АГУУ МАСТЕРИЙН СҮҮЛЧИЙН ДАЙРАЛТ
“RAN” (Самуун) бол Күросавагийн уран бүтээлийн “Гуравдугаар үе”-ийн (1965-1985) сүүлчийн кино байсан. Энэ үед агуу найруулагчийн уран бүтээл уналтад орж, бүтээлдээ санхүүжилт олох бэрх болсны сацуу, нэгэнтээ амиа хорлох оролдлого ч хийсэн удаатай. Тийм ч учраас хилийн чанадаас төсвөө босгохоос өөр аргагүйд хүрч Япон, Францын кино компаниудын хамтрал дээр бүтээл өндийжээ. Киноны ерөнхий нэр, дуудлага болгон ашигласан “Ran” гэдэг үгийг цогцоор авч харвал “эмх замбараагүй байдал”, “бослого” гээд янз бүрээр орчуулж болно. Эсвэл бүр “үймэрсэн”, “будилсан” гэсэн утга ч бас агуулагдаж буй.
“Самуун” бол агуу, гайхамшигтай ололт юм.
Рожер Эберт Chicago Sun-Times
Урт замналын төгсгөлд...
Энд Японы кино урлагийг дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрүүлсэн дэлгэцийн өгүүлэмжийн суутан Акира Күросавагийн тухай ярихгүй. Харин магадгүй түүний хамгийн агуу бүтээлийн талаар ярих гэж байна.
“RAN” (Самуун) бол Күросавагийн уран бүтээлийн “Гуравдугаар үе”-ийн (1965-1985) сүүлчийн кино байсан. Энэ үед агуу найруулагчийн уран бүтээл уналтад орж, бүтээлдээ санхүүжилт олох бэрх болсны сацуу, нэгэнтээ амиа хорлох оролдлого ч хийсэн удаатай. Тийм ч учраас хилийн чанадаас төсвөө босгохоос өөр аргагүйд хүрч Япон, Францын кино компаниудын хамтрал дээр бүтээл өндийжээ. Киноны ерөнхий нэр, дуудлага болгон ашигласан “Ran” гэдэг үгийг цогцоор авч харвал “эмх замбараагүй байдал”, “бослого” гээд янз бүрээр орчуулж болно. Эсвэл бүр “үймэрсэн”, “будилсан” гэсэн утга ч бас агуулагдаж буй.
Түүх + Шекспир = Күросава
Акира Күрасова 1970-аад оны дундуур Сенгокүгийн үеийн дайчин ноён Мүри Мотонаригийн тухай сургаалт үлгэрийг уншаад “Самуун” киноны санаагаа олжээ. Тэрхүү Мотонари ноён үнэхээр гайхалтай, авьяаслаг гурван хүүтэй хэмээн түүхэнд үлдсэн байв. Харин Күросава эсэргээрээ тэдгээр хөвгүүд ачлалгүй, муу эрс байсан бол юу болох байсныг төсөөлж эхлэв. Хэдийгээр уг кино нь Шекспирийн “Лир ван” жүжгээс ихээхэн урам зориг авсан ч, Күросава киноны урьдчилсан төлөвлөгөөг гаргахдаа л зохиомжийг нь ашиглажээ. Түүний хэлснээр Мүри Мотонари, Лир нарын түүхүүд үл ойлгогдом учир шалтгаанаар нэгджээ.
Тэрээр 1975 онд Дерсу Узала киноны зураг авалтын дараахан зохиолоо бичсэн бөгөөд дараа нь долоон жилийн турш “дараатай” хэвтсэн. Энэ хугацаанд тэрээр киноныхоо зураг авалт бүрийн сюжет бүрийн зураглалт түүх (Stoty board)-ийг зурж санхүүжилтээ үргэлжлүүлэн хайж байв. 1980 онд “Кагемүша” кино нь амжилтад хүрсний дараа тэрээр продюсер Серж Силберманаас дэмжлэг авч чаджээ. Күросава нэгэнтээ “Хидетора бол би” гэж хэлсэн бөгөөд Мотонари Хидетора нь Күросавагийн хувьд өдөөгч болдог байсан талаар түүхүүд ч бий. Алдарт кино шүүмжлэгч Рожер Эберт үүнтэй санал нэгдэж,“Самуун”, “Шекспирийн жүжигтэй адил Күросавагийн амьдралд хамаатай зүйл байж магадгүй юм” гэсэн санаа дэвшүүлсэн нь бий.
