Давхар дээл гуравхан хүнд зориулагдсан байдаг юм шүү дээ
Монгол Улсын Засгийн газар огцорлоо. Одоо шинээр байгуулагдах тухай ид яригдаж байна. Ёс юм шиг нэг элий балай яриа гарах нь гарцаагүй.
Монгол Улсын Засгийн газар огцорлоо. Одоо шинээр байгуулагдах тухай ид яригдаж байна. Ёс юм шиг нэг элий балай яриа гарах нь гарцаагүй. Тэр нь дан, давхар дээлний асуудал. Давхар байх нь засаглалын хуваарилалт алдагдаж, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал нь холилдож, хөл толгой нь мэдэгдэхгүй юм болно гэж хэсэг хүн ярих байх. Сүүлийн 25 жилийн хэдийд нь тэгээд Монголын төр засаг дан дээлтэй байгаад гийгүүлчихсэн юм бэ дээ. Хэдийд нь давхар дээлтэй төр засаг байгаад сүйрчихсэн юм бол. Ноцтой юу ч байхгүй, зүгээр л хийрхсэн, хээнцэрдсэн яриа. Угтаа бол том улс төрчдийн ашиг хонжоо ард нь нуугдаж байдаг яриа хөөрөө.
Нэг зүйлийг монголчууд бид одоо хүлээн зөвшөөрөх цаг болсон. Тэр юу гэвэл УИХ-ын гишүүн гэдэг бол тухайн намынхаа хамгийн ухаантай, сийрэг, боловсролтой, сорууд нь байдаг гэдгийг. Цаг хугацаа өнгөрөх тусам Монголын парламентад сонгогдсон хүмүүсийн чанар сайжирч байгаа гэдэгт хүмүүс итгэлтэй байх болсон. Сүүлийн 12 жилийн хугацаанд УИХ-д суусан, сууж байгаа толгойнуудыг хар л даа. Бүгдээрээ баялаг бүтээгчид, томоохон татвар төлөгч байсан хүмүүс, төр засгийн хамгийн чухал бүтцийг удирдаж ирсэн хүмүүс, хамгийн ланжгар судлаачид байгаа биздээ. Их бага ямар нэг амжилтад хүрсэн хүн бүхэн ухаантай байдаг. Тэнэг хүн бол өчүүхэн ч амжилтад хүрдэггүй.
УИХ-ын гишүүдээс сайд болохгүй юм бол одоо хэнийг сайд болгох гээд байгаа юм бэ. Эд нар чинь фронтын тэргүүн шугамд “тулалдаж” намаа ялуулсан хүмүүс. Авьяас чадвар, мэдлэг боловсрол, хөрөнгө чинээ, нэр төрөө золиослон байж сонгуульд өрсөлдсөн хүмүүс. Намынхаа бодлого шийдвэрийг хамгийн сайн судалж, хамгийн их сурталчилсан хүмүүс. Бодлогоо, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй бол хариуцлагаа хүлээнэ гэдгээ иргэд сонгогчдын өмнө улаан нүүрээрээ хэлчихсэн хүмүүс. Гэтэл ингэж фронтын шугамд очоогүй, биеэ нөөсөн, хоёрдугаар эгнээнийхэн сайд болно гэж дайрах нь шударга явдал мөн үү. Засгийн газарт зангарагтай, улс төр дэх гал усны зовлон бэрхшээлийг үзсэн нөхдүүд зүтгэх ёстой. Гүйцэтгэх засаглал гэдэг бол хувь улс төрчийг айхавтар нөлөөтэй байхыг шаарддаг адармаатай алба. Тэгтэл хэн ч мэдэхгүй, хаана явсан нь тодорхойгүй, нэг хувийн компанийн юм уу, хувийн эмнэлгийн захирал явсан нөхөр сайд болохоор хэн түүнийг тоох юм бэ, хэн хүлээн зөвшөөрч яамны ажил урагшлах юм бэ. Тулалдаанд зөвхөн шонхорууд л орж ялдаг шүү дээ. Шонхоруудтай болжморууд эн зэрэгцээд ирэхээрээ л Засгийн газар чинь нурж унадаг юм байна. Тулалдаанд ороогүй хойшоогоо сууж үлдсэн нөхдүүд олонхиудын байгуулсан гавьяаг эдлэх гэснээс болж нам доторх хагарал бий болж, юунд ч захирагддаггүйг бид өнөөдөр харлаа. Огт өөр намаас нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн кадрыг нь засагтаа урьж ажиллуулдаг практик бол дэлхийн том гүрнүүдэд байдаг. Манай улсын хувьд бол энэ нь одоохондоо ой ухаанд буухгүй байна л даа. Тийм болохоор нам дотроо л бужигнахаас өөр аргагүй юм.
