\Аугаа зүйл бүтээгч өвөгтэй монголчууд.\

Бэлчээрийн мал аж ахуй үнэлэгдэнэ, үгүйлэгдэнэ гэсэн нийтлэлийг гурван жилийн өмнө бичсэн, “Бодол эрэгцүүлэл“ номондоо оруулж хэвлүүлсэн. Хэсэг нөхөд минь монголчуудад хэрэгтэй чухал асуудал, дэлгэрүүлж бич гэдэг юм. Нөхдийн зөвлөгөөний дагуу бэлчээрийн мал аж ахуйг үнэлэх үгүйлэх ямар үндэс шалтгаантайг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах боломжийг судлах, холбогдох ном хэвлэл олж уншихад багагүй цаг зориуллаа. Биологи, геологи, хими, физик, түүхийн шинжлэх ухааны үүднээс тайлбарлах шаардлагатай юм байна.Гэтэл энэ талаар юуч мэддэггүй, санхүү, эдийн засгийн мэрэгжлээр амь зуусан надад ахадсан сэдэв болсон.Гэвч одоогоор надад олдоод байгаа 19, 20 дугаар зууны Оросын алдарт эрдэмтэн Климент Тимирязев, Владимир Вернадский, Лев Гумилев нарын нээлт бүтээлийн ном зохиолуудын заримыг уншлаа.

К. Тимирязев 1843 онд төрсөн, агроном, ботаникийн мэрэгжилтэй, биологийн шинжлэх ухааны нээлтүүд хийсэн эрдэмтэн юм байна.Фотосинтез, амьд орчин ургамалын зүйл нарны энергээр тэтгэгдэж байдаг, энерги хадгалагддаг хууль үйлчилдэг гэж үзжээ.Гэрлийн энергийн нөлөөгөөр ургамалын эд эсэд нүүрс хүчлийн хий биет эд болон хувирдаг.Өөрөөр хэлбэл амьгүй эд амьтай болдог. Ус, агаар, гэрлийн энерги ургамалыг тэжээдэг, түүгээр нь амьтад тэжээгдэнэ, бүгд нийлээд хүний хүнс болдог гэсэн дүгнэлт хийсэн юм байна.Үүнийхээ баталгаа болгож ургамлыг хөрсгүй, зөвхөн усанд ургуулдаг гидропоник гэх аргыг боловсруулж туршиж нэвтрүүлсэн байна.

В. Вернадский. 1863 онд төрсөн.Амьд эд эс судлаач эрдэмтэн.Биосфера буюу био орчны тухай онолыг зохиогч.“Биосфера ба ноосфера“ ном бичсэн.Үүнийг “Амьдын орчин ба ухаарлын орчин“ гэж орчуулахад болох байх.Ноосфера гэдгийг “дэлхий дээрх оюуны амьдрал гэсэн үзэл баримтлал“ гэж 1923 оны үед Францын нэг эрдэмтэн хэлж байсан гэдэг.

В. Вернадский ноосфера гэдгийг хойд үе судлах асуудал гэж үзэж байсан бололтой.Харин 82 насалж 1945 онд нас эцэслэх хүртэл хугацаанд биосферийн асуудлыг судалхад оюун ухаанаа зориулж амьдарчээ.

В. Вернадский: “Биосфер – амьдын орчины тухай хэлэхдээ: “Биосфера гэдэг бол сансар, гарагийн энерги амьд биетэд нөлөөлж байдаг орчин” гэжээ. Амьд организмууд хүрээлэн байгаа байгаль орчныг идэвхтэй өөрчилж байдаг. Тийм учраас амьдралын, амьдын орчин буюу биосфера бол сансарын организм юм. Амьд организм нь газар дэлхийн гадаргын химийн механизмд нөлөөлдөг тохиолдлын зүйл биш, харин дэлхийн гадаргыг бүрдүүлэхэд шууд нөлөөлдөг бөгөөд түүний салшгүй хэсэг нь болдог. Амьд организм нь газрын гадарга дахь бусад эдүүд, минералууд, уулын чулуудтай салшгүй холбоотой. Уулын чулуулагууд өөр дээрээ амьдралын ул мөрийг хадгалсан байдаг гэжээ.Хаана ус, агаар, газар хөрс нийлж холилдож байна, тэнд амьдралыг олж болно.” гэж байжээ.

