Африкийн дулаан зүрх
Ерөнхийлөгчийн албыг хүлээлгэж өгөхөөс ердөө есхөн хоногийн өмнө. Ингэж Монгол төрийн түүх хуулиар цусгүй бичигдэх шинэ эрин эхэлсэн юм. Хүн алдаг төрийг хүлээж аваад, хүн алдаггүй төрийг би хүлээлгэж өгсөн.
Нар нь хурц гэж. Торон хаалттай орноосоо бослоо. (Өмнөд Суданд энхийг сахиулж, 9 сар ажиллаад ирсэн хүү маань надад, Африкийн орны энэхүү торон хаалтыг "гүнжийн тор" гэж нэрлэдэг тухай ярьж билээ.) Хэдий гүнжийн тортой байсан ч Малавийн шумуул энэ шөнө намайг лав гурав хатгажээ. Их загатнаж байна. Муу юм бүү болоосой. Хөшгөө нээлээ. Өглөөний шинэхэн нар нүд гялбуулна..
Уулзалтын цаг ойртжээ. Би “Африкийн дулаан зүрх” – Africa's warm heart гэдгээрээ алдартай Малави улсад сэрж байгаа нь энэ. Энд ирсэн зорилго маань хүнлэг. Амьдрах эрхийг өмгөөлөх. Цаазын ялыг халах үйлсэд нь тус нэмэр болох. Африк тивд НҮБ-ын гишүүн 54 улс бий. Түүнээс 40 улс нь хуулиар болон практикт цаазын ялыг хэрэглэхгүй байгаа юм. 25 орон хуулиар, 15 улс нь алах ялыг 10 жилээс дээш хугацаагаар гүйцэтгээгүй гэсэн үг.
Малави улс 1992 оноос хойш, манайхныг дөнгөж шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталж байх цагаас эхэлж, сүүлийн 30 жил хүн цаазлаагүй. Өнгөрөгч долоо дугаар сард бидний хэсэг хүн Ерөнхийлөгчид нь захиа бичсэн юм. Түүний дагуу цаазын ялаар шийтгэгдсэн 22 хүний амийг энд уучилж, хорих ялаар сольсон. Хүний амьдрах эрхийг хангахын төлөө тэмцдэг зүтгэлтнүүдийн урилгаар, тус улс дэх Европын Холбооны төлөөлөгчдийн хүсэлтийн дагуу, цаазын ялын эсрэг олон улсын комишинерийн хувиар нөхдийн хамт энд хөл тавьсан минь ийм бөлгөө.
Цаазын ялыг халах Малави дахь өнөөдрийн нөхцөл байдлыг, 13 жилийн өмнөх Монгол улсынхтай харьцуулбал энд хавар ирж цөн түрсэн үе, манайд дүн өвөл байжээ. Монголын төр иргэнээ цаазалсаар байсан бол, эндэхийн төр хүнээ алахгүй тэвчиж, гучин жил нийгэмдээ хэлэлцүүлэг өрнүүлжээ. Монголд асуудлыг төрөөс санаачлан зогсоосон бол, энд иргэд нь амьд явах эрхийнхээ төлөө их түрлэгийг өөрсдөө эхлүүлжээ.
Хоёр цаас-цусгүй зам.
Төрийн тэргүүний ажлыг 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээж аваад, маргааш нь ажилдаа ирэхэд миний ширээн дээр нүүрийг нь доош харуулж тавьсан 2 цаас намайг угтсан юм. Нэг нь алах ялаар шийтгүүлсэн хоригдлын ялыг өршөөж хорих ялаар солих, нөгөөх нь уг хүсэлтийг буцааж цаазын ялыг гүйцэтгүүлэх. Миний үзэгний үзүүрт нэг л сонголт байсан. Амь эсвэл аллага. Би амийг сонгосон. Тэр өдрөөс хойш 8 жил, 13 хоногийн дараа Монгол Улс албан ёсоор цаазын ялыг хуулиар халсан орон болсон юм.
