Бурхны бүтээлүүд амиа алдаж байхад бид яахин гар хумхин суух билээ?
Бурхан багш хутагтын дөрвөн үнэнийг танихын өмнөхөн, ордноосоо гармагцаа хорвоогийн дөрвөн үнэнийг харсан гэдэг юм.
Бурхан багш хутагтын дөрвөн үнэнийг танихын өмнөхөн, ордноосоо гармагцаа хорвоогийн дөрвөн үнэнийг харсан гэдэг юм. Төрөх үнэн, өвдөх үнэн, өтлөх үнэн, үхэх үнэн. Дараа нь төгөлдөржүүлээд “Зовлон буй нь үнэн, зовлонгийн шалтгаан буй нь үнэн , зовлонгоос ангижрах нь нь үнэн, зовлонгоос гэтэлгэх зам мөр үнэн” хэмээн айлджээ. Харин эмч нар бол хөөрхий бясалгагч, виваангирдич, цовлуулагчийн алийг шүтдэгээс үл хамаарч хүний өвчин хэмээх зовлон хийгээд түүний шалтгааныг арилгаж, ангижируулахын төлөө явдаг хүмүүс билээ. Харин зовлонгоос гэтэлгэсний дараах нь бурхны өөрийн хэрэг болой.
АУ-ны доктор, профессор, хүний гавьяат эмч З.Мэндсайханы орчуулсан Оросын зохиолч, эмч В.В.Вересаевын "Эмчийн тэмдэглэл" номыг нь анх хэвлэгдэхэд авч уншаад амтанд нь орчихож билээ. Энэ ном гурав дахь удаагаа хэвлэгдсэнийг бодоход хүмүүс нэгэн адил их л шимтэн уншиж байгаа хэрэг. Оросын анагаахын сургуульд суралцагчдад уг номыг заавал уншуулдаг гэдэг. Гэхдээ энэ номыг эмч гэлтгүй хүн бүр уншвал зохих ном билээ дээ. Яагаад гэвэл, муу ёрлож байгаа юм биш, өвдөх нь үнэн учраас.
З.Мэндсайхан эмч энэ удаа мөн л дурдан буй номтой адил агуулгатай “Америк эмчийн тэмдэглэл”-ийг орчуулжээ. Энэ тухай сонсоод тэсэлгүй номын тухай асуусанд “Хоорондоо 100 жилийн зайтай гарсан ном гэхэд эмч нарын “зовлонд” онцын ялгаа гараагүйг л харуулсан ном юм даа” гэж байх юм. Өнөө нарийн компьютер, техник, нарийн оношлогооны аппаратууд олноороо гарсан хэр нь шүү дээ! Дээр нь хоёр ч дайн, дэлхийн хүн амын талыг хамарсан хаалттай улаан хядлагын туршилтын хуаран, түүнтэй өрсөлдсөн “нөгөө лагерийн” заримдаа бурхны тааллаас гажиж, өөр арьстанаас эхлээд боолчлогдсон хүмүүс дээр хийгдсэн асар олон “хүмүүнлэг бус” туршилтын үр дүнд бий болсон анагаах ухааны үсрэнгүй ололтын дараа..! Нэгэн зууны өмнөх Оросын хөдөө тосгоны эмч хийгээд өнөөгийн дэлхийд алдаршсан анагаахын хүрээлэнгийн эмч хоёрын зовлон адилхан байна гэхээр л... Наад зах нь онош тавихын тулд анагаах ухааны бүхий л ололтыг шавхан ашиглалаа ч цаана нь эмчийн зөн совинг ашиглах орон зай цэлийж байдаг ажээ.
Индира Ганди “Энэтхэгийн 600 сая хүн бол улстөрчдийн хувьд 600 сая проблем юм” гэсэн гэдэг. Яг түүн шиг эмч нарын хувьд дэлхийн 7 тэрбум хүн төдий тооны проблем юм. Хэрэв дэлхийн 7 тэрбум хүнийг одоогоор бүртгэгдсэн 7000 гаруй төрлийн (би ингэж л сонссон шүү) нянгаар үржүүлбэл бас төдий тооны бэрхшээл эмч нарт тулгарна. Гайтай нь өнөө вирус нь бас АУ-аас өрсөж хөгжөөд байвал бүр ч их асуудал гарч ирэх нь тодорхой юм.
Жишээ З.Мэндсайхан эмч бид хоёрын танилцсан шалтгаан нь Монголд дэгдсэн “Н1N2” ханиадны вирустэй тэмцэхэд нь олон нийтэд туслахын тулд коммунизмын жилүүдэд дэгдэж байсан “H1N1” вирустэй тэмцэж байсан туршлагатай эмчийг хайж олоод ярилцлагад урьсанд байлаа шүү дээ!
Анагаах ухаан маш эрсдэлтэй шинжлэх ухаан ажээ. Зовлонд дийлдсэн хүмүүс итгэл алдрах нь амархан, тиймээс анагаахаас урваж латин бичигтэй, өвчний картаа далд хийгээд төвд үсэгтэй хадаг өвөртлөөд домч, бөө рүү гүйлдэх нь алга урвуулахын төдий болохыг өнөөдөр бид амьдрал дээр харж л байна. Гэтэл анагаах ухаан Монголд нэвтрэхдээ феодалын нийгмийн хоцрогдлыг түрэн унагаахад хамгийн гол үүрэгтэй оролцож байсан даа, яг боловсролын салбартай эн тэнцүү, заримдаа бүр илүү ч хэмжээнд... Коммунизмын сүүл үеийн кинонд монгол багш, орос эмч нар л муусайн пийдаалуудтай үзэл суртлын дайн хийж гардаг байв шүү дээ!
