Чингиз Айтматов "Улаан алим"
Богино өгүүллэгийн орчуулгын уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээл.
Улаан алим
Шөнө дүл болсон ч Исабеков бодолд автан суусаар. Захиагаа яаж эхлүүлэх вэ? Юу бичих вэ гэж санахад яах учраа олохгүй самгардана. Хэлэх үг даанч их. Оройтсон гэмшлийг нь ойлгох болов уу?
Эргээд харахад хэн хэндээ тунирхаж гомдсон, хэлэх хэлэхгүй үгээр идэж гомдоосон, хэл ам таталж, хаа нэг эвлэрч эвтэй суусан олон жилийн гэр бүлийн хүнд амьдрал. Эхнэр нь хүний ёсоор түүнийг ойлгож өршөөх болов уу? Эхэндээ байсан тэр л гэнэн итгэмтгий, нээлттэй нийтэч зан нь сэргэх болов уу? Үгүй бол яах вэ? Исабековыг аанай л ойлгохгүй, юм санаж, эм хүний бардам зан, хатуу тавилангаа сөхвөл яана?
Исабеков эм хүний ихэрхүү зан гээд эхнэрийнхээ энэ үйлдэлд ихээ дургүй.
Эхнэр нь найз хүүхнүүддээ үргэлж атаархана.
- Цаадах нь айлд байхдаа хүртэл нүд салгахгүй ширтэж байна лээ. Чи харсан уу? Тэгээд болоогүй хүний өмнө сөхөрч сууж байгаад гутлыг нь үдэж өгнө лээ гэхэд нь:
- Би тийм наль шаль хийсэн занд ясны дургүй гээд тасалбал:
- Наль шаль хийсэн гэнэ шүү. Ёстой нэг халамжгүй гэдэг нь! Чамд ер нь намайг гэсэн сэтгэл байна уу? Надад лав ингэж амьдрах ямар ч хүсэл алга. Хайртай хүн маань хэн нэгнээс ичиж эмээлгүй халамжилж хайрлаасай л гэж хүсэх юм. Чи ч ийм юм бодох биш дээ! гэж билээ.
- Надад тийм юм бодох зав ч алга. Тэгээд ч чам шиг өнөө маргаашгүй доктор хамгаалах гэж байгаа хүн иймхэн юм бодоод гомдож байдаг! Арай ч дээ? Яасан ч их завтай юм бэ?
- Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэж энэ дээ! Ёстой юу ч ойлгохгүй хүн юм даа!
Одоо харин Исабеков энэ бүхнийг ойлгохтойгоо. Эхнэр нь хэдий ааштай ч зарим талаараа зөв байсныг ухаарахтайгаа болжээ. Хамт явж байхад эрчүүд эхнэрт нь нүд унагахад Исабеков битүүхэндээ дуртай. Нүдэнд дулаахан, ухаантай сэргэлэн бүсгүй шүү дээ. Уян зөөлөн, хөнгөн шингэн алхаа гишгээтэй. Өндөр өсгийт өмсөөд алхвал хорьтой бүсгүйгээс ялгарах юмгүй. Бүжиглэхдээ нүд нь залуужин гэрэлтэж олны харцыг булаахад бүр ч дуртай.
Гэлээ гээд яагаад ч юм бэ бусдын өмнө хайрлаж халамжлахаас жийрхэнэ. Болдог бол залуу халуун үедээ эргээд очихсон. Хайр халамжаа тэр үедээ үлдээчихсэн бололтой.
Бодоод үзэх нь ээ, Исабеков гэмтэй нь үнэн. Гэм ч гэж дээ буруутай гэвэл илүү зохино. Гэхдээ үүнээс илүү олны хэлдгээр зан ааш таарч тохиролгүй хоёр тийш болсон эхнэр, нөхөр хоёр эргээд нийлэх тавилан бий юу гэдэгт санаа зовно. Эхнэр нь өнгөрсөн амьдралаа өөрөөр харж хэн хэндээ хүлээцтэй байя гэж зориглон шийдэх болов уу? Үгүй бол яах вэ? Нэг мөр салах уу? Үгүй ээ, тэгж болохгүй.
Исабеков үзгээ хэдэнтээ барьж авсан ч ширээн дээр шидэж орхиод, босож хана налж толгой унжуулан цонхоор ширтэн зогсов. Турж үс гэзэг нь сэгсийжээ.
Сүүлчийн автобусууд булан тойрч зогсоод зорчигчдоо суулган намрын шөнийн харанхуйд улаан гэрэл анивчуулан одно.
