01 БҮЛЭГ

Эpгэн тойpон аг чиг дүлий дүмбэд. 

Аагим  нар төөнөсөн  зуны адаг сарын бүгчим халуун   өдрийн хурц наранд шаргалтсан тэнгэрт  нэгэн өтөл хар хэрээ  алгуурхан нисэж байлаа. Хэрээний  хурц нүдэнд тэртээ доор хувхай цайвар    тал дунд цусан горхи    урсаж буй мэт хэсэг улаан юм аажуухан хөдлөхийг лавлан  харах ахул    улаан хүрэн дээлтэй    лам нар    ар араасаа сунаж мөргөн мөлхөж байхыг    олж    үзээд    улаан өнгөнд уруу татагдан  хэрээ дорогшилжээ.

Мөлхөж буй лам нарын амандаа унших маанийн жигд шивнээ агаарт дэгдэн доошоо хальж буй хэрээний чихэнд хальт шүргээд агаарт замхран уусна. Тэднээс гарах маанийн уншлагад айдсын өчүүхэн ч үнэр үгүй агаад  тэгш амгалан дуурссаар  хэрээний сонорт шүргэх төдий агаарт сарнин одох ажгуу. 

Халуун нартай жин үдэд хувхай тал дундуур сунаж мөргөн мөлхөх лам нарын царайд айж түгшсэн байдал илт бөгөөд ар араасаа цувран сунаж мөргөх тэднийг хэдэн морьтон зайдуу ажиглан дагах бөгөөд тавь орчим лам нар хуучин шавар байшин өөд чиглэн сунаж мөргөсөөр  ойртох ажгуу. Гэтэл газар шигээ шороон өнгөтэй шавар байшингийн өмнө, арчиж зүлгэсэн  хромон  гутлаа гайхуулан харуулах мэт хөлөө ачиж сандалд суусан савхин хувцастай цэргийн дарга нэгэн тамхи тамшаалан үлээх агаад түүний  зүг  лам нар  ирж буй нь энэ. 

Тэр цэргийн дарга эрхмийн хажууд хэдэн морьтон байх агаад  дээлээ цэрэг суран бүсээр бүсэлж, сум эгнүүлэн зүүсэн, дан цамцтай, толгойгоо алчуураар боосон зэргээр  хайш  яайш  хувцастай цоохор эрсийг харахад их замын дээрэмчид мэт үзэгдэх ажгуу. Жин үдийн нар чанх дээрээс шарж царцаа жигдхэн  шуугьж,  хааяа хааяа морьд тургин дөрөө харшихаас  өөр аниргүй нам нүм дүнсийнэ. 

Хоёр талдаа хэдэн морьтноор хүрээлүүлсэн лам нар сунаж мөргөсөөр сандалд сууж буй савхин хүрэмтэй цэргийн даргын өмнө ирээд газар хэвтэцгээхэд өнөөх эр сууж байсан модон сандал дээрээ гарч зогсов. 

Гуч гарч яваа болов уу гэмээр насны тэрээр  гялгар хүрэн царайдаа зэвүүцэл тодруулан ташаагаа тулж байснаа халимагаа арагш илээд  өрөөсөн нүдээ боосон хар даавуугаа зассанаа алсыг ширтээд:

-Энэ их газар хөдөлж байгаа юм шиг оготныг одоо яаж устгах вэ..? хэмээн цэргүүдээсээ асуулаа. 

Хөл нүцгэн энгэр заам нь шороо болсон лам нар босож бөөгнөрөн зогсоход өнөөх хэдэн морьтон тэднийг тойрч бүслээд винтов буугаа барьсаар  тууж явахад бэлтгэв. 

Тэдний дунд монгол дээлтэй нэгэн орос хүн байх ажээ. Нүдээ боосон нөхөр мориндоо мордох зуураа: 

-Энэ их оготныг ээ яалтай ч билээ… гэж хэлээд эргэн тойрноо шүүрс алдан харав. Түүний хажууд явсан цоохор морьтой, дээлэн дээрээ цайвар ногоон цув бүсэлж өмссөн таван хошуут шовгор малгай духдуулсан ногоон нүдтэй монхор хөх хүн савхин хувцастад хандан;

-Ямар буудаж барагдах биш хавх тавимаар юм байна даа. Эд нараар хавх  хийлгэе  л дээ … гээд зогьсуулав. 

