ЧОЙБАЛСАН ТААЛАЛ ТӨГСӨВ


Чойбалсангийн бие 1951 оны сүүлээр нэлээд чилээрхэх болжээ. Тэрээр албандаа явалгүй гэрээр эмчлүүлэх болов. Москвагаас профессор Вишневский[i] ирж үзээд бөөрний хорт хавдар гэж оношлов. Чойбалсан өөрөө эндээ эмчлүүлье гэж хүссэн боловч багаж төхөөрөмж алга гэдгээр шалтаглан Москва руу авч явах хэрэгтэй гэж эмч татгалзав. Улс төрийн товчоо эмч нарын зөвөлгөөг үндэслэн 1952 оны нэгдүгээр сард түүнийг Москвад аваачиж эмчлүүлэх шийдвэр гаргав. Ингээд түүнийг долоо хоног галт тэргээр зөөж эмчлэх газар нь хүргэлээ. 

Чойбалсан үнэндээ Москвад очих дургүй байлаа. Ойрын хүмүүсийнх нь баталж буйгаар тэрээр үхлээ зөнгөөрөө төсөөлж байсан бололтой. 1951 оны намар Майдарт ярихдаа;

Дотоод яамны орос зөвлөхүүд намайг Москва явж шинжилгээ хийлгэ гэж шахаад байх юм. Би өөрөө бол явмааргүй байна. Чи Эрхүүгийн Ходос эмчийг танина биз дээ? Түүнд үзүүлдэг юм билүү. Миний эмч Елисеев намайг гэдэсний хөндий, зүүн бөөр тааруу байна гээд байх юм. Ходос эмчийг энд ирүүлдэг юм билүү гэж бодох юм[ii]

Орос эмчээс гадна түүний эргэн тойрныхон мань эрийг явж эмчлүүлсэн нь дээр хэмээн ихэд ятгасан гэдэг. Хамаг бичиг баримт, сейфнийхээ түлхүүрийг Цэдэнбалд хүлээлгэж өгсөн аж. “Чойбалсан явахынхаа өмнө надад хэд хэдэн хүний зан байдлыг хэлсэн” хэмээн хожим Цэдэнбал дурсчээ. Үнэн бол гэрээслэл үлдээсэн болж таарах нь. 

Москвад очоод хэвтэнгүүт нь Кремлийн эмнэлгийн дарга профессор Егоров[iii] “Мэс засал хийхийн өмнө нөхөр Сталинд мэдэгдэх болно. Мөн хэнээр хагалгаа хийлгэхийг бид бас Сталинд мэдэгдэх үүрэгтэй” гэжээ[iv]. Мэс засал амжилттай боллоо хэмээсэн боловч маргааш нь гэнэт халууран нас баржээ.

Чойбалсанг Москвад хорлогдож үхсэн гэсэн яриа олны дунд сэм тарж олон жил яригдсан юм. 1949 оны сүүлчээр Сталины 70 насны ой болж бүхий л коммунист ертөнц хөөр хөөрцөгтэй тэмдэглэсэн. Шинээр буй болсон бүх коммунист орнуудын удирдагчид болоод бусад коммунист намуудын дарга нар их удирдагчид биеэр баяр хүргэхээр Москвад цугларчээ. Дөнгөж сая улсаа улаанаар будсан Мао хүртэл биеэр очиж тэнд маш удсан. Харин ганцхан Чойбалсан л байсангүй. Тэрээр орондоо Цэдэнбалыг явуулсан юм. Эндээс Чойбалсангийн Сталинд хандах хандлага өөрчлөгдсөн гэж ярьдаг. Өвөр Монголыг өөрт нь өгнө гэж Сталин хуурсанд гомдсон ч гэж ярьдаг. Сталинтай муудаад коммунист ертөнцөөс гадуурхагдсан И.Титогийн тухай Чойбалсан ихэд сонирхон байнга мэдээ асуудаг байсныг хожим академич Ширэндэв дурсаж байсан. Чойбалсанг нас барангуут Монгол руу шарилыг илгээхийн өмнө Москвад салах ёс гүйцэтгэхэд Сталин ирээгүй юм байна. Ийм иймээс Чойбалсанг өөрийнх нь саналаас зөрөн зориуд Москвад аваачиж хорлосон гэх сэжиг буй болжээ. 