Нэг залуу хөрш бүсгүйтэй цэцэрлэгийн хүүхдүүд шиг хөтлөлцөн орцны үүдэнд нааш цааш холхино. Исабеков тэдэнд атаархаагүй ч эл байдал дурсамж дурдатгалыг нь сэдрээж, сэтгэл зүрхийг нь эрхгүй уяраана.
Хотын гэрэл үл хүрэх холхи тэртээх ууланд түүдэг гал дүрэлзэн асна. Малчны асаасан түүдэг гал биз гэж бодоход хажууд нь очиж суугаад, хайрган шөнөөр гар хөлөө ээж, арцны хуурай гишүү нэмж, чад падхийн шатахыг нь сонсмоор. Цонхноос холдож, унтлагын өрөөнд орж Анар охиноо харлаа. Охин нь нэг үеэ бодвол том болсон ч хөнжлөө тийрээд хаячихдаг хэвээрээ. Анар өдөржин тоглоод ядарсан бололтой тайван нойрсоно. Өдөр аавынхаа сэтгэлийг гэгэлзүүлснээ, шөнө дүл болсон ч аавынх нь нойр хулжсаныг ер мэдсэнгүй. “Охин минь, тайван унтаж байгаа нь яамай даа. Том болоод хэд хэчнээн шөнө нойргүй хонох юм билээ? Хүн л болсон хойно зовж шанална. Одоо харин сайхан зүүдээ манаад сайн унтаад ав.”
Өдөр охинтойгоо хотоос гарсан юм. Ээж нь яагаад тусдаа байгааг ярьж тайлбарлах гэсэндээ тэр. Ээж нь докторын зэрэг хамгаалахаас гадна тусдаа байхын тулд Москва руу явсныг хэл гэж эхнэр нь захиандаа тулган шаардсан болохоор тэр. Тэгэхээр Анар ээж, аавынхаа хэнтэй нь үлдэхээ шийдэх ёстой. Гэлээ ч Исабеков энэ тухай ам нээж нэг л зүрхэлсэнгүй. Хотоос гарч уул усанд зугаалж байхдаа хэлбэл арай амар, охин нь ээж дээрээ Ташкентад очилгүй өөртэй нь үлдэх юм шиг санагдав.
Ингээд Анарыг гадаа тоглож байхад нь дуудаж:
- Миний охин, цамцаа өмсчих. Хоёулаа ууланд гаръя гэвэл:
- Тэгье гээд алгаа ташин хөөрсөн ч, - Ууланд гарч яах юм бэ? гэж асуулаа.
- Яах юу байх вэ. Зугаалъя.
Исабеков хөл ихтэй хотод тун дургүй. Амралтын өдөр хаа сайгүй машин түчигнэнэ. Хотоос гарахад машин эрс цөөрч, Волга нь аажуухан хурд авав. Хоёр талаар нь өндөр мод эгнэн ургасан засмал зам нэг өгсөж, нэг уруудсаар тэртээ алсад зурайн одно. Урд яваа машинуудын гялгар дээврийг ширтлээ.
- Аав аа, жаахан удаан яваач гэж Анарыг гуйхад:
- Айгаа юу, миний охин? гээд хурдаа сааруулбал охин нь:
- Үгүй ээ. Зүгээр л гээд цонх налав.
- Чи уг нь давхих дуртай даа гэхэд Анар аан ч гэсэнгүй, эргэж ч харсангүй.
Исабеков нимгэн цамцных нь цаанаас ёрдойх охиныхоо тэвхгэр мөр, буржгар хар үс унжсан нарийн хүзүү, цонхны шил налсан байр байдлыг нь ажвал танихгүй хүн хараад байгаа юм шиг таагүй мэдрэмж давалгаалав. Охин шаналж зовсон шинжтэй.
Ээж, аав хоёрынхоо тухай гадарлав уу? Хүүхдүүд хэрсүү ухаалаг. Томчуудын санаагүйг санах ч ам нээхгүй өнгөрөх нь бий.
Ингэж бодоход эвгүй гэж! Арай мэдээгүй биз. Мэдэх боломжгүй шүү дээ. Эхнэртэйгээ сэжиг авхуулах юм хийгээгүй. Гэлээ ч бас хэн мэдлээ! Сэтгэлд нь л юм хийчихгүй юмсан. Сэтгэл гэдэг хөрөхдөө амархан. Нэг хөрвөл эргэж бүлээцүүлэхэд бэрх, бараг боломжгүй. Ийм хүүхэд тогтвор муутай болно. Харин Анар тогтуун дөлгөөн зантай. Гэлээ ч муу совин татсан байж мэднэ. Исабеков бага байхын муу юм тохиолдохыг зөнгөөрөө мэдчихээд жигтэйхэн шаналдагсан. За яах вэ. Охин нь ямартаа ч ээж, аав хоёрынхоо тухай эрт орой хэзээ ч юм бэ мэдэж л таарна. Аав нь ам нээж зүрхлэхгүй ч түргэн шулуун зантай ээж нь түсхийтэл хэлчих нь лав. Тэгэхээр өөрөө л хэлсэн нь дээр. Хүлээж болохгүй... Эсвэл элдвийн бодолд ээрүүлсэндээ ингэж бодсон байж болох юм. Анар юу ч бодолгүй унаж буй навчсыг ажиж байгаа ч юм билүү? Гэхдээ л охинтойгоо ярих хэрэгтэй... Налайгаад мөн ч сайхан байна даа. Сэтгэл ийм бол хэчнээн сайхан...