Тэгэхээр давхар дээлний асуудал нь цаад нигураараа бол манай улсын хувьд ердөө гуравхан хүнд зориулагдсан байдгийг одоо ярих цаг болжээ. Орчин үеийн Монгол улс гурван хаан ширээтэй болсон нь Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайдын алба юм. Нэг хүн энэ гурван суудлыг дамжих нь жинхэнэдээ давхар дээл юм. Үүнийг л бид хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд хүрлээ. Бид анзаарахгүй, мэдрэхгүй явсан байж болно. Цаг хугацааны үнэн гэдэг нь хүссэн хүсээгүй үүнийг монголчуудад ойлгуулж өглөө. Цөөнгүй жил улс төр хийсэн, гайгүй нөлөөтэй, хөрөнгөтэй болчихсон нэг нөхөр яаж ийж байгаад намын дарга болдог. Намаа ялуулаад Ерөнхий сайд болдог. Дахиад УИХ-ын дарга болдог. Тэгээд тодорхой хугацааны дараа ард түмэн сөрөг хүчнийг хүсэмжлэх аястай болсон үед нь намаа ялагдуулаад Ерөнхийлөгчөөр найман жил суудаг. Болж өнгөрсөн процессыг л ярьж байна. Үнэн биздээ. Ингээд их хуцвал бүтэн 16 жил Монголын төрийг сэлгээтэй, сэлгээгүй зайдлан хаанчилдаг боломж байна. Үүнийг л... ганц хүн засаглалын бүх эрх мэдлийг дамжин хаанчлах нь л давхар дээл юм байна. Энэ гурван хаан ширээний аль нэгэнд байсан хүнийг дахин дараагийн хаан ширээ рүү шилжүүлдэггүй тийм хуультай болох ёстой. Давхар дээлний хууль гэж үүнийг хэлнэ. Үүнийг Үндсэн хуулиндаа маш тодорхой зааж өгье. Ингэж хуулийн хязгаар тогтоож өгөөгүйгээс болж энэ гурван хаан ширээний нэгээс нөгөөд шилжих процесс “дайн”-ы хэмжээнд хүрч Монгол улсыг, монголын гурван сая иргэнийг хөлдөө чирч дууслаа. Энэ олон фракц, бүлэглэлийн дотоод зөрчлийг мэдээлэлд ойр, учир мэдэх бүх хүмүүс гадарлаж байгаа. Өнөөдөр Монголд улс төр-бизнес хоёр нь холилдчихсон, нэг бүлэглэл нь гарч ирээд нөгөөгөө дарамталдаг, нөлөөгөө тогтоох гэдэг, энэ тэмцэлд нь хүссэн хүсээгүй бүх л бизнесийнхэн татагдан орж, далдуур тэмцэл үргэлжилсээр байна. Черчиллийн хэлсэн үгийг та бид мэднэ, “Улс төрчид эрх мэдэлд хүртлээ ард түмнээ боддог, эрх мэдэлд хүрсэн хойноо дахиж сонгогдохоо боддог” гэж. Гэтэл манай хаан ширээний төлөө тэмцэгсэд аль ч цаг үед нь ард түмнээ бодож байгаа юм алга. Бүлэглэлийн эрх ашгаа л нэгдүгээрт тавьж ирлээ. Уг нь бол эх орондоо хөгжил дэвшлийг авчирсан Черчилль мэтийн томчууд “Улс төрч гэдэг бол нэг сарын дараа юм уу, нэг жилийн дараа юу болохыг