Б.ЦЭНДДООГИЙН ГУРВАН НОМ
Нийтлэлч, зохиолч Б.Цэнддоогийн гурван бүтээл нэг дор хэвлэгдэн худалдаанд гарлаа. Хамгийн эртнийх нь 1996 онд, хамгийн залуу нь 2012 онд тус тус уншигчдын ширээн дээр очсон гурван бүтээл тухай бүртээ хэдэнтээ хэвлэгдсэн ч зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байгаа учир хавтсыг нь шинэчлэн дахин хэвлэлээ.
Ерээд оны Тунгалаг Тамир
Монголд ардчилсан нийгэм тогтож, зах зээлийн харилцаанд шилжиж байх үеийг Тунгалаг Тамир романы үйл явдалд тулгуурлан элэглэл егөө хэлбэрээр бичсэн Б.Цэнддоогийн тууж зургаа дахиа хэвлэгдлээ. 1996 онд анх уншигчдын гарт хүрсэн дороо хүн бүрийн амны уншлага болж, өгүүлбэр өгүүлбэрээрээ эшлэгдэж байсан энэ туужийг 30 орчим жилийн хойно дахин уншихад өмнөхөөсөө огт өөр сэтгэгдэл төрүүлэх ажээ. Өнөөдөр ой ухааныхаа мухрыг хэрэг болгон нэгжвэл нэхэн санах нийгэм, улс төрийн олон үйл явдлыг элэглэл, хошигнол, сарказмаар кодлон хадгалжээ гэмээр санагдана. Жишээ нь: “Гэрэлийг дотогш ороход Итгэлт, Довчин хоёроос гадна бас нэг сахалгүй хүн Хятад-Монгол ярианы дэвтэр «гарчиглан» сууна. ...Гэтэл энэ үеэр пүүсийн дэд данжаад ирлээ. Энэ данжаад мөнөөх сахалгүй хүнийг онцгойлон үзэж:
- Өө! Бандийт даргаа! Жа та нар танирцацгаа. Бандийт даргаа гуай их тусч көөн. Саяын тэр тогтоорд таны оруурж өгсөн заарт манай тун их хэрэг борсон шүү. Өө Оюунбураг ажаа яагаа ирээгүй ээ! Бидэнд гомдсоон биш ээ... өө... Энэ жирээс эхрэн манай их данжаад дөчий саяа бишээ, наяа саяыг жир бүр өгөхөөр борроо гэж Бээжингээс хэрүүрсэн...” гэж нэг амьсгаагаар дуржигнаснаа...”
Энд өгүүлснийг өдгөө санадаггүй юмаа гэхэд хуучны хэвлэл сөхөж харвал ийм нэгэн явдлын тухай хэвлэлээр тарж, хэл ам таталж байсныг дорхноо олж уншина. Монголчууд цээжээр шахам мэддэг Тунгалаг Тамир романы үйл явдал дундаас өнөөдөр бид бүгдийн хэдийнэ танил болсон олон хүнтэйгээ таарна. Гэхдээ зохиогч “Энэхүү хошигнол туужийн зохиомж нь бодит амьдралаас сэдэвлээгүй бөгөөд ямар нэгэн явдал, хэн нэгний нэр танил санагдвал «таньд л санагдсан» хэрэг болно. Аль хачин юм санаанд орохыг тэр гэх вэ, тийм ээ” хэмээн сануулсныг байн байн санаж уншаарай.
Түүнчлэн “Сүрэн Хонгорт гараа өгсөн тухай мэдээ Халуун хөнжил-д нийтлэгдэж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын бүтээлч хөдөлмөрчид «Ням өвгөн ч азтай хүн юм аа», «Тэгж яваад азаартах биз дээ», «Итгэлт зуун саяын зээлтэй хүн, ганц хүүгээ долоо шатсан ганзагчинд өгөхгүй», «Хүний зээл хүнд наалдахгүй» хэмээн ярилцах боллоо. Должин ганц хүүгээ ядуу гуйлгачны охинд сайн болсонд дотроо бухимдавч Итгэлтээс айж, түүний дургүйг хүргэвэл Галсанг ноолууранд хөөж явуулчхаад Дулмаатай бааранд суучихдагийг нь мэдэх тул дэмий л амыг нь харна” хэмээсэн нь ерээд оныг тун чиг тодхон сануулна. Энэ мэтээр таны сэтгэлд тэр чигээрээ хадгалагдан үлдэх хошин саркастик хэлц, хэллэг бүхий өгүүлбэртэй хуудас болгонд таарна гэдгийг батлан хэлэх байна.
