Монгол орныг өдий болтол авч явж ирсэн МАА-н салбар өнөөдөр ямар байдалтай байна вэ. Мэдээж энэ ойлголтыг олон хүчин зүйлс бүрдүүлдэг. Гэвч тэдгээр тулгуур хүчин зүйлсийг тойроод ямар хурц, тулгамдсан асуудлууд үүсчихээд, аюулын харанга дэлдээд байж байгаа вэ? Ер нь энэ тухай анхаарч байгаа хүн байна уу? Эдгээр асуултууд өнөөдөр орон даяар хангинаж байна. Учир нь бид чинь нүүдлийн МАА-тайгаа хэвээрээ байгаа шүү дээ. Тэгэхээр үүнийгээ тойроод ярьцгаая, эрхмүүд ээ.

Энэ бол бидний хувьд хариуцлагатай сэдэв мөн үү, мөн. Тийм учраас судлаач, Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төслийн мэргэжилтэн, доктор Д.Булгамааг зочноороо урьж ярилцлаа. Уншигч та бидний ярилцлагыг уншаад бодол санаагаа надад илгээгээрэй. Бүгдээрээ хамтдаа энэ хүнд асуудлуудын ард гарцгаая. Ингээд эрхэм судлаачийн ярианд анхаарлаа хандуулна уу.

 

-Хөдөө аж ахуйн салбарын олон мэргэжилтэнтэй уулзаж, ярилцаж байлаа. Харин бэлчээрийн менежментээр мэргэшсэн судлаач эрдэмтэнтэй ярилцаж байгаагүй юм байна. Бэлчээрийн мал аж ахуйгаа эрчимжүүлсэн хэлбэр лүүшилжүүлье гэж олон жил бид ярьлаа. Гэвч тэр зүг нэг ч алхаж чадсангүй. Ер нь ингэж мөрөөдөх бололцоо байгаа юм уу ?

-Монгол орны нийгэм, эдийн засаг, экологи, түүх соёл, нүүдэлчдийн ёс заншил энэ бүгд бэлчээрийн мал аж ахуй дээр суурилдаг учраас бэлчээрийн нөөц, бэлчээрийн чанар гэдэг Монголчууд бидний хувьд маш чухал асуудал. Бэлчээр байж мал, малчин байна, БЭЛЧЭЭР-МАЛ-МАЛЧИН гурвыг салгах боломжгүй юм. Бэлчээрийн мал аж ахуйгаа, нүүдэлчин ёс заншлаа аваад үлдсэн цөөхөн хэдэн орны нэг нь Монгол орон. Эрс тэс уур амьсгалтай, ургамал ургалтын хугацаа богино, хур чийг багатай манай орны бэлчээрийн экосистем харьцангуй эмзэг, нүүдлийн мал аж ахуй эрхлэхэд илүү тохиромжтой. Харин хот суурингийн орчимд, мөн тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлж байна. Байгаль дээр тааваараа бэлчээрлэж шим сайтай өвс ургамал, эмийн ургамал идсэн малын сүү, махыг Монголчууд бид хэрэглэж байна. Монгол малын бүтээгдэхүүнд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломж өндөр байна. Гагцхүү түүнийг байгалийн эрүүл бэлчээрээс гаралтай, бэлчээрээ доройтуулалгүй, даац ачааллыг тохируулах зорилгоордөрвөн улирлын турш нүүж сэлгэж буй малчдын хариуцлагатай үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гэдгийг баталгаажуулж танилцуулах нь чухал байгаа юм. Хэрэглэж буй хүнс төдийгүй хувцас болон бусад зүйлээ худалдан авахдаа гарал үүслийг нь нягталдаг, дэлхийн уур амьсгалын дулаарал, цөлжилт зэрэг дэлхий нийтийг хамарсан байгаль орчны өөрчлөлтөд хэрхэн нөлөөлж байгаад илүү анхаарал тавьдаг хэрэглэгчдийн хүрээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед монгол малын гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр өндөр үнээр борлуулах боломж өндөр байна. Эрчимжсэн мал аж ахуй хөгжсөн орнууд өнөөдөр бас л хурцхан асуудлуудтай тулж байна. Бүтээмжийн араас хэт хөөцөлдсөний сөрөг тал гэх үү дээ. Сүү, махны гарцыг технологийн хүчээр нэмэгдүүлсэн тэдгээр улс орнуудын өмнө хүнсний аюулгүй байдал, хүн ардынх нь эрүүл мэндийн асуудал нь хөндөгдөх болсон.