Навчсаар хучигдсан зам намрын улирал аятай эл хуль оргино. Давхих ч хэрэг үгүй мэт. Навчис намуухан эргэлдсээр газарт бууна. Зарим нь машины хамар дээр унаж, салхины шилэнд хэсэгхэн зуур наалдаад хажуу тийш хийсэн одно. Замын хоёр хажуугаар ургацыг нь хураасан шаргал тал, усан үзмийн цэцэрлэг, хошингорын тариалан налайна.
Талбайд яваа тракторын араас сүрэг хар тодол нисэлдэнэ. Алтан намрын сүүлчийн өдрүүд.
“Удахгүй бороо шаагиж бүх юм бүүдийнэ” гэж бодоод асаагуур шархийлгэн тамхиа сорж Анар руу харав. Анар цонхоор харсаар.
- Анар аа, зүгээр үү? гэвэл эргэж гайхан харсан ч хариу хэлсэнгүй.
- Өчигдөр хичээлээ хийсэн үү? гэхэд толгой дохив.
- Сайхан байна шүү, тийм ээ? гэвэл:
- Тийм ээ гэж байна.
Эргэж тойрсон энэ яриа хэнд хэрэгтэй вэ? Аав, охин хоёрын яриа уг нь их нийлдэг ч өнөөдөр нэг л эвлэж өгөхгүй юм. Исабеков гундуу яваа болохоор тэр биз.
- Хөөх, Робертиногийн дуу явж байна! Аав аа, манай ангийнхан бүгдээрээ, охид, хөвгүүдгүй Робертинод дуртай. Та бас дуртай, тийм ээ? Ээж бас дуртай, тийм үү?
- Тийм ээ, Анар аа. Ээж нь ч бас дуртай. Миний охин хөөрхөн шүү гэх Исабеков толгойг нь илэхэд Анарын алаг нүдэнд алтан шаргал оч гялтганан үзэгдэж, - Чамайг дуугүй суугаад байхаар чинь гомдчихож л гэж саналаа гэвэл:
- Юу гэж дээ, аав аа гэв.
- Болж дээ. Энэ дууг дуусахаар аав нь Шубертын тухай, Робертиногийн төрсөн нутгийн тухай ярьж өгье.
Энэ зуур Аве Мария хэмээх аялгуу гандсан өвс, гундсан сэтгэлийг амилуулж сэргээн намрын тал дээгүүр эгшиглэхэд цээжинд зангираад байсан нь гэнэтхэн тавирч, алтан нар, алаг эрээн уулс, Робертиногийн дуу, охиных нь догдлол нэгэн цэгт төвлөрөн гялалзав.
Хүн бүхний сэтгэл сайн сайханд тэмүүлдэг нь жам. Хүн угаас ийм хувь чанартай ч амьдралд хөл алдан мартагнадаг биз ээ. Үүнтэй л ижил охиныхоо хөөргөн сэтгэлийг дарж, хатуу үг дуулгах нь...
Робертино дуулсаар, Анар даган аялсаар, машин урагшилсаар, алимын цэцэрлэгт хүрээлэнгээр тойрч, замаас гаран голын эрэгт дөхөв.
Тэднийхэн зундаа энд ирэх дуртай. Энэ газар хүн цөөн. Намуун урсгалт нарийхан голын хүйтэн ус ёроол дахь чулуунуудаа наранд гялтгануулан хоржигноно. Эрэг нь элсгүй ч гэлээ ууландаа ойр. Хоёр талаараа том том чулуутай. Анар эдгээр чулуун дээр гарч тоглох дуртай. Ийм ч учраас Исабеков энд ирэхдээ баяртай.
Эргэн тойрон жин үдийн нам гүм ноёлно. Анар Робертиногийн дууг аялсаар чулуун дээр авирахаар гүйлээ.
