Ардчилсан хувьсгалын оргил үеийн тухай дурсамж
Өнгөрсөн зууны ерээд оны эхэнд Монгол Улсад өрнөсөн өөрчлөн байгуулалтыг санаачилсан Монгол Ардын Хувьсгалт Нам улс төр, эдийн засгийн системийг өөрчлөхдөө ардчилсан тогтолцоо бүрдүүлэхийг хүсч байсан залуучуудтай хамтарч ажиллах арга зүйг олох шаардлага байлаа.
\Алдахаас сэрэмжлүүлж, бүдэрхэд түшиж авдаг найз байдаг,
Магтаж байгаад хальтирахад түлхэж мэдэх нөхөр ч таардаг.\
Өнгөрсөн зууны ерээд оны эхэнд Монгол Улсад өрнөсөн өөрчлөн байгуулалтыг санаачилсан Монгол Ардын Хувьсгалт Нам улс төр, эдийн засгийн системийг өөрчлөхдөө ардчилсан тогтолцоо бүрдүүлэхийг хүсч байсан залуучуудтай хамтарч ажиллах арга зүйг олох шаардлага байлаа. Ийм шаардлага хамгийн хурцаар тавигдаж, түүнийг амжилттай шийдэж байсан мөч бол 1990 оны 3 дугаар сар юм. Тийм учраас 1990 оны 3 дугаар сарыг би ардчилсан хувьсгалын оргил үе гэж бичсэн байдаг.
Ардчилсан хувьсгалын эхэн үед би МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргын хувьд улс төрийн ардчилал, зах зээлийн эдийн засгийг бүрдүүлэх асуудлаар идэвх санаачлагатай, үр дүнтэй ажиллах үүрэгтэй байлаа. Тэр үед өөрийн санаачлага, зохиож байсан ажил, үр өгөөж, тохиож байсан бэрхшээл, үзэл бодлын зөрүү зэргийн тухай гэрчийн хувьд дурсамж бичиж үлдээвэл түүх бодитой бичигдэхэд хэрэгтэй гэж боддог.
Би өөрийн санаачилж байсан ажлаасчухал ач холбогдолтой болсон ажлын нэг бол 1990 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Санжаасүрэнгийн Зориг тэргүүлсэн Ардчилсан хөдөлгөөний залуучуудтай телевиз дээр хийсэн уулзалт гэж үздэг. Уулзалтад надтай хамт Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Бямбасүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орлогч дарга, хуульч Б. Цэрэндорж, Ерөнхий сайдын туслах Юмжав нар оролцсон бол нөгөө талаас Ардчилсан холбооны удирдах зөвлөл, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт хөдөлгөөн, Оюутны холбооны төлөөлөлүүд болох нийт 23 залуучууд оролцсон. Энэхүү уулзалтын ачаар: нэг дүгээрт, өөрчлөлт шинэтгэлийг түргэтгэх шаардлагыг хурц хэлбэрээр тавьж байсан залуучуудтай анхны удаа МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн биечлэн уулзаж, хүн бүхний саналыг хэлүүлж, тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд хамтран ажиллах боломжтойг ойлголцсоноор урьд өдөр нь эхэлсэн өлсгөлөнг зогсоож, өөрчлөлт шинэтгэлийн арга хэмжээг харьцангуй тайван нөхцөлд авч хэрэгжүүлэх боломжтой болсон. Хоёр дугаарт, энэхүү уулзалтын ачаар МАХН-ын Төв хорооны Улс төрийн Товчоо огцрох буюу намын удирдлага өөрчлөгдөх, МАХН удирдан чиглүүлэх үүргээс татгалзах, улс төрийн өөр намууд бий болох боломж нээгдсэн. Монгол Улсын Үндсэн хуулийг олон намын оролцоотой боловсруулах тохиролцоонд хүрсэн.Шинэ үндсэн хуулийг Ардын Их Хурлаар, эсэлАрдын Түр Хурлаар хэлэлцэж батлах гэсэн хоёр саналын зөрүүгээс бусад бүх асуудлаар нэгдсэн ойлголттой болсон юм.