Энэ хооронд чамгүй олон даваа давж, чамгүй их сорилтыг туулсан. Одоог бодвол цаазын тухай бидний ойлголт ч алаг цоог байсан. "Алаад өг, би алаад үзүүлье" гэж хашгирдаг дуу хоолой чанга, анхаарал татам, зэвүүн янаг сонсддог байлаа. Зэрлэг аллага, хүчирхийлэл ч нэрмээс болж байв. Миний хувьд ч тэдгээр зарим алуурчин араатныг алмаар санагддаг байснаа нуух юун. Гэвч гэм зэмгүй хүний амийг таслах цоорхой Монголын хуулинд байж болохгүй. Аль ч үеийн төрд хүн алах нэн аюултай эрх хадгалагдах учиргүй. Тэр тусмаа улс төрчдөд, шүүгч яллагчдад. Алдаа гаргах магадлал хаана ч, хэзээ ч хадгалагдсаар л байна. Тэр тусмаа хэн нэгэн буруугаар ашиглах. Түүнээс болж Монгол түмэн хэчнээн хохирсныг бодон бодон, өдөр сар тоолж тэвчдэг байлаа.
Гуйж түүж явж, Цаазын ялын эсрэг олон улсын конвенцид Монголоо нэгтгэсэн. Улсын Их Хурал ард түмнийхээ нэрийн өмнөөс шийдвэрээ гаргаж Монгол улс тэр хуулийн салшгүй субъект болсон. Дотоодын хуулиас олон улсын Монгол улсын Гэрээ хүчтэйг барьж нэг ч яллагч, нэг ч шүүгч Монгол хүнийг цаазаар яллах ёсгүйг учирлаж явлаа. Нэг ч хүн бүү бууд, бүү ал гэж цаазын ял бүрийг уучилж, хорих ялаар солих зарлигт гарын үсгээ шүд зуун зурдаг байлаа. Ингэж л Монгол улс цагийн эрхээр шинэ хуулиндаа алах ялыг тунхаглах утгагүй, учиргүй болсон. Үүнийг олон улсад цаазыг халсан "Монголын зам" гэж нэрлэдэг юм.
2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол Улсад гэмт хэргийн шинэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Тэр бол Монгол хүнд шүүхээс алах ял оноох гэмт хэргийн зүйлчлэлийг бүрэн халсан анхны хууль байсан. Аливаа ял алдаа мадаггүй, оновчтой байх нь чухал юм билээ. Ерөнхийлөгчийн албыг хүлээлгэж өгөхөөс ердөө есхөн хоногийн өмнө. Ингэж Монгол төрийн түүх хуулиар цусгүй бичигдэх шинэ эрин эхэлсэн юм. Хүн алдаг төрийг хүлээж аваад, хүн алдаггүй төрийг би хүлээлгэж өгсөн.
Монголын төрийн түүх цустай, цусгүй гэж хоёр хэсэгт хуваагддаг. Аллага, цааз, амь хөнөөлтөөр дутаагүй явж ирсэн манай төрийн түүх цусан толбогүй байсаар 13 жилийнхээ босгыг дөнгөж алхаж байгаа нь энэ. Аль ч улсад хэн нэгэн этгээд нөгөө хүнийхээ амийг хөнөөхийг, ийм балмад үйлдлийг зогсоож чадаагүй байна. Харин төр нь иргэнээ алдаг хүнлэг бус, зэрлэг уламжлалыг маш олон орон зогсоогоод удаж байна.
