Монголын ардын арми дэлхийн цэрэг болох нь чухал байв
Монголчууд гэж ийм нэг жижиг атлаа бас аугаа үндсэнтэн байдаг юм байна, тэд маш чадварлаг, маш хичээнгүй, маш хэрсүү, эрүүл чийрэг улс хэмээн үнэлэхийг хоёр чихээрээ сонсож сууна гэдэг сэтгэл огшоосон хэрэг шүү дээ. Ялангуяа Иракт хамтран алба хашсан НАТО-гийн офицер польш хурандаа бүр бахархалтайгаар яриад байсан гээч. Энүүхэндээ гэж хэлэхэд Монгол-Польшийн орчин цагийн бат бэх харилцааны нэг үндэс нь Иракт хамтран энхийг сахиулж байсан тэр түүх байсан юм биш үү? Аззаяа гэх тэр түрүүч түүхэн гавьяатай шүү.
-Монгол цэрэг даян дэлхийн энхийн үйлсэд оролцож эхлээд 20 гаруй жил болж байна. Анх 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад хоёр цэргийн ажиглагч офицероо илгээсэн түүхтэй. Харин Та 1996 онд “Монгол цэрэг Африкт хөл тавих уу?” хэмээх нийтлэл бичиж “Тусгаар тогтнол” сонинд нийтлүүлж байжээ. Энэхүү нийтлэлийг хэрхэн бичих болов гэдгээс яриагаа эхлэх үү?
-Ардаараа овоглосон “Ардын арми” социализмын жилүүдэд эх орны нүүр царай, түүхийн хуудас болж явсан тэр цаг үе, тэр эрин Цагаан морин жилийн хувьсгалаар түүх болж үлдсэн. Үндсэндээ архивт орсон гэсэн үг. Тэр түүхэн үнэнтэй эвлэрэхгүй бүхэл бүтэн үе, хоёр ч үе байх шиг санагддаг. Одоо ч амь бөхтэй байна, тийм хүмүүс, тийм ахмадууд. Социалист нийгэм сайн сайхан нийгэм байсан хэмээн гансартлаа ухарч мөрөөдөж явдаг нийгмийн тийм хэсгийг цочроохын тулд би “Монгол цэрэг Африкт” гэх санаагаа цаасан дээр буулгаад бүр цэргийн төв хэвлэлд тавьсан нь тэр юм. Тэр үеийн БХЯ, ЗХЖШ-ын удирдлагыг цочроох гэсэн хэрэг. Алийн болгон түүх болчихсон Зөвлөлтийн Улаан армийн тухай гиюүрч, мөрөөдөлд умбаж явах вэ гэж үзсэн. “Ардын арми, Улаан арми. Ахан дүүсээр баатар болсон юм” хэмээх жагсаалын дуугаар амьдрагсад маш олуулаа байсныг би сөрье гэж шийдсэн. 1991 онд тараад алга болчихсон СССР-ийг мөрөөдөгчдөд санаа сэдэл өгөх гэсэн санаагаа тэгж илэрхийлсэн. Би алсыг харж чадсандаа одоо ч бахархаж байна.
- Тухайн үеийн Төр-засгийн болоод Армийн удирдлагуудаас хэрхэн хандаж байсан бэ? Бодит байдал дээр тураалтай цэрэг, цалингаа ч тавьж чадахгүй арми байлаа шүү дээ?