Миний санаачлагаар 1990 оны 3 дугаар сарын 8-ны өдөр телевизэд болсон уулзалт, түүний ач холбогдлын тухай “Өлсгөлөн зарлаж, огцролт болж, өөрчлөлт эрчимжсэн түүхээс“ гэсэн нэртэй ном бичиж 2017 онд хэвлүүлсэн.
Миний санаачилж, дэмжиж байсан чухал ажил бол өмчийн олон хэлбэрийг бий болгох, үнэ чөлөөлөхтөй холбогдсон шийдвэр гаргах санаачлага байсан юм. Зөвхөн төрийн өмч байхыг зөвшөөрдөг, бүх бараа үйлчилгээний үнийг төр тогтоодог журмыг халж хувийн өмчийг зөвшөөрсөн, үнэ чөлөөтөй байдаг зах зээлийн эдийн засгийн системд шилжихгүй бол ард иргэдийн идэвх санаачлага өрнөхгүй, үр ашигтай үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих боломжгүйг эрдэмтэд, эдийн засагчид ухаарсан үе байлаа. Тиймээс Улсын төлөвлөгөөний комисс, Сангийн яамны зүгээс эхний ээлжинд малчдын хувийн өмчинд байх малын тоонд тогтоосон хязгаарыг үгүй болгох, мөн бараа үйлчилгээний үнийг чөлөөлөх тухай шийдвэрийн төслийг Засгийн газарт ирүүлдэг байсан юм. Тэр төслүүдэд: Малчдын хувийн малын тоо говийн аймгуудад 75, хангайн аймгуудад 50 толгой байхаар тогтоосон хязгаарлалтыг хүчингүй болгох, Үнэ чөлөөлөх асуудлыг бараа үйлчилгээний үнэ тарифыг бүрэн чөлөөтэй , дээд хязгаартай, доод дээд хязгаартай тогтоодог болох санал дэвшүүлдэг байв. Би тэр төслүүдийг дэмжиж 1989,1990 онд Улс төрийн товчоонд хоёрч удаа хэлэлцүүлсэн боловч харамсалтай ньшийдвэр гаргуулж чадаагүй юм. Тийм учраас өөр гарц болгож, сангийн аж ахуй, хөдөө аж ахуйн нэгдлийн малыг малчдад гэрээ түрээсээр өгөөд тогтоосон тооноос илүү бойжуулсан төлийг малчдын хувийн өмчийн мал болгон өгч байх шийдвэр гарган хэрэгжүүлж эхэлж байлаа. Энэ ажлыг малчид маш их сонирхож дэмжиж байсан.
Тэр үед хувийн өмчийн малын тооны хязгаарыг арилгах, үнэ чөлөөлж эхлэх төдий асуудлыг шуурхай шийдэхгүй цаг алдаж байсан бол 1991 оноос хойш богинохугацаанд бүх малыг хувийн өмчид шилжүүлэх болон сангийн аж ахуйн машин механизм болон тариалагийн талбай, авто тээврийн байгууллагуудын машин механизмыг хувийн өмчид шилжүүлэх, Мөн цөөн бүтээгдэхүүнээс бусад барааны үнэ, бүх төрлийн үйлчилгээний тарифыг чөлөөлөх шийдвэрүүд гарч хэрэгжсэн.
Орчин үед Монгол Улсад 1990 онд байсан 25 сая малын тоо 66 сая болтол өсч билчээрийн даацаас хэтэрсэн учраас ямар арга хэмжээгээр цөөн тооны илүү ашиг шимтэй малтай болох, Үнэ тогтоолт чөлөөтэй болсон учраас бараа үйлчилгээний үнэ тариф эрэлт нийлүүлэлтээс хамаарахгүй зөвхөн ашиг олох сонирхолд автан нэмэгдэж, инфляц өсч, үндэсний валютын худалдан авах чадвар буурч байдагболсныг зохицуулах шинэ асуудалтай тулгараад байна. Энэ бүхэнтэй холбогдуулж би жилд бойжуулж байгаа төлийн тоотой тэнцэх тооны малыг зарлагадаж байх, Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдийг сумдад байгуулж тэдгээр үйлдвэрүүдэд дотоодын хэрэгцээнээс илүү гардаг малын махыг боловсруулж экспортод гаргаж байх арга хэмжээ авах санал дэвшүүлдэг. Мөн бараа үйлчилгээний үнэ тарифад төрийн зүгээс зохицуулалт хийдэг болох, тухайлбал, бараа үйлчилгээний үнийн дээд хязгаарыг тогтоодог байх боломжийг судалж шийдэх нь зүйтэй санагддаг юм.