- Нүүдлийн мал аж ахуй бол аль Хүннүгийн үеэс эхтэй. Одоо бэлчээрийн даацын тухай асуудал тавигдахаас ч яах билээ. Газар тариалангийн талбай тойрсон асуудал ч хүндэрч байгаа. Малчид маань бэлчээрээсээ болоод хоорондоо хэрүүл, маргаан хийж байна. Энэ янзаараа удаан явах бололцоогүй. Ингэхэд манай хөрс,бэлчээрийн даац яг шинжлэх ухааны үзүүлэлтээрээ ямар түвшинд оччихсон байна вэ?

- Бэлчээр эргэн сэргээгддэг нөөц баялаг хэдий ч сэргэх боломж нь хэмжээ хязгаартай. Бэлчээрийн бүтээмж, сэргэн ургах боломжинд нь нийцүүлж даац багтаамжийг тооцох бөгөөд тухайн сум, баг, хот айлын бэлчээрт хэдэн толгой малыг хэдий хугацаагаар бэлчээрлүүлэх боломжтойг тооцдог. Социализмын үед малын тоо толгой 23 саяас хэтэрдэггүй байлаа. Хонин толгойд шилжүүлэхэд 56 сая орчим тоо толгойнд байсан. Уур амьсгалын нөхцөл, бэлчээрийн бүтээмж, чанарын өнөөгийн түвшин тэр үетэй харьцуулахад эрс өөрчлөгдөж багассан. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр хур борооны хуваарилалт өөрчлөгдөн, гангийн давтамж нэмэгдэж улмаар бэлчээрийн бүтээмж улам буурах магадлал өндөр байгаа энэ үед малын даац ачааллыг илүү бодитой тогтоох, малынхаа тоог тохируулах нь чухал. Хадлангийн гарц буурсан, малын нэмэлт тэжээлийн хангамж таарууг тооцоод үзэхээр малын тоог хонин толгойд шилжүүлснээр 50-60 саяас хэтрүүлэх боломжгүй.

-Гэтэл одоо малын тоо толгой 70 сая дөхөөд байна.

-Малчид амьжиргаагаа сайжруулахын тулд сүүлийн 25 жил чадлаараа зүтгэсний үр дүнд Монгол орон өнөөдөр 66 сая малтай, хонин толгойд шилжүүлэхээр 120 гаруй сая малтай боллоо. Энэ жил 20 сая төл авсан байна.Үндсэндээ бараг 80 сая малтай болсон гэсэн үг. Энэ бол амжилт. Монгол орны эдийн засгийн нэг гол тулгуур болох МАА-н салбарын өсөлт хөгжил шүү дээ. Харин экологийн болоод эдийн засгийн үүднээс авч үзэхэд асуудалтай. Тэжээлийн хэрэгцээнийхээ бараг бүх хувийг бэлчээрээсээ авч ашигладаг манай нөхцөлд нэг хонины идэх өвс тэжээлийг 3-10 хонь хувааж идэж байна, бэлчээр дээр байгаа малын хөлийн нөлөө мөн дээрх хэмжээгээр нэмэгдэж бэлчээрийн ургамал төдийгүй хөрсний өнгөн хэсгийг талхлан доройтуулж байна. Жилийн дөрвөн улиралаар сэлгэж нүүдэллэдэг уламжлалт зан заншил алдагдаж, ялангуяа төвийн бүсийн ихэнх малчид өвөлжөө хаваржаа, зуслан намаржаа гэж хоёр удаа л нүүдэг болсон. Аймаг, сумын төвтэйгөө ойролцоо юм уу, эсвэлгол бараадаад л буучихдаг. Ургамал ургахаас хагдрах хүртэл эмх замбараагүйгээр ашигласнаас ялангуяа гол, нуурын орчмын бэлчээр эрчимтэй доройтож байна. Өөрөөр хэлбэл малын тоо хяналтгүйгээр өссөнөөс бэлчээрийн ачаалал даацаасаа олон дахин хэтэрч Монголын Ногоон алт болсон бэлчээрт сэргэх боломж олгохгүй байна. 