1948 онд НҮБ-ын тогтоолоор тусгаар тогтносон Израил улсыг буй болгожээ. Нутагтаа маш олон жүүдтэй Сталин Ойрхи Дорнодод бас нэг коммунист дагуул оронтой болох нь гэж найдаж шинэ тулгар улсыг байдгаараа дэмжсэн юм. Гэвч ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөв гэгчээр цаадуул нь Америкийг дагах боллоо. Үүнд хорссон Сталин жүүдийн эсрэг кампанит ажил зохион хөгжүүлэх нь тэр. Хэрэв Сталин цагаа олж үхээгүй бол Зөвлөлт оронд жүүд нарыг хядах томоохон аллага болох байсан. 1952 оны дундуур тэрээр Кремлийн эмч-алуурчдын талаар томоохон кампани дэгдээв. Цагаан халаад нөмөрсөн жүүд эмч нар Зөвлөлтийн удирдагч нарыг эмчлэх нэрээр алж хороон Америкийн зууш болгохоор зэхэж байгаад илчлэгдсэн тухай сэдэв сонин хэвлэлээс салахаа болив. Кремлийн эмч нарт хорлогдсон удирдагч нарын жишээнд Жданов, Чойбалсан хоёр байнга орж байсан. Сталин хэлэхдээ: “Яах болж байна? Жданов, Щербаков[v], Димитров[vi], Чойбалсан гэх мэт, урьд нь Менжинский, Горький… Төрийн зүтгэлтнүүд гэв гэнэт л араасаа цувраад үхээд байна гэдэг бололцоогүй хэрэг!”[vii] Чухамдаа Кремлийн эмч нарын хуйвалдаанд өртөгдсөн жишээнд орох томоохон удирдагч хэрэгтэй учраас Сталин эртнээс захиалсан ч байж болох л доо. Сталин тийм юм хийж өлхөн чадах хүн. Урьд нь тэрээр Фрунзе, Крупская, Горький нарын олон хүнийг өөртэй нь муудалцаагүй байхад хэрэгтэй учраас л эмнэлэгт нас баруулж байсан[viii] туршлагатай нэгэн.

Чойбалсанг үхсний дараахан Улсыг аюулаас хамгаалах яамны дэд сайд Михаил Рюмин[ix] гэгч Сталинтай уулзаад жүүд эмч нарын тухай ховлохдоо Монголын дарангуйлагчийг бас зориуд буруу эмчлэн алсан байна гэж мэдэгджээ.[x] Рюминийг “Эмч нарын хэрэг” гэгчийг зохион байгуулсан хүн гэдэг. Тэрээр Улсыг аюулаас хамгаалах яамны дэд сайдаар 1951 оны арваннэг дүгээр сараас 1952 оны аравдугаарын сарын хооронд, өөрөөр хэлбэл ердөө 10 сар энэ албан тушаалд ажилласан байна. Сайдын албанд очиж байж л цол нэмж ердөө хурандаа болсон, эцэг нь нударган, иргэний дайны үед Колчакийн армид алба хааж байсан, ах эгч нар нь хулгайн хэрэгт шийтгэгдэж байсан. Өрөө НКВД-д ажиллаж байхдаа 1951 онд албаны нууц материал автобусанд алдсан, түүнийгээ нууж байгаад баригдсан. Энэ явдалдаа шийтгэл хүлээж амжилгүй сайд болжээ.[xi] 

Алуурчин жүүд эмч нарын золиосонд нэрлэгдэх учиртай шинэ шинэ үхдлийн нэр хэрэгтэй байлаа. Эмч нарын хэргийг Сталин эхнээс нь бодож олоод зохион байгуулж мөрдөн шалгах ажиллагааг биечлэн удирдаж байсан гэж Улсыг аюулаас хамгаалах яамны Онц ноцтой хэрэг хариуцсан мөрдөгч Николай Месяцев[xii] хожим нотолсон.

Эмч нарын хэргийг гардан хариуцаж асан дэд сайд, дэд хурандаа Рюмин Сталинтай хэд хэд уулзсан аж. Сталины нэгэн зальжин арга нь алив шуугиантай хэрэг, хядлага, “дело” өөрөө бодож олоод операцийг хэн нэгэнд хариуцуулж өрөө далдаас удирдан хийлгэдэг. Дараа нь нөгөө гүйцэтгэгчээс “баримт” гэхийг албан ёсоор ил тод гаргуулж аваад улс даяар шуугиан үүсгэнэ. Ийм хавханд Ягода, Ежов гээд олон хүн өртөж дараа нь өөрснөө буудуулж байсан. Ийм золиосонд Рюмин яг таарсан этгээд.