МАХН-ын төв хорооны найм дугаар Бүгд Хурлын ач холбогдлыг онцлож үнэлэх учиртай. Тус Бүгд хурал 1990 оны 3 дугаар сарын 12-ны өдөр болсон бөгөөд өөрчлөлт шинэтгэлийн асуудлаар 3 дугаар сарын 8-ны өдөр телевизэд болсон уулзалтын үр дүнг харгалзсан шийдвэрүүд гаргасан юм.Тухайлбал: Монгол Улсад дал шахам жилд засгийн эрх барьсан улс төрийн намынхаа онц Их Хурлыг 4 дүгээр сард хуралдуулж намын удирдлага, үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах, Улс төрийн товчоог огцруулахаас гадна, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлт болон Улс төрийн намын тухай хууль боловсруулах ажлыг түргэтгэх, Ардын Их Хурлын ээлжит биш чуулганыг хуралдуулж Ардын Их Хурлын сонгуулийг ойрын хугацаанд явуулж шинээр байгуулагдах Ардын Их Хурлаар шинэчилсэн Үндсэн хуулийг хэлэлцүүлж батлуулах зарчимын шийдвэрүүд гаргасан. МАХН-ын Төв Хорооны тус бүгд хурлаас гаргасан эдгээр шийдвэрийн ачаар улс төрийн системийг шинэчлэн өөрчлөх ажил эрчимжсэн юм. Тэр бүгд хурлын шийдвэрийн ачаар Монгол Улсад Улс төрийн олон нам бий болох нөхцөл бүрдсэн, Шинээр буй болсон улс төрийн намуудаас нэр дэвшүүлж сонгогдсон гишүүдийг бүрэлдүүндээ багтаасан Ардын Их Хурал, Улсын бага хурал бий болсон, Монгол Улсын Үндсэн хуулийг улс төрийн олон намын оролцоотойгоор боловсруулж Ардын Их Хурлаар хэлэлцэж батлах асуудал амжилттай зохион байгуулагдсан болно. Ийм учраас Монгол улсын улс төр, эдийн засгийн системийг шинэчилж өөрчлөх ажлыг МАХН санаачлан зохион байгуулсан гэж үздэг.
Монгол Улсын улс төр, эдийн засгийн системд өөрчлөлт шинэчлэлт хийх үйл ажиллагаа амархан байгаагүй. Манай улсад хорь дугаар зуунд улс төр эдийн засгийн хоёр том өөрчлөлт шинэчлэл буюу хоёр том туршилт хийгдсэн. Зууны эх буюу хориод онд феодализмаас капитализмыг алгасан социализмд шилжих анхны туршилт хийгдсэн. Анхны туршилтыг гаднын шахалтаар, капитализмаар дамжих санал гаргасан намынхаа даргыг хэлмэгдүүлж байгаад хийж байсан түүхтэй бол Зууны сүүлчээр бид өөрсдөө санаачлан социализмаас капитализмд шилжих хоёр дахь туршилтаа хийж байна. Социализмаас капитализмд шилжих өөрчлөлтөөр улс орнуудын туршлага байдаггүй, социализмын үеийн олон арван жилийн амьдралын хэв маягийг яаж өөрчлөх, зах зээлийн эдийн засагт яаж шилжих талаариргэд, сэхээтэн нар, үүний дотор манай намын гишүүд, нам улсын удирдлагад ажиллаж байсан нөхөд нэг үзэл баримтлал, адил саналтай байгаагүй, байхч аргагүй.