Лев Гумилев.Хорь дугаар зууны Оросын Түүхч, Газар зүйч, Философич, Үндэстэн ястныг судлах шинжлэх ухааны эрдэмтэн бөгөөд Пассионари хэмээх онолыг бий болгож алдаршсан хүн байжээ.Пассионари онол, үндэстний тухай үзэл баримтлал, нүүдэлчин хүмүүсийн хүчирхэгжиж байсан түүхийг бичиж байсан нь тухайн үеийн зарим эрдэмтэд, эрх мэдэлтнүүдэд таалагддаггүй байсан үндсэн шалтгаанаар өнгөрсөн зууны 60-70-аад онд хэд хэдэн удаа баригдан хоригдож, ном зохиол нь мөн хоригдож байжээ. Түүний эцэг пассионари үзэлтэй Николай Иванович, алдарт яруу найрагч эх Анна Ахматова нарын бичиж байсан яруу найргийн зохиол, үзэл баримтлал өөрийг нь хэлмэгдүүлхэд бас нөлөөлж байсан бололтой. Гэвч Лев Гумилёв өөрийн эрдэмийн ажилдаа анхаарсаар, онол, үзэл баримтлалынхаа үнэнийг олон баримтаар баталсаар байсан бөгөөд 80-аад оноос хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн байдаг.

Лев Гумилёв Пассионари хэмээх онолоо: “Пассионари гэдэг бол өөрийн болон үр удмынхаа амьдралыг тэтгэж байхаас илүү аугаа үйл бүтээхийг эрмэлздэг хүмүүс“ гэж үзжээ.Энэ үзлийг нь Пассионари хүмүүс гэдэг бол “Аугаа үйл бүтээхийг эрмэлзэгч хүмүүс“ гэж ойлгож болно.

Аугаа үйл бүтээхийг эрмэлзэгч-Пассионари хүмүүс бий болоход сансар гаригаас газрын гадарга дээр ирдэг энерги нөлөөлдөг.Энэ энерги нь өвс ургамалын эд эсэд шингэж, улмаар түүнийг идсэн амьтадаар дамжин хүнд нөлөөлж, пассионари хүмүүс бий болдог гэж үздэг бөгөөд энэ онолоо эрдэмтэн В. Вернадскийн Биосферийн тухай онол бүтээлтэй холбон тайлбарласан байна.

Лев Гумилёв пассионари хүмүүсийн тухай онолоо хүн төрөлхтөний түүх, газар зүй, үндэстэн нарын түүхтэй холбож тайлбарласан нь сонирхолтой бөгөөд үнэмшилтэй болгодог байна.Тухайлбал пассионари хүмүүс дэлхийд хаана олноор гарч байсныг газар зүй, үндэстнүүдийн түүхээр олон жил судалсан байна.Тэр судалгааны дүнгээр үзвэл олон зуу, мянган жил бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байсан, эрхэлж байгаа Төв Ази, Монголын газар нутагт пассионари хүмүүс олон удаа тодорч байжээ.Тухайлбал, Он тоолж эхэлхээс 200 гаруй жилийн өмнөөс он тооллын 60-аад он хүртэл Хүннү үндэстэн хүмүүс, он тооллын 6–7 дугаар зуунд Түрэг үндэстэн хүмүүс, Он тооллын 13 дугаар зуунд Чингисийн Монголчууд пассионари хүмүүс байж Номхон далайгаас Каспи, Хар тэнгис хүртэлх газар нутгийг хамарсан хүчирхэг төр улсыг байгуулж, хүн төрөлхтөний түүхийг мэндлүүлжээ.Хүн төрөлхтөний 2 мянга гаруй жилийн түүхэнд бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, био орчинд хамгаас ойр амьдардаг хүмүүсийг зэрлэгүүд бүдүүлгүүд хэмээн доромжилж, ийм үндэстнүүд аугаа төр улс бүтээж байсныг олон зууны турш үгүйсгэж байсны бурууг Л. Гумилев шинжлэх ухааны үүднээс илчилж, пассионари хүмүүсийн тухай онолыг гаргаж ирсэн байна.

Л. Гумилев Хүннү нарын тухай, Эртний турэгүүдийн тухай болон Чингис хаан, түүний залгамжлагчдын тухай бичсэн олон ном, уншсан лекцүүд нь 20 дугаар зууны сүүлчээс олон тоогоор хэвлэгдэн, эрдэмтэдийн сонирхолыг татсаар байна.Л. Гумилёв гадуурхагдаж зовож байх үед нь түүний бүтээлийг өндрөөр үнэлж дэмжиж байсан анхны гадаадын эрдэмтэдийн нэг нь манай их эрдэмтэн Б. Ринчин гуай байжээ.Л. Гумилёв нэг номондоо Ринчин гуайтай уулзаж ярилцсан тухай, өөрийн нь бүтээлийг өндөр үнэлсэн тухай, Ринчин гуай гэрт нь очиж уулзсаны дараа нийтийн байранд зүдрүүхэн амьдарч байсан түүнд байр олгож тусдаа амьдрах боломж бий болсон тухай талархан бичсэн байдаг.