-Тийм ээ, миний нийтлэл ганц тэр удаа биш, ерөөсөө Халхын голын дайн, Чөлөөлөх дайны тухай хуучин үзэл сурталжсан ойлголтыг сөрөх гэж би хэрдээ хичээсэн. Эсэргүүцэл оволзсон доо. Ярих юм биш. 1990-ээд оны зах зээлийн ороо бусгаа үед манай арми, зэвсэгт хүчин бүхэлдээ доройхон байсан үе. Анд Зөвлөлтийн арми нь алга болоод, Зөвлөлтийн тусламж зогсчихсон, шинээр буй болсон Орос улс яаая даа гэж байсан үед манайхан хоногийн хоолоо залгуулахын төлөө нийгмээрээ зүтгэж байсан цаг үед Монгол цэргийг энхийг сахиулуулаад Африк руу илгээнэ гэдэгт итгэх хүн хэр олон байх билээ. Тийм учраас эсэргүүцэх нь гарцаагүй. Шүүмжлэл оволзоно, бүр боож үхнэ гэдгийг би мэдэж өөдөөс нь хэлэх үгтэй байх гэж хичээж байсан даа.
- “Энхийн төлөө түншлэл” ба Монголын ашиг сонирхол”, “НАТО дорно зүг тэлэх нь Монголын эрх ашигт харшлахгүй” зэрэг агуулга, гарчгийн хувьд ч, үзэл бодлын хувьд ч тухайн цаг үедээ “тэрслүү” нийтлэлийг Та бичиж нийтлүүлж байсан. Энэ алсын хараа, зориг зүрх, шинэлэг бодол хэрхэн төрж байсан нь сонин байна?
-Энэ бас л тухайн цагтаа нийгмийг доргиосон санаа сэдэл л дээ. НАТО-г дайсан гэж харахаа болих хэрэгтэй гэдгээ тэр үед ч илэрхийлж байлаа, Украинд дайн өрнөж байгаа энэ цаг үед ч би НАТО-г дайсан гэхгүй ээ гэдэг дээрээ тууштай зогсож байна. Би өөрөө олон улсын харилцааны түүхч хүн, тэр мэргэжлээрээ ОХУ-ын ГХЯ-ны Дипломатын академийг 1993 онд төгсгөөд жил хүрэлгүй Нидерландын Олон улсын харилцааны институтэд суралцаж, тэр хүрээндээ НАТО-д анх удаа зочилж, НАТО-д зочилсон анхны цөөхөн монголчуудын нэг нь би байлаа. “Хүйтэн дайн”-ы үеийн сэтгэлгээгээр НАТО-г олж харах хүсэлгүй болчихсон гэх үү дээ. Тийм учраас ГХЯ-нд бодлого төлөвлөлтийн дарга болмогцоо “Энхийн төлөө түншлэл”-ийн тухай, НАТО-гийн тэлэлтийн тухай үзэл санаагаа хэрэгжүүлэхийг зорьж, нийтлэлч-судлаачийн давуу талаа ашиглаж байсан даа.
- Та 1997 онд анх хэвлэгдэн гарсан Монгол Улсын Батлан хамгаалахын цагаан номын гадаад бодлогын хэсэг дээр ажиллаж, бичсэн гэдэг. НАТО-г ирээдүйн түншээ болгох санааг тусгасан нь түүний онцлог байсан юм болов уу?
-Үндсэндээ тийм. Анд Зөвлөлт улс байхгүй болчихсон, Монгол Улс олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, идэвхтэй, онолын хувьд прагматик гадаад бодлого явуулж байгаа нөхцөлд Зэвсэгт хүчин ямар гадаад бодлого баримтлах вэ, гадаад хамтын ажиллагаа нь хэрхэн төлөвших вэ гэдэгт бид ухаан санаагаа уралдуулж байр сууриа илэрхийлж байсан нь тэр юм. 1997 оноос хойшхи энэ 25 жилийг эргээд харла даа. Миний бичсэн, бодсон, сэтгэсэн, төсөөлсөн нь яг зөв байгаа биз дээ?
- Хожим Та НАТО-гийн судлаачдын уулзалтад очихдоо манай энхийг сахиулагчидтай мөр зэрэгцэн алба хаасан цэргийнхний амнаас монгол цэргийн онцлогийн талаар сонсож байсан талаараа дурсаач.
