БУРХАНГҮЙ ГАЗАРТ
Хүмүүс хууртах дургүй юм биш, хууртснаа мэдэх л дургүй гэж энэ. Энэ явдлыг хойч үеэсээ тас нуусан төдийгүй, “Бурхан байхгүй тэр цаг үед нэг бумба галзуурсан” гэж ойлгогдохоор үлгэр зохион үлдээжээ.
БУРХАНГҮЙ ГАЗАРТ
болсон явдал
Бурхангүй газарт болсон явдал гэж байгаа. Тэндхийн хүмүүс “Бурхантай байх их зүгээр” гэж үзэх тул түүнийгээ байнга эрж хайх. Ерөөсөө тэнд Бурхан байгаагүй ч юм уу, байсан нь яваад өгсөн ч юм уу мэдэх хүн үгүй. Гэхдээ, Бурхан гэж нэг юм бий, тэр нь энд алга гэж үгүйлээд байсныг бодохоор тэр нь байсан ч юм шиг.
-Бурхангүй газарт Бумба галзуурна гэж үгтэй ч тэнд галзуурах ч бумба байсангүй.( Буддизм (Шарын ?) сулрахад бомбын буюу хөхийн шашин хүчээ авна гэсэн үг л дээ, уул нь) Байсангүй ч гэж дээ, хэрвээ байсан бол бурхан алга болмогц л галзуурах ёстой гэж үзээд л ингэж хэлж байгаа юм.
Гэтэл зарим нь Бумбын шашны нэрийг бумбан сав гэж ойлгоод түүнийгээ галзуурахаас болгоомжлон сэнжнээс нь гинжилсэн удаатай. Бүүр сониуч нэг этгээд “Манай энд угаасаа Бумбын шашин байсан биш, тийм болохоор жинхнээсээ бумба нь галзуурдаг ч юм билүү” гэж бодсон байна. Ингээд рашааны бумбаа хэрхэн галзуурахыг харах гэж суллан тавьсан, өдөөх маягаар согтоох гэж хатуу архи юүлсэн ч гэдэг. За энэ ч яахав? Үгүй ээ, яахав ч гээд орхих нөхөр биш, их учиртай амьтан, энэнээсээ болоод өөрөө Бумба хочтой ч болсон гэж байгаа. Сүүлд ярих нэг шалтгаанаар түүнийг Бурхан хайх ажилд оролцуулдаггүй байв.
Бурхан яг ямар байх ёстойг мэдэхгүй ч түүнийг цөхрөлтгүй эрж хайсаар байлаа. Энэ л бурхан мөн байх гээд нэг юм олоод ирэх боловч биш болоод дуусдаг байв.Бурхан ямар байх ёстойг мэдэхгүй боловч юу бурхан бишийг мэдээд байдаг.
Гэтэл нэг өдөр Бурхан өөрөө хүрээд сүмдээ хүрээд ирсэн байх нь тэр. Сонин шүү. Бурхангүй байсан ч сүмтэй байсан байх гээд байгаа юм. Нэг өглөө, заавал өглөө байдаг нь ч юу юм бэ, үд дээр ч юмуу сүмээ нээгээд үзтэл өнөөх нь гол шүтээний суудалд авираад гарчихсан заларч байсан гэдэг.
Түүнээс “Бурхан биш”-ийг батлах нэг баримт олдсонгүй. Зурмал нүүртэйгээс гадна, өөрөө гадуураа гоё гүнгэрваатай байсныг хэлэх үү? Зурмал нүд нь мөнхийн амгаланг, жимийсэн уруул нь ууч энэрэнгүйг илтгэнэ.
Баярлаж хөөрсөн сүсэгтнүүд түүний өмнө идээ будааныхаа дээжийг өргөн тавьлаа. Хэрвээ тэд Монголчууд байсан бол есөн үе тавгийн идээ засч, ууцаар шүүс тавьсан ч байж магадгүй. Гэтэл маргааш нь юу болсон гээч ? Өнөө их идээ будаанаас юу үлдсэнгүй.
Хүмүүс эхлээд Бурханд өргөсөн тахилын идээг хулгай авчээ гэж бодов. Ингээд, хэрдээ л "хэргийн газрын үзлэг" маягийн юм хийж. Хаалга үүд бат цоожтой, цонх гэхээр юмгүй. Хаалгачаас өөр хардуулах хүнгүй. Ингээд хөөрхий хаалгач хэрэгт ордгийн даваан дээр аврагдсан сонин юм болов. Гэмгүй амьтныг тэгж аварч байгааг бодоход сүмд нь биш юмаа гэхэд хаа нэгтэй Бурхан байсан байх гээд байгаа юм.
