдаа гарах байсан юм билээ. Намайг эмнэлэгт хэвтсэний дараахан нэг өглөө жигтэйхэн эрт биднийг ахалж авч явсан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа нүд нь орой дээрээ гарчихсан гүйгээд ирсэн. Миний бие муу байгааг мэдэж байсан ч эмнэлэгт хэвтсэнийг мэдээгүй. Гурав хоногийн хугацаанд би нуруу хугарсан мөртлөө тамирчдаа бэлтгэлд гаргаад яваад байсан болохоор гайгүй байгаа л гэж бодсон байх. Тэгэхээр нь “Та яаж яваа юм” гэтэл “Уртаа эмнэлэгт хэвтчихсэн. Ухаан ордоггүй. Тэгээд яасан юм бол гэтэл сахарын өвчин нь сэдэрсэн ч юм уу, бага зэрэг архи ууснаас болсон юм шиг байна лээ. Гүйлтийн цанынхны зарим нь Швейцариас ирсэн байсан тэдэнтэйгээ ч уулзсан юм уу. Уртаа багш гүйлтийн цанын гурван хүүхэдтэй хамт нэг өрөөнд байрлаж таарсан.
Сахалинск, Хабаровск, тэгээд Эрхүүд хэвтээгээрээ нисч ирсэн.Эрхүүгээс наашаа ирэхэдвокзалаас вагонд оруулахдаа тусад нь өрөөнд хэвтүүлж, түүнээс нааш лхөл дээрээ боссон. Аль болох нуруугаа хөдөлгөхгүйн тулд их зовиуртай хэцүү явсан.Энд ирээд шууд вокзалаас МҮОХ-ны автобус, БТСГ-ын түргэн тусламжийн машин ирсэн байсан. БТСГ-ынхан ачааг гэрт хүргэж, МҮОХ-ны автобус шууд ГССҮТ дээр очсон. Орост шинжлүүлсэн, эмчлүүлсэн зөндөө бичиг баримт бий. Энд хийлгэсэн шинжилгээ тэр хариунуудтай ижил гарсан. Надад гурван эм бичиж өгөөд дөрвөн долоо хоног хэвтрийн дэглэмд байгаарай гэсэн. Хоёр долоо хоног жаахан өнгөрч байтал спартакиад болно гээд очиж ажиллах шаардлага гараад хөл дээрээ босчихсон. Ингээд Скай ресурст зургаа хоног зогсож ажиллахад айхтар мэдрэгдэж байсан. Одооноос арай гайгүй болж байна, сэтгэл санааных шүү дээ.
-2022 онд Бээжинд болох өвлийн олимпт манай улс хэр бэлтгэлтэй байна вэ. Эмч нараа авч явах, цанаа бэлтгэхээс эхлээд анхаарах зүйл олон байгаа нь дээрх ярианаас харагдлаа?
-Өвлийн спортын төрлөөр бэлтгэж байгаа зүйл огт алга. Тиймээс л ах нь энэ чиглэлээр идэвхтэй бичиж байгаа чамайг олж ярилцлага өгч байгаа нь энэ. Гүйлтийн цанын төрөлд шигшээ багийн долоон тамирчин бий. МҮОХ тэдэнтэйгээ л ажилладаг. Манайх уг нь бие даасан спорт холбоо боловч бие даалгахгүй байна. Дэлхийн монголчуудын чөлөөт цанын холбоо гэж бий.Манайх бол “шоовдорлогдсон” салбар. Хэн шоовдорлоод байгаа юм бэ гэхээр МҮОХ, спортын салбарын удирдлагууд шоовдорлоод байна. Энэ тухай 2014 онд сонинд нийтлэгдэж байсан. Өнөөдөр ч хэвээрээ байна. Тэднийг иймэрхүү үл тоох маягтай байдаг болохоор нь би Азийн өвлийн тоглолтод Хятад руу явчихсан юм. Тэндээс гурван тамирчин медальтай ирсэн. Шигшээ баг энэ тэр огт байхгүй шүү дээ. МҮОХ-ны Тунгалаг энэ тэмцээнд эхнээс нь дуустал бидний зовлон жаргалыг сайн мэдэх хүн. Манай Баярзул маш мундаг тамирчин, 2007 оны Азийн өвлийн спортын наадамд alfine, freestyle хоёр төрөлд улсаас нэг ч зардал гаргаагүй. Дамбын Хишгээ гэдэг хүн Монголын цанын холбооны ерөнхийлөгч байлаа шүү дээ. Тэр МҮОХ-ны хурлын индэр дээрээс “Гүйлтийн цанаар л амьсгалж байна. Гэхдээ alfine, freestyle хоёр илүү чухал юм шүү. Үүнийгээ дэмжиж амжилт гаргаарай” гэж байсан.