Манай археологчид Монголынхоо нутаг дэвсгэрт Хүннү нарын үлдээсэн шинэ шинэ баримт олдворуудыг нээж байна.Эртний Турэгүүдийн дурсгалууд Монголд олон олдсон байдаг.Монголын Нууц товчоо номонд дурьдагдсан уул тал нутаг, гол мөрөн, нуур далайн нэр одоо хүртэл хадгалагдсанаас гадна байгуулсан хот суурин байгууламж, тэдгээрийн ул мөр илэрсээр байна.

Чингис хаан, түүний баатрууд Агуу үйл бүтээхийг эрмэлзэгч - пассионари гэдгээ, сансар, гарагийн энергээр цэнэглэгдсэн хүчтэнгүүд гэдгээ өөрсдөө ямар нэг хэмжээгээр мэдэрдэг хүмүүс байсан бололтой.Энэ нь Инжинаши түүний эцэг Ванчинбал нарын зохиосон “Хөх судар” номын тэргүүн дэвтэрт бичигдсэн Тэмүжин ба Бугаржи \Боорчи\ хоёр анх уулзахдаа ярьсан сонирхолтой ярианаас харагддаг.Бугаржи Тэмүжингээс асууж байна: “Хүн бүхэн чамайг цагаан гэрлээс олсон цаглашгүй цэцэн мэргэн, тэнгэр сахиусаас олсон тэнцэшгүй аугаа хүчтэн Тэмүүжин хэмээн түрхрэн хэлэлцмүй.Хойч өдөр эрхгүй, хол ойрыг хумин хураах, хосгүй хаан суух, хувь буянт их заяатан хэмээх нь эрхэм чамд хэдэн хөвчит нумыг татах, хэдий хүнд чулууг өргөх ид хүчин буй” гэж асуухад Тэмүүжин “Олныг хураамжлахуйд итгэл эрхэм буйза, ид хүчинд үгүй болой.Дэлхий дахиныг засах нь чиний энэ үхэр эвдэхүйд адил болой.Дэлхий дахины ёс зүй нь үхрийн ясны зай завсарт адил, дэлхий дахиныг засах арга ухаан нь хутганы ир мэс адил.Үнэн эрдэмийг хүсэхгүй, үхэр хүчийг эрхэмлэж болохгүй“ гэж хариулсан байна.

Чингис хаан Тэнгэрийг шүтдэг, олон шашныг хориглодоггүй, бөөгийн шашныг хүндэлдэг байсан.Чингис хаан, түүний залгамжлагчид тэнгэрийг шүтдэг, мөнх тэнгэрийн хүчинд итгэдэгээ дипломат ёс, гадаад харилцаандаа хатуу баримталдаг байсан.Тэр нь сансар гаригийн хүчит энергийг мэдэрдэг байсантай нь холбоотой бөгөөд Мөнх тэнгэрийн хүчин дор гэж хэлдэг нь сансар гарагийн энергийн хүчин дор амь амьдрал тогтдог гэсэн мэдрэмж, үзэл баримтлалаа илэрхийлсэн үг байх боломжтой.

Чингисийн үеийнх шиг пассионари хүмүүс гарч ирэхийг хүлээх хэрэггүй биз.Харин сансар, гарагийн энергийн нөлөө туссан байж болох онгон бэлчээрийн өвс ургамалаар тэжээгдэж байгаа малынхаа мах сүүг хүнсэндээ тогтмол хэрэглэдэг монгол хүмүүсийнхээ чадал чадварыг үнэлж байх учиртай.Гурван сая гаруй хүн амтай Монгол улсын тамирчид олон зуун сая, тэрбум хүн амтай улс орны тамирчидтай өрсөлдөж бүс, дэлхий, олимпийн аварга цолыг хүртэж буй, өсвөрийн олон хүүхдүүд оюун ухаан шалгах сорилтуудад оролцохдоо тэргүүн байр эзэлж буйн шалтгаан юунд вэ?

