Түрүүч нь Аюулгүй байдлын заавар буюу дарангуйлалд бэлдэх заавар


Нэгдүгээр заавар: "Ногоон малгайтан" болж болзошгүй хүмүүсийг
хэрхэн сэмхэн бүртгэх тухай

Энэ заавар нилээд хойгуур бичигдэх ёстой юм. Яагаад гэвэл Монголд тогтох дарангуйлал юу юугүй шууд терророор эхэлж чадахгүй байх. Баабарын хэлдэгчлэн "тайван шилжилт" болох байх.

Гэхдээ, манай интернэт орон зайг харах юм бол хүчирхийлэлд адган тэмүүлж байгаа этгээдүүдийн тоо хэвийн нийгэмд байдаг 3 хувийн хэмжээнээс маш хол давсан байна. Тийм учраас хүчирхийллийг гардан хийх хүмүүс буюу "ногоон малгайтан" болж болзошгүй хүмүүсийг сэмхэн бүртгэх зааврыг хамгийн эхэнд орууллаа. 

Хүчирхийлэлд донтох хүмүүс дотроо төрмөл ба олдмол гэж хоёр янз байдаг. Төрмөл нь бас дотроо хоёр янз. Шалтгаангүйгээр шууд өдөөгддөг болон нөхцөлтэй өдөөгддөг гэсэн хоёр янз.

Төрөлхийн хүчирхийллийн донтой хүмүүсийн онцлох шинж нь хүчирхийлэл үйлдэж таашаал авдаг. Ийм хүнийг "садист" хэмээн нэрлэдэг.

Энэ нь ямар нэгэн сэтгэцийн эмгэг өвчин бус. Жирийн хүн хөгжим сонсох, тэмцээн үзэх зэргээр таашаал авдаг бол харин садист этгээд бусдыг зовоох, тарчлаах зэргээр таашаал авна.

Хөвсгөлийн Мөрөнгийн хүрээ байсан газрын хажуухнаас 1000 гаруй лам нарын шарил, мөн Улаанбаатарын Тасганы овооны орчмоос бөөнөөр нь булсан лам нарын булш олдсон. Тэднийг хүнд юмаар цохих, хүзүүг нь мушгих зэргээр яргалан алж устгасан ул мөртэй байсан. Зүгээр буудчихаагүй. 

Малталтаар гарч ирсэн орчны байдлыг шинжихэд "хөнөөж буй олон хүнийхээ цусанд согтсон аллагын найр" гэмээр явдал болсон мэт байлаа хэмээн түүхч М.Ринчин гуай ярьж билээ. Олон мянган хүнийг гардан "бой" хийж чадаж буй хүмүүс бол садистуудаас өөр хэн байх билээ.

Нацист Германы Аушвиц (польш нэр нь Освенцим) хэмээх хорих лагерьт 1,4 сая хүнийг хорт хийгээр хордуулах, галд шатаах зэргээр бөөнөөр устгасан. Устгалд хамгийн эхний ээлжинд өвчтэй хүн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхэд, хижээл эмэгтэйчүүд, сул жижиг биетэй эрчүүдийг хамруулдаг байж.

Хорих лагерийн комендант Рудолф Гёсс (Rudolf Hoess)-ийн дурссанаар, утаанд хордож, галд шатаж байгаа хүмүүсийн байр байдлыг СС-ийн цэргүүдтэй хамт "цонхоор, нүд цавчилгүй хардаг" байжээ. Садистууд л ингэж чадна.

Ардчилсан нийгэмд хүчирхийллийг гэмт хэрэг гэж тооцно. Ардчилсан нийгэмд хүчирхийлэгчид, садистууд гэмт хэрэгтний суудалд сууж хуулийн хариуцлагаа хүлээж ялтан болдог.

Гэтэл, аливаа дарангуйлсан нийгэмд хүчирхийлэл нь дарангуйллыг тогтоон барих үндсэн хэрэгсэл болдог тул садистуудын үйлдэл нь зүй ёсны болоод зогсохгүй тийм хүмүүс бүр "баатар" болдог. 