-Одоо та 2022 онд болох өвлийн олимпийн өмнө МҮОХ-ноос юу хүсч байна вэ?
-Юуны өмнө freestyle төрлөөр шигшээ баг байгуулмаар байна гэдэг саналаа л тавьдаг. Одоо хүртэл байгуулахгүй л байна. МҮОХ-ны дүрмийн дагуу уулын цанын төрөлдөө багтаад явж бай гэдэг. Гэтэл холбоо бүр өөр байх учиртай. Жишээ нь чөлөөт бөхийн төрөл гэвэл жингээрээ л ялгарна, жин тус бүрээр холбоо байгуулах боломжгүй. Гэтэл цанын төрөл үүнээс тэс өөр гэдгийг л ойлгохгүй байна. Гүйлтийн цана, трамплин, сноубордг фристайл, алфайн гээд таван гол төрөлтэй, тавуулаа спорт холбоотой, тавуулаа эзэнтэй байж хөгжинө. Зөвхөн Монголын цанын холбоо, уулын цанын холбоонд харьяалуулдаг нь буруу. Тиймээс зуны олимпийн төрлүүд, тэдний амжилтаар халхавчилж энэ төрлүүдийг битгий шоовдорлооч гэж хүсээд байгаа юм. МҮОХ мөнгө өгөх биш. Зохион байгуулалт дээрээ л анхаарах ёстой. Би гадаадын тэмцээн уралдаануудад өөрийнхөө мөнгөөр оролцдог. Төдийгөөс өдий хүртэл 40 жил энэ спортод дурлаж зүтгэсний амжилтаа бодсон ч өнөөдөр хүссэн тэмцээндээ оролцох боломж байлгүй яахав. Хэдэн төгрөг банкинд байна, түүнийгээ иймэрхүү л юманд зарна шүү дээ. Манай гэрт дүүрэн цана, цанын хэрэгсэл хөглөрч байдаг юм шүү дээ. Би цанын төрлийг хөгжүүлэхдээ ганц ч удаа, ширхэг ч цанын мөнгө гуйж үзээгүй. Дандаа гаднаас, заримыг нь худалдаж авна, эсвэл гуйгаад авна. Манай чөлөөт цанын холбоонд өгсөн 5 га газарт жаахан л юм хийхэд тэр замын сүлждэг бартаа хэрэгсэл, цанаас эхлээд бүх тоног төхөөрөмжийг би өөрөө олоод ирнэ. Скай ресурс 1700 метр бол манай газар 2100 метрийн өндөрт, Гачууртад байдаг. Энэ уулыг Монголын чөлөөт цанын холбоо авсан, цанын баазад хэрэгтэй бүхэн надад хэрэгтэй байна, өгөөч гээд үндэсний хороонд нь болон Берлинд суугаа Элчиндээ нэг хувийг нь явуулчихад надад тусална. Тэд “За гэвэл ёогүй. Монголоосоо гэвэл би Булганы Сайхан сумын хүн. Нутгийнхаа зарим бизнесмэнд хандаж үзье гэж бодоод яваа. Олон улсын цанын холбоо намайг цанын дөрвөн төрлийг Монголд хөгжүүлсэн гээд тусалдаг, 2008 оноос эхлээд өгдөг болсон. Орон болгонд ч олддог тусламж биш. МҮОХ намайг тоохгүй, энэ шинэ төрлүүдийг тоохгүй байхад Олон улсын цанын холбоо “Монголд Чагнаа гэж хүн бий. Ийм төрлүүдийг шинээр хөгжүүлсэн гээд заавал өгөөрэй” гээд туслалцаа техник хэрэгсэл өгөөд явуулахад надад өгдөггүй. Д.Загдсүрэнд хэлэхээр “Өнгөрсөн юмыг яриад яадаг юм бэ” гэх юм. Би Д.Загдсүрэнд муудаа үүнийг ярьж байгаа юм биш шүү. Ажил муу байна шүү л гэж хэлж байгаа юм. Түүнээс биш Д.Загдсүрэн Д.