Бүтээн сүйтгэх технологийн зарчмууд
Бүтээн, сүйтгэх инновац номдоо профессор Клэйтон Кристэнсэн: Яагаад сайн удирдлагатай компани бүтэлгүйтдэг вэ? гэсэн асуулт тавьж байна. Тэрээр тэдний бүтэлгүйтдэг гол шалтгаан нь тэднийг салбартаа тэргүүлэх боломж олгосон менежментийн арга барил нь өөрөө эцэстээ зах зээлийг нь хулгайлдаг бүтээн сүйтгэх технологи боловсруулахад саад хийдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
БҮТЭЭН СҮЙТГЭХ ИННОВАЦ
Профессор Кристэнсэн одоогийн технологийг ашиглахад хамгийн үр бүтээлтэй менежментийн арга барил нь яагаад бүтээн сүйтгэх технологийг боловсруулах асуудал дээр ирэхээр сөрөг үр дагавартай байдгийг тайлбарлахын тулд Бүтээн сүйтгэх технологийн Дөрвөн зарчмыг хүрээг санал болгожээ. Эцэст нь тэрээр менежерүүд компанийнх нь ирээдүйн зах зээлийг эзлэн авч болзошгүй технологийг илүү үр ашигтай боловсруулахын тулд уг зарчмуудыг хэрхэн ашиглах аргуудыг санал болгосон байна.
Бүтээн сүйтгэх технологийн зарчмууд
1. Компаниуд тэсэж үлдэхийн тулд хэрэглэгчид ба хөрөнгө оруулагчдаас хамаардаг.
Иймээс компаниуд тэдэнд хэрэгтэй бараа, үйлчилгээ ба ашгаар хангах ёстой. Ийнхүү хамгийн сайн ажиллагаатай компаниуд хэрэглэгчдэд нь хэрэггүй үзэл санааг устгах боловсронгуй системтэй байдаг. Үүний үр дүнд эдгээр компаниуд бүтээн сүйтгэх технологид зохих хэмжээний хөрөнгө оруулахад бэрхшээлтэй – хэрэглэгчид өөрсдөө хүсээгүй тохиолдолд бага ашигтай боломжууд хэрэггүй. Хүсээд эхлэх үед хожимдсон байдаг.
2.Багавтар зах зээл том компанийн хувьцааныхаа үнийг дэмжих, ажилтнууддаа дотоод боломж олгох гэх мэт өсөлтийг шаардлагуудыг хангадаггүй бөгөөд амжилттай компаниудад өсөлт хэрэгтэй байдаг. Тэд өсөлтийнхөө хурдцыг заавал түргэсгэх албагүй боловч түүнийгээ барьж байх ёстой. Тэд томрохын хэрээр өсөлтийн хурдцаа зүгээр л хадгалахын тулд улам бүр их шинэ орлого хэрэгтэй. Иймээс тэд одоохондоо шинэ, арай жижиг боловч ирээдүйд өргөжин тэлэх зах зээл рүү ороход хүндрэлтэй байдаг аж. Өсөлтийн хурдцаа хадгалахын тулд тэд томоохон зах зээлд төвлөрөх ёстой.
3. Байхгүй зах зээлд анализ хийх боломжгүй.
Зах зээлийн нарийн судалгаа ба цаашид дагаж мөрдөж хэрэгжүүлэх сайн төлөвлөлт бол сайн менежментийн ялгарах онцлог мөн. Гэтэл хөрөнгө оруулалтын процесст нь зах зээлийн хэмжээ ба санхүүгийн өгөөжийн талаар тоон үнэлгээ шаардагддаг компаниуд зах зээлд орохын өмнө бүтээн сүйтгэх технологитой тулгарах үедээ гацаж саатдаг бөгөөд учир нь одоохондоо байхгүй зэх зээлийн талаар өгөгдөл шаардлагатай болдог.
4. Технологийн нийлүүлэлт зах зээлийн эрэлттэй тэнцүү биш.
Хэдийгээр бүтээн сүйтгэх технологийг анхнаас нь жижиг зах зээлд ашигладаг боловч цаг хугацаа өнгөрөхөд үндсэн зах зээл дээр өрсөлдөх чадвартай болно. Энэ нь технологийн дэвшлийн хурдац үндсэн хэрэглэгчдийн хүсдэг буюу хүлээн авч чадах сайжруулалтаас давах нь олонтоо. Үүний үр дүнд өнөөдөр үндсэн хэрэглээнд байгаа бүтээгдэхүүнүүд эцсийн дүндээ үндсэн зах зээлд шаардлагатай бүтээмжээс давдаг бол үүний сацуу үндсэн зах зээл дэх хэрэглэгчдийн хүлээлтэд өнөөдөр нийцэхгүй байгаа бүтээн сүйтгэх технологи маргааш өрсөлдөх чадвартай болж магадгүй. Хоёр буюу түүнээс олон бүтээгдэхүүн зохих бүтээмжийг хангаад эхэлмэгц хэрэглэгчид сонголтын өөр шалгуурыг ашиглаж эхэлнэ. Энэхүү шалгуурууд гол төлөв найдвартай, эвтэйхэн чанарууд ба хямд үнэ рүү чиглэдэг ба эдгээр нь шинэ технологийн давуу талаа харуулдаг чанарууд юм.
Шинэ технологитой ажиллахдаа менежерүүдийн гаргадаг томоохон алдаа бол тэд бүтээн сүйтгэх технологийн зарчмуудтай тэмцэх буюу давж гарахыг оролддог явдал юм. Дэмжих технологийг ашиглах үед амжилтад хүргэдэг менежментийн уламжлалт арга барилыг бүтээн сүйтгэх технологид ашигласан тохиолдолд заавал бүтэлгүйтэлд хүргэдэг гэж профессор Кристэнсэн онцолж байна. Түүний хэлснээр, голдуу амжилтад хүргэдэг илүү үр бүтээлтэй арга зам бол бүтээн сүйтгэх технологи дээр хэрэгждэг байгалийн хуулиудыг ойлгож, түүнийг шинэ зах зээл ба шинэ бүтээгдэхүүн бүтээхэд ашиглах явдал мөн. Бүтээн сүйтгэх технологийн динамикийг ухаарсан тохиолдолд л менежерүүд өмнө нь нээгдэж буй боломжуудыг үр ашигтай ашиглаж чадна.