Аве Мариягийн аялгуу Исабековын чихэнд хоногшин эргэн тойронд өнгө нэмэн зүс засжээ. Алимын цэцэрлэг эл хуль, ургацаа өгсөн моддын мөчир хэдийн нүцгэрч өөдөө сэрийлдэнэ. Хашаанд налуулан хураасан өвс аагим зуныг гэрчлэн шарлахдаа халуу дүүгүүлэх мэт. Зун ийм байгаагүй нь лав. Гэлээ ч Исабековт санах юм алга. Тэрүүхэнд ботго шиг хэлбэр дүрстэй хөнгөн үүлс хөвнө. Хот айлаа нэг эргэхсэн! Хөдөө очилгүй ямар их удаа вэ? Анар алимын цэцэрлэг рүү гүйхэд Исабеков ирсэн учраа санаад:
- Анар аа, хаачих нь вэ? гэж дуудахад:
- Цэцэрлэгт оръё. Модон дээр авиръя гэлээ.
- Нааш ир ээ. Аавд нь ярих юм байна гэвэл:
- Робертиногийн тухай юу? гэв.
- Тийм ээ.
- Дараа болъё оо. Одоохон эргээд ирье гэх Анар дэгдсээр алимын цэцэрлэгт явж орлоо.
Исабеков юу хэлэхээ ахин дахин бодов. Эв хавгүй, итгэж боломгүй аймшигтай үгс намрын налгар өдөр, Авэ Мариягийн аялгуу, Робертиногийн хоолойтой яавч үл эвцэлдэнэ. Айх шиг. Анар гүйж тоглоосой гэж бодлоо. Цэцэрлэгээс гайхсан дуу нь хадахад давхийгээд буруу харж толгой гудайн газар суув.
- Аав аа, аав аа! Энийг хараач! гэхэд эргэж харсангүй.
Анар амьсгаадан гүйж ирээд хүзүүгээр нь тэвэрч том улаан алим өглөө.
- Алим олоо юу?
- Тийм ээ. Навчин дунд нуугдчихсан байна лээ. Зальтай гэдэг нь! Сайн харагдахгүй байсан ч би олчихсон. Гар чийдэн шиг л гялалзаж байсан шүү. Хамгийн сүүлчийн, хамгийн амттай алим байх. Өөр алим ерөөсөө алга. Аав, хар л даа. Ийм гоё! Үнэрлээд үзээч! Яг нар шиг дулаахан байна гэж дуржигнуулсанд:
- Тийм байна. Ямар сайхан алим бэ? Анар аа, энэ лав азын алим байх шүү. Зунжингаа чамайг л ирэхийг хүлээгээд нуугдаж байсан биз. Энэ алимыг идсэн хүн лав жаргана даа гээд алимыг алчуураараа арчаад охиндоо эргүүлж өгөн, - Миний охин, ид ид гэвэл:
- Та Робертиногийн тухай хэзээ ярьж өгөх юм бэ? гэж шаллаа.
- Чи жаахан тоглоод ир. Тэгсэн хойно ярьж өгье.
- Аав аа, би модонд авирч чадна. Алимын мод өндөр том ч гэлээ мөчир нь ийм бүдүүн болохоор авирахад амархан юм. Харин гүйлс муухай, өргөс ихтэй, нарийхан мөчиртэй.
- Миний охин намхан бүдүүн модонд авирахгүй юу даа гээд инээвэл:
- Аав аа, та ийм алим олж байсан уу? гэж асуув.
Исабековт хэлэх үг олдсонгүй. Хэсэг дуугаа хураагаад:
- Ололгүй яах вэ. Миний охин явж тогло. Аав нь эндээ сууж байя гэсэнд Анар алимаа барьсаар гүйлээ.
Улаан алимын тухай бодоход Исабековын санаанд тэр нэгэн учрал ургана. Олон жилийн өмнө энэ цэцэрлэгээс, гэхдээ хээр талтай нийлдэг нөгөө захаас нь ийм улаан алим олж байсан удаатай...
***
Дайны дараа Исабеков өдгөө багшилж буй хөдөө аж ахуйн сургуульдаа элсэхээр хотод иржээ.
Ийм л нэгэн намрын өдөр тэдний ангийнхан хараахан засмал зам тавиагүй шороон замаар давхиулан хажуугийн хамтралд хүрэн манжин хураахаар очсонсон.
Өдөржин борви бохисхийлгүй ажиллаж, өгсөн хоолыг нь идчихээд оройдоо ядарч өлссөн хэдүүл хот руу эргэв. Зам зуур сангийн аж ахуйн алимын цэцэрлэгээр дайрлаа. Алимыг нь хэдийн хураасан ч хатсан навчин дунд хаа нэг хоёр гурван алим олдож билээ. Олсноо тэнцүүхэн хувааж идвэл хорхой нь хөдөлж, ахиад хайлаа. Гэсэн ч алим олдсонгүй, эргээд зам дээр гарав.