МАХН-ын Төв Хорооны 8 дугаар Бүгд Хурал дээр миний хэлсэн үг байгаа. Намын архивт байгаа байх, мөн улсын архивт миний өгч байгаа материалд орно. Тус бүгд хуралд хэлсэн үгэндээ би Улс төрийн байдал хурцадсан, МАХН-ын төв хорооны удирдлага Улс төрийн товчоо огцрохдоо хүрч буйн шалтгааныг дараах зүйлээр хэлсэн байдаг: - Улс төрийн системийг боловсронгуй болгох ажлыг хэт удаашруулсан, -Эдийн засгийн шинэтгэлийн арга замыг олоогүй, - Гарч байгаа санал санаачлагыг анхаарч боломжтой арга хэмжээ авахгүй байгаа, - Улс Төрийн Товчоонд нийгмийн амьдрал, гадаад дотоод нөхцөл байдлын өөрчлөлт, түүний үр дагаварыг зөв үнэлэх ажил дутагдалтай байгаа.
Бүгд хуралд миний хэлсэн үгэнд: Эвсэл холбоодын нөхөдтэй зөв харьцаж хамтарч ажиллаж сурах хэрэгтэй байна, Дутагдлаа засаж чаддаг чадвартай болох хэрэгтэй байна, Бид бие биеээ ч сайн мэдэх, эв нэгдлээ улам нягтруулах цаг болжээ, Аргацааж амиа бодож, хамтран зүтгэгч нөхөддөө буруу бүхнийг түлхэх явдал гарч байна, тэднээс ч бас цэвэрших нь зүйтэй юм гэсэн үгнүүд байдаг. Миний хэлж байсан эдгээр үгалдаа гаргаж байсан болон асуудлын учир холбогдлоор санал бодол нь төлөвшөөгүй зарим нөхөддөө хандсан үг байсан. Жишээлбэл, Хувьд байх малын тооны хязгаарыг арилгах, үнэ чөлөөлөх шийдвэр гаргахыг эсэргүүцэж, Япон улсад хийх Ерөнхий сайдын айлчлалын ач холбогдолд эргэлзэж, Залуучуудтай телевизэд хийх уулзалтад очихоос татгалзаж, 1998 оны сүүлчээр болсон залуучуудын цуглаанд очсон боловч Нам төрийн удирдлагад хандсан шаардлагыг нь Намын Бүгд Хуралд танилцуулаагүй өнгөрөөж байсан нөхөртөөхандаж хэлсэн үг байсан. Мөн 8 дугаар бүгд хурал дээр надад хандаж “Чи Сайд нарын Зөвлөлийн дарга байхаас өмнө болон дараа ЗХУ-аас хэдий хэмжээний зээл авсан бэ? гэсэн асуултыг надад бичгээр өгүүлж байсан нөхөр, мөн тус бүгд хурал дээр “Монгол улсыг их хэмжээний зээлийн өрөнд оруулсанхүн бол Д.Содном“ гэсэн үг хэлж надаар туг тахихыг санаархаж байсан нөхөртөө хандсан үг байсан.Чухам хэнд хандаж хэлж байгаа нь Бүгд хурлын гишүүдэд тодорхой байсан.
Намын Төв Хорооны Бүгд хурлын завсарлага болох үед өөрт байсан материалаа ашиглаж ЗХУ-аас авч байсан зээл, түүний ашиглалтын талаар Бүгд хурлын гишүүдэд дараах мэдээлэл хийсэн:
“Манай улс Зөвлөлт Холбоот Улсад 1975 онд 2,2 тэрбум рублийн өртөй байсан, одоо 9,7 тэрбум рубль болсон. Авсан зээл үргэлжлэн ашиглагдаж, төлөвлөсөн арга хэмжээ, баригдах обьектууд үргэлжилж байна. Энэ оны эцэс гэхэд зээлийн өр 700-800 сая рублээр нэмэгдэнэ.
