Нүүрсээр баян орны Ерөнхийлөгчийн “зовлон”
Тийм ээ, манай орон нүүрсээр баян. Хар алт хэмээх хараал идсэн энэ чулуунаас эгэл монголчууд ашиг хүртэх нь бүү хэл, хувааж идэгсдийн хэрүүл тэмцлийнх нь хөлд сөхөрч туйлдаж гүйцлээ.
Тийм ээ, манай орон нүүрсээр баян. Хар алт хэмээх хараал идсэн энэ чулуунаас эгэл монголчууд ашиг хүртэх нь бүү хэл, хувааж идэгсдийн хэрүүл тэмцлийнх нь хөлд сөхөрч туйлдаж гүйцлээ. Ийм орны, яг энэ цаг үеийн Ерөнхийлөгч байна гэдэг хэцүү . Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны гадаад айлчлал ОХУ-ын Владивостокоос эхэллээ. Монгол улсын шинэ Ерөнхийлөгчийн хувьд энэ айлчлалын агуулга туйлын чухал байв. Учир нь тэрбээр төрийн сайд болсноосоо хойш бүтэн 8 жилийн турш Монгол улсыг далайд гарцтай болгож, Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээлд хүргэхийг мөрөөдөж, чармайж асан. Дэлхийд тийм ч элбэг биш илчлэг өндөртэй Тавантолгойн нүүрсийг ганцхан өмнөд хөршдөө, өөрсдийнх нь “тогтоосон” хямд үнээр түүхий чигээр нь зөөх биш гуравдагч зах зээл Япон, Өмнөд Солонгост Оросын боомтоор дамжуулан өөрсдийн хүссэн үнээр борлуулъя гэсэн энгийн л санаа юм.
Ерөнхийлөгчийн айлчилсан Владивосток хот бол Номхон далайд байрлаж буй ОХУ- ын томоохон боомт хот. ОХУ-ын далайн боомтууд Азов - Хар тэнгисийн, Балтийн тэнгисийн, Каспийн тэнгисийн, Арктик болон Алс дорнодын гэсэн таван ай сав газарт байрладаг аж. Монгол Улсын хувьд гуравдагч зах зээлд түүхий эд, бараа бүтээгдэхүүнээ экспортолъё гэвэл хамгийн тохиромжтой нь Алс Дорнодын боомтууд. Тэр дундаас Япон тэнгисийн Находкийн булан Врангелийн хоолойд орших ОХУ-ын хэмжээнд хамгийн томд тооцогддог Восточный боомт юм. Энэ боомтыг яагаад сонирхох болов оо гэвэл Монгол Улс, ОХУ, БНХАУ гэсэн гурван улсын хамтарсан Эдийн засгийн коридор (хонгил) байгуулах “Приморье-1” хөтөлбөрийн олон улсын төмөр замын төгсгөлийн цэг юм. Хэрэв энэ боомтоор бид бүтээгдэхүүнээ гаргаж чадвал зүүн бүсийн эдийн засгийн коридорыг амжилттай ашиглах эхлэл тавигдана гэсэн үг.
“Энэ хөтөлбөрт заавал оролцож, энэ коридорыг ашиглахын ашиг тус юу байгаа юм. Хаа байсан 4000 км-ийн цаана байгаа боомт руу давхиснаас ердөө 267- хон километрийн цаана Хятадын зах зээл бэлэн байна...” гэж тоо бодож цэцэрхэх хэсэг бүлэг хүмүүс бий. Энэ ч шинэ юм биш. Одоогийн Ерөнхийлөгчийг сайд болсон 8 жилийн өмнөөс, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого УИХ- аар батлагдсан 7 жилийн тэртээгээс шидсэн чулуу юм.
