"Болорцомчид"-ыг аврах боломж байна уу?
"Болор цом" шүлгийн наадам энэ өдөр зохиогдож буйг тохиолдуулан 2017 онд Үндэстний ТОЙМ сэтгүүлд 2017 онд нийтлүүлсэн нийтлэлээ хуваалцаж байна.
“Болор цом” болдгоороо л боллоо, “Балар цам боллоо”, “Балар замд орлоо” гэх мэт явган ярианаас эхлээд сонины нийтлэл хүртэл хоорондоо хэвлэсэн юм шиг адилхан, хов суурьтай шүүмж сүүлийн хэд хоног хөвөрлөө. 37 жилийн түүхтэй энэ шүлгийн наадмыг ийм шүүмж тасралтгүй дагаж ирсэн. Цаашдаа ч дагах биз. Гэхдээ эдгээр шүүмжүүд хоорондоо тун ч адилхан, хорин жилийн өмнө ч юу хөндөж байсан, тэр янзаараа байгаа нь харамсалтай юм. Магадгүй энэ нь “Болор цом” хэмээх наадам түүхэн явцдаа огтоос өөрчлөгдөлгүй явж ирсэнтэй ч холбоотой биз.
Тэгэхээр “Болор цом” гэж ер нь юу юм, орчин үеийн модон үгээр “Ямар зорилго, зорилттой арга хэмжээ юм” гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй болж байна. Ингэхийн тулд хоёр асуултад хариулах хэрэгтэй болно. Нэгт, шүлэг гээч зүйлийг тайзан дээрээс унших нь хэр тохиромжтой эд вэ? Хоёрт, шүлгийг уралдуулж, шүүх нь хэр зохистой юм бэ?
Шүлэг гэдэг тайзнаас уншдаг урлаг уу?
Шүлэг бол хүний сэтгэлийн дотоод дуу хоолойг илэрхийлдэг, үгийн урлагийн хамгийн өндөр чадвар шаарддаг, “эмзэг” төрөл. Чанга дуугаар, эсвэл үзэгчдэд зориулсан тайзны ярианы техникээр уншиж хүнд хүргэх нь тэгэхээр шүлгийн төрөх нөхцөл, түгэх зориулалтаас тэс хөндлөн зүйл. Өндөр чадвартай шүлэгчийн бүтээсэн драмын жүжиг, тухайлбал Ульям Шекспирийн жүжгүүд, Монголдоо буулгаж хэлбэл Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлэглэн бичсэн түүхэн эмгэнэлт жүжгүүдийн тухайд бол өөр түвшний, өөр нийлмэл урлагийн тухай асуудал болно.
Яруу найрагч Ц.Хулангийн “Ирээдүй анирдахын бадаг” хэмээх шүлгийн
“...Ирээдүйгээс би
Илиадыг хол давсан Гэсэр, Жангарын туулиа нэхнэ
Их засаг тохинуулсан чин шударгуу хуулиа нэхнэ
Дэлт найман шарга шиг хурдтай байхыг хүснэ би,
Дэлүүн болдогт залсан шиг хаантай байхыг хүснэ ээ
Халхын саруул тал тэнгэрийн хаяатай сүлэлдэж
Харцгайн дэвэлт шиг саран энгэрийн зүү мэт таширлана
Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ би,
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ ээ...” гэсэн гал цогтой мөрүүдийг цааснаас унших гэхээсээ тайзнаас олж сонссон нь илүү хүнд хүрэх нь ойлгомжтой.
Харин Ц.Хулан найрагчийн
“Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад . . .
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан . . . “ гэсэн мөрүүдийг “Болор цом”-ын тайзнаас сонсож байна гээд төсөөлөөд үзээрэй. Лав ойлголт, алга ташилт дагуулах нь юу л бол. Харин их хотын чимээ шуугиант амьдралд дөжирч, холгосон хөлөө амрааж суухдаа сонингийн зах, номын хуудаснаас ч юм уу олж харвал сэтгэлийн угт ямар нэг гэрэл харван орж ирнэ. Магадгүй амьдрах урам зориг төрөх байх шүү. Ц.Хулан найрагчийн “Хаврын дуу” гэдэг бас нэг сайхан шүлэг бий:
“Идэрхэн танхилхан нас минь надад ирэхгүй
Ийм л хаврын ногоо шиг хөлийн доор ургахгүй
Инээд алдан өөдөөс чинь гэнэт харах минь давтагдахгүй
Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийнх шиг үлээхгүй
Хайрлах юм бол намайг одоо л хайрла
Хар үсний минь долгионд хөл алдаж
Харцны минь эргүүлэгт намрын навч шиг унаж
Хаалганы минь гадаа харуулын цэрэг шиг зогс
Би яг л энэ хавар шиг, хаврын ногоо шиг
Билгийн цэнхэр тэнгэртээ ирж яваа шувуу шиг
Бидэртэн урсах гол мөрдийн урсгал шиг
Би бийр нь үгүй зурагдсан сонгодог нэгэн бүтээл шиг....” хэмээн эхэлдэг энэхүү шүлгийг тайзан дээрээс нэгэнтээ сонсож өнгөрөхөд ер сэтгэгдэл төрөөгүй санагдана. Гэтэл хаа нэгтээ шугамын радиогоор уншихыг нь ганцаар таарч сонсоход сэтгэл хөдөлж билээ. “Болор цом”-ын тайзнаас Ц.Хулан найрагч шүлэг дуудахыг олонтаа сонссон. Харамсалтай нь ганцаар сэлүүн суух цагтаа “Хаврыг дуу”-г ганц сонссоноос илүү сэтгэлд хүрсэн нь үгүй. Тайзны шүлэг, жинхэнэ шүлэг хоёрын ялгаа энэ.