Монгол орны бэлчээрийн экологийн чадавхи, төлөв байдлын шилжилт өөрчлөлтийг тогтоох улсын хэмжээний судалгааны төслийг ШХА-ийн “Ногоон Алт” төслөөс санхүүжүүлж ирсэн бөгөөд ЭШХ, Их сургуулиудын эрдэмтэн, судлаачдын сүүлийн 10 жилийн судалгааны ажлын нэг үр дүн бол “Бэлчээрийн сэргэх чадавхийн ангилал” мөн. Бэлчээрийн доройтол нь соргог, эрүүл бэлчээрээс эхлээд цөлжих хүртэлх таван үе шатыг дамждаг процесс. Доройтлын түвшин нэмэгдэхийг даган бэлчээрийн ургамлын сэргэх чадавхи буурдаг. Бага зэрэг доройтсон бэлчээрийг улирлын сэлгээ хийхэд ялангуяа хур бороо сайтай нөхцөлд нэг жилийн дотор сэргэчих жишээтэй. Бэлчээрээ ургалтын хугацаанд сэлгэх, малын ачааллыг тохируулах арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлж чадвал ялангуяа Хангайн бүсийн доройтсон бэлчээрийн дийлэнх хувь 3-5 жилийн дотор сэргэх боломжтой нь судалгаа болон мониторингийн дүнгээр батлагдсан. Үндсэн зүйл ургамал устахын зэрэгцээ хөрсний өнгөн хэсэг элэгдэл эвдрэлд орж доройтлын тавдугаар шатлалд орсон бол байгалийн аясаар сэргэхгүй болох жишээтэй. Гэтэл үүнийг хүмүүс Америк, Австрали шиг үрээр тариад л сэргээчихнэ гэжярьдаг, боддог. Байгалийн бэлчээрийн бүтээмж, бүтэц улам бүр буурч байхад таримал бэлчээрийг бий болгоно гэдэг бол маш эрсдэлтэй, өндөр өртөгтэй ажил. Ер нь бол байгалийн аясаар сэргэхгүй болсон газар нутагт таримал бэлчээр бий болгоно гэдэг эдийн засгийн хувьд ч, экологийн хувьд ч маш хүнд, бараг боломжгүй юм. 

Тийм учраас бэлчээр ашиглалтын горим, ачаалал, тодруулж хэлбэл малын тоогоо даацдаа тохируулах замаар бэлчээрийн сэргэх чадавхийг аль болох алдагдуулахгүйбайх нь МАА-н үйлдвэрлэл, малчин зоны амьжиргааны тогтвортой байдлын үндэс юм. 

- Ганц хоёр хотоо ногоон болгож чадахгүй байгаа хүмүүст энэ ч үнэхээр асуудал шүү.

- Төрж өссөн нутаг, амьдран буй орчиндоо санаа тавихгүй хүн гэж үгүй. Аливаа ажлыг эхлүүлчихээд хаячихдаг тохиолдолд мөрөөдөлдөө хүрэх, үр дүн гаргана гэдэг амаргүй зүйл. Цэцэрлэгжүүлэлтэд мод тарьлаа гэхэд тарилтын дараахь усалгаа арчилгааг технологийн дагуу хийх тэвчээр, соёл, хариуцлага хүлээх чадвар, хариуцлагыг тооцох тогтолцоо сул байгаад л гол учир нь байна гэж би хувьдаа боддог. 

Хүссэн ч, эс хүссэн ч Монгол улс МАА-ын орон хэвээрээ байж байна. Тийм учраас бэлчээрээ доройтож дуустал хүлээх биш одоогийн байгаа түвшин дээр нь тогтоож чадвал бэлчээр нутгаа бүхэлд нь алдчихаагүй байна. 2015 онд Ус, цаг уурын улсын сүлжээн дээрх бэлчээрийн мониторингийн мэдээлэлд тулгуурлан гаргасан “Бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан”-г гаргаад, Засгийн Газарт танилцуулсан. Тэр тайлангаар Монгол орны нийт бэлчээрийн 65 хувь нь унаган төлөв байдлаа алдаж, харилцан адилгүй түвшинд доройтсон. Энэ доройтсон бэлчээрийн 90 гаруй хувь нь байгалийнхаа аясаар нөхөн сэргээгдэх чадвартай гэсэн дүн гарсан. 

- Үнэхээр ч тавиад туучихаагүй бололтой. Тэгвэл эхний хийх ажлууд гэвэл юу юуг нэрлэх вэ ?

- Бэлчээрээ одоогийнх нь төлөвөөс улам доройтуулахгүйн тулд бэлчээрийн доройтлын үндсэн шалтгаан болох ашиглалтыг тохируулах, бэлчээрийн ачааллыг даацад нь тохируулах болно. Нэг малын идэх өвсийг таван мал идэж, нэг малын бэлчээрлэх нутагт 5-10 мал гишгэлж байхад ямар ч хөрс, өвс, ургамал нөхөн сэргээгдэх боломж муу. Хадлангийн талбайн гарц жилээс жилд буурч байна, нөөц нутаг байхгүй болсон. Боломжтой бүс нутагт бэлчээрийн сэлгээ нүүдлээ сайн хийх хэрэгтэй. Жилд 6-10 удаа нүүдэллэдэг уламжлалаа хадгалаад ирсэн баруун аймгийнхны хувьд байдал арай өөр, намар, өвөл хаврынхаа бэлчээрийг сэлгэж амраахын зэрэгцээ зуслангийн бэлчээрээ ч хэд хэд сэлгэчихэж байна. Гэтэл төвийн бүсэд байдал хүнд, мал нь багтахгүй болсноос хаяа нийлэхээрээ бууж, хамархатгахаараа идэж байна. Энэ бол малын тоог хянах, даацанд тохируулах шаардлагатай болсныг харуулж байна. Ийм хүнд асуудлыг ямар ч зохицуулалтгүйгээр бүгдийг малчдын нуруун дээр үлдээж болохгүй л дээ. Малчид хоорондын бэлчээрийн маргаан нэмэгдэж байна. Олон малтай нь цөөн малтайнхаа бэлчээрийг шахаж ашигладаг, нутгийн эзэн шиг хандах хачирхалтай дүр зураг ч үүссэн. 