Бид нүүрсээ Хятад руу төмөр замаар биш машинаар зөөдөг. Гэхдээ энэ нь бид Хятадын зах зээлд нүүрс нийлүүлж байгаа юм огтхон ч биш, ердөө л Хятадын ченж зургаан компанид зөөж өгч байгаа юм. Тэд биднээс нүүрсийг хоёр янзаар авдаг. Нэг нь Таван толгойн уурхайн аман дээрээс, нөгөө нь Гашуун сухайтын боомтоос. Тавантолгойн нүүрс бол 6500-7500 ккал илчлэгтэй маш сайн чанарын коксжих нүүрс учраас зарагдахгүй гэхийн зовлон байхгүй. Тэгэхэд эрчим хүч гаргах нүүрсний илчлэг ердөө 4500-5000 ккал байдаг. БНХАУ хэдийгээр нүүрсний арвин нөөцтэй ч манай нүүрсийг гүйцэх ийм өндөр илчлэгтэй коксжих нүүрсийг одоогийнх шиг ийм хямдаар үнээр авах ганц боломж нь Монгол Улс юм. Бид одоогоор Хятадаас өөр гарцгүй, тэднээс өөр худалдан авагчгүй болохоор “өгөх хүн гэдийж авах хүн бөхөлздөг ” ёсыг үл хэрэгсэн худалдаа хийсэн нэр зүүж байна. Худалдан авагч үнээ тогтоож, хэлсэн үнээр нь өгөхгүй бол авахаа болино хэмээн “айлгадаг” л бизнес юм. Орлого олж буй ганц сувгаа хаалгачихгүйн тулд бид бас “айдастай” амь зууцгаана. Ямар сайндаа л “ Далай ламыг урьж авчирсан гээд БНХАУ нүүрс авахаа байлаа. Хоосон ходоодоор шашин шүтэх эрхээ эдлэх үү ” гэсэн цэцэрхэл УИХ- ын чуулганы танхимаас өндөр дуугаар хүнгэнэж л байлаа. Далай лам, нүүрс хоёр ямар хамааралтай ч юм бэ. Арай цааш нь лавшируулбал ардчилсан монголчуудын гэртээ хэнийг урих эсэх нь өнөөх хараал идсэн нүүрсээр хэмжигдэх цаг ирсэн ч юм шиг.
Монгол улсын сайн чанарын коксжих нүүрсний үнийг монголчууд биш Хятадын ченж компаниуд тааллаараа тогтоодог. Бидний “харилцан ашигтай хамтын ажиллагаа” иймэрхүү байдлаар үргэлжилсээр он удав. Энэ “эелдэг тогтолцоо”-г хамгаалж суудаг нэр бүхий нэлээд хэдэн гишүүн УИХ-д бий. Харин үүнийг өөрчилж нүүрсээ гаргах өөр гарц хайж эхэлсэн он цаг 8 жилээр сунаж, энэ тогтолцоог халах арга замыг эрж хайж тэмцсэн хүн нь одоо Монгол Улсын Ерөнхийлөгч болчихлоо. ОХУ-ын Восточный боомт хүртэл 4000 км. Гашуун сухайтын боомт 267 км. Нүүрсээ тээвэрлэх замын урт нь хол зөрүүтэй. Мэдээж замын холоос болж тээвэрлэлтийн өртөг өндөр гарна. Тэгвэл тээвэрлэлтийн энэ өртөгт хөнгөлөлт эдэлж Гашуун сухайт руу хүргэх үнээр Восточный боомтод хүргэхийг Ерөнхийлөгч болон түүний багийнхан зорьж байгаа юм. Тэгэхээр газар нутгийн хоорондох зай чухал биш тээвэрлэлтийн үнийг тохирох л чухал гэсэн үг. Өөрөөр хэлбэл Нийслэлчүүд бид ганцхан хятад тарвасыг биш, Ховдын алдарт тарвасыг амтлахыг хүсдэгтэй адил тийм хэрэгцээ нэг талд нь, бас тийм боломж нөгөө талд нь байгааг Монголын төр анзаарчээ гэсэн үг. Ингэхийн тулд тээвэрлэлтийн үнийг тохиролцох нь гол асуудал. Хаа байсан Красноярскийн хязгаараас Хакасчууд 8000 км хол зам туулан энэ боомтоор нүүрсээ зарж л байна. Тэд тэнэгээсээ болж ийм хол зайд нүүрсээ зөөж байгаа хэрэг огтхон ч биш. Тэдний 5000 ккал илчлэгтэй нүүрсийг илчлэг сайтай хэмээн булаалдах нь холгүй авдаг гэлцэж байна. Харин тэгэхэд манай нүүрс 7500 ккал илчлэгтэй. Транзит тээврийн гэрээг хөнгөлттэй үнээр байгуулж чадаад тээвэрлэж эхлэхэд л ганцхан Хятадаас хараат байсан зах зээл хаяагаа тэлж, нүүрсээ дэлхийн жишиг үнээр борлуулах дүр зураг харагдаж байна. Ингэж гэмээнэ Хятадаас санал болгодог нүүрсний хямд үнэ, энэ тогтолцоог он удаан жил тууштай хамгаалсан, улс төр эдийн засгийн бүлэглэлийнхний ашиг салхинд хийснэ гэсэн үг. Үр ашгийг нь 30 гаруйхан гэр бүл биш гурван сая монголчууд та бид хүртэж эхэлэх ёстой юм. Ингэснээр баялагтай байхын зовлон эдлэж өрөнд баригдсаар байгаа бидэнд шинэ боломж нээгдэх учиртай. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны айлчлалын гол зорилго энэ байлаа.