Нүдээ боосон савхин хувцастай дарга морьтойгоо эргэцээд: 

-Хөөе та нар дунд хавх хийчхээр гарын дүйтэй хүн байна уу? гэв. Нэгэн  лам гараараа нар халхлан түүнрүү хараад: 

-Сэдэд дархан хүн шүү дээ гэв. Савхин хүрэмт дарга дөрөөн дээрээ өндийгөөд чанга дуугаар; 

-Тэр Сэдэд гараад ир! гэлээ. Жагсаалд явсан олны дундаас тачирхан буурал үстэй, үрчлээтсэн духтай) жар хол гарсан болов уу гэмээр, монхор хамартай, гонзгойдуу улаан нүүртэй нүүр шигээ хүрэн улаан өнгөтэй тангад тэрмэн дээлтэй нэгэн гарч ирж газар ширтэн зогсов. Өнөөх өрөөсөн нүдэт морио давирч  тэр эрийн өмнө нь очоод:

-Чи нэг сарын дотор нэг түмэн хавх хийж чадах уу? гэж асуулаа. 

Тэр  эр гартаа барьсан малгайгаа хумьж атгаад; 

-Би ганцаараа бол дөнгөхгүй ээ. Хэдэн туслахтай бол… Гэхдээ энэ их нүгэл, би үхээд ч барахгүй хэдэн үедээ эдлээд  барахааргүй  хар нүгэл шүү дээ… гээд мойног хуруутай гараа цээжин тушаа хавсран  залбирлаа. Өнөөх савхин хүрэмт дарга ихэд гайхсан янзтай түүнрүү хэсэг дуугүй харж байснаа мушилзаж; 

-Нүглээ хат… буудуулах гээд явж байж… за наадуулаасаа хоёр туслах аваад жагсаалаас гар гэж чанга хэлэв. 

Сэдэд лам нар дотроос хоёр хүн татаж гаргахад өнөөх орос:

-За что они? гэлээ. -Товариш кондуктор они будит убивать мыши гэв. 

-Утер офицер… унтер офицер, кондуктор это буржуазны имена… командир, просто командир ясно!  гэлээ.

-Ясно  командир  гээд савхин  хүрэмт  эр цоохор морьтонруу хараад

-Мөнхөө чи энэ гурвыг буцаагаад сүмд аваач гэлээ. Морьтонгууд “чүү” хэмээн морио давираад лам нарыг тоос татуулан тууж одлоо. Өнөөх цоохор морьтой Мөнхөө хэмээгч эр гурван ламын хамт хувхай талд торойн үлдэв.  

Эргэн тойрон үй олон үлийн цагаан оготно газар хөдлөх мэт буцалж байлаа. Хэрээ талаар нэг язганах үлийн цагаан оготнуудын дээгүүр нэг ойртон эргэлдээд дахин дээш наран зүг хийлэн хөөрлөө. 


02 БҮЛЭГ 


Шөнөжин  уйлагнаж хоносон бороо үүрээр ширүүсэж, маш их устай орж эхлэв. Дэнжийн мянгын ойролцоо гэр хороолол дундуур сарны гэрэлд гялайх засмал замаар шар өнгөтэй “Ваз” автобус гарч ирээд огцом эргийн дээр сүүхийлдэх гэрүүдийн доор гялалзан харагдах цардмал замаар наашилж байснаа хэд хэд    угзчаад  таг зогсоход    кондуктор    дав хийн сэрлээ.

Кондукторын бүтэн нэрийг Хөхтөмөр гэх бөгөөд ихэнх хүн түүнийг Төмөр гэж дуудах нь элбэг . 

Тэрээр автобусны кондукторын суудалд зүүрмэглээд сэрэхэд автобусны радиогоор;

Үүл нүүж цахилгаан бадарсан талд 

Үер бууж сүрийг үзүүлсэн газар

Хэзээнээс алдартай дархан хийлийн овоо 

Хэн ч халдашгүй Монголын нутаг аа 

Энэ бол миний эх орон 

Эзэн бидний өлгий нутаг аа… хэмээх дууг цэргийн дуу бүжгийн чуулгын жаран хар хэмээх дуучид хоолой нийлүүлэн дуулж  байлаа. 

Хөхтөмөр хулгана бужигнасан талд хар хувцастай хүний өөдөөс мөлхөж яваа лам нарыг үзэж ам нь тоймгүй цангаж тэдний дээгүүр хэрээ болон эргэлдэв гэж зүүдлээд сэрмэгц “Үүл нүүж цахилгаан бадарсан талд үер бууж сүрийг үзүүлсэн газар…” дууны үгс хачин эвгүй аймаар санагдахад зүүднээсээ ангижирч ядан автобус доторхыг гүйлгэн харахад арын суудал дээр унтах согтуу хүнээс өөр нэг ч хүнгүй ажээ. 