Венесуэл улс ирэх жил цаазын ялыг халсныхаа 160 жилийн нүүрийг үзэх гэж байна. Хорь дугаар зууны босго алхахад 3 улс л цаазын ял хэрэглэдэггүй байсан. Эдүгээ 21 дэх зууны 21 дэх жил өндөрлөснийг тусгайлан дүгнэвэл дэлхийд 142 орон алах ялыг хуулиар болон амьдралд хэрэглэхээ байжээ. НҮБ-ын гишүүн 193 орноос сүүлийн 5 жилд цаазын ялыг 20 хүрэхгүй тооны улс л гүйцэтгэсэн дүн гарч байгаа юм. Түүний 3 нь Африк тивд байна. Нэг нартай өдөр манай цэнхэр гариг цаазын, хүний түүхэндээ бодож олсон новшийн ялаас сална гэдэгт би эргэлздэггүй. Энэ өдрийг цагаар боловч урагшлуулах гэж олон хүн ажилладаг юм.
Цаазын эргэн тойронд.
Малави улсад цаазын ялын асуудлаар парламент нь нээлттэй хэлэлцүүлэг хийжээ. Оролцох хүсэлтэй бүх талыг хэлэлцүүлэгт оролцуулжээ. Хэлэлцүүлгийн дүнгээр санал хураахад нийт оролцогсдынх нь 78 хувь нь Малавид цаазын ялыг халах цаг болсон гэж үзжээ. 17 хувь нь түдгэлзэж, 4 хүрэхгүй хувь нь алах ял байхыг дэмжсэн байна. Үүнээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цаазын ял нь солигдож, хорих ялаа эдлээд гарч ирсэн хүмүүсийн төлөөлөл, ахмадууд, хохирогчдын ар гэрийнхэн бүр илүү өндөр хувьтайгаар цаазын ялыг халахыг дэмжжээ.
Одоогоос 14 жилийн өмнө, олон улсын хүний эрхийн байгууллагын дүгнэлтэд Монгол улсын цаазын ялыг хэрэгжүүлэх нөхцөл байдлыг Хойд Солонгосынхтой адилтгаж байв. Монгол улсын хувьд цаазын ял зөвхөн хуулийн заалт байгаагүй. Хүнлэг ёсны эсрэг хамгийн бүдүүлэг гэмт хэрэг байсан юм. Арваадхан жилийн өмнө шүү дээ. Монгол шиг цаазын ялын явц гүйцэтгэл, хоригдлын мэдээлэл, бүхнийг нууцалдаг орон дэлхийд гарын таван хуруунд ч хүрэхгүй цөөн байсан. Одоо бүр 1, 2 гэж яригдах түвшинд байна.
Дэлхийд Монгол улс шиг цаазын ял авсан хүнийхээ булш, оршуулгыг хүртэл нуудаг орон бараг үлдээгүй. Дэлхийд энэ үзэгдлийг Кимийн гэр бүлийнхэн л Сталины сургаснаар үргэлжлүүлж байгаа байх. Ар гэр, үр удам, аав ээж, ах дүү нь ч үл мэдэх. Булшных нь чулуу, байршил, нэрийг хүртэл нуудаг улс. Энэ бол Монголд болшевизмын хэлмэгдүүлэлт, геноцид, сургуулиас үлдсэн хамгийн том эмгэнэл. Зарлиг гаргаад, хуулийн төсөлд санал өгөөд ч бүтээгүй, авч хэлэлцээгүй. Цаг ч өөр байсан. Гэхдээ энэ тухай иргэд, хэвлэл, уран бүтээлчид дуугарах нь нээлттэй байгаа. Цааз Монголоос явсан ч одоо болтол Монголын төр, түүх тэрхүү цуст өвийг чандлан хадгалсаар, нууцалсаар байгаа юм.
Малавид цаазтай байсан дийлэнх орны нэг адил алах ял, шийтгэл гүйцэтгэл нь бүгд нийтэд ил тод юм. Түүнийг далдлах тухай ойлголт ч үгүй. Хүнээ алдаг төр, аллагыг нууцалж эхэлбэл тэр шийтгэл нь хүнлэг бус болж утга учраа алддаг ажээ. Энд цаазыг гүйцэтгэгч – “Hangman” – дүүжлэгч гэх хүн улс дотроос нь, иргэдээс нь олдохгүй төр нь аргаа бардаг байжээ. Тиймээс Мозамбик улсаас алуурчин хөлсөлж ажиллуулдаг байж. Хориг үйлчилдэг болсноос хойш, дүүжлүүрийн эзэнд Малави руу томилолт олдохгүй гуч дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм байна.