Исабеков найзуудынхаа араас гүйж яваад урдхан талд нь улаан юм үзэгдэхийг ажиглаад харвал юу ч байсангүй. Буруу харж гэж санаад гүйсэн ч төдхөн эргэж ирээд намхан модыг тойрч үзэв. Хөгшин моддоор хүрээлэгдсэн хүрэн бор навчтай залуухан мод навчаа арайхан гөвөөгүй, намрын наранд боронз аятай гялтганана. Чүдэнз зурвал авалцан асах шинжтэй. Хүрэнтэх навчин дунд нь хоёр алгаараа барих дайны том улаан алим байсанд “Хөөх!” гэсээр өөдөө ширтлээ.
Исабеков хэсэгтээ л гөлөрч байгаад үсэрч нарийн мөчрөөс нь татсаар том улаан алимыг тасалж авав. Хамартаа ойртуулан үнэртвэл анхилуун гэж жигтэйхэн! Толгой эргэнэ. Нимгэн улаан хальсных нь цаана шүүслэг гол нь гэрэлтэнэ. Хазаад авмаар боллоо. Хазах гэсэн боловч ерөөсөө түүнд өгье гэж саналаа!
Түүнийг санасан нь зол болж! Гэхдээ л үл таних тэр бүсгүйн тухай үргэлж боддог болохоор санахгүй байхын аргагүй. Алимаа өмднийхөө халаасанд хийх гэсэн ч багтсангүй. Хүрэмнийхээ дотрыг урж халааслаад найзуудынхаа хойноос гүйлээ. Найзууд нь замын машинд дайгдахаар хүлээнэ. Исабеков алим олсноо нуулгүй хэлээд:
- Би алим олсон. Гэхдээ хэнд ч өгөхгүй. Нэг хүнд бэлэглэнэ гэвэл:
- Хаана байна? гэж асуулаа.
- Эндээ хийчихсэн гэсэнд:
- Хөөх! Ямар том юм бэ? гээд гайхацгаав.
- Хэн өгөх гээ вэ? гэж горзгор Шерийг шалгаахад:
- Нэг хүнд өгнө өө гэвэл Шер:
- Их юм болж дээ! Нэг муу алим олчихоод гэсээр мөрөөр нь алгадан, - Алив, гаргаад ир! хэмээн хөхөрч хүрэмнээс нь татсанд Исабеков гарыг нь хүчтэй цохивол тэгнэ чинээ санаагүй Шер золтой л хөл алдсангүй.
Залуус инээлдэн хөгжилдөж, төд удалгүй ачааны машин зогссон тул бүгд тэвшин дээр нь гарч суулаа. Исабеков онцгой том энэ алимаа хотын номын санд үе үе тааралддаг мөнөөх үл таних бүсгүйд бэлэглэхээр шийджээ. Залуу түүнийг л харахын тулд хотын захын хөдөө аж ахуйн сургуулиас төв ордог ажилтай болсонсон. Уншлагын танхимд сууж байхдаа бүсгүйг хэзээ ирэхийг зөнгөөрөө мэдрээд хүлээх ахуйдаа уншсан зүйлээ ч ойлгохгүй өнгөрөх нь бий. Үүд рүү харсан ширээг эзлэн суухын учир бүсгүйг орж ирмэгц өөдөөс нь ширтэж, ёс юм шиг харц мөргөлдөнө. Гэхдээ тогтоож харахаас яагаад ч юм бэ гэрэвшинэ. Бүсгүй ч түүнийг ойлгосон аятай ялимгүй ихнээмсэглээд сул ширээнд очиж, цүнхээ тавиад ном захиалахаар явна. Харин Исабеков номоо аваад эргэж ирэхдээ хажуугаар нь алхахыг хүлээнэ. Цэмцгэр дэгжин хувцастай, цэх нуруутай, бардам алхаатай бүсгүй боловсролтой, ухаалаг нэгэн биз гэж санахад өөрийн эрхгүй баярлаж түүнээр бахархана.
Нэг танхимд байх ахуйд шаналах, баярлах зэрэгцэн самнасан гэзэг, нүд сормуус, үргэлж ямар нэгэн юм тэмдэглэн бичих уян зөөлөн гарыг нь ажиглан сууна. Өөр залуу очиж уулзвал, эсвэл захиа өгвөл, бүсгүй тэр захиаг уншвал ширээн доогуур шургуулсан нударгаа зангидаж тэсгэл алдах шахавч эрээ цээргүй үгтэй захиаг урж, инээд баяслыг нь үл тооход ёстой л уужирна.