Дарангуйлагч этгээд нь хувь хүн, бүлэглэл, эсхүл нэг нам хэн ч байлаа, өөрсдөө гардаж хүнийг хүчиндэж, тамлаж, тарчлааж явахгүй.

Дарангуйлагчид, эрх мэдэлд шунаснаас үүссэн олдмол хүчирхийлэх донтой. Тэд төрөлхийн хүчирхийлэх донтонгууд шиг хүн тамлаж таашаал авах гээгүй. Гэхдээ тэдэнд хүчирхийлэл хэрэгтэй. Тэгээд тэд, төрөлхийн хүчирхийлэх донтонгууд садистуудыг зорилгодоо ашиглахын тулд олоод, "ногоон малгай", "СС-ийн хар форм" өмсгөн цол албан тушаал олгон үүрэг даалгавар өгч хөөргөн баадуудсаар "баатар" болгоно.

Чойбалсан, Төв Хорооныхоо гишүүдтэйгээ очоод олон мянган ламын хүзүүг мушгих, сүхдэх зэргээр хөнөөх ажлыг гардан хийж чадахгүй байсан нь мэдээж. Гэхдээ тийм ажил хийж чадах садист "ногоон малгайтан"-уудаар хядлага үйлдүүлэн, одон медалаар хайр найргүй шагнажээ. Жишээ нь гэхэд лам нарыг хядах үеэр өдөрт 60 гаруй, долоон хоногт олон зуун лам нарын "асуудлыг шийдсэн" гэгдэх Банзрагч, Баярмагнай зэрэг олон арван "ногоон малгайтан"-ыг, дөнгөж шинээр бий болоод байсан "Алтан гадас" мэтийн одон медалиар шагнаж ихэд алдаршуулж байжээ.

Аушвицийн комендат Рудолф Гёсс дуртгалдаа: "Төв (Берлин)-өөс ирсэн зааварлагчид бидний ажлыг үзээд балмагдан цочирдож, өөрсдөө хэзээ ч ийм ажил (хоригдлуудыг хорт хийгээр хордуулах, шатаахыг хэлж байна) хийж чадахгүй юм байна гэцгээх боловчиг, намайг болон нөхдүүдийг маань ихэд сайшааж бахдана" гэсэн байдаг. Түүний толгойлсон яргалалд 600 гаруй СС-ийн байлдагчид тусалж байсан. Тэд СС-ийхэн дунд маш их алдартай байжээ.

Би, террорын хүчээр дарангуйлал тогтоосон хоёр орны хоёрхон жишээг иш татаж байна. Үнэндээ, шударга төртэй, зөөлөн дарангуйлалтай Сингапурыг эс тооцвол дарангуйлал тогтсон бусад бүх оронд олдмол хүчирхийлэх донтой этгээдүүд нь төрөлхийн хүчирхийлэх донтой хүмүүсээ ашиглаж террор, геноцид, хавчлага явуулдаг нь зүй тогтолт үйл явц болох нь түүхээр нотлогдсон. Садистууд нь садизм явуулах хууль ёсны эрхтэй болж, төрөл нэгт хүмүүнээ үй олноор нь яргалан устгасан жишээг түүхээс ухан тоочвол барагдашгүй.

Ингээд та бүхэндээ доорхи хэдэн зөвлөгөөг өгье:

- Хүн; коммунизм, фашизм, нацизм, расизм, национализм зэрэг хүмүүний нэг хэсгийг нөгөөд нь жигших ёсонд чиглэгдсэн суртлын хийрхэлд автваас олдмол хүчирхийлэх донтой болно. Эс бөгөөс популист үг ярианы цаана нуугдаад, яг үнэндээ эд баялаг, эрх мэдэлд улайран шунасан Маркос шиг хувь хүн, нэг бол Сухартогийн бүлгийхэнтэй төс бүхий бизнесийн бүлэг этгээдүүд хүчирхийлэх донтой болдог. Ийм олдмол донтой хүмүүс, нөхцөлт хүчирхийлэх төрөлхийн донтой Хонхэрээдийн Энхбат, Андерс Брейвик (Anders Breivik), Жихад Жон (Jhihad John), садист Р.Тарва, Лук Магнотта ( Luka Magnotta) шиг хүмүүсийг олж, дарангуйлал тогтоох үйл ажиллагаандаа "ногоон малгайтан" болгон ашигладаг нь зүй тогтолт үйл явц гэдгийг эхний ээлжинд заавал мэдвэл зохино!

