90 оны өвлийн тэсгим жавар
Нам засгийнхаа эсрэг ухуулах хуудас наах амиа хорлохтой дүйж байсан. Намайг эсэргүү хуудас наа гэвэл эр зориггүй би бээр айхдаа “за” гэхчихээд НАХ-д сэм матаж магад. Ухуулах хуудас нааж хэн хэн тэнэгтэв ээ гэвэл Бат-Үүл, Амарсанаа, Сосорбарам гэх зулдрайнууд тодорлоо.
ЗХУ-аар толгойлуулсан соц. лагерийн орнуудаас хамгийн бөглүү, хамгийн хоцрогдсон Монголд 1990 оны өвөл ардчилсан давалгаа хуйларсныг гадныхан байтугай бид өөрсдөө анх талбай дээр очоод нүд чихэндээ итгээгүй. Арга ч үгүй. Тэр үед монгол хүн Улс төрийн товчоог огцор, МАХН-ыг тарааж, хөрөнгийг хураая гэсэн лоозон мандуулаад Ордон өөдөө хашгиралдах бүү хэл байгууллагынхаа хурал дээр даргыгаа нэр цохож шүүмжлэх осолтой байв. Ихээхэн хуцвал нам засаг Ц.Лоохууз, Л.Цэнд нарын замаар цөлөх буюу даварвал Д.Төмөр-Очир шиг төгсгөнө гэдэгт эргэлзэхээ больсон айдас хүйдэстэй олны үнхэлцэг дэлсгээтэй, хагарахад ойрхон. Эзэрхэг түрэмгий нэг нам, халдашгүй дархан нэг хүн жанжилсан баргар үе.
90 оны өвөл яасан ч айхтар хүйтэрсэн юм. Уухилсан жагсагчдын халуурал идэр есийн жаврыг уятуулж дийлэхгүй, булгилсан зүрхний буцлам уриа хөлдүү орчлонд хэсэгхэн зуур уур унтуу савсуулаад замхарна. Гэлээ гэвч тийм их уур хилэн, тийм их нягтрал зүрхээ зүсүүлсэн аймхай монголчуудын хаана нь бүгж байв аа? Овоо доо муу тэнэг ард түмэн минь! Дор бүрнээ ингэж бахархсан. Цуглаан ганц удаа болоод унтраагүй. Цааш юунд ч хоригдохооргүй өрнөсөн нь нийт олонд горьдлого бүү хэл итгэл төрүүлж, эх орноо, ард түмнээ гэсэн омогшил аяндаа амилан дүрэлзэв. Социалист системийн нуралт, зөвлөлт империйн мөхөлд адгийн муу Монгол хүртэл зоригжсонд амьгүй бодис хэлд орсон мэт гайхсан, дургүйцэж ад нь хөдөлсөн зэвүүцэгч дотоод гадаадад бишгүй омогдсон. Ядмагт дээрэлхэх дур бүлтэрсэн нь тэр. Дэлхийн их задралыг далимдуулан эх орноо гадны дарамтаас салгаж, өөрсдийн хүсэл, өөрсдийн үзлээр хөгжүүлье гэх зорилгод бүгд нэгдсэнээс бус ардчилал зах зээлийг дэвших баяжихад ашиглая гэх аминч санаа хараахан төрөөгүй, нилэнхүйдээ эх оронч хөөрлийн зурвас агшин байлаа.
Индэр дээр заларч үг хэлэх Брежнев Цэдэнбал нарт оногдсон тусгай хувь заяа гэх хатуу ойлголттой цаг. Юугаар ч хамаагүй овойлгосон индэр маягийн юман дээр бээрчихсэн хэдэн хөөрхөн жаал дийлдэшгүй аюумшигт хэрцгий коммунизмыг устгая гэж уухайлах нь инээдэмтэй ч юм шиг, өрөвдөлтэй ч юм шиг харагдаж билээ. Хэлмэгдүүлэлтэд гаршсан харгис чанга коммунист оронд индэр дээр гарч эсэргүүн үг донгосох зүрх тэр жаалуудад оршсон нь бахархалтай. Тийм эр зориг тэр үед социализмыг амьхандаа битүүхэн шүүмжлэх нууц санаа тээгч шог зохиолчид лав байгаагүй юмдаг. Хоёр улаан хацар нь холцруутсан ч юм уу гэмээр малчин маркын бөндийсөн жоохон Ц.Элбэгдорж явилхан биедээ ахадсан, америк империалист л хэлдэг, эсэргүү үг индэр дээрээс цуурсан нь соц. нийгмийн нүдийг орой дээр нь гаргав. Илтгэгч Элбэгдоржийн ард индэрт зогссон Зориг Галсандорж Батсүх нарын залуусыг өөрсдийгөө нам засгийн жолоодогчдын зиндаанд тавилаа гэж шоолсон. Цуглааныг дэмжигч, ажиглагч, эсэргүүцэгч олон байв. Дарханы нэхий дээл, орос булган малгайгаар гангарагч голдуу КПСС-ын курс төгссөн илүүдэл жинтэй идэрхэн албан хаагчид дооглох өө сэв хайж хямсагнана. Тэд ардчиллын үр шимийг өдгөөг хүртэл эзэгнэж, индэр дээр гарч адлагдсан анхны хараацай нараас лав л миний дурдсан гурвын нэг нь алуулаад хоёр нь наслаагүй хөөрхий.
