Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Тэрбээр Монгол Улс, БНБУ-ын хооронд Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлалд онцгой ач холбогдол өгч буй бөгөөд цаасан дээрх ярилцахаас илүүтэй Монгол орны түүх соёлтой танилцах хүсэлт гаргаснаар өчигдөр Чингис хааны музейг үзэж танилцжээ.  

Сонирхуулахад 1991 онд Белорусь улс тусгаар тогтнолоо зарлахад хүлээн зөвшөөрсөн эхний хэдэн орны нэг нь Монгол Улс байв. Үүнийг Белорусийн ард түмэн мартаагүй. Одоогоос 30 жилийн өмнө, 1994 онд Монголд анхны айлчлал хийж дипломат харилцаа тогтооход тус айлчлалын бүрэлдэхүүнд А.Г. Лукашенко депутатын хувиар оролцож хамт ирж байсан бөгөөд ардчиллын давалгаа эхлэхэд гараан дээрээс л Белорусийг хүлээн зөвшөөрсөн Монгол Улсад олон жилийн дараа ирэхдээ баяртай байгаагаа илэрхийлж байв.

Монгол Улс НҮБ-ын гишүүн 192 оронтойгоо дипломат харилцаатай, алинтай нь ч улс төрийн, газарзүйн, хил гаалийн ямар нэг маргаангүй. Бүгдтэй нь найрсаг харилцаатай, заримтай нь стратегийн түншлэлтэй, хөршүүдтэйгээ иж бүрэн стратегийн түншлэл буюу хамгийн дээд түвшний харилцаатай байдаг. Манай улсын гадаад бодлогын амин сүнс бол тэнцвэр бөгөөд олон тулгуур юм. Тэгэхээр бид барууны зарим нөхдийн А.Г. Лукашенког хүлээн зөвшөөрөхгүй, та нар яагаад урив гэсэн агуулгатай аливаа сануулгыг “дагаж намираад” байхгүй, Швейцарьт энэ 6 дугаар сард зохион байгуулах Украиныг дэмжиж, Оросыг “шахах” тухай зорилготой нэгэн сонирхолтой хуралд нь оролцох эсэхээ өөрсдөө шийднэ. Монгол Улсын язгуур эрх ашгийг улс төр, дипломатын аргаар хамгаалах боломж хаана байна, байр сууриа яаж илэрхийлэх вэ, хаана дуугарч, хаана амаа жимийхээ өөрсдөө л мэддэг улс. Тиймээс айлчлалуудыг өөрсдийн бодлогоор хүлээн авч, төлөвлөсөн орнууддаа айлчилж, оролцох хурлууддаа оролцож байгаа юм.

Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны худалдаа, эдийн засагтай холбоотой арав гаруй тооны гэрээ байгуулагдаж байна. Хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийг хамтран угсрах, засварлах төв байгуулах, үнээний ферм байгуулах, үүлдэр угсааг сайжруулах зэргээр мал аж ахуй сайн хөгжсөн, бас ч гэж “хориг дотор амьдраад өөрсдийн дотооод хэрэгцээг хангаад сурчихсан” орны хувьд “Хүнсний хувьсгал”-д эергээр нөлөөлөхүйц гэрээнүүд байгуулж байна. Мөн шинжлэх ухааны академиуд хамтран ажиллах, археологийн судалгааны чиглэлээр хамтрах, хоёр улс харилцан жолооны үнэмлэхүүдээ хүлээн зөвшөөрөх гэхчлэн олон асуудлын гарцыг нээж байна.

Монгол Улс урьсан зочноо Олон улсын Эрүүгийн шүүхийн шийдвэргүйгээр  баривчлах уу?

Ер нь дандаа ийм хоригтой байх биш. Манай хоёр улс 30 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон. Засгийн газар хоорондын хуралдаан долоон удаа болсон, одоо бодитойгоор бие биеэ дэмжиж хөгжих суурь хэлэлцээрүүд эхэлж байна. Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны Ерөнхийлөгч Уламжлалт харилцаа, хамтын ажиллагааны түвшингээ дээшлүүлж Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж эрх зүйн баримт бичгүүдээр баталгаажуулж байна. Мөн хоёр улсын банк, санхүүгийн байгууллагынхан цаашид хамтран ажиллахдаа  хоригт орсон нөхцөлд төлбөр тооцооны ямар арга хэрэгслийг ашиглах боломж гарц байж болох тухай ярилцахаар төлөвлөсөн. Сонирхолтой нь нэн хөнгөлөлттэй нөхцлөөр газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай яригдсан сурагтай. Тийм бол энэ саналд ч бас манай талаас “Монгол Улс зээл тусламжийн бодлого баримтлахаа больсон, зөвхөн харилцан ашигтай хамтын ажиллагаа л байж болно” гэдгээ илэрхийлэх нь лавтай.
Гэтэл нийгмийн сүлжээнд А.Г. Лукашенког барьж хорих, барьж өгөх тухай ч бичсэн харагдана. Монгол Улс урьсан зочноо барьж өгөх ёс суртахуунтай, дипломат соёлтой орон мөн үү? Эрх зүйн талаасаа ч Олон улсын эрүүгийн шүүх дээр үүнтэй холбоотой ямар ч тогтоол шийдвэр гараагүй байхад ямар үндэслэлээр баривчилж хэнд тушаах болж байна? Яагаад түүнд дургүй орнуудын тааллаар, эсвэл Беларусьт болсон сонгуулийн дүнгийн маргааныг хүлээн зөвшөөрөөгүйгээс болж бид урьсан зочноосоо татгалзах ёстой гэж? Яагаад Монгол Улс европчуудтай нийлж бид Белорусийг гадуурхах ёстой гэж? Белорусь улс манайхтай ч, Украинтай ч байлдаагүй шүү дээ. Оростой л найзалсан. Үүний төлөө баривчлах юм уу? Үнэн хэрэгтээ Европын холбооны хэдэн улс орон түүний сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй л юм байж. Энэ нь манайд хүртээлгүй. Манай улс бол түүний сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөд Элчин сайдаа харилцан суулгаад, албан ёсоор Төрийн тэргүүн нь урьчихаад байна шүү дээ. Энэ бол Монгол Улсын дотоод бодлогын асуудал.
Түүнийг яагаад Монгол Улсад урих болсон талаар шүүмжлэлтэй мэдээллүүд сошиалаар цацагдаж буй нь олон ургальч үзлийн үүднээс авч үзэхэд хэвийн зүйл. Гэхдээ анхаарах зарим зүйл бий. Юу гэвэл гадаад бодлого бол тухайн улс орны  аюулгүй байдалтай шууд холбоотой. Төрийн айлчлалын талаар төрийн бодлогын хэмжээнд ярих ёстой.