Бэлчээрийн мал аж ахуй үнэлэгдэх, үгүйлэгдэхийн үндэслэлийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах гэж оролдлоо.Миний энэ үзэл бодол зөв эсэхийг эрдэмтэд тунгаан шүүж, гүнзгийрүүлж судлаасай билээ.Яавч би бэлчээрийн мал аж ахуйг эрхэмлэх, хайрлан хамгаалж хөгжүүлэхийн төлөө байхыг уриалсаар байх болно.Гадаадын олон хүн манай улсад ирэхдээ хонины мах идэх дургүй гэж байвч хэд хоногийн дараа манайхантай бараг булаацалдаад идэж байхыг харж байлаа.Монгол хонины махыг олж идэж байх юмсан гэж Япон танил ярьж байхтай тааралдсан.Өвөр монголын Хөх хотын дэлгүүрт монгол хонины мах гахайн махнаас гурав дахин өндөр үнээр зарагддаг гэж дуулсан.Махны чанар мэддэг газарт тийм байгаа байх.Тийм учраас бэлчээрийн малын мах үнэлэгдэнэ гэдэгт итгэлтэй байдаг.Орчин үед олон төрлийн эмчилгээний гэж үзэж болох өвс ургамалтай байгалын бэлчээрт малаа бэлчээж, цэвэр ус, цэнгэг агаарт тааваар нь байлгадаг аж ахуй зөвхөн манай улс, БНХАУ-ын Өвөрмонголд л өвлөгдөн үлдсэн, бусад тив улсуудад онгон төрхөөр нь хадгалсан бэлчээр ховор, эрчимжсэн мал аж ахуйн мал нь хоёр гурван төрлийн таримал тэжээлээр холлодог, хамгийн гол нь бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчний уламжлалтай малчин иргэд байхгүй учраас бэлчээрийн мал аж ахуй үгүйлэгдэх л болно.

Монголчууд бид одоо ямар асуудлыг шийдэхэд анхаарал төвлөрүүлэх ёстой вэ?:

- Монголын бэлчээрийн малын мах сүүний амт чанарыг нарийн судалж, хүний бие организм оюун ухаанд ач тустай ямар нөлөө үзүүлдэгийг тодорхойлох, сурталчлах.Энэ судалгааг бэлчээр дэх өвс ургамалын бүтэц төрлүүд, эмийн чанартай өвс ургамалыг тодорхойлох судалгаатай хамт хийх.

- Малынхаа бэлчээрийг хамгаалах, талхлагдахаас сэргийлэх.Бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоог нэмэгдүүлэхгүй байх зорилгоор жилд бойжуулж байгаа төлийн тоотой тэнцэх тооны малыг зарлагадаж, дотоод хэрэгцээнээс илүү гарсан малын махыг экспортод ашигтай нөхцөлөөр гаргаж байх бодлого хэрэгжүүлэх.

- Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдийг сумдад байгуулах, ийм үйлдвэрийг гурван сум бүрийн дунд байгуулах арга хэмжээг ойрын таван жилд хэрэгжүүлэх.Ийм 100 орчим үйлдвэрийг байгуулах нь олон талын ач холбогдолтой.Тухайлбал: Малчид өөрийн гэр бүлийн хэрэгцээнээс илүү гарсан малаа бэлчээр дээрээ тарга хүч авхуулж, хол газар тууж тээвэрлэхгүй борлуулна.Мал төхөөрөх боловсруулах үйлдвэрт тарга авсан малаа шууд борлуулснаар малчдын орлого нь нэмэгдэнэ.Орон нутагт 7- 8 мянган ажлын байр бий болно.Үйлдвэрийн нөхцөлд төхөөрсөн малын арьс шир гэмтэхгүй, чанар нь хадгалагдана.

- Нийслэл, аймаг сумын төв, хотуудын иргэдийн хэрэгцээ, экспортод гар аргаар төхөөрсөн малын мах нийлүүлэхийг хориглосон хууль гаргах нь зүйтэй.Мөн мал эмнэлгийн арга хэмжээг сайжруулах, ялангуяа малд хийж байгаа тариаг хатуу хяналттай болгох тухай шийдвэр гаргах шаардлага байгааг анхаарах.