Нам засгийнхаа эсрэг ухуулах хуудас наах амиа хорлохтой дүйж байсан. Намайг эсэргүү хуудас наа гэвэл эр зориггүй би бээр айхдаа “за” гэхчихээд НАХ-д сэм матаж магад. Ухуулах хуудас нааж хэн хэн тэнэгтэв ээ гэвэл Бат-Үүл, Амарсанаа, Сосорбарам гэх зулдрайнууд тодорлоо. Тэднийг яах бол? Шоронд бол бат. Арай буудчихгүй байгаа. Даварсан гэхэд дэндсэн том санаатай хэдэн бацааныг Санжаасүрэнгийн Зориг хэмээх монгол оросын холимог цустай хүү толгойлж буй нь тэгсгээд илрэв. Орос ахаас угшилтай коммунизм гэгч ландрамыг тонилгох тэрс санаа орос монголын эрлийз хүүд төрсөн нь хувь тавилангийн хоржоон гэлтэй. Далан жил нар харалгүй гудайсан ард түмэндээ монгол орос эцэг эх учиртай хүү хайралжээ гээд далдуур залбирсан хүн надаас эхлээд цөөнгүй.
Гэтэл мөнөөх учиртай хүүгээ хутгаар сийчээд алчихав. Юутай аймшиг. Юутай гутамшиг. Ийм өөдгүй монголчуудын нэг болж төрсөндөө гутарнам. Эрх чөлөөгүй дарлагдсан дорой бидэнд монгол орос бурхан хамтран илгээсэн хүү байсан гэж харамсах мухар сүсэгтний зөв гэлтэй. Цочирдож сүйрсэн олны өмөрсөн их гашуудлыг дөрөөлөн өнгөрөгч сонгууль болгоноор С.Зоригийг хөнөөгчийг илрүүлнэ хэмээн амлаж, мөн ч олон санал хамсан даа. Хөнөөчихөөд нэр алдраар нь өөртөө сэнтий хожсон нь тохиолдол бус тооцоо. Үзэн ядмаар ТООЦОО. Эмч жүжигчин сайхан орос эхийн Монголд бэлэглэсэн хайран хүү. Орост хайртай гэх нөгөө хийрхэл чинь хаачив. Монгол хүн алчихав уу, гаднаас хөнөөчихөв үү? Эрдэнэтээс болов уу, Эгийн голоос шалтгаалав уу гэж халаглаад мухардсан.
Урьд албан тушаалд өөдгүй хүн хүрдэг байв. Одоо ч ижил шив дээ. Аллагын халуун мөрийг түүчээлэн мөшгөсөн тушаалд донтой Мөрөн гэгч цагдаа намайг УИХ-ын гишүүнээр сонговол би Зоригийг хөнөөсөн алуурчныг олно гэж телевизээр ахин дахин андгайлсаар гишүүн болсон. Тэгээд андгай тангаргаа таг мартсан. Түүнийг яагаад худал амлав гэж нам нь ч хариуцлага нэхээгүй. Харин насаар нь том дарга болгож хүслийг нь хангасан сурагтай. Худалч хулгайч нар суга дэвшдэг шившгээ нуухаа болиод ил задгай хавтгайрав. Шившиг жишиг боллоо. Үүний төлөө цуглаж жагслуу? 90 оны цуглаанаас дэвшүүлж асан үнэт үгнүүдийг хэлсэн эзэдтэй нь булшилж орхиод булхайн замд оржээ. Анхны цуглаануудад ардчилагч нарын амнаас гарсан хий 90 оны тэсгим жаврыг уятуулж чадалгүй хэсэг зуур цайран савсаад замхарч буй нь ёргүй санагдсан. Хөлдүү мухрын орон зай гэссэнгүй.