“Самуун” бол Күросавагийн карьерынхаа туршид Шекспирээр хийсэн хоёр дахь ажил байв. 1957 онд идэр залуу Күросава Шекспирийн Макбет жүжгээс сэдэвлэн найруулсан “Цусны сэнтий” киногоороо дэлхийг шуугиулсан билээ. Күросавагийн сүүлчийн туульсын бүтээл болох “Самуун” нь түүний хамгийн их амжилт олсон, түүхэн дэх агуу киноны нэгээр нэрлэгдсээр байна. 11 сая долларын төсөвтэй бүтсэн уг кино тэр үе хүртэл бүтээгдсэн хамгийн үнэтэй Японы кино болж, өмнөх “Кагемүша” киноны 7.5 сая долларын төсвөөс давсан юм. Энэхүү киноны хүчирхэг дүр төрх, хурц өнгөт хувцаслалтыг бүтээсэн дизайнер Эми Вада “Шилдэг хувцасны дизайн” номинацид Оскарын шагнал хүртсэн юм.
Хагацал дунд бүтээсэн “Самуурал”
Киноны зураг авалт 1983 оноос эхэлсэн. Зураг авалтад ашигласан 1400 дүрэмт хувцас, хуяг дуулгыг хувцасны дизайныг Эми Вада, Күросава нар гаргаж, гурван жил гаруй хугацаанд мастер оёдолчид урласан байна. Кинонд мөн 200 морь ашиглажээ. Күросава нь сүрлэг, өргөн уудам газарт зураг авалт хийх дуртай байсан бөгөөд “Самуун” киноны ихэнх хэсгийг Японы хамгийн том идэвхтэй галт уул болох Асогийн уулс ба талд авчээ. Орон нутгийн захиргааны зүгээс Күросавад тус улсын хамгийн алдартай хоёр дурсгалт газар болох Күмамото, Химежи дахь эртний цайзуудад зураг авах зөвшөөрөл олгожээ. Өөр нэгэн гэр бүлийн цайзыг Фүжи уулын ойролцоо Күросавагийн үйлдвэрлэлийн багийнхны загвар, захиалгаар барьсан Азүса цайзын туурийг ашиглажээ.
Күросава ихэвчлэн тус бүрдээ өөр өөр линз, өнцөгт байрлалтай гурван камерыг сцен бүр дээр зоодог. Олон тооны холын зайн камерууд ажиллуулж, тун цөөн нь ойроос авдаг байсан. Күросава хөдөлгөөнийг хянахын тулд хэд хэдэн камер ашиглаж байснаа статик камер ашиглан үйлдлийн үзэгдэх хүрээг гэнэт тодруулдаг. Тэрээр мөн зарим сценийг сайжруулахын тулд кадр солигдох хурдыг багасгах арга ашиглаж, үйл явцын ерийн хурдыг киноны эффект болгон өөрчилсөн. Акира Күросавагийн 39 жил ханилсан эхнэр Ёко Ягүчи энэ кино бүтээх үеэр нас баржээ. Тэрээр гашуудал зарлаж ганц л өдөр зураг авалтаа зогсоов. Олон жилийн хамтрагч бичлэгийн инженер Фүмио Яногүчи мөн 1985 оны нэгдүгээр сард киноны үйлдвэрлэлийн шат дуусахаас өмнөхөн нас баржээ.
Гурван сумны домог
Өдгөө өндөр настай болсон дайнч ноён Хидетора Ичимонжи өөрийн хаант улсыг Таро, Жиро, Сабүро гэсэн гурван хүүдээ хуваахаар шийджээ. Хамгийн том нь Таро нэр хүндтэй эхний цайзыг хүлээн авч Ичимонжи овгийн удирдагч болох бол Жиро, Сабүро нарт хоёр, гурав дахь шилтгээнүүдийг өгөх болно. Хидетора харин Их Эзэн цолоо хадгалж үлдэх бөгөөд Жиро, Сабүро нар Таро-г дэмжих ёстой. Хидетора гурван сум ашиглан эв нэгдлийн ач холбогдлын талаар хөвгүүддээ лекц уншиж эхэлдэг. Тэрээр сумнаас нэг сумыг сонгоод хугалах нь хэчнээн амархан болохыг харуулна. Харин гурван сум нь хамтдаа илүү бат бөх байгааг харуулж, сургамжилна.