Түүнээс биш Сталин, Чойбалсан нарын хоорондын үзэл бодол зөрсөн, таарахаа больсон, харилцаа нь хүйтэрсэн гэдэг нь үнэмшил муутай. Чойбалсан амьдралынхаа турш Сталинаас маш их айдаг байсан. Энэ бол туршлагаас олж мэдэрсэн сургамж. Түүнтэй үг сөргөх нь байтугай Монголд байгаа түүний төлөөлөгч нартай ч маргахыг хүсдэггүй. Цэдэнбалын хожим дурссанаар “Чойбалсан Зөвлөлтөд хэтэрхий итгэдэг, яльгүй асуудал байсан ч заавал зөвлөлтийн сургагч мэргэжилтэнд үзүүлж саналыг нь авахыг шаардана, тэднээр зөвшөөрүүлж байж л сая санаа нь амардаг” байж[xiii]. Энэ бол итгэл биш айдас! Тэрээр эх орон нэгт олон хүн хядсандаа хожим их гэмшдэг байсан, Сталины нэрийг айгаад хэлдэггүй, зөвлөлтийн зөвлөх гэгчдийг буруутган хааяа итгэсэн хүндээ ярьдаг авч эдгээрийн жинхэнэ цаад эзэн нь Сталин байсныг эрх биш мэдэлгүй яахав. Өөрийн орлогч Майдарт нэг удаа халамцуудаа ярихдаа:

Би их нүгэлтэй хүн! Зөвлөх нарын хэлсэн болгонд итгээд нэлээд олон хүнийг цааш нь харуулсан. Би энэ тухай бодон үргэлж зовж явдаг. Заримдаа хар даран зүүдэлж, нойр ч хүрэхгүй, олигтой унтаж чадахгүй байдаг болоод байна. 1937-39 оны тэр хэцүү үед зөвлөхүүдийн нэг нь нэг юм ярьдаг, нөгөө нь өөр юм хэлдэг, хэнд нь үнэмшихээ мэддэггүй байсан. “Тэр зөвлөхтэй ярьсан уу?” гэнэ. “Үгүй” гэвэл “Очоод саналыг нь аваад ир” гэнэ. Голдуу Дотоод яаманд байсан зөвлөлт хүмүүсийн саналын дагуу шийдвэрлэдэг байлаа.[xiv]

Тэрээр Сталины системийг дэндүү сайн мэднэ, өөрөө ч хуулбар тогтолцоог нь Монголд байгуулсан хүн. Хагалгаанд орохынхоо өмнө Сталины хөрөг авчруулж удтал ширтэн харж байснаа зургийг үнсээд, нүдэнд харагдах газар хадуулжээ.[xv]Энэ бол Чойбалсан шиг долоо шархтсан хашир хүний хувьд мухар сүсэг ч биш, гүн хайр ч биш ердөө л амь гуйсан мөргөл байлаа. Энэ ёслолыг нь харсан туршуулууд тэр дор нь Сталинд очиж хэлнэ гэдгийг тогтолцооны бүтээгдэхүүн Чойбалсан мэдэхийн цаагуур мэднэ. 

Чойбалсангийн шарилыг Улаанбаатарт тусгай галт тэргээр авчирлаа. Улс даяар олон хоногийн гашуудал зарлав. Ашиглалтад ороод удаагүй байсан Засгийн газрын ордны өмнө тусгайлан бунхан бариад тэнд Чойбалсанг бунхлан оршуулав. Уг нь түүнийг Лениний нэгэн адил цогцсыг нь занданшуулан муми болгохоор ярилцан оросуудаас гуйжээ. Цаадуул нь техникийн бололцоогүй хэмээн татгалзсан байдаг. Чойбалсангийн шарилын дэргэд Сүхбаатарын шарилыг зэрэгцүүлэхээр шийдэн хөөрхий талийгаачийн цогцсыг хэд дэх удаагаа ч юм бүү мэд дахин ухаж аваад бунханд байрлуулваа.