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путин манай улстай байгуулах транзит тээврийн хөнгөлттэй үнийн гэрээг дэмжихээ ил тод илэрхийлсэн. Тэр ч байтугай Восточный боомтод Монгол улсын терминал байгуулах газар олгохоо амалсан. Харин Ерөнхийлөгч Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэр, дэд бүтцэд тулгуурлан Японы хөрөнгө оруулалтаар терминал барьж, түүхий эд бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэн зарах боломжийг эрэлхийлсэн. Японы Ерөнхий сайд ч нааштай хариу өгсөн. Харин энэ айлчлалын сургаар MCS-ийн угшилтай УИХ-ын гишүүд уурсаж, фасебүүк, твитертээ элдэв зүйл бичиж эхлэв. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэлүүд ч хөдөлгөөнд оров. Учир нь тэдний ашиг алга болчих гээд байна. Тэд хоосон хонох нь л дээ…
Учир нь хятадууд манай улсаас гаргаж буй нүүрсийг ердөө манай хилийн цаахна угаагаад үнийг нь нэмээд жинхэнэ зах зээлд гаргаж буй. Нэмүү өртөгөө заавал Хятадад шингээхгүй Тавантолгойнхоо нүүрсийг Монголдоо угаах, үйлдвэр барих гэсэн оролдлого, боломжийг улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд сүүлийн 6 жилийн турш олгосонгүй. Харин Ухаа худагийн уурхайг ашиглаж буй MCS компанийн “Энержи ресурс” угаах үйлдвэрээ ашиглалтад оруулснаар тэд нүүрсээ арай өндөр үнээр зарж байгаа. Хэрэв төрийн мэдлийн Эрдэнэс Тавантолгой угаах үйлдвэр барьчихвал бодит өрсөлдөгч бий болох учраас бариулахгүй байсан нь дээр, тэдний хувьд. Өөр бас нэг шалтгаан бий. Тавантолгойн нүүрсийг Хятадын ченж компаниуд авдаг тухай дээр өгүүлсэн. Энэ зургаан ченж компаниас хувь хүртдэг монгол компаниуд, Монголын улстөрчид бий. Тэд мэдээж ашгаа хүртээд хэвтэж байхыг л бодно. Нэг талд нь нийт монголчуудын ашиг, нөгөө талд хэдхэн хувь хүний ашиг гэсэн туйлууд яг одоо өрсөлдөж байна. Гай болж (яг үнэндээ монголчуудын хувьд гай биш ашиг) Восточный боомтоор нүүрсээ зараад эхэлчихвэл 30 гаруй гэр бүл “турж үхэх”- дээ тулж гурван сая монголчууд газрын хэвлий дээх баялгаасаа хүртэж эхлэх юм. Ялгаа үүнд л оршино. Энэ ялгааг салгаж нийтийн эрх ашгийн тулд үйлчлэх гэсэн санаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ -д хийсэн айлчлалд нэвт шингээстэй байлаа.