Гэтэл Сабүро хүү нь гурван сумыг авч өвдөгөөрөө хүчлэн хугалаад эцгийнхээ сургаалийг тэнэг хэмээн шоолно. Тэрээр Хидетора хөвгүүддээ өөрөөс нь үнэнч байхыг шаардвал тэнэг хэрэг гэдгийг онцолж, эцэг нь хүртэл өмнө нь хүч чадалд хүрэхийн тулд хамгийн харгис арга хэрэглэж байсан гэдгийг сануулав. Хидетора энэ үгийг хутган үймүүлэх санаатай гэж ойлгох бөгөөд Сабүрогийн талд орж, үгийг нь уг үндэстэйг нотолсон тул хоёуланг нь цөлөхөөр болно. “Самуурал” киноны эхний эмгэнэл энэ. Үүнээс хойших үйл явдал Шекспирийн “Лир ван”-гийн зохиомжийг дагана. Гэвч кино оргил хэсэгтээ хүрээд Шекспирийн эмгэнэлийн хязгаарыг давж, Күросавагийн дэглэсэн “Самуун” эхэлнэ.
“Самуун” кинонд амьдралын аймшигт чанарыг урлаг, гоо сайхан болгон хувиргадаг.
Сэтгэл хөдөлгөм төгсгөлийн дараа хийх цорын ганц хариу үйлдэл бол дуугаа хураах...
Боб Грэхэм Сан Франциско Хроникл
Метафор: Технологийн хөнөөлийн тухай Күросавагийн санаа
“Самуун” киноны зураг авалт 1983 оноос эхэлсэн. Кинонд гарсан дайны үйл явдлын зураг авалтыг хийхэд технологийн дэвшил, Күросавагийн цөмийн дайны талаарх үзэл бодол ч нөлөөлсөн. Майкл Вилмингтоны хэлснээр, Күросава түүнд киноны ихэнх хэсэгт цөмийн дайны метафорыг шингээжээ. Хирошимагийн бөмбөгдөлтийн дараах үеийн сэтгэлийн түгшүүр, шаналгаа ч байсан талаар тэрээр хэлжээ. Күросава ХХ зууны технологийн дэвшлийг шүтэж, ойшоодоггүй, харин ч хүмүүс нэгнээ хялбар атлаа баталгаатай аргад л суралцаж байна гэж үздэг байв.
“Самуун” кинонд тангараг зөрчсөн явдлыг таслан зогсоох хэрэгсэл бол XVI дугаар зуунд Японд нэвтрүүлсэн эртний галт зэвсэг болох архебус юм. Сабүрогийн мөргөлчид Жирогийн морин цэргүүдийг устгаж, явган цэргүүдийг нь морин цэргүүд ойгоос хөөж зайлуулдаг. Күросава энэхүү шинэ дайны нөхцөлийг зураг авалтаараа мөн дэмжиж өгчээ. Тэрээр дайтаж буй армиудад анхаарлаа төвлөрүүлэхийн оронд, камерын тусгалаа сцен өрнөж буй хавтгайгаас гадуур ойр ойрхон байрлуулдаг тул кинонд тэдгээр нь хийсвэр зүйл мэт харагддаг байна.
Метафор: Хаос, буддизм, нихилизм, дайн
Күросавагийн кинонд хүний мөн чанарын талаар эрс тэс ялгаатай хоёр үзэл бодол байдаг: Хидеторагийн тойрон хүрүүлэгч (Лир, Глостестер, Олбани, Кенттэй адил төстэй), засаглахыг хүсэж том хөвгүүдийнх нь тойрон хүрээлэл (Эдмунд, Корнуоэль, Гонерилья, Регана). Шекспирийн нэгэн адил Күросавагийн кинонд хүний мөн чанарын эдгээр хоёр талыг сэдэвчилсэн байдлаар авч үздэг. Эмх замбараагүй байдал, нихилизм, дайн гэсэн гурван сэдэв киноны туршид давтагдана.
Эмх замбараагүй байдлын талаар Күросава олон үзэгдэл дээр, ялангуяа цайзад болсон аллагын үеэр хүчтэй шуурганд хуйлран буй үүлний зураг авалтаар тод харуулдаг. Хидетора бол автократ дарангуйлагч бөгөөд түүний хүчирхэг байдал нь хөдөө нутгийг нэгдмэл, тайван байлгаж байжээ. Түүнийг огцруулснаар Жиро, хатагтай Каэде зэрэг бусад дүрүүд өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой болж, чөлөөлөгдөнө.