Чагнаа хоёр хамаагүй. Өнгөрсөн онд Саппород Азийн өвлийн олимп болсон. Зохион байгуулах хорооноос “Таван хүний зардал даая” гэж бичиг ирсэн байгаа юм. Энэ нь Монголоос оролцох тамирчны л тоог нэмэх гэсэн уг наадмыг зохион байгуулах хорооны дэмжлэг. Тийм юмаа их нууна шүү дээ. Гэтэл Д.Загдсүрэн “Нэг хүний тэнд байрлах байр, хоолны зардал 450 ам.доллар. Танайх энэ хүнийхээ ирэх очих зардлыг гарга гэсэн. Мөн өөр нэг хүний ирэх очих зардлыг манайх даая, танайх 450 ам.долларыг гарга” гэсэн. Ийм хашир гэх үү дээ. Ингээд манайхаас гурван хүн явснаас би өөрөө зардлаа даадаг. Нэмж хоёр хүнээ дээрх нөхцлөөр нь авч явсан. Сая Сахалин руу явахад бас ийм юм ирсэн л байх. Би тэднийг мэдэх учраас ухаж төнхөөгүй. Мэдэхийг ч хүсээгүй. Сахалин руу явахад ч гэсэн “Зардлаа өөрсдөө гарга. Нэрээ өг” гэсэн. Гэтэл гэнэт БТСГ зардлыг гаргахаар болсон. Тэнд байх хугацааны зардлыг бол зохион байгуулж байгаа орноос даадаг. Зөвхөн замын зардал л гарна шүү дээ. Эндээс Улаан-Үд ороод, вагоноор Хабаровск, усан онгоцоор Сахалинскт очиход бүр бага зардал гарна. Би тийм санал тавихад “Үгүй, анхны юм бөөнөөрөө нэг онгоцоор явна” гээд, тэгээд цагаан сарын шинийн нэгэнд мөн ч хөгтэй юм болох юм даа.
-Та өвлийн спортын төрлөөр хэчнээн жил хичээллэж байна вэ?
-Би оюутан байхдаа 1959 онд “Барилгачин” нийгэмлэгийн дугуйт тэшүүрийн тамирчин болсон. Сургуулиа төгсөөд 1961 онд дасгалжуулагч болчихсон, уралдаан тэмцээнд байр эзлэхдээ “нэгд үү, хоёрт уу” л гэдэг байв. Дараа нь 1964-1968 онд Тамирын дээдийг төгсөөд Орост дээд курс, Японд цанын спортоороо сурч байлаа. Бүх төрөлдөө өөрөө үзүүлж оролцдог байснаараа онцлогтой байх.
-Энэ өдрүүдэд 85 настай Ц.Раднаа гуай Польшид болсон хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 400 метр, 60 метрийн саадтай гүйлт, гурвын харайлтын төрөлд аваргын алтан медалийг хүртэж, 400 метрт дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон өндөр амжилт гаргалаа. Энэ бол монголчуудын бахархал төдийгүй монгол эрчүүдэд тавих шалгуурыг өндөрсгөлөө ч гэж ярьж байна. Та нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-Би ч мөн адил маш их бахархаж байна. Одоо би 77 настай. Ц.Раднаа гуайн амжилтыг давтах байх гэж би ч гэсэн хүсч байна. Гэхдээ миний хичээллэдэг спортын онцлог нь жижиг сажиг бэртэл үргэлж авч байдаг. Намайг сая гэмтлээ оношлуулахад орос эмч нар өөрөөсөө 20 насаар дүү хүнийхтэй тэнцэхүйц бат бөх ястай юм гэсэн. Биеэ сайхан зөв авч явсан хүн байна гэж хэлсэн. Энэ нь намайг дөрвөн долоо хоног заавал хэвтрийн дэглэм барих байтал хоёр долоо хоногийн дараа хөл дээрээ босоод ажлаа хийтэл тийм их урам хайрласан. Сэтгэл санааны мундаг дэм эмчилгээ боллоо.
-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсч спортын улам их амжилт хүсье.