Жагсаал цуглааны цуурай, уур амьсгал итгэл төрүүлэм хийморьтой өрнөсөн. Иргэн баян бол өрх баян. Өрх баян бол улс баян. Хувийн бизнес, хувийн худалдааг дэмжинэ. Хэнд овсгоо байна, түүнд баяжих зам нээлттэй. Шинжлэх ухаанч үнэмшилтэй уриа, ардчиллын өлгий гүрнүүдийн онол, хэрэглэсэн туршлага итгэл төрүүлсэн. Гэвч хөгжилд хүрсэн сонгодог үзэл баримтлал Монголд өдгөө хулгай луйвраа хаацайлсан олигархиудын тэнэг өчигт ялагдав. Цагаан морин жилийн анхны алтан хараацай С.Зориг хөнөөгдөж, буриад хөвгүүн Э.Бат-Үүлийг буриад оросын эрлийз журмын анд С.Зоригийгоо алсан болгох гэж шоронд хорьж, журамлаг хүний амнаас гарамгүй бузар гүтгэлэг цацаж, Баабар, Ц.Элбэгдорж, Д.Ганбат, М.Энхсайхан нар хужаа, эрлийз, хурлийз, барууны гар хөл гэгдэн адлагдаж, гахай чирэгсэд ганзагын сэтгэхүйгээр төр засгийг жолоодлоо. Баялаг булаацалдсан араатнуудад ардчиллын партизанууд гонгүй болжээ. Партизанууд гологдож болох ч 90 оны жаварт цуурайтаж асан үзэл хаягдсанд өвгөн зохиолч гүнээ харамснам.
Хулгайг нь шалгавал Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд, “Нам дамнасан бүлэглэлийн хулгайтай эвлэршгүй тэмцэгч намайг Ерөнхийлөгч болохоос олигархиуд айсандаа хэлмэгдүүллээ” гэдэг эх оронч өчиг Н.Алтанхуягийн зохиол. Хулгайгаа шалгуулж буй олигархийг бид бүгдээрээ “ХЭЛМЭГДЭГЧ” гэж өмөөрөөд, хулгайг нь шалгасан хуулийн байгууллагаа 37 оны “ХЭЛМЭГДҮҮЛЭГЧИД” гэж зүхдэг болжээ. Авилгатай бид ингэж тэмцэв. Мунгинуу хуулийнхан гэж үхэр тэрэг. Бас зориуд удаадаг арын хаалгатай. Хулгай нь шалгагдаж буй томчуудын бүлэг “авилга гэж ангалзсан” Элбэгдоржийг шаварт хутгаад, өөрсдөө ялнаас мултрах арга сийлсэн. “Авилгатай тэмцэнэ” гэсний үр дүн энэ. Шинэ Ерөнхийлөгч авилга гэж ангалзвал мөн л тийм замаар ялагдана. Харанхуй масс-биднийг сэрээгүй цагт ямар ч Ерөнхийлөгч авилгач-арслан барсуудад идүүлнэ. Харанхуй бид гэгээрвэл авилгачид арчигдана. Өвчтөн эмчийнхээ зөвөлгөөг дагахгүй бол өвчинтэйгөө хүч хавсраад эмчээ дийлдэг. Эмчтэйгээ нэгдвэл өвчнөө давдаг.
Хуулийн байгууллага хулгайг нь шалгаж хүч хүрдэггүй олигархиудыг гэнэн сонгогчид толгой дээрээ бурхан хэмээн итгэл төгс залав. Тиймээс сонгогдсон олигархиуд буруугүй. Учир нь тэд сонгогдсон. Харин тэднийг төрийн толгойд сонгосон масс 90 оны ардчиллын үнэт зүйлсийг устгасан нүгэлтэн болж хоцров. Тийм нүгэлтэн-сонгогч дэндүү олон аж. Дэндүү олон учраас тэдний санал улс эх оронд шийдвэрлэх хүчтэй. Шийдвэрлэх хүч болсон-мунхаг олныг дөрөөлсөн бүлэглэл эрх мэдэлд хүрч, эргэлт буцалтгүй хожлоо. Улс дамнасан мафи ялав. Эцэст нь бяртнууд бярдлаа. Ухаан хэрэггүйдэж, бяр түрэмгийлэх цаг нүүрлэв. Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орсон ч дараагийн ээлж хутгаа билүүдэж эхэллээ. Бас л бяраар шийдэж таарна. Монгол төр засаг тогтворжих ганцхан хувилбар бий. Тэр нь олонх бүгдээрээ сайд болох. Өөр нэг ч вариант байхгүй. Яршиг зүгээр болдогсон бол бүгдээрээ сайд болоосой. Тайван өлсмөөр байна. Дахин хэлье, сонгуульд ялсан хулгайчийг өнгөрсөн хойно хичнээн зүхээд юу ч олж долоохгүй. Харин сонгосон харанхуй массыг гэгээрүүлэх урт хугацааны тэмцэлд өчүүхэн ч хазайлгүй нэг мөр тууштай шулууд гэж уриалъя.
2017-10-22
Dari SUKHBAATAR
Хоёр төрийн нүүр үзэгч
баабар.мн-д
Зочин
Зочин
nergui
zoo
zoo
zoo
Зочин
Зочин
банзай
Зочин
Baj
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Цэрэнжаа
Зочин
зочин
Зочин