-Тайж ноёд шиг аашилдаг дүр зураг зарим газар гарах болсон тухай захидал ганц нэг ирж байсан шүү.

- Дуулддаг. Бэлчээрийн маргаан хурцдаж, малчид өөрсдөө асуудлыг шийдвэрлэхийн тулд буу, зэвсэг хэрэглэсэн тохиолдол ч гарсан. Олон малтай цөөн тооны малчид давамгайлсан, дарангуйлсан, хүний эрх зөрчигдсөн, хуваарилалтын тэгш байдал алдагдсан ийм асуудлууд маш ихээргарч ирж байгаа. Энэ бол зайлшгүй зохицуулалт хэрэгтэй болсны харанга шүү. Энэ бүх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд “Бэлчээрийн хууль”-ийн төслийг өргөн барих санаачлага өрнөж байгаа нь үнэхээр цаг үеэ олсон гэж бодож байна. 

- Энэ хууль миний мэдэхийн олон жил явсан, олон удаа буцсан хууль. Одоо ч хэвээрээ шив дээ ?

- Бэлчээрийн доройтлын асуудал ийм эрсдэлтэй үед тулчихсан төрийн бодлогоор зайлшгүй зохицуулах шаардлага хаяанд ирчээд байна. Үүнд манай төр засаг хатуу байр суурьтай хандана гэдэгт итгэж байна.

- Өнөөгийн өргөн бариад байгаа төслийн гол сонгодог шийдэл юу юм ?

- Энэ хуулиар бид юуг санал болгоод байгаа вэ гэхээр бэлчээр нь нийтийн өмч учраас ямар ч бэлчээрийг хувьчлахгүй, эзэмшүүлэхгүй. Гэхдээ уламжлалаараа тав, арав, хорь, гучин айл нэг бэлчээрийг дундаа ашигладаг. Тэр уламжлалт бэлчээрээ зүй зохистой ашиглах эрх, үүргийг гэрээгээр зохицуулах боломж байгааг туршиж үзээд үүнийг хуулиар зохицуулж өгөхийг зориод байгаа юм. Тухайлбал, уламжлалаараа хамтдаа өвөлжиж хаваржиж ирсэн 50 өрх дундын бэлчээрээ ашиглах 15 жилийн гэрээ байгууллаа гэхэд тэдний бэлчээрээ ашиглах уламжлалт эрх баталгаажиж8 бэлчээр нутгаа алдахаас хамгаалдаг тогтолцоо үүсэх юм. 2010-2017 оны хооронд ХАА-н газар 682,000 га-аар буурсан, өөрөөр хэлбэл энэ хэмжээний газар өөр ангилалд шилжсэн байдаг. Нөгөөтэйгүүр ашиглагчид бэлчээрийнхээ төлөв байдлыг алдагдуулахгүй, малын тоо, бүтцийг даацдаа тохируулан хариуцлагатай үйлдвэрлэл эрхлэх үүргийг энэ гэрээгээр хүлээнэ. 

- Малчид маань энэ талаар хэр ойлголттой байна. Малын хөлийн татвар дээр л малчидтай ойлголцдоггүй шүү дээ.

- Сүүлийн хоёр жил малчид их хэцүү цаг үеийг тууллаа. Өнгөрсөн өвөл гэхэд л ямар чанга өвөл болж өнгөрөв. Хамар хатгах өвс байхгүй хүнд хүчир байдал нүүрлээд ирэхээр малчид байгаль, цаг уурын эрсдэлд эмзэг амьдралтай болсноо ойлгож байгаа юм. Нэг өвлийн дотор олон жилийн хүч хөдөлмөрийн дүнд бий болгосон хөрөнгөө алдана гэдэг хэцүү. Малаа тооцоо судалгаагүйгээр их өсгөхийн эрсдлийг маш сайн ойлгож байгаа. “Бэлчээрийн хураамжийг та бүхэн төлөх үү” гэсэн малчдын дунд явуулсан санал асуулгын дүнгээс харахад дийлэнх малчид зөвшөөрч байна гэсэн хариу өгч байна. Малын тооны хяналтгүй өсөлтийг зохицуулахад татварын бодлогын чухлыг малчид сайн ойлгож байгаа. Гэхдээ нэг болзол тавьдаг.