Дашрамд сонирхуулахад 1976 оноос хойш Шри-Ланкад цаазын ялыг гүйцэтгээгүй. Шалтгаан нь Hangman – зандалчин, хүн дүүжлэх ажил хийх этгээдийг хайгаад, урамшууллыг нь нэмээд ч олдоогүй. Арай гэж нэг хүн тэр ажлыг зөвшөөрч, хөлс мөнгөө шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байгууллага нь тохирсон. Гэвч тус улс цаазын ялын гүйцэтгэлд гарын үсэг зурахаас татгалзсаар байгаа юм. Зандалчин ажилгүй суусаар. Ийм эмгэнэлтэй, гаж түүх хүний нийгэмд бишгүйдээ л нэг.
Цаазын ялыг бусад ялын адил ил тод байлгадаг нийгэм, төрийн нууцаар далдалдаг улс орнуудын байдал хоёр өдөр шөнө шиг ялгаатай. Монголд шөнө мэт бүгд харанхуй, бусад газар бол өдөр лугаа ил тод. Дахиад л Хойд Солонгос мэт ганц нэг орныг эс тооцвол. Төрдөө иргэд нь алах ялыг зөвшөөрсөн ч, түүнийг нууцлахыг үл зөвшөөрдөг нь иргэншсэн ёсны чухал илэрхийлэл, соёл болж тогтсон байгаа юм. Манай төрийн хүний аллагыг нууцлах синдром ч монголчууд энэ ялыг бусадтай харьцуулахад хожуу халахад хүргэсэн байх талтай.
Дашрамд манай урд хөршид цааз оноодог байсан ялынхаа төрлийг бараг тал хувиар бууруулсан. Иранд гэхэд л хар тамхины хэргээр иргэнээ алахаа больсон. Азид удахгүй Өмнөд Солонгосоос чихэнд чимэгтэй мэдээ сонсдож магадгүй байгаа. Японд цааз хүлээж хамгийн олон жил хоригдсон хүн ДНХ-гийн шинжилгээгээр цусны бүлэг нь таараагүй болж суллагдсан. Америкт цаазын ял сонссон хүмүүсээс 184 хүн гэм зэмгүй болох нь тогтоогдож, одоогоор цагаадаад байна. Нийт цааз сонссон хүмүүсийн дунджаар 4 хувь нь уг гэмт хэргийг үйлдээгүй нь тогтоогдсон. АНУ-ын 26 муж цаазаас хуулиар болон практикт татгалзсан. Төв Азийн орнууд, нэмэх нь Монгол ороод энэ бүс нутаг цаазгүй ялгүй бүсээр зарлагдахад тун ойртлоо. Казакстан өнгөрсөн жил НҮБ-н 2 дугаар протоколд нэгдсэн.
Ардын ухаан, танил дүр.
Малавид улсынх нь Ерөнхийлөгч, уламжлалт ахлагчид, Парламентын гишүүд, олонх цөөнхийн удирдлага, байнгын хороодын дарга, спикер, хуулийн сайд, ерөнхий прокурор, сүм хийдийн төлөөлөл, иргэний нийгмийнхэн гээд чамгүй олон хүнтэй уулзлаа. Хүнлэг байх, хүний эрх гэж юу болох талаар олон талаас нь сонсож мэдлээ. Бас гайхаж, сэрж, шинэ соргог зүйлүүд ч олж сонслоо. Хүний дээд өвөг Африкчууд, эндхийн модлог тал, ногоон толгодод хадгалагдах гүн ухаан, өв уламжлал, сайхан сэтгэлд бишрэхгүй байхын аргагүй юм.