Бүсгүйд Исабековоос өөр хүн таалагддаггүйг мань эр сайн мэднэ. Ямартаа ч өөдөөс нь хөнгөн мишээж, ялимгүй дохих нь түүнд талтайн шинж биз. Гэлээ ч танилцах зүрх хүрэхгүй. Бүсгүйг өөрөөс нь илүү ухаантай гэж бодоход хөдөөнөөс ирсэн өөрийгөө голно. Нэмээд байр байдлаасаа ичнэ. Биеийн тамирын хослол, дайнд яваад ирсэн ахаасаа авсан бакал, цүнхтэй, бвөлдөө ахынхаа шинелийг өмсдөг болохоор арга ч үгүй.
Бүсгүй номын санд үдээс хойшхон ирээд хаатал нь сууна. Номоо өгөхөөр босоход нь Исабеков ширээн дээр дэлгэсэн юмаа цуглуулж аваад гарна. Номоо бол хаахаас нэлээн өмнө тушаачихна. Ингээд гудамжны нөгөө талд бүсгүйг гарч ирэхийг хүлээнэ. Гараад ирмэгц нь хоёр гурван хүний зайтай дагаж явсаар гэрт нь хүргэнэ. Бүсгүй номын сангаас холгүй, хоёр хорооллын цаадах том саарал байшинд сууна.
Ийнхүү түүнийг хүргэж өгчихөөд Исабеков хотын захын дотуур байр руугаа алхана. Зам зуур цэцэрлэгт хүрээлэнгээр орно. Хүрээлэн бүжгийн талбайтай. Бүсгүйчүүдийн гараас атган, бэлхүүсээр нь тэврэн эргэлдэн бүжих залууст хэдий их атаархдагийг хэн ч мэдэхгүй. Залуус найз бүсгүйнхээ чихэнд юу ч юм бэ шивнэхэд бүсгүйчүүдийн царай гэрэлтэн инээмсэглэнэ. Исабеков нүдэнд дулаахан хос хоёрыг сонгож аваад өөрийгөө өнөөх бүсгүйтэй байна гэж төсөөлөх дуртай. Мөрөөдөл төсөөлөлдөө түүнтэй эргэлдэн бүжихээс гадна элдвийг ярилцаж инээлдэнэ.
- Би чамайг л харах гэж номын санд ирдгийг чи мэдэх үү?
- Мэдэлгүй яах вэ. Чи намайг хүлээж байдаг шүү дээ.
- Тийм ээ. Би чамайг өдөржин боддог. Хичээл дээр, хоол идэхдээ, дотуур байрандаа байхдаа үргэлж боддог. Кино үзэж байхдаа хүртэл чамайг боддог. Чамайг бодох нь жаргал юм даа.
- Сонин юм шүү. Би ч бас хааяа чамайг боддог. Ингэхэд чи яагаад надтай ярьдаггүй юм бэ?
- Ярих тийм чухал биш ээ. Чи хэрвээ үүр цайтал номын санд суувал би чамайг хараад л сууна.
- Намайг залуучууд эргүүлж, гэрт хүргэж өгвөл яах вэ?
- Би зөвшөөрөхгүй ээ. Чи ч зөвшөөрөхгүй. Тэгээд ч би чамд хайртай шүү дээ.
- Яагаад намайг зөвшөөрөхгүй гэж бодоо вэ?
- Чи тийм юмыг зөвшөөрөх хүн биш ээ.
- Гэхдээ л чи намайг мэдэхгүй шүү дээ.
- Би чамд итгэдэг. Би чамайг мэднэ ээ. Үсний чинь үнэр, дуу хоолойг чинь сонсоогүй ч яаж инээдгийг чинь сайн мэднэ. Би чиний нүдэнд итгэдэг. Чи сайхан сэтгэлтэй, ухаалаг сайхан бүсгүй.
- Иччихлээ байна. Нээрээ намайг тэгж боддог гэж үү?
- Тийм ээ.