Бутаны хаан тэргүүтэй олон орны удирдагч Монголд айлчилна


Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой улс. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч аль улсын удирдагчийг, хэзээ айлчлуулахаар урихаа өөрсдөө шийднэ, энэ бол манай дотоод асуудал. Тэр тусмаа 2024 он бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хамгийн олон зочинтой жил болно. Үүний салхийг Белорусийн ерөнхийлөгч А.Г. Лукашенко биш, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайер хагалж Монгол Улсад айлчилсан. Ерөнхийлөгчийн баримталж буй бодлогоос харахад зээл тусламж ярихгүй, зөвхөн харилцан ашигтай хамтын ажиллагаа л ярина. Бусад улс оронд очиж тусламж гуйх бус дэлхийн улс орнууд Монголыг зорьж ирдэг байх тийм бодлого, чиглэлийг баримталж ажиллана гэдгээ зарласаар ирсэн.

Энэ чиглэлээрээ ч Монгол Улс дэлхий дахинд энх тайвны бэлэг тэмдэг болсон улс гэдгээ Ромын Пап Францисийн айлчлалаар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар “тунхаглуулсан” улс шүү дээ.  Тухайлбал, Ромын Пап Францис Монголд айлчлан ирэхдээ “Шашин шүтэх эрх болон бүх эрх чөлөөний тухай тунхаглал монголчуудын соёлын өвийн эд эс болгонд оршдог учраас Монгол Улс нь оюун санаа, шашин шүтэх эрх чөлөөний билэг тэмдэг орон байхаас аргагүй юм” гэж хэлсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутериш “Энэ хэцүү ертөнцөд Монгол Улс бол Энхтайвны билэг тэмдэг болсон орон юм” гэж тодорхойлж дэлхий дахинд тунхаглан зарлаж өгсөн. Pax Mongolica буюу “Монголын их амар амгалан” гэж XIII зууны үед Их Монгол Улсын тогтоосон худалдаа, соёл, бүхий л харилцааны аюулгүй байдал, энхтайванч гадаад бодлогын түүхтэйг сануулж, 20 гаруй жил НҮБ-д энхийг сахиулагчдаа илгээж, өнөөдрийг хүртэл цөмийн зэвсгийг эсэргүүцэгч, энхийг эрхэмлэсэн бодлогодоо тууштай байгаа нь ердөө Монгол Улс л байдаг гэж хэлчихээд явсан билээ.

НҮБ анх байгуулагдахдаа манайх шиг хөгжиж буй орнуудыг ижил тэгш эрхтэй, “түдгэлзэх, татгалзах, дэмжих” эрхээ эдлэг гэж байгуулагдсан болохоос жижиг нь томчуудтай нийлээд томчуудынхаа дургүй орнуудыг “бүллидээд” ашиглуулаад байг гэж байгуулагдаагүй биз дээ. Үүнийг л мартахгүйгээр бид 192 оронтойгоо эрх тэгш нөхөрлөсөөр байгаа болохоор нэр хүндтэй байдаг.
Тун удахгүй буюу магадгүй, наадмаар Бутаны хаан, гэргий, хатан хаан, хүүхдүүдийнхээ хамт Монгол Улсад айлчлан ирэх урилгатай гэлцэх боллоо. Мөн Лаосын Ерөнхийлөгч хэдхэн хоногийн дараа хариу айлчлалаар ирэх сурагтай.  Ирэх 8 дугаар сард БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой болно, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар төрийн айлчлалаар ирэх байх. Дараа нь мөн наймдугаар сард Дэлхийн эмэгтэйчүүдийн форумаа хийнэ. Энэ үеэр Швейцарийн ерөнхийлөгч Төрийн айлчлалаар хүрэлцэн ирж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гурав дахь жилдээ нотлон харуулж буй феминист гадаад бодлогыг дэмжих нь гэсэн мэдээлэл бий. Мөн есдүгээр сард Кубын Ерөнхийлөгч, Казахстаны Ерөнхийлөгч мөн л Төрийн айлчлалаар Монголд ирэхээр төлөвлөсөн аж. Тэгэхээр энэ бүхэн дээр урьсан талын ард иргэд нь тухайн зочныхоо талаарх сөрөг мэдээллийг цуглуулж хардаж дайраад байвал Монголд хэн ирэх вэ? Энэ мэтчлэн дэлхий дахинд улс төрийн салхи яаж ч салхилсан Монголчууд бид бусад улс оронтой найрамдал нөхөрлөлөө хадгалж чаддаг төдийгүй гаднаас хэн ч халдашгүй тууштай бодлоготой улс гэдгээ дэлхий дахинаа батлан харуулсаар байна.