Би хэзээ ч ангийн дарга болно гэж бодож байсангүй. Намайг багад манай ангид ангийн даргаас гадна өөр дөрвөн ч мээст байсан ч аль алинд ч томилогдож чадаагүй. Улс төрийн оролцоо, хор найруулгад дөргүй гэдэг маань эндээс илт харагдаж байгаа биз дээ. Гэхдээ тэр үед арай л даргасаг уу? Одоо энэ цүнх баригч нөхдүүд дан манай үеийнхэн гэхээр багадаа ангийн дарга, ядах нь ээ салааны дарга, бүр ядвал ариун цэврийн дарга байсан нөхдүүд болов уу л гэж би таадаг юм.

Тэгсэн тэр жил миний найз Гавал Ганаа ангийн дарга болмоор байна гэж хэлж байна. Номоос өөр юм мэдэдгүй, найм төгсөтлөө одоо авгай нь болсон тэр үеийн ширээний найз Чимгээгийн бугуйнаас дээш ахиулж барьж үзээгүй хүн л дээ. Би хэллээ. Чи чадахгүй ээ. Чамд бүгд дургүй, чацга царайлчихаад ялагдаж нүдний булай болно. Надаас өөр чамд өх хүн байчхгүй л гэлээ. Мань эр гунигтай байна аа. Уг нь манай ангийн ганц гавал шүү дээ.

Би хувьдаа хэрүүлч Сааку Сарааг ангийн дарга болох болов уу л гэж таамагласан юм. Учир нь Сааку охидоо хага базсан. Охид нь ангид олонхи. Хөвгүүдийг ч айлгадаг, ангидаа байтугай сургуульдаа зартай хэрүүлч, заргач охин л доо. Тэрнээс өмнө сурагчдын зөвлөлийн даргад үзээд ялагдчихсан жинхэнэ хор шартай байсан юм.

За тэгээд ангийн даргын сонгууль боллоо. Сааку нэрээ дэвшүүллээ. Тэгсэн манай ангийн атаман Хүрз нэрээ дэвшүүлдэг юм даа. Сургуулийн ногоо хураалтаар дээд ангийн ахыг Хүрздэж ална гэж хөөснөөсөө хойш мань эрийн жинхэнэ нэрийг ч марчихсан юм манай ангийнхан. Мань эр хөвгүүдийг өгөхгүй бол хүрздэнэ шүү гэсэн нүдээр гүйлгэж харж байна. Би ч нүд далдирч орхилоо. Өрсөлдөөн ширүүсэх шинжтэй болж ирлээ. Тэгтэл тооцоолоогүй нэр дэвшигч гарч ирлээ. Гавал Ганаа босчихсон нэрээ дэвшүүлж зогсоно.

Ангийн гавал, ангийн хэрүүлч, ангийн атаман гурав ангийн даргад үзэх болов. Саналыг нууцаар хураалаа. Би ч хөвгүүд санал хуваагдаад, охидуудаас Чимгээ л Ганаадаа өгнө. Тэгээд хэрүүлч Саку ялах нь гэж бодож зогслоо. Тэгсэн үр дүн шал өөр гардаг юм даа. Манай гавал Ганаа ганц саналаар ялчихлаа. Бүгд л гайхсан шинжтэй. Гавал Ганаа тэгээд манай ангийг төгсөн төгстөл даргалж, хэрүүлч, зодоончоороо алдартай анги маань сургуулийн шилдэг анги болсон юм. 

Одоо бодох нь ээ би ч тэр үед дэвшсэн бол ангийн дарга болчих байж гэж боддог юм. Учир нь манай ангийнхан хэлдэггүй л болохоос хэрүүлч, атаман хоёроос залхчихаад байсан хэрэг л дээ.

M U R D O C