Сүмийнхээ хаалгачийг Бурхан яаж аварсан гэхээр хэхэрсэн. Яг ч Бурханы хэхрэлт гэх нь хаашаа юм бэ? Нөгөө гүнгэрваан дотроос хүн хэхрэх шиг болжээ. Балмагдсан олон түмэн “хэхрэх шиг болов уу” гээд чагнатал бүүр ч тодоор хүжигнэтэл хэхрүүлсэн байна. Нөгөө нэг “Галуу дуугарав уу даа гэтэл галуу л дуугарч байлаа” гэдэг шүлэг шиг юм болж. Хэхрүүлсэн төдийгүй залгуулаад “Бууббб” гэх чимээ гарч, хүн тийм чимээ гаргахад яадаг билээ, тийм үнэр ханх тавив.
Юу болсон гээч, хүмүүс Бурхнаа жигших, ядахнээ эргэлзэхийн оронд улам их итгэх болж “Амилсан бурхан” гэдэг үг ингэж гарсан түүхтэй.
Маргааш нь олон сүсэгтнийг бүр ч гайхшруулсан үйл явдал болов. Мөргөлөө хийж, хувь заяагаа даатгахаар ороод иртэл сүмийнх нь үнэр нэг л биш ээ. Бурхан нь сүмдээ баачихсан байжээ. Мэдээж, хүмүүс улам л их шүтэх болсон ба “Баастай бурхан” гэдэг үг анх ингэж гарчээ.
Тэдгээр хүмүүс анхнаасаа хэн нэгэн сайн санаатай, шударга үнэнч нэгнээ бурханд тооцож болох байсан ч хүмүүн бус шинжийг гол үзүүлэлт болгон Бурханаа эрсэн билээ. Гэтэл, мөнөөх олсон зүйлээс нь эгэл хүмүүний шинж илрэх тусам улам л их шүтээд байсан нь сонин шүү.
Бурхан нь сүүлдээ бүр хоолоо, хоолоо гэнээ өргөл идээгээ сонгож захиалдаг, сүсэгтний асуултад хариулдаг болсон байна. Гэхдээ, зарим нэг түвэгтэй сүсэгтэн эргэж ирээд таны айлдснаар болсонгүй гэж гомдоллоход “чи буруу дуулсан байна. Би тэгж хэлээгүй” хэмээн тас гүрийх. Харин хоолны захиалга дээр ийм асуудал огт гардаггүй, “миний захиалсан хоол яг мөн” гээд зооглоно. Мэдээж тэр хэрээр нутгийнхан бурхнаа улам л их шүтнэ.
Гэтэл өнөө, бумбаа галзуурахыг үзэх гэж архи юүлээд суллаж тавьдаг “хүнд гар” л гайхаад байж. Бурханых нь шинж хүнтэй ойртохын хэрээр тэр гайхаж байлаа. Тэд эхлээд өөрсөндөө байдаггүй бүхий л чанарын нэгдэл гэж ойлгоод Бурханыг хайсныг санаад байдаг. Гэтэл, хүнд байдаг хамгийн муу шинжүүд болох бусдын хөдөлмөрлөж олсон идээ будааг завшин идэх, улайм цайм хуурах зэрэг шинжүүд гарч ирэх тусам хүмүүс бурхнаа улам шүтээд байгааг тэр ойлгож ядна. “Бурхан”-ы төлөг ихэнхдээ бодит байдалтай зөрөөд байгаад хүмүүст хэлсэн боловч тоосонгүй.
Тоосонгүй ч биш ээ, тоосон байгаа юм. Яасан гэхээр, арай гэж олдсон, улмаар “амилсан” бас “баастай” бурхныг маань доромжиллоо гээд түүнийг салам гөвшөөд хаясан гэдэг. Бас “Бурхангүй газрын бумба галзуурдаг болохоос бурхантай газрынх тэгдэггүй юм. Муу бумба минь ” гэж сургахаа ч мартсангүй. Зүгээр ч нэг “Бумба минь” гээгүй, “шувтарсан цагаан” гэж хүч нэмсэн байхыг ч үгүйсгэхгүй.