Оросын цэргийн түүхч Евгений Трифонов[xvi] дүгнэж бичихдээ:

Чойбалсангийн хамт “ардын” Монголын нэг эрин улиран одов. Тэрээр монголчуудын уламжлалтай холбоотой үндэстний дээдсийн сүүлчийн төлөөлөгч байсан бөгөөд монгол түмнийг нэгтгэхийг эрмэлзсэн сүүлчийн тэмцэгч байлаа. Хувьсгалын дараа өсөж байжсон, ард түмнийхээ түүхийг мэддэггүй, үндэсний соёлоо үгүйсгэдэг, зөвлөлтийн аль л базаахгүй загварыг үлгэр болгон хүмүүжсэн үеийнхэн болох жинхэнэ мангуурагчид засгийн эрхийг авлаа. Улс орны толгойд гарч ирсэн шинэ дээдчүүдийн хэв шинжит төлөөлөгч болох – шалихгүй боловсролтой, зүрх зориггүй, архаг архичин, юу чойлгодоггүй, бас юу ччаддаггүй, аль ч юмны учрыг олдоггүй, дураараа авирласан эхнэр болон зөвлөлт “нөхдийнхөө” гарт бүрэн орсон, Бүх холбоотын коммунист (большевик) намын гишүүн, гадаадын тусгай албадын  (НКВД болон КГБ) мэдээлэгч Юмжаагийн Цэдэнбал хэзээ нэгэн цагт дэлхийг донсолгож асан хүчирхэг түүхт Монголыг ганцаар удирдахаар гарч ирлээ.[xvii]


[i] Вишневский, Александр (1906-1975) СССР-ийн Батлан хамгаалах яамны ерөнхий мэс заслалч

[ii] Майдар. Д. 75 жилийн үйл явдал (Улаанбаатар 2020) х-72 [Maidar.D. 75 years (Ulaanbaatar 2020)] p-72

[iii] Егоров, Пётр (1899-1967) Кремлийн эмнэлэгийн дарга (1947-1953)

[iv]Б ат-Очир.Л Чойбалсан (Улаанбаатар 1996) х-190 [Bat-Ochir, L. Choibalsan]

[v ]Щербаков, Александр (1901-1945) Зөвлөлтийн намын зүтгэлтэн, генерал, Москва хотын дарга (1938-1945)

[vi] Димитров, Георгий (1882-1949) Болгарын коммунист. Болгарын Ерөнхий сайд (1946-1949)

[vii] Пазин. Михаил. Страсти по власти от Ленина до Путина (издатеьсво Питер) х-131

[viii]  Радзинский, Эдвард Сталин (издательство ВАГРИУС, Москва, 1997)

[ix] Рюмин, Михаил (1913-19) СССР-ийн Улсынг аюулаас хамгаалах яамны орлогч сайд (1951-1952)

[x] Trahair, Richard. Encyclopedia of Cold War Espionage, Spies, and Secret Operations(Enigma Books* London 2012) р-3

[xi] Брент Д., Наумов В. Последнее дело Сталина.(Издательство Проспект Москва 2004) стр-352

[xii] Месяцев, Николай (1920-2011) Зөвлөлтийн намын зүтгэлтэн, Радио Телевизийн улсын хороон дарга

[xiii] Цэдэнбал.Ю. Би өргөсөн тангарагтаа үнэнч байсан. (Улаанбаатар 1996) [Tsedanbal, Yu I was loyal to my oath]

[xiv] Майдар. Д. 75 жилийн үйл явдал (Улаанбаатар 2020) х-67 [Maidar.D. 75 years (Ulaanbaatar 2020)] p-67

[xv] Шагдарсүрэн, Пунцагийн (“100 эрхэм” нэвтрүүлэг Монгол үндэсний телевиз 2015) [Shagdarsuren, Puntsagiin (100 honorablePeaple National TV 2015)]

[xvi] Трифонов, Евгений (1956) – Оросын цэргийн түүхч монгол судлаач

[xvii] Трифонов, Евгений “Аз жаргалтай улсын” адармаатай замнал Зөвлөлт и Монгол далд түүх (НЭПКО паблишинг 2020) х-497 [Trifonov Eugeny Secret History of Soviets and Mongols (Nepko publishing 2020) p-497]