Дарангуйлал руу шилжих шилжилт тайван замаар бус, огцом явах нөхцөл үүсэж монголчуудын аз харивал, садистуудын эрэлт улам бүр ихсэж Их хэлмэгдүүлэлт дахин давтагдахгүй гэх аргагүй. 

- Хүчирхийлэгчид болон садистууд хэлмэгдүүлэх ажлаа хэрэгжүүлж эхлэхдээ өөрийнхөө таньж мэддэг хүрээлэл рүүгээ эхний үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Лам нарын хядлагыг гардан "ламын эрлэг" гэж алдаршсан Хаймчиг, зохион байгуулсан Лувсаншарав, Чойбалсан нар урьд нь аль аль нь лам байсан. 

Гестапогийн яргачдын гарт эхлээд "хуучин сайн хөрш"-ийнх нь еврейчүүд өртсөн юм. 

Тэгэхээр, хэлмэгдүүлэлт ирэх "зүг чиг"-ийг тогтооё гэвэл ойр орчиндоо байгаа хүчирхийлэх донтой байж болзошгүй улсыг "сэмхэн бүртгэх" хэрэгтэй юм.

- Үнэндээ "сэмхэн бүртгэх" маш амаргүй. Яагаад гэвэл тайван цагт хүчирхийлэх донтой хүмүүс "би хүчирхийлэгч, садист" гээд духан дээрээ бичээд явдаггүй. Садист хүн олны дунд байхдаа маш хэвийн хүн байдаг. Тэд, нарнаас нуугдаж харанхуйд гардаг вампир шиг л нуугдмал хүмүүс. 

Уг нь цагдаагийнхан интернэт ухвал нүүрээ нуучихсан хүчирхийлэх донтнуудыг тогтоож чадна л даа. Гэхдээ виртуал ертөнцөд эрхээ эдэлж байгаа тэднийг гэмт хэрэг биетээр үйлдсэн Хонхэрээдийн Энхбат шиг, хүчирхийлэгч болохыг нийтэд илчлэх боломжгүй.

Гэхдээ хүчирхийлэгчдийг анхааралдаа аван анзаарах боломж бас бий!

Түүхийн туршлагаас харвал; "ариун үйл хэргийн төлөө хүчирхийлэх хэрэгтэй", "шударга ёс тогтоохын төлөө аллага ч хийх хэрэгтэй", "үндэстний дайснуудыг устгах ёстой", "эх орон, үндэсний эрх ашигт ноцтой аюул занал учирсан тул хувь хүний эрх, эрх чөлөөг золих ёстой", "ангийн дайсныг үгүй хийх ёстой", "ардчиллыг устга" гэхчилэн уриаг зохиож, хашгичиж байгаа хүмүүс явж явж олдмол болон төрөлхийн хүчирхийлэгчид байдаг аж. Тэгэхээр, сайны төлөө хамгийн муухай нүгэл үйлдэхэд бэлэн тухай ярьж буй тийм хүмүүсийг орчин тойрондоо бий эсэхийг бүртгэх нь зөв. Тэдний зүгээс л хүчирхийлэл, террор, хэлмэгдүүлэлт ирнэ ээ! Үүнд эргэлзэх хэрэггүй!

Нэгдүгээр заавраа дуусгахаас өмнө Монголд дарангуйлал руу шилжих шилжилт шууд хүчирхийлэл, терророор явагдах үедээ хараахан хүрээгүй байгаа тул уг заавар хойно бичигдэх учиртай байсан гэдгийг дахин сануулан хэлье.

үргэлжлэл бий