Исабеков тэр орой дотуур байрандаа эргэж ирээд том улаан алимаа орны толгойн шүүгээн дээр тавьж, гар нүүрээ угаан, гутлаа цэвэрлээд номын сан руу явах гэсэн боловч цаг харвал хэдийн оройтжээ. Өрөөнийх нь залуус унтсан ч маргааш зүс таних тэр л бүсгүйд алимаа өгнө гэж санахаас нойр хулжив. Бүсгүй том улаан алимыг хараад гайхаж баярлах нь лав. Ийм том, ийм анхилуун үнэртэй алим үзэж байгаагүй биз. Хуучин цэцэрлэгт ургасан хүрэл бор навчистай наранд гялтганасан залуухан дэгжин модноос энэ алимыг олсноо ярина даа гэж төсөөлөв. Номын сангаас гараад харьтал нь дагадгаа хэлж, бүжгийн талбайд хамт бүжин ярилцдагаа ч ний нуугүй өгүүлнэ. Бүсгүй “Арай үгүй байлгүй дээ!” гээд намуухан инээмсэглэх буй заа. Ингэхдээ бүсгүй түүнийг огтхон ч шоолохгүй, харин өхөөрдөн энхрийлнэ. Дараа нь хамт кино үзнэ. Хажууд нь суугаад жаргана. Үнэндээ бол Исабеков кино үзэхгүй, түүнийг л бодож, үе үе харц шидэн суухаа мэдэж байлаа. Аятайхан хослол, эвтэйхэн гуталтай бол аштай юу. Бакалтайгаа хажууд нь алхана гэж санахад нэг л эвгүй. Гэхдээ л бүсгүй ухаалаг бол үүнийг тэгтлээ тоохгүй дээ.
Ийн бодсоор нэг л мэдэхэд унтаад өгчээ. Шөнө дунд өнгөрсөн хойно дээрэнгүй Шер улаан алимыг нь булаагаад идчихлээ гэж хар дараад нойрмоглосон амьтан Шерт дөхөж очсон ч цаадах нь дугжиртал унтаж байлаа. Гэсэн ч шүүгээгээ онгойлгож алимаа тэмтэрч үзсэн хойно сай тайвшрав.
Өглөө нь залуус салхивчаа нээхдээ:
- Наад алим чинь үнэртээд арааны шүлс асгаруулаад байх юм! Хүнд өгөх гэж байгаа бол бушуухан өгч үз. Үгүй бол Шерт алдах вий гэсэнд Шер:
- Авах байсан бол аль өчигдөр авчих байлаа. Өөрсдөө л хэрэггүй гээ биз дээ? гэвэл Исабеков:
- Аваад үзээрэй! гэж шүд зуун хэллээ.
Хичээлдээ явсан ч цаг өнгөрч өнгөхгүй зовооно.
Завсарлаад орвол Шер эргэж ирсэнгүй. Уур нь хүрээд зоологийн багшаас:
- Багш аа, уучлаарай. Чөлөө авах гэсэн юм гэж гуйхад:
- Юу болоо вэ, залуу минь? гэж байна.
- Яаралтай ажил гарчихлаа. Багш аа, чөлөө өгөөч гээд нударгаа зангидан дотуур байр руу ухасхийв.
Өрөөнд Шер байсангүй. Шүүгээгээ нээж үзвэл алим нь байрандаа. Ичих, баярлах зэрэгцэн Шерийг хичээлээ тасалж гээд амьсгаа даран орон дээр суугаад “Өршөөгөөрэй, Шер, хөгшин минь. Ахиж ийм юм бодохгүй ээ!” гэж өөрөө өөртөө шивнэлээ.
Орой нь алимаа сонинд боож сугавчлаад номын сан руу алхав. Сурсан зангаараа эртхэн ирээд үүдний эсрэгцээ ширээн дээр ном дэвтрээ дэлгэн хүлээв. Танхим нам гүм, ном шагайсан улс хаа нэг шивнэлдэн, тамхилах өрөөнд орж тамхилаад эргэж ирнэ. Исабеков бүсгүйг хүлээсээр. Сонинд боосон улаан алимаа өвдгөн дээрээ тавьсны учир уначих вий гээд хөдөлж ч чадахгүй. Цаг хагас өнгөрч, бүрий буусан ч бүсгүй үзэгдсэнгүй. Хоёр, гурван цаг өнгөрсөн ч аанай л ирсэнгүй. Исабеков хүлээсээр байвч бүсгүй энэ өдөр ирсэнгүй.
Маргааш нь хичээлдээ сууж, орой болохыг тэсэн ядан хүлээгээд ахиад л алимаа бариад номын санд ирэв. Хүлээгээд л байлаа, хүлээгээд л байлаа. Бүсгүйг орж ирэхэд зүрх нь шанаан дээр лүг лүгхийн цохилов. Бүсгүй хажуугаар нь өнгөрөхдөө урьдын адил ялимгүй толгой дохин мишээгээд, шүргэх шиг болоод нэг ширээний цаана юмаа тавьж, ном авахаар явлаа.
Баярлаж хөөрсөндөө манарсан Исабеков өвдгөн дээрээ тавьсан алимаа чичирсэн гараараа барьж суув.
Бүсгүй ном авчраад дэвтрээ дэлгэн доош харж тэмдэглэл хөтөлнө.