“Самуун (Ran)”хэмээх нэр нь Хидеторагийн хаан ширээнээс буух шийдвэрийг (мөн үүнээс үүдсэн үймэлдээнийг) ёгтлож байгаа нь бараг гарцаагүй боловч амьдралын эмх замбараагүй байдлын бусад жишээнүүд бас бий. Майкл Срагов үүнийг “Анархийн намчирхах онол” гэж нэрлэдэг. Эмх замбараагүй байдлын хурц жишээ бол бурхад үгүй болсон явдал юм. Хидетора Буддын шашин шүтлэгтэй, киноны хамгийн шашинлаг дүр болох хатагтай Сүег хараад “Будда энэ өрөвдөлтэй ертөнцийг орхижээ” гэж хэлдэг. Сүе хайр, өршөөлд итгэдэг байсан ч эцэстээ толгойгоо таслав. Киоами, “Бурхад гэж байдаггүй байлаа гэхэд ердөө л хүний зовлон зүдгүүрийн шалтгаан болдог” гэж хэлэхэд Танго, “(бурхад) биднийг өөрсдөөсөө аварч чадахгүй” гэж хариулдаг. Күросава энэ санааг амьдрал дээр ч давтаж, “Хүн төрөлхтөн бурхан эсвэл бурханд найдахгүйгээр амьдралтай нүүр тулах ёстой” гэж хэлсэн нь бий. Киноны сүүлчийн дүрслэлүүдийн нэгэнд бурхнаа хөсөр хаясан сохор эр мөхлийн ирмэг дээр зогсож байна.
Шүүмжлэгч Рожер Эбертийн “Самуун” киноны тухай санаанууд үнэ цэнэтэй юм. Тэрээр,“Самуун” киног “Дундад зууны үед зохиогдсон ХХ дугаар зууны кино. Хөгшин эр бүх л тулаандаа ялалт байгуулсны эцэст амьдралынхаа төгсгөлд хүрч ирнэ. Тэгээд шинэ үеийг засан тохинуулах хүч чадалтай хэвээр байна гэж мунхаглан боддог. Гэхдээ амьдрал түүхийг огоорон урагшлах болно; түүний хүүхдүүд өөрийн гэсэн хүсэл тачаал, уур хилэнтэй байдаг. Эцгийнх нь хүсэл тэдэнд хамаагүй бөгөөд тэд олзоо гулууз булаалдах нохой шиг хуваах болно. Энэ нь Күросавагийн өмнөх кинонуудаас эрс эргэлт болсныг тэмдэглэх хэрэгтэй, тэдгээр өөрчлөлтийн ихэнх нь ”Самуун” киноны гутранги үзлийг итгэл найдвараар тэнцвэржүүлсэн юм” хэмээн үнэлсэн.
Жүжиглэлт: Но театрын уламлжлал
“Самуун” киноны ихэнх дүрүүд ердийн жүжиглэх арга техник ашиглана. Гэхдээ хоёр дүрийн тоглолт Японы уламжлалт Но театрыг санагдуулдаг. Но нь өндөр түвшний бэлтгэгдсэн жүжигчид, хөгжимчдийг шаарддаг Японы уламжлалт театрын төрөл. Но теартын уламжлалд хөдөлгөөнөөр сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг. Тацүя Накадайгийн дүр, Хидеторагийн хий үзэгдэл шиг хүнд будалт нь Но-гийн уламжлалт жүжигчдийн өмсдөг сэтгэл хөдлөм масктай төстэй юм. Үүгээр тогтохгүй дүрээ тодотгох биеийн хэл нь Но театрын хувьд ердийн үзэгдэл юм. Жишээлбэл, удаан хугацааны хөдөлгөөнгүй, нам гүм байдал, дараа нь огцом, заримдаа хүчирхийллийн шинжтэй явдал суудал нь өөрчлөгдөх гэх мэт Но-гийн элементүүд гол дүрийн тоглолтод илэрч байна.
Хатагтай Каедийн дүрд мөн Но нөлөөлж байна. Но-гийн элементүүд нь эдгээр хоёр дүрийн увайгүй, омогтой, гуйвашгүй бат бодолтойг нь тодотгон гаргаж иржээ.