-Ямар ?

-Бүрдүүлсэн санг тухайн орон нутагт нь үлдээх, ингэснээр нэмэлт тэжээл бэлтгэх, бэлчээр усжуулалт, ашиглалтгүй бэлчээр хүртэлх зам засах зэргээр бэлчээр сайжруулах арга хэмжээнд зарцуулдаг, малчид үүнд саналаа өгдөг, сангийн зарцуулалтанд хяналттавина гэсэн л болзол тавьдаг. 

- Нөгөө талаасаа төв суурин газрын хүмүүс малчид руу чиглэсэн бухимдал их илгээдэг. Мал бол та нарын хувийн өмч. Та нар мах, сүү, ноолуураа бүгдийг нь худалддаг. Тэгсэн атлаа зуд, ган болохоор Төр туслаад байдаг. Тэгвэл бусад бизнест ч гэсэн Төр тусла л даа гэх шүүмжлэл байдаг ?

- Ер нь малчид өөрсдийгөө үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид гэдгээ ойлгох ёстой. Малчид бол бэлчээр дээр тулгуурлан үйлдвэрлэл явуулж байна. Газар тариалангийн бизнес эрхэлж буй хүмүүс бороо хур орохгүй, ган гачиг болж ургац алдахад эрсдлээ өөрсдөө л үүрээд гардаг. Түүн шиг малчид эрсдлээ өөрөө үүрэх чадвартай байх хэрэгтэй. Мал аж ахуйгаа хэрхэн хөтлөх, бүтээгдэхүүний чанар төрлийг зах зээлийн эрэлттэй хэрхэн нийцүүлэх,хэдэн мал төллүүлэх, хэдийг нь хэрхэн борлуулах, байгаль цаг уурын эрсдэлд хэрхэн бэлтгэлтэй байх зэргээ нарийн төлөвлөж тохируулах бүрэн боломжтой. Ингэж ажиллаж байгаа малчид ч байна, даацаас хэтэрсэн малаа борлуулж банкинд хадгалуулж банкны хүүгээр хөрөнгөө эрсдэлгүйгээр өсгөж байгаа туршлага ч байна. 

- Малаа мөнгө болгоод банкинд хадгалах нь тэдний уламжлалт соёлд байгаагүй л шинэ ойлголт. Гэтэл хөдөө, орон нутгаар явж байхад хэдэн хүүхдээ хот суурин газар бараадуулах, сургууль соёлд сургах төлбөр төлөх гээд л ерөнхийдөө банкны барьцаанд мал нь байдаг юм байна лээ.

- Энэ бол нийтлэг дүр төрх. Өнгөрсөн хавар ид ноолуур самнаж байх үеэр Баянхонгор аймагт ажиллаж байлаа. Хамгийн сайн чанартай 500 кг ноолуурыг нэг кг-ийг 117.000 төгрөгөөр зараад түүгээрээ банкны зээл болон бусад аар саар өрөө төлсөөр дуусгаж байхыг харж л байлаа. Өрхийн орлого, зарлагаа нарийн тооцдоггүй, орлоготой үедээ төлөвлөлтгүйгээр худалдан авалт хийдэг, бусад үед байнга зээл тавьдаг, тэнд олон малтай ч, цөөн малтай ч бүгд зээлтэй. ХААН банкнаас зээл авч мал нэмж худалдаж авдаг мянгат малчдын тухай ч сонсож байлаа. 

- Малын хөлийн татвар гэж төлөхгүй, хотоо дүүрэн байлгах, малаа өсгөх гэж хичээдэг зэрэг уламжлалт ойлголт нь хэвээрээ байгаагийнх ?

- Үнэндээ бэлчээр доройтож, ан амьтдын амьдрах орчин, эмийн болон ховор ургамлын хомсдол үүсч, бидний өөрсдийн амьсгалдаг агаар, уудаг ус гэхчилэн байгаль орчны маш олон асуудлууд тулгамдаад байгааг ойлгуулах маш чухал чухал байна. Бэлчээр доройтсоноос мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг буурч, малчин өрхийн орлого буурч, малчдын амьдрал эмзэгшиж байгаль цаг уурын хүнд нөхцөлд хүчин мөхөсдөж байгааг нийгэмд ойлгуулж таниулахад сэтгүүлчид та бүхний чухал гэдгийг онцолмоор байна. 

