УИХ-аар арваннэгдүгээр сард хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” гэнэт хэлэлцэх асуудлын жагсаалтаас ор сох алга болжээ. Одоогоос нэг жилийн өмнө буюу 2020 оны арванхоёрдугаар сард хууль санаачлагч нь УИХ-д өргөн барьсан ч УИХ-ын хэлэлцүүлэлгүй жил тойрсон уг хуулийн төслийг өнгөрсөн арваннэгдүгээр сард арай гэж жагсаалтад оруулсан байна. Гэсэн ч дахиад л хэлэлцүүлж чадсангүй. Нийгмийн бодлогын байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзсан гэнэ. Яагаад гэж үү?

1994 онд УИХ-аар баталсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулиар иргэдийн тэтгэврийн таван жилийн дунджаар тогтоож ирсэн. 25-30, түүнээс дээш жил ажилласан, НДШ төлсөн хүмүүс хамгийн өндөр цалинтай таван жилийнхээ дунджаар тэтгэврээ тогтоолгодог хуультай байв. Яагаад арав биш, таван жил гэж?

Учир нь хүн ажил мэргэжил эрхэлж байх хугацаандаа хамгийн өндөр бүтээмжтэй ажилласан оргил үе нь 4-5 жил л байдаг байна. Тэр оргил үед хүрэхийн тулд хүн маш удаан, шаргуу хөдөлмөрлөдөг, оргил үе дуусахад амжилт, үр бүтээл нь бага багаар буурч эхэлдэг. Дөчин настай хүний ажлын бүтээмж, 60 настай хүний бүтээмж хоёр шал өөр биз дээ. Ийм л шалтгаанаар иргэдийн тэтгэврийг тогтоохдоо тухайн хүний хамгийн өндөр цалинтай буюу үр бүтээмжтэй ажилласан таван жилийн цалингийн дунджаас хувь хэмжээ тооцдог. /Энэ хууль 2018 оныг хүртэл 24 жил тогтвортой үйлчилсэн/   

Хоёрдугаарт албан бус хөдөлмөр эрхлэгчид буюу орлогыг нь тодорхойлох боломжгүй хүмүүс өөрсдөө орлогоо тодорхойлоод сайн дураараа НДШ төлдөг. Мэдээж тэтгэврийн насанд хүрэхдээ буюу сүүлийн таван жилдээ арай ахиу шимтгэл төлж байж тэтгэврээ тогтоолгох боломжтой болдог. Энэ бол хулгай биш, хууль ёсны үйлдэл. Угаасаа тийм боломжийг нь хуулиар тавьж өгсөн юм. 

Гэтэл МАН засгийн эрх авсныхаа дараа хуульд өөрчлөлт оруулаад “долоон жилийн дунджаар тэтгэврээ тогтоолго” гэв. Хорь, гучин жил НДШ төлсөн /тэр мөнгөөр нь манай төрийнхөн 20-30 жил төсвийнхөө цоорхойг нөхсөн/ тэр хүмүүсийн хувьд Монголын төр мөнгийг нь авчихаад наймаа буцсан хулхины панзчин шиг л харагдаж байгаа. Шинэ нийгэмд шилжээд шинэ хуулийн орчинд тэтгэврээ тогтоолгож байгаа анхны үе шүү дээ.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн танилцуулснаар тэтгэврийг таван жилийн дунджаар тогтоодог байсныг долоон жил болгож сунгасны дараа дундаж тэтгэвэр 100 мянган төгрөгөөр буурсан судалгаа гарсан байна. Өнөөдөр манай улсад тэтгэврийн дундаж 430 мянган төгрөг байгаа гэж тооцвол түүнээс 100 мянгыг нь төр дундаас нь хумсалсан гэсэн үг. Үүнийгээ хууль тогтогчид “Тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах” гэж тухайн үед тайлбарлаж байсан ч тэтгэврийн санг алдагдалд оруулсан хүн нь тэтгэвэр авагчид биш, санг удирдаж байгаа манай төрийнхний менежментээс болсон гэдгийг бүгд мэднэ. 