урьдчилан хэлж чаддаг байх ёстой. Дараа нь яагаад тэр бүх зүйл болоогүйг тайлбарлаж чаддаг байх ёстой” гэж дэлхийн улс төрд тунхагласан байдаг юм билээ. Манайд бол маргаашийн ашгийг харсан улс төрчид л хаан ширээ дамжин амьдрах гэж дайрсаар байгаагаас биш элэнцгийнх нь нэг жилийн дараа улс орон ямар байх тухай вэ. Манай улс төрчдийн энэ зан байдлыг манай хоёр том хөрш сайн дөгөөх юмдаа. Цаанаас л нэг явуургатай үгийг нийгэмд түгээх юм, “Засаглал тогтвортой байх ёстой, олонхийг хянаж байх Ерөнхийлөгчтэй байх ёстой, улс орноо хөгжүүлэх боломж дөрвөн жилд багтахгүй байна. Дахиад дөрвөн жил сонгогдож байж хөгжүүлж дуусах нь” гэдэг ч юм уу, энэ мэт ард түмэнд зориулсан үгс нь ердөө нэг л дарангуйлагчийг гаргаж ирэх гэсэн суртал ухуулга байсаар ирлээ. Монголд өөр аавын хүү байхгүй юм шиг, нэг том даргыг тойрч бүгдээрээ бүжиглэсээр... М.Энхболд дарга дээр ярья л даа. Угтаа энэ хүнийг тойрон хүрээлэгчид нь хувийн намтай, хувийн Засгийн газартай, сүүлдээ бүр улс орныг хувьд нь өгөх гэж зүтгээд баларлаа. Үүнийг л давхар дээл гэж ард түмэн харах ёстой. Сая болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль олон юмны муу талыг сайтар харуулж өглөө. Манайхны нэг хэсэг нь санаачлан ярьж байсан “Ерөнхийлөгчийг таван жилээр нэг удаа сонгоно” гэдэг санал наад зах нь зөв байсан юм байна. Бразил, Мексик, БНСУ-аас эхлээд хөгжилтэй цөөнгүй улс орнууд Ерөнхийлөгчөө таван жилээр нэг удаа л сонгож байна. Ингэснээрээ энэ улс орнууд засаглалын хэм хэмжээ, зүй зохист харьцааг зөв барьж байна. Заавал найман жил дараалан сонгох, дөрвөн жил өнжөөд дахиад нэр дэвших боломжоор хангах хуулийн зохицуулалт нь нэг л хаантай байх нөхцөлийг бүрдүүлж, эцэс төгсгөлгүй эрх мэдлийн төлөөх тулаан бий болгож, цөөхөн монголчууд хөнжилдөө хөлөө жийлцэн, эцэст нь хэнд хожоотой явж ирснийг хэлүүлэлтгүй бид мэдэх болов. Ардчилсан нийгэмд байж болохгүй энэ муухай үзэгдлийг хууль эрх зүйн хувьд цаг алдалгүй таслан зогсоох цаг болжээ. Давхар дээл гэдэг нь Монголын төрийн гурван өндөрлөгт нэг хүн л дамжин, зайдлан, хаан суухыг хэлнэ. Энэ тодорхойлолт дээр одоо бүгдээрээ ойлголтоо нэгтгэе. Тэрнээс УИХ-ын гишүүн, сайдыг нь хийж байгаа яамны ажил хамгийн урагштай, бүтэмжтэй, амжилттай байдгийг улс төр гадарладаг хүн бүхэн мэднэ шүү дээ.