- Газар шорооны төлөө тэмцдэг тэмцэгчид маань өнөөдөр үүссэн нөхцөл байдлыг уул, уурхайгаас боллоо гэж үзэх нь олонтаа. Гэтэл Монгол улс газрын доорх баялгийнхаа багахан хувийг л эргэлтэнд оруулсан. Стратегийн ордуудаасаа нэг, хоёрыг ашиглах гээд бөөн хэрүүл, зодоон суудаг. Гэхдээ судалгаагаар уул, уурхайн хор уршгаас болж сүйдсэн бэлчээрийн асуудал хэр хэмжээтэй илэрч байна?

- Улсын хэмжээнд багийн түвшний 1550 цэгээр төлөөлүүлэн бэлчээрийн экосистемийн төлөв байдлыг хянадаг ус, цаг уурын улсын сүлжээн дээрх мониторингийн хөтөлбөрөөр уур уурхайн олборлолтоос үүдэлтэй нөлөөг тусгайлан хянадаггүй, уул уурхайн компаниудын дэргэд ургамалжилт, амьтны мониторингийн хөтөлбөрүүд хэрэгждэг. Уул уурхайн олборлолтын хувьд гүний усны түвшингийн өөрчлөлт, зэрлэг амьтдын шилжилт нүүдэл, авто замаас үүдэлтэй тоосжилт, бэлчээрийн талбайг хумих гээд орон нутгийн чанартай нөлөөллүүд бий. 

- Цөл, цөлжилт гэдэг бол илүү хатуу ойлголт юм байна лээ.

- Тийм. Энгийнээр хэлэхэд цөл гэдэг бол байгаль экологийнхоо өгөгдлөөр хур бороо багатай, сийрэг ургамалжилт бүхий газар нутгийг хэлдэг. Ашиглалтын нөлөөнөөс илүүтэй хур борооны хуваарилалтаар илүү зохицуулагддаг говийн бүсийг гэж ойлгож болно. Цөлжилт гэдэг бол байгалийн болон хүний хүчин зүйлийн нөлөөгөөр бүтээмж нь буурч, ургамал нь сийрэгжиж, хөрс элэгдэл эвдрэлд орох процесс. Монгол орны хувьд бэлчээрийндоройтол нэлээд хүнд түвшинд хүрснээс цөлжилтөнд ордог. Цөлжилтийн процесс янз бүрийн байдлаар илэрч байна, зарим бүс нутагт ургамал сийрэгжиж нүцгэрэх байдлаар илэрдэг бол хур борооны хангамж сайн нөхцөлд арай ялгаатай. Малын идэмж сайтай унаган зүйл ургамал устаж лууль, өмхий шарилж зэрэг түрэгч ургамлаар солигддог.Үүнийг ногоон цөл гэж нэрлэх нь ч бий. 

- Олимпийн аварга Н.Түвшинбаяр миний ярилцлагад орохдоо ярьж байсан юм. Аав нь хонинд явахдаа ургамал ногоо их ажиж явдаг гэнэ. Тэгээд урьд ургадаг байсан олон өвс ургамал огт үзэгдэхээ байчих юм. Мөн хачин юмаа гэж ярьдаг гэнэ. Би бас Дашинчилэнгийнхээ хөгшчүүлээс асууж үзсэн.Бэлчээр гэж шарилжны л орон болох нь гэждугардаг юм билээ. Яагаад нарийн ургамлууд ургахаа болив, судалгаагаар ямар ямар хүчин зүйлүүдээс болсон гэжгарч байна вэ ?

-Бэлчээр доройтох үйл явц доройтлын тодорхой үе шатыг дамждаг талаар дээр дурьдсан. Нарийн өвс халиурсан соргог бэлчээрийг эрчимтэй ашигласнаас тэжээлийн ач холбогдол өндөртэй нарийн өвс сийрэгжиж ургамлын хооронд халцгай газрууд үүснэ. Нарийн өвс улам сийрэгжихийг даган түүний гүйцэтгэх үүрэг нөлөө буурснаас өмнө нь бага хэмжээнд байсан үндэслэг ишт улалж, түнгэ зэрэг зүйл ургамлууд давамгайлдаг. Эрчимтэй ашиглалт цааш үргэлжилснээс бэлчээр улам доройтож сийрэгжиж хуурайшсан хөрсөнд амьдрах чадвар сайтай шарилж зэрэг сөөглөг ургамлаар солигдоно. Эцэст нь сөөг сөөгөнцрүүд ч цөөрч нэг наст ургамлууд зонхилдог болно. Энэ нь шууд утгаараа байгалийн аясаар сэргэн ургах чадвараа алдаж доройтсон бэлчээрийг л илэрхийлж байна гэсэн үг. 