- Бидний уламлалд хүн алсан этгээдийг цөлдөг байв. Овог аймгаасаа хөөдөг л байсан. Харин сүүлийн зуунд төрөөс ирж авч яваад алдаг болсон. Түүнийгээ цаазын ял гэдэг. Алуулж ухаардаг бас гэмшдэг хүн гэж юу байхав. Амьд л байвал өдөр бүр тэр алуурчин үйлдсэн хэргийнхээ төлөө төлөөсөө төлсөөр байх болно. Үр хүүхэд, ач гуч нь ч чимээгүй жигшинэ. Хүн алдаг хүн амьд явахаас айдаг болохоос алуулахаас айдаггүй юм, гэж уламжлалт овгийн ахлагч, хадны хаг адил буржгар саарал үстэй, дух нүүрэндээ хавцал мэт гүн гүн сүүдэрт үрчлээтэй хар өвгөн айлдсан юм. Надад үнэндээ өвгөний хэлсний араас нэмэх үг олдоогүй.
Малавид, ер нь Африкт албинизмтай хүмүүст учирдаг зовлон бэрхшээл, гадуурхалт, сүжиг сэжиг их байдаг бололтой. Меланин гэх бодисын дутагдлаас үүсэлтэй бөгөөд арьс, нүд, үсний өнгө нь өөрчлөлттэй. “Альбино” гэж нийтлэгээр хэлдэг арьс, үс нь шаргал, нүд нь нарны туяанд эмзэг хүмүүс юм. Эднийг элдвээр хэлж, ялгаварлах, амь насанд нь халдах явдал түгээмэл аж. Чөтгөр шулмын хорлол шүгэлсэн гэж нэг хэсэг нь үздэг байхад, ийм хүнийг алсан хүнд аз ирнэ, эсвэл бүр эдгээр хүмүүсийн эд эрхтэн элдэв өвчнийг анагаахад тустай гэж мөчилж, хэсэглэж худалддаг тохиолдол ч гардаг аж.
Малави 22 сая хүнтэй гэх боловч 150 мянга орчим нь альбино – шаргал хүмүүс гэж албан ёсоор тоологджээ. Ойролцоогоор Африкийн 20 мянган хүнд 1 шаргал хүн ногддог юм байна. “Альбино хүн алсан этгээдэд алах ял онооно” гэж улс төрчид нь шийджээ. Гэвч Малавийн Альбиночдын холбооноос цаазын ялыг хатуу эсэргүүцсээр байна. Тэд төрдөө хандаж “Бидний нэрийг барьж хүн алахаа зогсоо. Харин аюулгүй амьдрах эрхийг минь бидэнд хангаж өг” гэсэн товч шаардлага тавьдаг болжээ.
Тус холбооны Ерөнхийлөгч, ахимаг насны шаргал хүн ингэж ярив. “Альбино хүнийг алсан алуурчныг алах нь бүр эсрэг үр дагавартай. Тэр хүний ард нь түүнийг албаар турхирсан, уг аллагыг захиалсан, тэр аллагаас ашиг хийдэг гэмтнүүд ял шийтгэлгүй, гэм зэмгүй, мөрдлөг мөшгөлтгүй үлдээд байгаа юм. Хууль тогтоогчид бидний асуудлыг шийдэх биш харин бидний амь насыг улам баталгаагүй байдалд хүргэж байна. Алуурчныг алах биш шоронд хорьж мөрдөх нь шударга ёс тогтоход дөхөмтэй гэж ярив.
-Бидэнд тохиох зовлонг тоочвол тэнгэрийн од ч цөөднө. Харин толгой хоргодох орон гэртэй болох нь бидний хувьд нэн чухал. Аллагагыг аллагаар хариулаад аллага дуусахгүй юм билээ. Улс төрчид л төр дамжуулж түүгээр тоглоно. Шийдэл бол аллага биш өршөөл. Тэгвэл бид ч өршөөгдөнө. Алуулахаа мэдсэн алуурчин бол нэмээд л алдаг. Алдах юмгүй хүн л аюултай. Намайг тэртээ тэргүй ална гээд шийдчихдэг, үхлийг өөрөө санаатай сонгодог юм билээ. Гэрчийг ч үлдээхгүйг боддог. Хүүхэд, эмэгтэй, ахмад хэний ч бай амийг хайрладаггүй.