Олонд ихээхэн түгсэн М.Билэгсайханы “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг” гэж бий.
“...Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Хэл нь тагнайгаа олохгүй тульдчиж
Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын үг урсгаж халаасыг нь битгтй хоосол оо
Янагын захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь
Яахав дээ хөөрий шараа тайлах юмыг нь үлдээ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ...” хэмээн эхэлдэг уг шүлэг цааш уртын урт 46 мөр үргэлжилнэ. Эр хүнийг хайрлах тухай, түүний гаж зуршил, гаргасан алдааг өршөөх тухай улиглан өгүүлнэ. Сонсоход нээрээ ч амьдралдаа түүртэж яваа эр хүнийг муусайн хүүхнүүд арай л чангалдаг шүү гэсэн санаа төрнө. Сэтгэлийн хөдөлгөөнтэй хүнд бол омогшил төрөх ч магадлалтай. Гэтэл үүнээс цааш ухаарал уншигч эсвэл сонсогчиддоо өгч байна уу гээд үзээд өгье гэхнээ үнэндээ алга.
Тэгвэл яруу найрагч Г.Аюурзанын эр хүний тухай нэгэн шүлгийг уншаад үзье л дээ.
“Гарыг минь хүйтэн гэв үү
Зүрх минь хав халуун
Хөрөхөөс нь өмнө тасдаж идмээр халуун
Хуруу минь чичирч байна уу
Хуйлран хүрхрэх далай
Төвдөө нам гүм биш үү.” Ингээд л болоо. Энэ богинохон шүлэг юу өгүүлнэ вэ? Бардаагаар ойлгох гээд үзье. Ямартай ч хүйт даасан гартай, зүрх сэтгэл нь шатаж яваа хүн байна. Уурласандаа ч юм уу, сандарсандаа ч юм уу, хуруу нь чичирч байгаа аж. Гэхдээ хуйларч байгаа далайн гүн дэх нам гүм чанар энэ хүмүүнд бий гэнэ. Эр хүний мөн чанар биш гэж үү? Бидний монгол эр хүнээс нэхдэг тэр чанар биш гэж үү? Шар тайлах юмыг нь үлдээ, Хааяа ч гэсэн хайрла гэж хагас зуу орчим мөр дамнан улиглах хэрэг алга. Ийм тав зургаахан мөрт л багтаагаад илэрхийлчихэж болж байна. Яруу найргийн амт шимт нь чухам үүндээ юм. Улиглан давтах, давтан магтахдаа биш, онож цэцлэх, гүн санааг үгийн утгын бүрхүүлд нуухдаа буй юм. Харамсалтай нь тайзнаас уншихад зориулсан, богино хугацаанд үзэгчдийг сэнхрүүлж, өөртөө татахад чиглэсэн шүлэгнээс энэ амин сүнс нь хийсэн арилдаг. Хэрэв тайзан дээрээс хэрхэн дуулдах бол гэсэн санаагаар үзгээ барьж үгийн үйл мэтгээд л эхэлбэл Инжинашийн хэлсэн шиг “Хүмүүний сэтгэлийг хөдөлгөх” бус “Хүмүүний сэтгэлийг хөөргөх” төдий үгэн цуваа л үүснэ гэсэн үг.
“Болор цом” хэмээх тайзнаа шүлэг дуудан уралдах наадам Монголын яруу найрагт гавьяа байгуулсан гэвэл цөөн хэдэн сайн найрагчийг олны танил болгосондоо л байх. Харин гай тарьсан гэвэл чухам дээр дурдсан шиг тайзны шүлэгчдийг төрүүлж, залуу шүлэгчдийн дотоодоо чагнах хүсэл сэтгэлийн галыг алга ташилтын салхиар унтраан, уриа дуудлага, гэнэн магтаалын шинжтэй усан шүлэг төрөх хүчтэй сэдэл болсондоо л буй юм.
Шүлгийг шүүж уралдуулах нь хэр зохистой вэ?