Сүүлийн жилүүдэд лусын хорлол, хараал, үйлийн үр, сэжиг зэрэг “шалтгаант” өвчлөлийн тоо нэмэгдэж эхэллээ дээ! Тэгээд аргаа барахад гүрэм бол ядаж дорнын анагаахын дөрвөн үндэстэй юм гэхэд үлээлгээд, шаруулаад, нулимуулаад, алгадуулаад эдгэдэг гэсэн итгэл үнэмшил тарж байна даа. Түүнээс арай наагуурх нь антибиотик бол үхэл, европ эм бол хор, сармис, зөгийн бал, архи гурвыг хольж уугаад мөнхийн хутгийг олж залуужна, “нэмэлт тэжээл” идээд эрүүлжинэ гэдэг болжээ. Бүр ханиадны бүх нян, вирусыг “усаар номхотгосон спиртээр” түлж алдаг гэж ойлгодог хүмүүс ч бий. Хүч нь дутвал жаахан перц нэмээд л болдог гэсэн. Наргиангүй “Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр” гэдэг үг амилж байна.
Чухамдаа ийм учраас энэ хоёр ном бол бидний эгэл жирийн хүмүүсийн ухамсарт эрүүл мэнддээ хандах хандлагаа хэрхэн зөв зүйтэй болгох вэ?, өвчнөөс салахын тулд эмчтэй хэрхэн хамтран ажиллах ёстой вэ? гэдгийг ойлгуулж суулгахад тунчиг тустай санжээ. Бодат байдлыг хүмүүс тэр бүр хардаггүй, жаахан бодоод үзэхэд бид үнэндээ хийсвэр төсөөлөл дунд амьдарч байгаагаа ойлгодог. Эмч хүн бүхнийг чадагч биш, ер нь эмчийн сүүдэр ч, суу алдар нь ч алдаа л байдаг болохыг энэ номоос уншина. “Хутгалсан уу? мэс засал хийсэн үү? гэдгийг ялгаж тогтоохын тулд “Эрүүгийн хууль” байдаг” гэж шоглон ярилцдаг ч үнэндээ гашуун ёгтлол л доо! Гэхдээ сая сая, тэрбум тэрбум хүнийг тэр “алдаанууд” аварч эмчилж байсныг ойлгоно. Өвчин бүрт үхнэ гэж юү байх вэ, бидний бие махбодь өөрөө “эрүүл мэндийн төвтэй” учраас заримдаа эмчийн алдааг засчихдаг байх.
...Үгүй тэгээд 20 жил буруу оношийн улмаас шаналж, найдлага алдаад байсан өвчтөнийг аврахад “за тэгээд.. тэгээд цааш нь... аанхаа, цааш нь... тэгээд...” гэх мэт үг их л тустай байсныг энэ номд бичсэн тухайд бол ярих ч юм биш. Бас энэ номд дурдсан судалгаагаар “Буруу онош тавигдсан 100 тохиолдлоос дөнгөж дөрөв нь мэдлэг мэрэгжил дутсанаас болсон байдаг. (Бас л итгэл төрүүлэхүйц статистик байгаа биз?) Гэвч эмч нар эмнэлзүйн шинжүүд мэддэггүйдээ бус танин мэдэхүйн логик дээрээ алдаа гаргадаг бөгөөд үүний улмаас бүх тохиолдлын 10-15%-д буруу онош тавьж байсан” гэсэн дүн гарсан байна. Энд л өнөө эмчийн авьяас, туршлага, зөн совин хэрэг болдог. Гэвч бүх эмч нар ийм төгс байж чадахгүй, наад зах нь дөнгөж төгссөн эмчид туршлага дутна. Ер нь энэ ном бол яг энэ 15 хувьд бүрнээ зориулагдсан гэж хэлж болно. Энэ өндөр хувь уу?
Харин бид З.Мэндсайхан эмчийн орчуулсан эмчийн цуврал тэмдэглэлүүдийг уншиж гэмээ нь энэ 15 хувийг ихээхэн хэмжээгээр багасгаж чадах юм шиг санагдсан шүү! Эмч нар өөрийн зовлон бэрхшээл алдааг тэр бүр хэлж, бичдэггүй. Тиймээс 100 жилийн зайтай энэ сэдвээр ний нуугүй бичсэн Орос, Америкийн хоёр шилмэл ном байна, түүнийг бас энэ номыг бичсэн хүмүүстэй яг адилхан сэтгэдэг монгол эмч орчуулан гаргажээ.
Нөгөө талаас өвчтөн бас өөрийн өвчний талаарх бүхий л нарийн мэдээллийг хэлэхээс янз бүрийн шалтгаанаар татгалздаг. Үүнд хамаг асуудал байна!
Олон багаж тоног төхөөрөмжүүд эмч өвчтөн хоёрын завсарт орчихоод, өвчтөнөөс эмчийг холдуулаад байгаад би харамсаад байх болчихлоо, өвчтөнөөсөө холдохоороо л эмч хүн жинхэнэ эмч биш болчихоод байгаа юм даа” гэсэн халаглал ихийг өгүүлнэ...
Тиймээс энэ богино өмнөтгөлийг энэ номын дотор буй “Бурхны бүтээлүүд амиа алдаж байхад бид яахин гар хумхин суух билээ?” гэсэн эшлэлээр гарчиглав. Бурхан ивээг!
Зочин
bagi
Таны нийтлэлүүдийг тогтмол уншдаг.
Зочин
хт
Зочин
Зочин