Алуурчинд төрийн аллага бурхны бэлэг л болдог. Бурхан хүнийг бүтээсэн юм бол түүнийг бурхан л гэсгээх ёстой. Өмнөөс нь төр алдаг нь буруу л байхгүй юу. Одоо болохоор, төр хүн ална гэдэг чинь, төр хэнийг ч далимдуулаад алах эрхтэй болно гэсэн үг үү. Альбинотой хүмүүсээс би салгана гээд алаад эхлэх үү? Алах ялыг хадгалаад байвал, эргээд хэний ч толгой дээр бууж мэднэ. Бид өөр төрснийхөө төлөөс зовлонг үүрч, хүмүүст ухаарал, өөр өөр байдлаа тэвчих, өршөөх соёл түгээж байгаа юм. Ийн өгүүлсэн альбино хүн нар луу зааж, шаргал гараараа улаан шар нүүрээ сүүдэрлэж, хажуух саравчны тоос эргэлдсэн бараан сүүдэр бараадлаа. Хүн сургамж авдаг, сургамжаа ухаан болгож өвлүүлдгээрээ араатнаас ялгаатай мэт.
Эндээс би өөртөө хийсэн, бас хувийн нэг дүгнэлтээ ганц өгүүлбэрээр хуваалцъя. Малавид цаазын ялын хувьд иргэд нь ихэнх нь дэвшилттэй, харин улс төрчид нь хоцрогдсон төлөв байдалтай байна. “Санал асуулгаар асуудлыг шийддэг ч юм уу” гэж асуудлыг өөрөөсөө бултуулах маягтай. -Цаазыг санал асууж шийддэг зүйл биш, манлайлал харуулж л шийднэ, гэхээр "нээрээ, тийм ч юм уу" гэж гүлдийнэ – Би цаазын ялыг халахыг маш их дэмждэг, харин зарим хүн гэж бусад руу түлхэнэ. – Сонгууль ойртохоор байдал эвгүй болно, тэрнээс өмнө бензиний мөнгө өгөөд та нар цуглуулж яриад байвал ч асуудал амархан шийдэгдэнэ шүү гэж ил цагаан өчнө, гар харна.
Хөөрхий хаа газрын улс төрчдийн төрх их танил байх юм. Аль нэг юмны ард нүүрээ нуух гээд. Өчүүхэн амин хувийн ашиг тус, сандал суудлаа бодохоос хэтрэхгүй. Гэхдээ миний уулзсан шийдвэр гаргагчид төрийн аллагыг зогсоох цаг болсон гэдэгтэй санал нэг байв. Хуулиа ирэх цугларалтаараа өөрчлөхөөр амлацгаав. Амлах ч яахав. Үр дүн чухал.
Эндхийн Их хурлын гишүүд нь нийслэл хотдоо амьдрах байргүй, тэс тусмаа төрийн ордон дотроо албан өрөө ч үгүй юм байна. Жилийн хагасад нь чуулдаг аж. Нийт гишүүд нь дунджаар 5 долоо хоног, уртдаа 8 долоо хоногоор хэд ч хамаагүй цуглаж хуралддаг аж. Тэр бүрд нь улсаас тэдний байрлах, хооллох төсөв, шатахууны зардлыг даадаг юм байна. Гишүүн бүр тойрог тойрогтоо амьдарч ажилладаг аж. Чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хэлэлцүүлэг, нутагтаа амьдарч ажиллах гэсэн гурван хэсэгт эрхэм гишүүний бүрэн эрхийн хугацаа хуваагддаг аж.