- Бэлчээрийн мал аж ахуй эрхлэлт бол бие даасан, хаана ч бичигдээгүй нарийн шинжлэх ухаан.Энэ шинжлэх ухааныг газар зүй, цаг хугацаа, уур амьсгал, бүс нутаг, билчээрийн бүтэц хүрэлцээ, малын төрөл, тэдний зан ааш, нутгийн иргэдийн зан заншил зэрэг олон нөхцөлүүдтэй нь хэрхэн уялдуулахаа мэддэг эрдэмтэд бол манай малчид.Бүр малын эмгэг өвчлөлийг оношлох, эмчлэх ардын уламжлалт аргыг манай малчид л мэддэг юм.Энэ чухал ховор эрдэмийг малчид маань үр хүүхдүүддээ багаас нь зааж сургасан байдаг.Энэ эрдэмд малчдын хүүхдүүд хөлд орхоосоо эхлээд 8, 9 нас хүрэх хугацаанд эрчимтэй суралцаж, түүний ид шидийг мэдэрдэг, малыг хайрладаг болдог.Хүүхдүүд малчин болох, мал аж ахуй эрхлэх эрдмийн эзэд болох дур сонирхолтой болох эсэх нь энэ л насны үед шийдэгдэнэ.Ийм учраас би малчдын хүүхдийг 6 настай байхад нь ар гэр, мал аж ахуйгаас нь хөндийрүүлж, сумын төвд авчран сургуульд сургадаг болсоныг алдаа гэж үздэг.Малчдад хүүхдээ 9 нас хүргээд сургуульд оруулахыг зөвшөөрдөг болж, хэл бичиг тооны хичээлийг гэрт нь очиж заадаг болох хэрэгтэй гэж үздэг юм.Бэлчээрийн мал аж ахуйн шинжлэх ухаанд хүүхдүүдийг багаас нь сургаж, малчдынхаа залуу халааг бэлдэж байх нь эрхэм юм.Монгол Улс бэлчээрийн мал аж ахуйтайгаа байвал монголоороо байх болно.

Монголчууд бид анхаарах ёстой бас нэг чухал асуудлыг энд дурьдая.Энэ бол малын гаралтай түүхий эдээ бүрэн боловсруулах ажил.Мэрэгжлийн хүмүүс Ноолуур, Арьс шир, Малын махыг шилдэг технолог ашиглаж бүрэн боловсруулах үйлдвэрүүд байгуулах боломжтой бөгөөд гарах бүтээгдэхүүний нь борлуулалтаас 30 сая тонн нүүрс экспортод гаргаад олж байгаа орлоготой тэнцэх валют олно гэсэн тооцоо хийсэн байна билээ.

Манай өвөг дээдэс “Айл хүмүүсийн амь нэг, саахалт айлын санаа нэг байхыг эрхэмлэ“ гэсэн байдаг.Одоогийн нөхцөлд манай айл бол Орос Хятад хоёр хөрш улс. Манай саахалт бол бусад улсууд буюу агуравдахь хөршүүд гэж би төсөөлдөг.Манай төр засгийн залуу удирдагчид гуравдагч хөршийн бодлого хэрэгжүүлж байгаа нь дэлхийд үнэлэгдэж үгүйлэгдэх, олон улсын харилцаанд баримталдаг бодлого болоосой гэж хүсдэг.Хэрэв улс болгон хил залгаа улсуудтайгаа амь нэг гэсэн бодлоор, бусад бүх улсыг хөрш гэж үзэж санаа нэг байх бодлоор найрсаг харилцдаг болчихвол дэлхийн бүх улс орнууд энх тайвнаар зэрэгцэн орших аугаа үйлийн нөхцөл бүрдэнэ.Үүнийг анзаарсан байж магадгүй, сүүлийн жилүүдэд хэд хэдэн улсын төрийн тэргүүн нар манай улсад айлчиллаа, гуравдагч хөрш гэж үздэгт талархдаг гэж байна.Нэгдсэн Үндэсний Байгууллагын тэргүүн манай улсад ирж айлчлаад, талын Монгол айлууд тайван амгалан амьдарч байгааг ажиглаад “ Энх тайваны бэлэг тэмдэг Монгол улс “ гэж хэлээд буцсан.Гуравдагч хөршийн бодлогодоо тууштай байх, түүнийгээ сурталчилж байх нь эрхэмлэх зүйл юм.Энэ нь пассионари хүмүүсээс гарах санал санаачлага гэж үнэлэгдэж ч болох билээ.

Монголчууд Мөнх тэнгэрийн хүчин дор \Сансар, Гарагийн энергийн хүчин дор \ аугаа үйл бүтээж байхыг ерөөе.

Алтан Чой овогт Думаагийн Содном. 2023 – 07 – 14