Цаг явж өгөхгүй зогссон мэт. Исабеков номын сан хаах цагийг хүлээнэ. Өнөөдөр хүсэл мөрөөдөл нь биелнэ гэж санахад сэтгэл тогтохгүй хөөрнө. Бүсгүйн царай зүс, нүд хөмсөг, гар хөлийг хажуунаас нь ажихдаа “Арай үгүй байлгүй дээ!” гэж дуу алдан инээмсэглэхийг нь ургуулан бодно. Алим олоод идэх гэсэн боловч түүнийг санаад нандигнан хадгалснаа хэлнэ. Үргэлж түүний тухай боддогоо ч нуухгүй. Баяр хөөртэй мөч бүхэндээ түүнийг дурсан санадгаа, сайн сайхан бүхнийг хамтдаа мэдэрч бүрэн дүүрэн жаргахыг хүсдэгээ ч илэн далангуй өгүүлнэ.
Гудамжны гэрэл асаж, хүмүүс гарч эхлэв. Гэсэн ч бүсгүй суусаар, Исабеков хүлээсээр. Бүсгүй ном, дэвтрээ эмхлэхэд дэвтрээ цүнхэлж, сонинд боосон алимаа аваад гудамжинд гарлаа. Зам хөндлөн гарч номын сангийн үүдэн тушаа догдлон зогсов. Ам нь цангаж, юм уумаар санагдана. Тэгж тэгж бүсгүйн тог тогхийсэн алхаа сонстов. Бүсгүй богино хүрэм өмсжээ. Исабеков алимаа цээжиндээ наагаад өөдөөс нь алхвал бүсгүй зөрөөд өнгөрөв.
- Хүлээгээч гэж итгэлгүйхэн дуудахад бүсгүй:
- Та намайг дуудсан уу? гэсээр эргэж харлаа.
Исабековт хэлэх үг олдсонгүй. Хэсэг барьц алдаад:
- Би... танд алим өгөх гэсэн юм гэвэл:
- Алим аа? Та намайг арай алим идэж үзээгүй гэж бодсон юм биш биз? гээд гайхаж байна.
- Юу л даа... би энэ алимыг олсон юм... гэхэд:
- Олсон гэнэ ээ? Тэгээд юу гэж? Би яарч байна гэж илт уурсангүй өгүүлээд эргэж харалгүй яваад өгөв.
Бүсгүй алимыг авсангүй. Исабеков аянганд ниргүүлсэн аятай араас нь харж хоцорлоо. Юу болсныг ч ойлгосонгүй. Улаан алимтай холбож цогцлоосон шидэт ертөнц гэв гэнэтхэн нуран балрах нь тэр. Толгой унжуулан байраадаа гэлдрэв. Сэхээ ороод далайж байгаад алимаа шидчихэв. Алим хаана ч юм бэ хана мөргөн түгхийн уналаа.
Эл хуль гудамжаар манарсан мэт гуйван алхахад хаа нэг явах машин тэрэг холуур өнгөрнө.
Дараа нь Исабеков хэд хэдэн бүсгүйтэй үерхсэн боловч хэнд ч улаан алим өгье гэж бодсон удаагүй. Тэд ч авахыг хүсээгүй...
Гэвчиг эргээд дурсах нь ээ, нэг л бүсгүй насаараа түүнээс улаан алим нэхсэн нь түүний эхнэр Сабира юмсанж. Намрын налгар өдөр алимын цэцэрлэгийн захад суух ахуйд ийм бодол харван орж ирэв.
Оройдоо охиноо дагуулаад харилаа. Харанхуй нөмөрч, алсад хотын гэрэл анивалзана. Машинтайгаа шаргал навчист хучигдсан гудамжаар аажуухан урагшлав.
Тамхиа гаргаж, асаагуураа шархийлгэн асаахад Анар улаан алимаа барьж байгааг харлаа.
- Алимаа идээгүй юм уу? гэж асуувал:
- Идээгүй ээ. Ээждээ өгье гэлээ.
- Ээждээ юу? гэж лавлан асуухад хоолойд халуун нулимс торох шиг. – Тийм дээ. Алимаа ээждээ өгье.
Аав, охин хоёр ахиж ярьсангүй. Исабеков охиноо бодно. Жаахан ч гэсэн бүхнийг ойлгожээ. Үр нь үргэлж ийм л байгаасай. Улаан алимаа авахгүй гэж бүү хэлээсэй.
Исабеков захиа бичсэнгүй.
Өглөө унтаж байхад нь Анар аавынхаа ширээн дээр “Сабира, бид хоёр очлоо” гэсэн цахилгаан байгааг хараад үзгийг нь авч “Ээж ээ, биднийг тосоорой. Бид хоёр танд улаан алим аваачна” гэж тодхон нэмж бичлээ.
1985 он
Орчуулсан: Б.Гэрлээ