Голын тэртээх гацааны хавар
Тав дахиа хэвлэгдэж буй Б.Цэнддоогийн энэ номд хоёр хошин тууж багтдаг. Голын тэртээх гацааны хавар хөдөөх сургуулийн дотуур байрны хүүгийн амьдралын зурвас хэсгийг өгүүлнэ. Хүүхэд бүрийг яг адилхан, тэгсэн мөртөө өв тэгш хүн болгон хүмүүжүүлэх уриа лоозонтой байсан социализмын жилүүдэд үзэл суртлын тоос суугаагүй сэтгэл ухаанаар эргэн тойрноо танин мэдэж буй жаал хүүгийн амьдралыг хошиноор өгүүлсэн. Гэхдээ дан ганц элэглэл, хошигнолоор дүүрээгүй гэдгийг нь онцлох ёстой болов уу. Хоржоонтой сэтгэлгээний булаг мэтээр бидний олонх төсөөлдөг Б.Цэнддоо энэ тууждаа анхны дурлал, анхны үнсэлтийн тухай өгүүлсэн нь уянга уярлаар дүүрэн... “Би дурлачихжээ. Ямар ч захиа, найз нөхдийн зөвлөгөө, сайхан охидыг сэтгэлдээ уралдуулах илүүц ажилгүйгээр дурлал гээч юм дүн өвөл, голын хүйтэн мөсөн дээр, юу нь хөөрхөн нь мэдэгдэхгүй ч ерөөсөө дур булаам ягаан хацартай охиноос «Энэ том төмрөө өгөөч? Би одоохон буцаагаад өгье» гэж гуйх тэр тэр агшинд...” түүнийг гүйцээд ирсэн ажээ. Голын тэртээх гацааны хавар-ыг чимэглэсэн зураач, барималч М.Чимэддоржийн бүтээлүүд ойрх жилүүдэд олон харагдахаа больсон мэргэжлийн өндөр түвшний ажил гэдгийг бас заавал хэлэх ёстой. Нөгөө нь Отто, орчуулагч, бид гурав нэрт тууж. Албан томилолтоор Монгол нутагт анх удаа хөл тавьсан герман эр талын нүүдэлчин малчдын амьдрал ахуйтай танилцсан хөгжөөнтэй түүх. Бодит явдлаас сэдэвлэсэн энэ туужаас монголчуудын унаган араншинг ямар нэг нэмэр хачиргүй, элдэв будаг шунхгүйгээр олж харна.
Өвөл, хавар
Зохиолч Б.Цэнддоо “Би энэ номыг бичив үү, эсвэл энэ ном надаар өөрийгөө бичүүлэв үү” хэмээн өмнөх үгтээ бичжээ. Гурав дахиа хэвлэгдсэн энэ бүтээлийнхээ нэрэнд “Голын эргийн өвөлжөөний хавар” гэдэг тодотгол зүүсэн байна. Тэгэхээр Өвөл, хавар бол Голын тэртээх гацааны хавар-ын үргэлжлэл гэж ойлгогдоно. Дундаас дээш насны монгол уншигчид хааяахан дурсан санах дуртай социализмын жилүүдийг элэглэл хошигнолоор өгүүлсэн эл бүтээл ямар нэг үйл явдлыг эхнээс нь төгсгөл хүртэл хүүрнэхгүй, харин хэзээ ч санаанаас гардаггүй хачин сонин үзэгдлийг цохон тоочсон бичлэгтэй. Уншигч хэрэвзээ социализмын жилүүдийн зах зухаас үзсэн бол уг зохиолын зарим хэсгийг өөрөө үргэлжүүлэн “бичсэн” ч болно. Б.Цэнддоо “Би энэ номыг бичив үү, эсвэл энэ ном надаар өөрийгөө бичлүүлэв үү” гэж өмнөх үгтээ бичсэн шиг таны дурсамжийн арвин сан дотор номд өгүүлсэнтэй ижил төстэй явдал ганц нэгээр тогтохгүй гарцаагүй олдоно. Харин тэр нэгэн үеийг огт мэддэггүй уншигч социализм гэж солгой нийгмийн талаар уншиж үзээд хаа ч байх боломжгүй хачин гаж сонин үлгэрийн ертөнцөөр аяласан мэт санагдана. Энэ номын чимэг зургийг мөн л зураач, барималч М.Чимэддорж хийсэн нь зохиолын үйл явдлыг үнэнхүү чимэж байна.