-Хүний буруу үйлдлээс үүдэлтэй хүчин зүйлс гэж байна уу?

-Байгалийн болон хүний зохисгүй ашиглалтаас үүдэлтэй үндсэн хоёр хүчин зүйлийн нөлөөгөөр бэлчээр доройтож байна. Дэлхийн дулаарал буюу цаг уурын өөрчлөлтийн нөлөө Монголд хүчтэй илэрч байна. Уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж буй улс орнуудын тоонд манай орон орж байгаа. Хур борооны горим өөрчлөгдөхийн зэрэгцээ агаарын дундаж температур нэмэгдэж байгаа бөгөөд энэ байдал цаашид ч үргэлжлэх магадлалтай. Энэ өөрчлөлтийг бид хянаж залруулах боломжгүй, гагцхүү энэ өөрчлөлтөнд дасан зохицох, өөрөөр хэлбэл ашиглалтын горим, ачааллаа илүү сайн тохируулж аж ахуйгаа хөтлөх шаардлагатай болж байна. 

- Монголчууд онгон, дагшин байгаль, нүүдэлчдийн үр сад гэдгээрээ имиж хийж гадаадынханд их сурталчлагддаг. Тийм ч учраас жуулчид харьцангуй их сонирхдог. Гэтэл манай дээр үеийн малчдын амьдралын хэв шинж орвонгоороо өөрчлөгдсөн. Гэр орон нь, нүүдэл суудал хийх соёл нь, тэр бүү хэл мал сүрэгтэйгээ харьцах арга техник нь гээд бүх юм нь өөрчлөгдсөн. Бид хоёрын ярьсанчлан нүүхээс татгалзан буурин дээрээ “суугаад” л байдаг малчдын тоо ихэссэн. Оторт гарах, туувар хийх, хадланд гарах гээд малчдын амьдралын салшгүй хэсгүүд байсан тэр үйл явцууд бараг замхарч байна. Ер нь тэгж яг хадлан бэлтгэдэг байсан нь бэлчээрт сэлгэлт болж чадаж байсан юмуу. Одоо бол нэг суманд арав хүрэхгүй айл л хадланд гардаг болж дээ ?

-Байгаль дэлхийтэйгээ ойр байж, зөв харьцдаг нүүдэлчдийн ёс заншилтай танилцах гэж манайд ирдэг жуулчдын тоо өндөр. Дэлхийд ховорхон үлдсэн энэхүү үнэт өв соёлоо хэрхэн хадгалж тээж байгааг дэлхий дахин анхааран ажиглаж байна. Нүүдэл багасахыг даган нүүж яваа айлыг угтаж цайлах зэрэг олон зан заншлууд алдагдахад хүрч байна. 

Хадлангийн хувьд айл бүхэн хадлан хаддаг, өвөлдөө бэлтгэж өвс тэжээлээ хангалттай хэмжээнд бэлтгэдэг байсан цаг саяхан. Хуурайшил болон хадлангийн талбайг арчилж тордохгүй хамаа намаагүй ашигладаг, өвөл хаврын цагт ялгалгүй малаа бэлчээрлүүлдгээс болоод хадлангийн гарц, чанар буурсаар байна. Ойн зах, модны хаяаг дагаж бага зэргийн өвс л хадаж байна даа. Ер нь цаашдаа тэжээл тариалах, нэмэлт тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага өндөр. 

- Бэлчээрийн даац нь ийм байдалд орчихсон, бэлчээрийн мал аж ахуйн оршихуйд асуудал гарчихсан учраас эрчимжсэн мал аж ахуй руу тодорхой хувь нь ч гэсэн шилжих юм байна гэж ойлгоод, бизнесмэнүүд олон улсын түвшний махны хэд хэдэн том үйлдвэрүүд барьсан. Гэтэл бүгдээрээ зогсчихсон байдаг. Хойшоо, урагшаа хоёр том зах зээл рүү гаргая гээд олон жил хөөцөлдөж бага зэргийн мах гаргаж байтал малын өвчин гараадзогсчихсон байж байдаг. Гэтэл бидний идэж байгаа маханд яг өөрчлөлт орсон уу. Мэдээллийн хатуу дайрлаганд махны бизнесээ өртүүлчихээд суугаад байна уу. Энэ талаар та нар судлаагүй юу?

- Ер нь бол эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь чухал. Хот суурин газар болон тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй байна гээд хуульчилсан байгаа.Эрчимжсэн МАА-н нэг суурь асуудал бол тэжээлийн хангамж. Тэжээлээ тариалж, даршаа өөрсдөө бэлтгэдэг, аж ахуйгаа амжилттай хөтөлж буй загвар аж ахуйнууд цөөнгүй байна.