Хөгжмийн зохиол: Өрнө дорнын сүлэлдээн
Их Британийн “Movie Music” сонины тоймч Крейг Лиси уг киноны хөгжмийн зохиолчийн ажил Күросавагийн зорилгод яв цав нийцсэн байж болох талаар онцолсон нь бий. Тэрээр, “Теру Такемицү бол Японы шилдэг хөгжмийн зохиолч байсан. Дуу бичлэгийн технологи бол олон төрөл, категорийн хөгжмийг үр дүнтэй сүлэн ашиглах боломж юм. Энэ үеэр Күросавагийн дуу бичлэгийн технологийн тухай ойлголт эрс өөрчлөгдсөн байна. Киноны зохиолчийн багийн ажил эхлэхэд найруулагчийн хүсэл 180 градус өөрчлөгдөж, Махлерыг санагдуулам, оркестрийн хүчирхэг аялгууг шаардаж эхэлсэн. Күросавагаас өмнө огт гараагүй романтик тэмүүллийг нь хөгжмийн зохиолч бүрнээ ойлгож, дорно дахины уламжлал хөг аялгуу болон имперсионист мэдрэмжийг төгс сүлж чадсан” гэж шүүмжид дурджээ.
Такемицү үүнийг өөрт нь олгогдсон цэлгэр хоосон орон зайг тойрсон энергийн илүүдэл гэж тайлбарласан ба үйлийн үрийн тухай Япон итгэл үнэмшил ч ихээхэн нөлөөлсөн талаар ярьжээ. Тэрээр хэлэхдээ “Миний хөгжим яг л цэцэрлэг шиг, би бол цэцэрлэгч. Хөгжим сонсохыг миний ургуулсан цэцэрлэг дундуур алхаж, гэрэл, навчисын хээ, бүтэц байдал нь хэрхэн өөрчлөгдөж буйг мэдрэхтэй зүйрлэж болно” гэжээ.
Тэрслэл ба шагнал
“Самуун” кино Каннын кино наадамд ороход хэтэрхий оройтсон байсан бөгөөд анхны Токиогийн олон улсын кино наадмын үеэр нээлтээ хийсэн. Күросава киноны нээлтэд очилгүй, Японы кино урлагийн салбарын олон хүмүүсийн уурыг хүргэжээ. Энэ үйлдлээс нь болж Оскарын Шилдэг гадаад хэл дээрх киноны төрөлд Япон улс “Самуун” киног оруулаагүй аж. Серж Силберман бүтээлээ Францтай хамтарсан бүтээл гэсэн статусаар Оскарт нэр дэвшүүлэхийг оролдсон боловч бүтэлгүйтэв.
Гэсэн хэдий ч Америкийн найруулагч Сидней Люме Күросаваг Шилдэг найруулагчид нэр дэвшүүлэх кампанит ажлыг зохион байгуулахад тусалсан. “Самуун” нь Оскарын шагналд уран сайхны найруулга, зураг авалт, хувцасны дизайн (ялсан), болон шилдэг найруулагчийн номинаницад нэр дэвшжээ. Мөн Алтан бөмбөрцөг кино наадмын шилдэг гадаад хэлний кинонд нэр дэвшжээ. “Самуун” кино нь Японы академийн шагнал гардуулах ёслолын үеэр эвлүүлэг, шилдэг хөгжмийн бичлэг гэсэн хоёр шагнал хүртжээ. “Самуун” кино нь Британийн Кино Телевизийн Урлагийн Академиас гадаад хэл дээрх шилдэг кино, шилдэг нүүр хувиргагч гэсэн хоёр шагнал хүртэж, шилдэг зураглаач, шилдэг хувцасны загвар, шилдэг дизайн, шилдэг дэлгэцийн бүтээлд нэр дэвшсэн. Энэ жилдээ болон хойшид “Самуун” киноны хүртсэн шагнал хүндэлийг тоолохын аргагүй.
“Самуун” киног BBC-ээс 43 орны 209 шүүмжлэгчийн саналаар 2018 онд шалгаруулсан гадаад хэл дээрх 100 шилдэг киноны жагсаалтад багтжээ.
СУИС-ийн төгсөгч М.Бат-Эрдэнэ
Үндэстний ТОЙМ сэтгүүл. №482-483
Киноны хорхойтон
NN
onoch
Зочин
Зочин