Өнгөрсөн 15 жилд авсан зээл тусламж юунд зарцуулагдсан, бий болгосон хүчин чадал,хэрэгжүүлсэн арга хэмжээг товч дурьдая:
Манай улс 1975 онд 3,2 сая тонн нүүрс олборлох хүч чадалтай байсан бол одоо 8,2 сая тонн олборлох хүч чадалтай болоод байна. Нүүрсний нөөц ашигладаг цахилгаан станцууд 1975 онд 266 мянган киловатын хүч чадалтай байсан бол одоо 890 мянган киловатт болж, төвийг районы цахилгааны хэрэгцээ өөрийн үйлдвэрлэлээр үндсэндээ хангадаг болсон.
Саалийн үнээний фермүүдийн сүү үйлдвэрлэх жилийн хүч чадал 1975 онд 10 сая литр байлаа. Өнөөдөр 42 саялитр сүү үйлдвэрлэх хүч чадалтай болжээ. Үр тарианы элзватор, үтрэмийн хүч чадал 1975 онд 200 мянган тонн байсан, одоо 409 мянган тонн болов. Услалтын сиситем дөнгөж 7 мянган га байсан, одоо 35 мянган га-д хүрчээ.
Хүнсний үйлдвэрүүдийн хүч чадал дүнгээр нь хэлхэд 72 хувиас 2 дахин нэмэгдсэн.
Цемент үйлдвэрлэдэг хүч чадал энэ хугацаанд 500 мянган тонноор нэмэнгдсэн. Барилгын ханын материал үйлдвэрлэх хүч чадал 2,5- 3 дахин нэмэгдсэн.
Хивс 350 мянган ам метрийг үйлдвэрлэдэг байлаа. Өнгөрсөн хугацаанд 2 сая 430 мянган ам метр хивс үйлдвэрлэх чадалтай болжээ. Сүлжмэл эдлэл 880 мянган ширхэгийг үйлдвэрлэж байсан бол одоо 3 сая 100 мянган ширхэгийг үйлдвэрлэх болжээ.
Мөн хугацаанд телевизийн бүхэл бүтэн систем бий болж өргөжин хөгжсөн. Орон сууц 1 сая 300 мянган ам метр сууцны талбай бүхий байсан бол одоо 4,4 сая болжээ.
Нийтдээ ерөний боловсролын сургууль, техник мэрэгжлийн сургуулийн 194 мянган суудалтай сургуультай байлаа. ЗХУ-ын зээл тусламжийг ашигласны үр дүнд өнөөдөр 292 мянган суудалтай ёургуультай боллоо. Дотуур байр 39 мянган ортой байсан, одоо 66 мянган ортой, Эмнэлгүүд 14мянган ортой байсан, одоо 23,4 мянган ортой болоод байна.
“Эрдэнэт“, “Монголсовцветмет“ үйлдвэрүүдийг хамтарч байгуулаад өөрийн оруулах хөрөнгө оруулалтын хэсэгтээ зээл авчашигласан. Үүний үр дүнд ч энэ хоёр үйлдввэрийн бүтээгдэхүүн өнөөдөр манай экспортын зонхилох байр эзэлж байна.
Авсан зээл тусламж, түүгээр хийж бүтээсэн зүйлээс заримыг товчлон хэлхэд ийм байна.
ЗХУ-аас сүүлийн 15 жилийн хугацаанд урьд өмнө авч байгаагүй их хэмжээний зээл авсан. Энэ хөрөнгийн зонхилох хэсгийг улс ардын аж ахуй, нийгэм соёлын салбаруудын материал техникийн баазыг бэхжүүлэхэд ашигласан.