Аа нээрээ, сүүлд хэлнэ гээд мартсан байна, бумбаа галзууруулах гэж туршдаг “гар”-ыг яагаад Бурхан хайхад хавьтуулахаа байсан тухайд. Тэр яасан гэхээр бүх юмыг туршиж байж үнэмших гэдэг сониуч зантай нэгэн байв. Гэтэл Бурханыг туршина гэж хэний ч санаанд орохгүй учраас түүнийг ариун нандан шүтээний эрлээс хассан төдийгүй “бумба” хэмээн хочлох болов. Хасаад зогсохгүй, юм болгоныг туршлагаар батална гэж ярьдаг энэ нөхөр ер нь чөтгөр байхыг ч үгүйсгэхгүй гэлцдэг байж. Ингээд бодохоор, Бурханы шинжийг сайн мэдэхгүй ч, чөтгөрийг бол гадарладаг улс байж таараад байна, анхнаасаа.
Мөнөөх, сониуч гайхал “Бурхан”-ыг сэм сэм ажсаар олон юм мэдэж авлаа. Тахилын идээг гүнгэрваанаас сугаран гарч ирээд идэж байх юм гэнэ. Сүмийн буланд хүндрэхдээ яг хүн шиг үйлдэхээс гадна, заримдаа яахын аргагүй хоол нь хурцаджээ гэхээр сур харвуулж байжээ. (Жич хэлэхэд, хүмүүс бурханыхаа баасыг яасан тухайд бичих гэтэл үгс ичээд дүрсэлж эс хүчрэв) Гэвч түүний жинхэнэ царайг харж чадсангүй. Сонжин үзэх дуртай этгээд бол,
-Цаасан шуумал юм уу даа гэмээр амирлангуй багаа нүүрнээсээ огоот үл салгана. “Сэжигч хүн сониуч, сониучийн хэрээр таниач” гэгчээр тэр золиг ямар ч байсан “баг өмссөн нэг этгээд Бурхан болж тоглоод байна” хэмээн сэжиглэх болов.
Үзсэн харснаа мянга хэлээд нэмэргүйг мэдэх Бумбаа маань олны нүдэн дээр хуурамч бурхныг илчлэхээр шийджээ. Яасан гэхээр, өргөлийн рашааныг нь архиар сольжээ. Ямар уран аргаар, хэрхэн сольсныг бол мэдэхгүй. Ер нь нэг их уран арга орохгүй, шуудхан очоод юүлчихсэн ч байж мэднэ.
Ингээд өргөл мөргөлийн цаг болоод сүсэгтнүүд ороод иртэл "Бурхан" нь гүнгэрваанаасаа гарчихсаан шалан дээр нойрсож байв. Нойрсох ч юу байхав, уусан архиндаа “кадр тасарсан” хэрэг. Хачирхалтай нь амирлангуйн багаа тайлаагүй аж.
Сониуч Бумба олны өмнө гарч ирээд
-Та нар юу шүтэж байснаа одоо харж авцгаа гэв. Баг өмссөн зальт архичин өөрийгөө Бурхан хэмээн биднийг хуурчээ. Сорьж шалгахыг эсэргүүцээд байвал ийм л юм болдог гэж зоригтой хэллээ.
Гэвч хүмүүс түүнийг үзээд юун жигших, эргэлзэх вэ? Харин ч улам ихээр шүтэх царайтай, нөгөө ууж идэх, бааж шээхэд нь тэгдэг шигээ юм болов. Нэг хэсэг нь согтоод унасан “бурхан” харснаа хувь тавилангийн бэлэг, аз заяа гийснээс болсон үзэгдэл аятай ойлгоод шууд залбирч мөргөж байх ч шиг. Хэрвээ дараахь үйл явдал өрнөөгүй бол нөгөө “баастай бурхан” энээ тэрээ дээрээ “Согтуу бурхан” , “Каадр тасарсан Бурхан”, “шартсан Бурхан” гэдэг хэллэг нэмэгдэх байсныг үгүйсгэхгүй.
Ингээд нэгэнт шийдсэн Бумба хүүе гэхийн завдалгүй гүйж очоод "Бурхан"-ы багийг хуу татлаа. Яг үнэндээ бол шууд хуу татаж болоогүй учраас хэд хэдэн хэсэг болгон урсан гэдэг. Яасан гэхээр, тэрхүү амирлангуй, өршөөнгүй гэгээн төрхтэй багийг бүүр улаан нүүрэн дээрээ цавуудаад наасан учраас арга буюу уржээ.