Мэргэжлийн хүн биш учраас хүнсэнд хэрэглэж буй махны чанарт гарч буй өөрчлөлтийн талаар тодорхой хэлэх зүйл алга.

- Одооны бүх мал тариа хийлгэдэг. Мах асуудалтай гэдэг нэг баталгаа баримжаагүй үнэлэлт дүгнэлтийг хүмүүс их ярьдаг. Тэр тариа гээд байгаа зүйлийг малыг эрүүлжүүлэх, өвчнөөс сэргийлэх вакцин гэж ойлгож болох уу?

- Хэрэглэгчдийн хувьд эрүүл, баталгаатай хүнс хэрэглэх сонирхол маш өндөр, чанартай баталгаатай хүнсэнд илүү үнэ төлөх нийгмийн давхарга бий болсон. Тэгэхээр хэрэглэгчдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь малчдын үүрэг болоод байна. Малын гаралтай бүтээгдэхүүний мөшгих тогтолцоо энд их чухал. Мах сүү зэрэг бүтээгдэхүүн малчны хотноос хэрэглэгчийн сэрээ хүртэл хаагуур тээвэрлэгдэж хэрхэн бэлтгэгдсэн гэдэг түүх нь тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл хэрэглэгч дэлгүүрээс мах, сүүн бүтээгдхүүн авахдаа утсанд суулгасан тусгай аппликейшний тусламжтайгаар бүтээгдэхүүн дээрх бар кодыг уншуулснаар аль аймаг, сумын хэний хотны ямар төрлийн бэлчээрээс гаралтай, малын эрүүл мэндийн үйлчилгээнд хэрхэн хамрагдсан талаарх мэдээллийг авах боломжтой.Энэ бол тухайн барааны хариуцлагатай үйлдвэрлэлээс бий болсон эрүүл, чанартай бүтээгдэхүүн гэдгийг баталгаажуулж байгаа юм. 

-Төв, суурин газарт ойролцоо малчдын хувьд уламжлал нь маш ихээр алдагдаад байгаа юм. Зарим талаас малчин гэж хэлэхэд хэцүү харагддаг?

- Ус цаг уурын улсын сүлжээний цахим хуудсан дээрх бэлчээрийн доройтлын зурганд хамгийн их доройтолтой бэлчээрийн газрыг нь улбар шар, улаан өнгөөр тэмдэглэсэн байдаг. Малын нягтрал их Дархан, Сэлэнгэ, Булганы урд хэсэг, Архангай, Өвөрхангай, Төв болон Дундговь аймгуудад улбар шар, улаан өнгийн тэмдэглэгээ илүү их байдаг. 

-Намрын чуулганаар хууль хэлэлцэгдэх үү. Эрхбиш малчдынхаа нөхцөл байдлыг улстөрчид мэдэж байгаа байлгүй дээ. Гэхдээ ингэж бид хардаг ч тэд батлахгүй явсаар ирсэн нь бас үнэн. Хачин хэрэг шүү?

- Хуулийн боловсруулалтан дээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, мөн яамны дэргэдэх ажлын хэсэг нэлээд хүч тавьж ажиллаж байгаа. Энэ хууль бол нийгмийн захиалгаар амьдралаас урган гарч, туршигдаж шалгагдсан учраас батлагдана гэдэгт маш их найдаж байна. УИХ-ын гишүүдийн хөдөө орон нутаг дахь уулзалтууд дээр малчдын зүгээс хүсдэг, захидаг нэг гол асуудал бол бэлчээрийн харилцааг зохицуулалттай болгох, бэлчээрийн хуультай болох талаар байдаг юм билээ. Энэ хууль батлагдахгүй л бол бэлчээр улам доройтож малчдын амьдрал улам эмзэг болж амьжиргааны баталгаа алдагдахад хүрнэ. Бэлчээрийн доройтлын улмаас 400 орчим малтай нэг дундаж малчин өрхийн мах, сүү, арьс шир, ноос ноолуураас олдог жилийн орлого дунджаар 2.6 сая төгрөгөөр буурсан болохыг Бодлого Судлалын төвийн судлаачид тооцоолсон байдаг.

-Тийм үү ?

-Тийм судалгааны дүн гарсан байна лээ.

-Урилгыг хүлээн авч ярилцсанд баяртай байна. Бид энэ сэдвийг үргэлжлүүлэн ярих ёстой юм байна. Дараа ахин уулзъя. Бас танд амжилт хүсье.

-Танд бас их баярлалаа.