Хэрвээ өнгөрсөн 30 жилд НДС-гийн мөнгийг төсвийн хөрөнгө шиг дур дураараа зарцуулж /уг нь бол та бидний ирээдүйд хөдөлмөрийн чадваргүй болохоороо хэрэглэх гэж хадгалуулсан даатгал байгаа юм/, төсвийн цоорхой нөхөж, хувийн банкиндаа зузаатгал хийж, ууж идээд дусчихаагүй бол, үр ашигтай хөрөнгө оруулалт хийгээд, өсгөж арвижуулаад явсан бол өнөөдөр тэтгэврийн бууруулах биш, харин нэмэгдүүлэх тухай яриад сууж байх байлаа. 

Хамгийн сүүлийн жишээ, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хувийн “Капитал” банкинд төрийн сангийн 375 тэрбум төгрөгийг байршуулаад ор сох алдсаны 104 тэрбум нь НДС-гийн мөнгө. Эрхэм гишүүн энэ мөнгийг ямар ч хүү төлөлгүй ашиглаж, ашгийг нь ганцаараа хүртэж байснаар барахгүй одоо тэр мөнгө ор мөргүй алга болсон. Одоо тэгээд тэр мөнгийг нь тэтгэвэр авагчид өөрсдийн авах ёстой байсан тэтгэврээр нөхөж төлж байна. Хууль батлагдсанаас хойш сүүлийн 2-3 жилд тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн дундаж тэтгэвэр өмнөх хуулийн орчинтой харьцуулахад 100 мянган төгрөгөөр буурчээ гэдэг маш том тоо. Нэг тэтгэвэр авагч жилдээ сая 200 мянгын алдагдал хүлээж байна. Энэ алдагдал төсөв рүү орж байгаа.  

Ийм шалтгаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг санаачлаад жил тойрон араас нь хөөцөлдөж байна. Тэтгэвэр тогтоох долоон жилийг буцааж таван жил болгохоор. Хэрвээ хууль батлагдвал 2018 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон 84 мянга гаруй иргэний тэтгэврийн зөрүүг нөхөн төлөх хэрэгтэй болно. 

Уг нь бол МАН 2020 оны сонгуульд орохдоо “Ахмадуудад суурь тэтгэвэр олгож, тэтгэврийн доод хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлнэ”. “Насны хишиг”-ийг үргэлжлүүлнэ, “Тэтгэврийн шинэчлэл хийж, НДШ-ийн нэрийн дансны үлдэгдлийг гэр бүлд нь өвлүүлнэ” гэж амласан. Тэр амлалтаас үлдсэн нь ердөө наадам, цагаан сараар нэг удаа өгдөг “Насны хишиг”-ийн 50, 100 мянга. Сар бүрийнх нь тэтгэврээс 100, 100 мянгаар хумслана, түүнээсээ жилд хоёр удаа 50, 100 мянгыг өглөг болгож өгнө. Ийм наймаа байж болох уу?

Энэ бол эрх баригч МАН-ын ахмадуудаас хулгайлсан анхны тохиолдол биш. 2016 оны сонгуулийн дараа засгийн эрх авмагцаа /2016 оны есдүгээр сард/ “Өвгөн, эмгэн хоёр бие биенээ өдөр болгон үхээсэй гэсэн нүдээр харж байгаа” гэдэг аймшгийн кино ярьж өгсөөр байгаад Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосон. Уг нь бол гэр бүлийн хоёрын нэг нь өөд болоход нөгөө нь тэтгэврийг нь өвөлж авах тухай л хууль юм шүү дээ. Хоёр хөгшин нийлээд 500 мянган төгрөгөөр амьдрах нэг өөр. Нэг нь байрныхаа мөнгийг төлөөд нөгөө нь хоол ундаа аваад яаж ийгээд болгоно. Гэтэл нэг нь өнхрөөд өгөхөөр ганцаараа үлдсэн хөгшин 250 мянган төгрөгийн тэтгэврээр яаж амьдрах вэ? Тийм л утгатай хууль байсан. Харин МАН тэр хуулийг хүчингүй болгоод “насны хишиг” нэртэй “Богдын боорцог” тараадаг болсон нь тэр. 

Атал өнөөдөр “Тэтгэврийн шинэчлэл хийж, НДШ-ийн нэрийн дансны үлдэгдлийн гэр бүлд нь өвлүүлнэ” гэж амлаж гарч ирчихээд тэрийгээ хийхийн оронд авах ёстой тэтгэврийг нь 100, 100 мянгаар танаад явж байна. Энэ нь тэгээд тэр намын яриад байдаг шударга нийгэм, шударга харилцаа мөн үү?

inews.mn