Хурсан олон агшин зуур алмайран намгүм болов. Шинжлэх ухааны хэлээр бол гүн шоконд оржээ. Даанч шинжлэх ухаан гараагүй байсан учраас хүмүүс шоконд орсноо мэддэггүй, зүгээр л айхавтар алмайрч байна даа гэж бодоод өнгөрдөг цаг байж.
Багны цаана хэн байсан гээч. Чөтгөр! Сонин шүү, бүгдээрээ түүнийг чөтгөр гэдгийг хараад л мэдэж. Тэгэхээр Бурхангүй газрынхан чөтгөрийг бол сайн мэддэг, эргэн тойронд зөндөө учирдаг байсан болж таараад байна. Арай... за энэ ч арай хэтрэх байх аа!
Чөтгөрийг танихгүй шүтэж байсандаа хүмүүс их ичжээ. Уурссан хүмүүс гартаа юу дайралдсныг бариад дайрлаа. Чөтгөр лүү биш ээ, өнөөх Бумбад хамаг уураа гаргалаа. “Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй” гэдэг үг эндээс гарчээ. Харин хожим хойно “Үхэр унасан хүнд нохой өшөөтэй” гэсэн мөр нэмэгдсэн байдаг. Уг нь тэнд үхэр, нохой хоёрын оролцоо ёстой байгаагүй гэдэг.
Ичсэн олон уурандаа Бумбыг зодсоор байгаад алчихсан байна. Мэдээж, “ичсэн хүн хүн ална” гэдэг уг тэгж гарчээ. “Айсан хүн адуу үргээнэ” гэдэг нэмэлт харин ч бодит шалтгаанаар тэр хэллэгт нэмэгдсэн байдаг, өмнөхөө бодоход. Сүм дотор болсон үймээнээс айсан хүмүүс гэнэт гүйж гарч ирээд, уяатай морьд нь тэднээсээ үргээд бөөн юм болсон гэдэг.
Бумбыг зодож цааш нь харуулсан хүмүүс “Бурхан” дээрээ эргэж, мөнөөх хуурамч чөтгөрийг гөвшихийн оронд горьдон сүсэлсэн царайгаар уранхай багийг нь эргүүлэн наахыг оролдож байсан гэдэг. Ер нь ч хүмүүс өөрсдийг нь хуурсан чөтгөрт биш харин хууртаж явааг нь илчилсэн Бумбад л хорссон юм. Хүмүүс хууртах дургүй юм биш, хууртснаа мэдэх л дургүй гэж энэ.
Харин чөтгөр яасан гэхээр эвтэйхэн сууж байгаад багаа наалган гүнгэрваандаа эргэн суувал арван, зуун, мянган жил шүтэгдэх боломжтой байтал тэгсэнгүй. Үлдсэн багаа хуулж хаяад “Боллоо. Хэрэг бүтлээ. Явах минь” гээд бослоо.
Айх ичих ч арын юм болж, нэгэнт цайрсан сүсэгтнүүд
-Та үлдээч. Чиний чөтгөр байх хамаагүй. Хэрвээ чи явчихвал бид шүтэх юмгүй болчих гээд хэмээн улайм цайм үнэнээ хэлээд гуйсан байдаг.
Харин чөтгөр
-Би зөвхөн Бурхантай газар л байдаг юм. Тэр энд байсан учраас би ирсэн. Та нар түүнийгээ сая алчихлаа. Энд би илүүднэ гээд уул даван оджухай.
Харин хүмүүс энэ явдлыг хойч үеэсээ тас нуусан төдийгүй, “Бурхан байхгүй тэр цаг үед нэг бумба галзуурсан” гэж ойлгогдохоор үлгэр зохион үлдээжээ. Түүгээр ч барахгүй Чөтгөр сүмээс гарахдаа “Та нар энд байхад миний хэрэг гэж юу билээ” гэсэн тухай золбин яриа ч явж байдаг. Ийм л явдал болж.
Гунигт энэ түүхийг “... ийнхүү, амар сайхан жаргаж ээ” хэмээн төгсгөх боломжгүй тул үлгэр бол биш гэдэг нь харагдаж байна.
2023.01.11