Зээлийн нөхцөлийн хувьд авч үзвэл, бүх зээл 2 хувийн хүүтэй. Дэлхийд ийм хөнгөлөлттөй зээл өгдөг улс байхгүй болов уу. Өнгөрсөн хугацаанд зээлийг төлөх бололцоо манай улсад байгаагүй.Үүнийг харгалзаж зээлийн өр төлөх хугацааг хүү оногдуулахгүй хойшлуулсаар ирсэн.Хэрэв төлбөх нь хойшлуулагдахгүй, хүү нь үржээд байх хатуу нөхцөлтөй зээл байсан бол бид зээл авахаас татгалзах л байсан байх. Хэрэв ЗХУ-аас зээл өгөөгүй, туслаагүй бол манай хөгжлийн түвшин 60-аад онд байснаас ямар хэмжээгээр ахисан байх бол гэдгийг эргэж бодоё. Нөгөө талаар ашиглаж байгаа үндэсний орлогын нөөцөд хэрэглээний фондын эзлэх хувь манайд тун бага байна гэсэн яриа гардаг. Энэ ч үнэхээр тийм. Ашиглаж байгаа үндэсний орлогын нөөцөд гаднаас авч байгаа зээл тэсламжийн хөрөнгийг оруулдаг. ЗХУ зээл тусламж үзүүлэхдээ шууд идэж хэрэглээд дусах зүйлд өгөхийг зөвшөөрдөггүй, харин манай улс ардын аж ахуйн материал техникийн баазыг бэхжүүлэх, суурь салбаруудыг бий болгох арга хэмжээнд туслахыг чухалчилдаг. Бид ч энэ чиглэлийг зөв гэж үздэг. Хэрэв бид ийм чиглэл барилгүй, зөвхөн хэрэглээ талруугаа ашигласан бол өнөөдөр үлдээсэн бүтээсэн юм багатай, магадгүй хүмүүсийн орлого, хэрэглээ зээл тусламж авч байгаа үедээ нилээд өндөр, харин цаашид өргөжих, хөгжих суурь маань дутмаг байх байсан нь тодорхой. Ийм учрыг ойлгодог байх хэрэгтэй.
Зээл тусламжийн хөрөнгийг үр ашигтай ашиглах талаар манайд дутагдал байсан, одоо ч бий. Чанаргүй, хугацаа удаашруулж барьдаг, бий болсон хүч чадлыг дутуу ашигладаг, техник буруу сонгодог дутагдалбий.
Өнгөрсөн хугацаанд ЗХУ-аас авсан зээл Засгийн газрын тэргүүний хувьд ч, Улсын төлөвлөгөөний комиссыг даргалж байсны хувьд ч миний үйл ажиллагаатай шууд холбоотой. Авсан зээл их, түүний хирээр энэ хооронд хийж бүтээсэн юм ч их бий. ЗХУ-аас манай улсад ийм их зээл тусламж үзүүлэх бодит боломж чухамдаа 60- аад оны сүүл, 70- аад оны эхээр бий болсон гэж бодож байна. Ийм зээл авч ашиглах санаачлага гаргаж, түүнийг нааштай шийдүүлэхийн төлөө ихээхэн идэвх гаргаж ажилласан хүний нэг нь би мөн. Үндэслэл тооцоог гаргаж байлаа, итгүүлж үнэмшүүлэх талаар ажиллаж байлаа. Хэлэлцээ ярианд ч идэвхтэй оролцож байлаа.
Одоо Монгол Зөвлөлтийн эдийн засгийн харилцааг 1991-1995 ондхөгжүүлэх хэлэлцээр явагдаж байна. Шинэ таван жилд ЗХУ-тай хамтын ажиллагааг аль болохоор бууруулахгүй, өргөтгөж хөгжүүлэх юмсан гэсэн санаагаар ажиллаж байна. Гэхдээ бид хамтын ажиллагааны аргаа боловсронгуй болгох асуудлаар зөвлөлтийн нөхөддэй ярилцаж байна. Үнэ, тооцооны аргаа өөрчлөх, дэлхийн зах зээлийн үнэ хэрэглэх, чөлөөт валютаар тооцоо хийдэг болох, мөн урьдах зээлийн өр төлбөрийг хөнгөлөх чөлөөлөх боломж, шинэ зээл авч тусламжийн хөрөнгийг улс орны цаашдын хөгжилд ач тус болох, үндэсний орлогын үйлдвэрлэл экспортын нөөцийг өсгөхөд нэмэр болох арга хэмжээнд зориулах зэрэг асуудлаар хэлэлцээ хийж зөвлөлдөж байгаа. Энэ ажилд би урьдын адил бас л идэвхтэй оролцож, түүнийг зохион байгуулж байна“ гэсэн мэдээлэл хийсэн.