Жолооч өмнөх хаалгаараа  гарч ирээд моторын хэсэгрүү гар чийдэн тусган харж байхад кондуктор хажууд нь цүнхээрээ бороо халхлан ирж  зогсоод:

-За за, манай гэртээ их ойрхон ирээд эвдэрлээ дээ… гэв. Өнөөх жолооч түүнрүү харж инээгээд: 

-Чи бараг  харьсан  нь дээр юм шиг  байна даа. Энэ асуудал үүслээ л дээ гээд түүнрүү харав.

-Орлогоо яахав? Мягмараа … 

-Тоолоод надад орхичих. Энэ сүүлчийн тойрог шүү дээ. Би ухаад  үзье  аягүй бол баазаас юм авчрахгүй бол хөдлөхгүй ч байж мэднэ. Чи харь, харь…гэлээ. 

Кондуктор автобусруугаа эргэж ороод мөнгөө тоолж эхлэв. Радиогоор мэдээ уншиж байлаа. 

…Бүх холбоотын “Зарубежцветмет” нэгдэл гэж бизнесийн том бүтэц социализмын үед байсан. Тэдний    Оросын талын хүмүүс ОХУ-ын  49 хувийг хувьчилж авлаа гэсэн мэдээг Монголын талд ирүүлсэн байжээ. Хувьчилж авсан “Внешмедь” гэх компанид Ш.Отгонбилэг, Оросын Элчин байсан Павловын гэргий, Элчингийн зөвлөх байсан  Штенин  нар хувь эзэмшдэг    байжээ. Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд Монголын Засгийн газрын зөвшөөрөлгүй 49 хувийг худалдаж, гэрээ зөрчсөн гээд Оросын талд асуудал тавьсан. Эрдэнэтийн Монголын талын 51 хувийг “Эрдэнэт  концерн” аваад Оросын талын 49 хувийг “Внешмедь” нь авч, үндсэндээ хувьчлал  явагдчихсан байсныг шинээр байгуулсан Засгийн газар дүгнээд “Эрдэнэт”-д шинэ захирлаар Д.Дорлигжавыг  томилжээ …хэмээн радиогоор ярьж байлаа. 

Кондуктор мөнгөө тоолж эмхлээд цүнхэндээ хийж жолоочид аваачиж өгөөд цуван дээгүүрээ ёс төдий өмссөн хөх өнгөтэй  халатаа  тайлж орхиод гарах гэснээ: 

-Энэ нэг согтуу юмыг яахав? гэв. 

Мягмар жолооч; 

-Унтаж л байг. Манайхан ирээд засаж байтал сэрвэл тэр биз дөхүүлээд буулгачихъя гэлээ. 

Кондуктор тэр унтаж буй хүний хажууд очоод дээрээс нь өнгийж  харав. Тэрээр цагаан саарал цувтай, нүдний шилтэй сэхээтэн байрын залуу бөгөөд өвөр дээрээ  нэг цүнх тэврээд суугаа чигтээ унтжээ. Цүнх нь онгорхой нэг пянз цухуйж ард нь  бичгийн машинаар бичсэн зохиол  байхыг  хараад кондуктор татаад авчхав. 

Тэрээр нүдний шилээ хийж харвал “Эсэн тайшийн цадиг” нэртэй зохиол байх ажээ. 

Кондуктор зохиолыг сонирхон эргүүлж хараад цааш лавшруулан цүнхрүү өнгийвөл тийм зохиол хэд хэд хувилсан байх тул гартаа байгааг аваад автобуснаас буулаа. Хөхтөмөр эвшээлгээд шиврэн орох бороон дунд дээш өгссөн тахир гудмаар орж  алхлаа. 

Тэрээр нэлээд яваад халаасаа уудлан тамхи гаргаж бороонд норгочихгүй гэж гараараа халхлан асааж сороод шавар шавхай болсон гудмаар ус туулчихгүйг хичээн шалбааг тойрон алхаж явснаа нэгэн хуучин байшингийн хажууд ирж хэсэг зогсов. Өнөөх байшингийн цонхны цаана хэн нэгэн сүүтгэнэх шиг болов. Яагаад ч юм бэ Хөхтөмрийг хэн нэгэн дээрээс нь ширтээд байх шиг санагдсанд тэрээр эрхгүй дээш харлаа. Гэвч мэдээж хэн түүний дээрээс харах билээ дээ.

Гэлээ ч гэсэн их л  ойрын  хүн түүний дээрээс хараад байх шиг санагдсанд түүний дотор нэг л эвгүй атлаа, дулаан мэдрэмж хүйтэн бороон дундуур дээрээс ирээд байх шиг санагдсанд  гайхан зогсож байлаа.