-Энэ ёстой бахархалтай үйлс. Монголчууд гэж ийм нэг жижиг атлаа бас аугаа үндсэнтэн байдаг юм байна, тэд маш чадварлаг, маш хичээнгүй, маш хэрсүү, эрүүл чийрэг улс хэмээн үнэлэхийг хоёр чихээрээ сонсож сууна гэдэг сэтгэл огшоосон хэрэг шүү дээ. Ялангуяа Иракт хамтран алба хашсан НАТО-гийн офицер польш хурандаа бүр бахархалтайгаар яриад байсан гээч. Энүүхэндээ гэж хэлэхэд Монгол-Польшийн орчин цагийн бат бэх харилцааны нэг үндэс нь Иракт хамтран энхийг сахиулж байсан тэр түүх байсан юм биш үү? Аззаяа гэх тэр түрүүч түүхэн гавьяатай шүү.
- Та нэгэн үе цэргийн сонины нэг эд эс явсны хувьд хэдэн бор цэргүүд, монгол дайчид, эх орон, эрх чөлөө хэмээх ойлголтууд хэрхэн, хаана огтлолцох талаар өөрийн бодлоо хуваалцаач.
-Монгол Улсын нэр хүндийг дэлхийд тахалж яваа цэрэг эрсдээ бид баярлаад ханашгүй. Ямар азаар Энхийг сахиулах цэрэг болж чадав? 2000-2004 онд засгийн эрх барьсан тэр үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр энд түүхэн гавьяатай. Тэр 4 жилд ажилласан ГХЯ, БХЯ ч түүхэн гавьяатай. Энхийг сахиулна гэдэг нь эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг хамгаалж байгаагаас өөрцгүй л дээ. Улс төр-дипломатын аргаар хамгаална гэсэн тэр зорилтыг хэрэгжүүлэхэд манай цэрэг өөрийн үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж явна.
- “Улаан од” сониноор уран бүтээлийн гараагаа эхэлж байсан Та эдүгээ улс төр, олон улсын харилцаа, геополитикийн сэдвээр 30 гаруй номтой, 2500 гаруй нийтлэлийн эзэн нэртэй судлаач-профессор, бас нийтлэлч болжээ. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Таныг өдий зэрэгт хүрэхэд сонины ямар нөлөөллийг өнөөдөр Та хэрхэн онцлох вэ?
-Яриангүй би онцолно. Тухайн хаалттай, коммунист тогтолцооны нийгэмд “Улаан од” сонин нийгэмд гэрэл гэгээ болж явсныг би хаана ч бахархалтай хэлнэ. Үнэхээр өндөр боловсролтой, эрүүл сэтгэлгээтэй, ажилсаг, хурдтай хамт олныг төлөвшүүлсэн байсан. Тэр үеийн дэд хурандаа А.Баярмагнай, Да.Дамдиндорж, хошууч Б.Чантуу нар тийм лут хамт олныг удирдан гар нийлэн ажиллаж байсан даа. Надад урам өгсөн, дэмжсэн, миний нийтлэл, өгүүллүүдийг тогтмол хэвлэсэн, бас бага ч үгүй мөнгөн дэмжлэг–гонарар өгч байсныг нь би ямагт дурсан санаж явдаг. Миний цаашдын амьдрал төлөвшихөд, мэргэжлээ салбарлуулахад “Улаан од” чигийг заагч нэг ёсны алтангадас минь болж байжээ. Би уг нь хятад судлаачаар МУИС төгсгөсөн. Тэр үеийн харгис маоизмыг илчлэн буруушаах, бутцохих үзэл сурталд бэлтгэгдсэн залуухан сэхээтэн байж, гэтэл “Улаан од”-той нөхөрлөснөөр олон улсын харилцааны салбар руу өргөн хүрээтэй орж, цаашдаа олон улсын харилцааны мэргэжилтэй болоход энэ сонин эгэлгүй үүрэг гүйцэтгэсэн гэж би үздэг дээ.
Ярилцсан: Д.Гүнжилмаа