Бүгд хурлын гишүүдэд ийм мэдээлэл хийх завшаан тохиосон бөгөөд үүнээс хойш өнгөрсөн бүх хугацаанд Монгол Улс ЗХУ-аас зээл тусламж авч ашиглаж байсныг буруутгах, хэн нэгэнийг золиослох яриа оролдлого гарч байгаагүй.Харин зээлийн өрийг хүчингүй болгохын төлөө манай намын нөхдөөс зохиосон ажил амжилттай болсон.
Тус бүгд хурлын үед Хомын талд хийгдсэн туршилтын ажлын талаар гарсан асуултад дараах хариу өгч байсан. “Хөдөө аж ахуйн салбарын хэсэг эрдэм шинжилгээний ажилтан Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт Харнуурын эрэг дээр малын тэжээл, чихрийн манжин тариалах санаачлага гаргасан. Би улсын төлөвлөгөөний комисст байхдаа эрдэмтдийн саналыг дэмжиж байсан. Баруун аймгуудад малын тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлага байсан. Хомын талд малын тэжээлийг усалгаатай тариалах ажил эхэлж, тэнд ажиллагсад ч урамтай байсан. Гэвч элсэрхэг хөрстөй, салхи ихтэй тэр талбайд нуураас ус татаж усалгаа хийх аргаар үр ашигтай үйлдвэрлэл явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан учраас 1986 онд туршилтын ажлыг зогсоосон, нийтдээ 6-7 жилд хөрөнгө оруулалт, судалгааны ажилд 30 сая төгрөг зарцуулсан, туршилтыг зогсоох үед 12 сая төгрөгийн үндсэн ба эргэлтийн хөрөнгийн үлдэгдэл байсан тухай мэдээ надад ирж байсан” тухай мэдээлэл хийж билээ.”
Ер нь орчин үед ч арвай, овьёс, буудайн үрийг 6 дугаар сарын дундуур буюу бороо орж эхлэх үед тариалж, намар орой хагас боловсорсон тариаг иштэй нь хураах аргаар \монокорм гэж нэрлэдэг\ ногоон тэжээл үйлдвэрлэж байсан туршлагаа сэргээх, Мөн баруун аймгийн иргэд арвайг усалгаатай тариалж хэрэглэдэг, өндөр ургацтай арвайн үр үржүүлж байсан туршлагыг ч сэргээх нь зүйтэй байдаг.Мөн чихэрийн манжин тариалан боловсруулж сахар үйлдвэрлэх, импорт хэмнэх боломжтойг анхаарах ёстой.
Миний хувьд ардчилсан хувьсгалын оргил үе гэж үздэг 1990 оны 3 дугаар сард улс оронд болж байсан үйл явдалтай холбогдуулж “Өлсгөлөн зарлаж, огцролт болж, өөрчлөлт эрчимжсэн түүхээс“ гэсэн ном бичсэн бол энэ удаа өөрчлөлт шинэтгэл эрчимжсэн мөчийн тухай, МАХН-ын Төв хорооны 8 дугаар бүгд хурлын тухай, Нам төрийн удирдах байгууллагын зарим ажилтан нарын баримталж байсан санал бодлын зөрүүгийн тухай товч бичлээ. Хүмүүсийн бодол санал өөр өөр байх зайлшгүй байсан, тэр нь социализмаас капитализмд шилжих шилжилттэй холбогдсон шинэ асуудлуудаар гарч байсан. Гэвч МАХН, түүний удирдлага Монгол Улсын улс төр эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийг нэгдсэн бодлогоор амжилттай зохион байгуулж чадсан.Алдахаас сэрэмжлүүлж, бүдэрхэд түшиж авдаг нөхөдтөй байлаа, магтаж байгаад хальтирахад түлхэж мэдэх нөхөр ч таарч байсан.Гэвч эвийг хичээцгээж, харилцан ойлголцож, өөрчлөлт шинэтгэлийн асуудлыг амжилттай шийдэж байсаныг дурсахад сайхан байдаг.
Ерөнхий сайд асан. Алтан-Чой овогт Думаагийн Содном
2022 – 06 – 01