Их хурлын дарга нь залуухан эмэгтэй байх юм. Би бол парламентыг даргалдаг биш, хурлын дэгийг сахиулах шүүгч, зохицуулагчийн үүрэг л гүйцэтгэдэг хүн гэж ярих. Малавид, би заримдаа, хаана байгаагаа ч ойлгохгүй шахуу явлаа. Манай Их хурал гэж, сүүлийн жилүүдэд бүр, парламент гэх утгаа бүрэн алджээ. Аль элэгдсэн хаягдсан нэг намын бүгд хурал аятай. Цаг хугацаагаа дагаад ч болов нийгэм улам иргэншиж, урагшилдаг байхад бид сөрж унаад ч байгаа юм шиг.
Малавийн Знднштр бол “I am Referee” гээд цаазын ялын тухайд парламент нь яаж шийдэх талаар ганц үг ган хийх чадалгүй байгаа нь намайг бүр гайхшируулж бас бишрүүлж орхив. Монголд бол "манай нам" гээд л нүд нь ойж бууж байна биз дээ. Парламентат ёсны төлөвшлийн хувьд Малави улс хэлэлцүүлэг, удирдлага, шийдвэр гаргалт бүх талаараа биднээс шал өөр түвшин, өөр гариг юм байна.
Онигоонд орох шахлаа.
-Танай нутгийн нсима, чамбо хоёр амттай юм. Хүмүүс нь зочломтгой, хүүхнүүд нь үзэсгэлэнтэй юм. Гэхдээ би энд хүүхний араас биш хүний амины эрхэмсэг чанарын төлөө ирсэн гэхээр инээлдээд сүйд болно. Нсима нь нэг зүйлийн ургамлын үндсийг нухсан хоолны хачир, чамбо нь Малави нууранд байдаг загас. Харин энэ загаснаас болж онигооны эзэн болох шахлаа.
Хоёр гишүүнтэй боргол шимж суух зуураа, яриагаа амтлах санаатай,
-Танай чамба сайхан амттай юм гэлээ.
-Өө тийм үү, Та бүр чамба амталж үзсэн байх нь ээ, танд таалагдвуу гэцгээлээ.
-Таалагдахаар барах уу гэж гурван хуруугаа амандаа хүргэн цацлаа.
-Бага зэрэг утаатай байна уу гэж гишүүн лавлав.
-Тийм байсан уу, би ч анзаарсангүй. Амт нь бол тасархай юм гэлээ.
-Та хоёрдохоо захисан уу, гэж асууж байна.
-Уулзалт тараад захих санаатай гэлээ.
-Таны нойр сайхан хүрсэн үү, гээд нутгийнхаа аялгаар юм ярьж биесээ нудралцах нь нэг л сэжигтэй.
-Би загас идсэнээ ярьж байна, та хоёр чинь юу болоод байна аа гэтэл, нөгөө хоёр маань биенээ цохиж аваад эг маггүй инээлдэв.
-Таныг чамбадсан байна гэж бид хоёр ойлгоод. Буруу ойлгож, бүр гайхшаа барлаа. Цагдаад юу ч болсон мэдэгдье гэж л ярилцлаа гээд хөхрөлдөв.
-Чамбо гэвэл загас, харин "чамба" гэвэл гээд долоовор, дунд хуруугаа нийлүүлэн дохиж, "хар тамхи, марихуана хэрэглэх"-ийг манай энд тэгж нэрлэдэг гэцгээв.
Тэнгэр минь тэвчээр хайрла. Сүртэй улс шүү эд. "Хар тамхийг хаяа хатавчиндаа бүү ойртуул" гэж Иргэний Танхимд нэгэнтээ захиж байснаа энэ дашрамд дурьдах нь юуны илүүтэй.
"Африкийн дулаан зүрх минь, Африкийн том зүрх болоорой. Амийг шүтэх нь, аллагыг шүтсэнээс дээр шүү" гэж үг яриагаа өндөрлөх дуртай болов доо энд..
Монголын Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
Лилонгве хот, Малави улс.
2022.11.03