Шүлгийг шүүнэ гэдэг боломжгүй талаар шүлгийн тэмцээн шүүсэн хүн болгон хэлдэг. Гэхдээ ёс юм шиг шүүсээр байдаг нь хоржоонтой хэрэг шүү. Шүлгээ шүүлгэж цөхөрсөн нэгэн үеийн араас шүүлгэх шинэ үе төрөн гарсаар буй нь ч бас гунигтай хэрэг шүү. Үнэндээ шүлгийг шүүнэ гэдэг хүний сэтгэлийг жинлэж, хэмжихтэй агаар нэгэн боломжгүй, барьцгүй зүйл. Харин тайзны, усан шүлгийг таалж, шүүх түмэн боломж бий. Нунж дорой хүнийг хүн болгон шоглож, зугаа хийдэгтэй л адил юм даа. Тэгэхээр энэ завсар ашиг сонирхол, үзэл бодлын үй олон өнцөг гарч ирнэ. Тэр нь хүн бүхэнд таалагдахгүй. Таалагдах ч албагүй. Яруу найрагч Б.Галсансүхийн “Бас л завгүй” хэмээх яруу найргийн уншлага дээр, “Яруу найргийн уралдаан сүүлдээ уралцаан болж дуусдаг” гэсэн үг чухам эндээс л үүдэлтэй. Чухам эндээс л “Болор цом” мэтийн наадмыг тойрсон ижил загвартай, есөн жорын шүүмжлэл өрнөдөг. Тэгэхээр хэрэв шүлгээ нэгэнт шүүлгэе гэж зөвшөөрөөд, тайзан дээр гарсан бол яруу найргийн мөн чанарын эсрэг үйлдэл хийж байна гэдгээ ойлгочих нь зөв юм. Басхүү шүлгийг уралдуулж болно гэж үзээд, алга хорстол ташихаар суугаа үзэгч, сураг тавин хүлээгчид ч яруу найраг биш, яаруу шүлэг сонсоно гэсэн бэлтгэлтэй байсан нь зөв, аль аль талдаа амар юм.
Тэгэхээр одоо яадаг хэрэг вэ?
Монголд нэр алдарт хүрээгүй яруу найрагч ихэнхдээ 300 ширхэг ном хэвлүүлдэг. Алтаар үнэлшгүй авьяастан байлаа ч энэ л замыг дагасаар ирсэн. Бүр амьд ахуй цагтаа шүлэг бүтээл нь үнэлэгдэж амжилгүй тэнгэрт одсон Т.Содномнамжил, Д.Баттогтох, Д.Цогбадрах зэрэг билэгт шүлэгчдийн нэрсийг жагсаавал “Болор цом”-ын нэгийн давааны шүлэгчдээс хол урт цуваа гарна. Тэгэхээр, хэрэв “Болор цом”-оос уйдаж, гайхаж, хачирхаад суугаа бол захын номын дэлгүүр ороод яруу найргийн ном эргүүлээд харчих. Сэтгэл баясгах мөрүүд, шүлгүүд, номууд хангалттай олон таарна. Та таашааж, худалдаж авбал хаа нэгтээ нам гүмхэн шүлгээ бичиж яваа шүлэгчид дэм болно.
Орчин цагт медиа урлагийн хөгжлийг дагаад шүлэгчид цор ганц, өөрт тань зориулж шүлгээ уншдаг болсныг бас анзаараад харчихъя. Миний мэдэхээр сүүлийн жилүүдэд лавтай гарын 10 хуруунаас давсан шүлэгчид өөрийн бүтээлээ дуу шингээлгэж, цомог болгон хэвлэжээ. Хэрэв ном уншиж төвдөхгүй, зав таарахгүй бол үүнийг нь худалдаж аваад машиндаа сонсож явбал, “Болор цом”-ыг зорьж, хүлээж сэтгэлээ бачимдуулснаас арай л илүү таашаалыг авах нь магад.
Эцэст нь, бидний үнэлэн боддог олон уламжлал, үеэ өнгөрөөж, үнэ цэнээ алдаж буйн сонгодог жишээ нь “Болор цом” гэдгийг дурдъя. Нэг амиар 30 шүлэгчийн 50 гаруй шүлгийг сонсож, хожоо монжоо хийх санаа маань яруу найраг, оюун санааны ертөнцдөө гавьяа биш гай тарих болжээ. Угаас яруу найргийг нэг дор тийм олон өнгөөр мэдрэх боломж үгүй гэдгийг энэ хүртэл нуршсанаас минь ойлгосон гэж найдаж байна. Тэгэхээр, хамгийн товчхондоо, монгол яруу найргаа сонордон сонсох биш, уншиж ухаардаг болцгооё. Нүд үнэнч, чухал худалч гэдэг эртний үг бий.
Жич: Үүнийг бичигч нь “Болор цом”-д хоёронтоо оролцож, хоёр давж үзсэн шүлэгч бөгөөд, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн шинэхэн гишүүн, уран зохиолд шимтэн судлагчийн тоонд биеэ тооцож явдаг жирийн иргэн болно.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин