-ХААН БАНКНЫ ГҮЙЛГЭЭНИЙ 95 ХУВЬ НЬ ЦАХИМЖЖЭЭ-

Одоогоос жил хагасын өмнө ХААН банкны гүйцэтгэх захирлаар Жон Белл хэмээх америк банкирыг томилогдох үед анхны ярилцлагыг нь авч олон нийтэд хүргэж байсан юм. Тухайн үед Жон Белл захирал “Одоо банкинд хийгдэж байгаа гүйлгээний 95 хувийг АТМ болон цахим банкаар хийх боломжтой талаар судалгаа бий” гэж дурдаж байсныг санаж байна. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод ХААН банкаар хийгдэж байгаа нийт гүйлгээний 95 хувь нь цахимжжээ. Ердөө таван хувь нь банкны ажилтнуудаар дамжиж байна. Энэ нь манай иргэд мобайлаар мөнгөө шилжүүлж, интернэт банкаар гүйлгээ хийж, ухаалаг банкны хэрэглэгчид болсон гэсэн үг. Тус банкны анхлан нэвтрүүлсэн эдгээр үйлчилгээнээс гадна мөн салбартаа анхдагч болсон QR кодоор төлбөр төлж, Qpay хурууны хээгээр нэвтэрч, фэйсбүүкийн найзууд хоорондоо гар утасны дугаар, ойролцоо байршлаараа мөнгө шилжүүлж чаддаг Khan pay үйлчилгээтэй холбоотой биз ээ. Банкны салбар тэр аяараа цахимжиж байна. Энэхүү цахим банкны хурдтай монголчуудыг хөл нийцүүлэн алхуулж буй Жон Белл захиралтай ярилцсанаа хүргэж байна.


-Өнөөгийн цаг завгүй амьдрал маань биднийг цахимжсан, улам л явдал суудал багатай үйлчилгээг шаардахад хүргэж байна. Энэ нийгмийн хэрэгцээ хамгийн их тулгамдаж, шаардаж байгаа салбар бол банкны салбар. Энэ эрэлтэд манай банкны салбар тэр дундаа Хаан банк хэрхэн нийцэн ажиллаж байна вэ?

-ХААН банк маань 26 жилийн түүхтэй. Анх Хөдөө аж ахуйн банк байсан үеэсээ л салбар нэгж дээр суурилж, үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Өөрөөр хэлбэл, харилцагч аливаа гүйлгээ хийх, бүтээгдэхүүн үйлчилгээ авахын тулд заавал салбар нэгж дээр очиж үйлчлүүлдэг байсан. Ер нь Монголын банкууд бүгд л ийм стратегийг барьж ирсэн. Гэхдээ цаг үедээ тохируулаад өөрчлөх хэрэгтэй болсон. Ялангуяа сүүлийн гурваас дөрвөн жилийн хугацаанд бид шинэ стратегийг мөрдлөг болгон хэрэгжүүлж байна. Улаанбаатар хот бол яах аргагүй эрчимтэй хөгжиж байгаа хот.

Замын түгжрэл ямар байна, байгууллагуудын гаднах зогсоолын боломж юу билээ. Харилцагчид маань ч завгүй ажиллаж байна. Тэгэхээр энэ нөхцөл байдалд банк тохируулж ажиллах хэрэгтэй болно. Бид аль болохоор харилцагч, үйлчлүүлэгчдэдээ таатай нөхцөлийг эрэлхийлж, салбар нэгж дээрээ авчрах биш тэдэнд хүрч ажиллахыг зорьсон маань амжилттай хэрэгжиж байна.

-Орлого, зарлагын АТМ бидэнд маш том боломжийг өгсөн шүү. Одоо нийслэлд 300 метр тутамд ХААН банкны АТМ байдаг гэж дуулсан юм байна...

-ХААН банк маань хамгийн анх АТМ буюу бэлэн мөнгөний машиныг байршуулж, Монголын хэрэглэгчид АТМ-тай танилцаж байсан. Мөн орлого зарлага, гүйлгээ хийх боломжтой “Хитачи” АТМ-уудыг Монголын зах зээлд нэвтрүүлснээр үнэхээр Улаанбаатар хотод 300 алхам тутамд манай банкны АТМ байрлаж байна. Одоогийн байдлаар манай АТМ-ийн тоо 1000-д хүрлээ. Одоо 24 цагийн турш нээлттэй ажиллах 100 гаруй экспресс банк төвүүд ажиллаж байна. Аймаг болгоны төвд ийм АТМ-ууд байгаа. Тийм ч учраас ачаалал буурч, ихэнх гүйлгээд маань АТМ-аар, цахим хэлбэрээр явагдах болсон.

Монголд хийгдэж буй цахим гүйлгээний 65 хувь нь манай банкаар дамжиж байна гэхээр бид хэр оролцоотой байгаа нь харагдах биз ээ. Бид хэрэглэгчдээ илүү хялбар сувгаар гүйлгээ хийх боломжийг зогсолтгүй хайж, стратегиа үүнд чиглүүлж байна. Сүүлийн жил, жил хагасын хугацаанд ухаалаг, интернэт, мобайл банк гээд цахим банкны үйлчилгээнүүд рүү илүүтэй анхаарч ирснийг хүмүүс анзаарч байгаа байх аа.

-АТМ-ийн үйлчилгээ нэвтэрч байх тэр үетэй харьцуулахад манай хэрэглэгчид ухаалаг банкинд дассан, ихээхэн цахимжсан хэрэглэгчид болжээ. Хөдөө байгаа малчин малаа хариулж явахдаа мобайлаар гүйлгээ хийж байна. Та бүхэн ийм банк, ийм хэрэглэгчийг бэлтгэхийн тулд ямар хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан бэ?

-Сайхан асуулт байна. Одоогоос гурав, дөрвөн жилийн өмнө буюу 2013-2015 оны үед нийт гүйлгээний тал орчим хувь нь теллерээр дамжин хийгддэг байлаа шүү дээ. Одоо гэтэл зарим газруудад 50 хувь нь 5 хувь болтлоо буурсан. Мэдээж ингэж өөрчлөхийн тулд багагүй хүч хөдөлмөр гарсан байж таарна. Салбар тооцооны төв дээр ирсэн үйлчлүүлэгч нарыг тосон авч, цахим банкийг хэрхэн ашиглах, АТМ-ийн хажууд зогсоод хэрхэн гүйлгээ хийх, зарлага орлого хийхийг зааварчлан зогсоог та бүхэн анзаарч харсан байх. Интернэт банкаар үйлчлүүлэхдээ нууц үгээ мартсан бол заавал банкин дээр ирэх хэрэггүй, хэрхэн гэрээсээ сэргээж болох боломжтой болсныг тэд маань хэлж өгдөг. Гар утсан дээрээ ухаалаг банкийг хэрхэн суулгаж ашиглаж болохыг нэг бүрчлэн заахыг хичээж байна. Нэг ирсэн хүн дараа заавал банкин дээр ирэх шаардлагагүй цахимаар үйлчилгээгээ авах боломжтой болсон. Иргэдийг цахим банкаар үйлчлүүлэхэд сургаж, тэднийг цахим хэрэглэгчид болгоход 5000 ажилтнууд маань хүч хөдөлмөрөө зарцуулж байгаа.

Биднийг хамгийн их баярлуулж, ажлын маань үр дүнд гайхалтай ахиц өгдөг зүйл бол манай харилцагч нар. Шинэ бүхнийг маш түргэн хүлээн авч, тухайн үйлчилгээг дор нь гартаа оруулдаг. Миний ажигласнаар монголчууд шинэ технологи, шинэ үйлчилгээг хүлээж авахдаа тун хурдан хүмүүс юм билээ.

-Та АНУ-аас гадна Зүүн Европын орнуудад банкны салбарт ажиллаж байсан туршлагатай хүн. Европын харилцагч нартай харьцуулахад монголчууд өөр байна уу?

-Миний хувьд яг дөрөв дэх хөгжиж буй орондоо ажиллаж байна. Монголыг бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад шинэ технологи, шинэ зүйлд тун хурдан дасан зохицдог. Тэр таатай байдлыг анх орлогын АТМ дээрээс ажиглаж байлаа. Европын орнуудад анх АТМ нэвтэрч байхад хэрэглэгчид нь АТМ-ийг хүлээн зөвшөөрөх тал дээр тун удаан байсан. Монголд шинэ технологи, шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд гайхалтай хурдан нэвтэрдэг. Монголчууд аливаад хурдан дасан зохицдог болоод ч тэр үү энэ салбарт бусад орноос илүү боломж ихтэй, хурдан амжилтад хүрнэ гэж боддог. Ойрын хэдэн жилд Монголын банкны салбар гэлтгүй зах зээл, эдийн засаг тэр чигтээ цахимд шилжинэ гэж хардаг. Монголчуудын аливаад хурдан зохицдог чадвар, тэгээд хүн амын байдал, олон нөхцөл байдал үүнийг баталдаг. Бусад том зах зээлтэй харьцууллаа гэхэд гурван сая хүнийг сургахад нэг талаасаа харьцангуй амар. Төрийн байгууллагын үйл ажиллагаа ч бүхэлдээ цахим тал руугаа шилжиж, Монгол улс ойрын жилүүдэд цахим бүтээгдэхүүний тал дээр бусад орныг манлайлна гэдэгт би эргэлздэггүй . Одоо ч олон зүйл дээр түрүүлж яваа шүү дээ. Тухайлбал, монголчуудын иргэний үнэмлэх тусгай чиптэй. Гэтэл АНУ-д бол тийм чип суулгаагүй энгийн үнэмлэх байдаг. Монгол улс хөгжиж буй орнууд байтугай хөгжингүй орнуудтай харьцуулахад хоцроогүй харин ч зарим салбар, зарим зүйлээрээ тэргүүлж байгаа.

-Тантай өмнө уулзахад та банкны гүйлгээний 95 хувь нь цахим, 5 хувь нь теллерээр дамжиж болдог судалгаа байдаг гэж хэлж байсан. Гэхдээ ердөө жил гаруйхны дараа тэр судалгаагаа Монголын банкны салбарт, өөрийнхөө банкин дээр хэрэгжүүлчихсэн байгаа нь сайхан санагдсан. Ингээд тултал нь хийгээд байвал цаашаа хийх юм үлдэх үү?

-ХААН банк харьцангуй цахимжсан банк болсон ч илүү хүчирхэг, илүү сайжруулахаар ажлын төлөвлөгөөгөө гаргасан. Бидний ойрын гурваас таван жилийн төлөвлөгөө үүнд чиглэж байгаа. Харилцагчдад илүү хялбар, ашиглахад илүү амар байх ямар дэвшилтэт технологи байна. Бид бүгдийг нэвтрүүлнэ. Ази Номхон далайн орнууд, Европын орнуудын банкны салбарын ололттой технологиудыг судалж нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүний тулд улс орнуудаар явж судалгаа хийж, гадны мэргэжилтнүүдийг урьж туршлага судалдаг. Гэхдээ бүх зүйл өөрчлөгдөж, шинэчлэгдээд тэс өөр болж байгаа гэж ойлгож болохгүй. ХААН банк маань цахимжиж байгаа ч хөдөөгийн иргэд малчид, орон нутгийн жижиг бизнес эрхлэгч нартаа чиглэсэн үйлчилгээ, уламжлалт хандлагаа хадгалсан хэвээр байгаа. Тэднийхээ эрэлтэд тулгуурлаж, бас илүү хялбар аргаар үйлчилгээ авахад нь тусалж байгаа гэж ойлгож болно. Монгол орны өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж байгаа манай банкны 530 гаруй салбар нэгжүүд маань орон нутгийн бизнес эрхлэгчдийн уулзалт хийдэг, шинэ санаагаа ярилцаж хамтдаа хөгждөг газар нь аль хэдийн болчихжээ.

Тиймээс бид харилцагчдынхаа хүлээлтэд нийцүүлж, гадна дотны чадварлаг зөвлөгчдийг үе, үе орон нутагт илгээж, хамтран ажиллах боломжийг олгодог гэдгийг дурдмаар байна.

-Өнгөрсөн зургадугаар сард ХААН банк нийт активаа 6.7 их наядад хүргэсэн Монголын анхны банк боллоо гэж сонсч байсан. Та бүхэнд баяр хүргэе...

-Энэ мэдээлэлд багахан залруулга хийе. Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар манай банкны нийт актив долоон их наядад хүрсэн. Энэ бол манай банк олон хүний итгэлийг олж байгааг илтгэх үзүүлэлт. Бид яг төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байна. Бид сүүлийн үед харилцагчдын үйлчилгээний үзүүлэлт дээр ихээхэн анхаарч ажиллахаар төлөвлөөд байна. Банкны үзүүлэлт сайн, төлөвлөгөө ёсчлон биелж байгаагийн хэрээр илүү чанартай, банкныхаа харилцагч нарын хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой гэсэн өндөр шаардлага тавьж ажиллаж байна даа. Аль болох алдаатай зүйл байвал засч залруулж, үйлчилгээний чанарт анхаарч ажиллах болно.

-Та анх энэ албыг авсныхаа дараа ХААН банкныхаа талаар анхны хөрс нь зөв тавигдсан, орц найрлага нь бүрэлдсэн байгууллага гэж дүгнэн хэлж байсан. Зөв тааруулж амталж чадвал амжилтад хүрнэ гэж байсан. Та өнгөрсөн хугацаанд амт жорыг нь сайн тааруулж чадсан болов уу?

-Банкны салбарт эхлүүлсэн томоохон ажлуудын үр дүн шууд харагддаггүй талтай. Бид өнгөрсөн хугацаанд зарим салбар тооцооны төвүүдээ илүү тохь тухтай болгох үүднээс засваруудыг хийсэн. Мөн теллэр дэх гүйлгээний тоог багасгаж, өөр сувгуудыг бий болгох ажлуудыг хийж өгсөн талаар бид дээр ярилцсан. Шинэ бүтээгдэхүүн гаргаснаар хэрэглэгчдэд маань ямар давуу тал гарч байгааг таниулж ойлгуулах тал дээр хичээж ажиллалаа. Бидний ойрын үед анхаарч байгаа зүйл бол картын хэрэглэгч нарт шинэ боломжийг нээж өгөх явдал. Карт нээлгэх, захиалга өгөхдөө салбар нэгж рүү ирэх хэрэгтэй болдог. Харин үүнийг өөрчилж, картын захиалгаа интернэтээр өгөөд бид шуудангаар гарт нь хүргүүлж, хэрэглэгч маань АТМ дээр картаа идэвхжүүлэх боломжийг шинээр гаргаж өгөхөөр ажиллаж байна. Аль болох харилцагч нартаа амар хялбар байх боломжуудыг судалж байгаа. Би өөрийнхөө хэр ажилласан гэдгийг дүгнэж хэлэхэд хэцүү. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хичээж ажилласан, хамгийн гол нь бид цаашид бүр илүү хичээн ажиллах болно гэж хэлмээр байна.

-Манай банкны салбарынхан гадны банкууд орж ирэхээс нэлээд эмээдэг л дээ. Олон улсын банкуудтай өрсөлдөхөөс айхгүй гэж та нэгэнтээ хэлж байсныг санаж байна...

-Монголын банк санхүүгийн салбарт гадны банкууд орж ирэх боломжийн талаар нэлээд яригддаг. Хэрэв гадны банк Монголд орж ирлээ гэхэд ХААН банк өрсөлдөхгүй гэх шалтгаан байхгүй. Бидний өөрсдийн ашиглаж буй техник технологи, дүрэм журам бүгд олон улсын стандартад нийцсэн байгаа. Хамгийн гол нь бид түүнийгээ зөв ашиглаж чадвал дэлхийн хэмжээний олон улсын байгууллагуудтай өрсөлдөж чадахгүй гэх зүйл байхгүй. Бид гадны банкуудын шилдэг үйлчилгээнүүдийг хэдийнэ нэвтрүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт гэхэд МИАТ компанитай хамтран кредит карт дээр миль тооцдог үйлчилгээг хамтран хэрэгжүүлэх санамж бичигт хамтран гарын үсэг зурлаа. Одоо тэгэхээр гадны банкуудад түгээмэл хэрэглэгддэг энэ үйлчилгээг ч монголчууд маань авах болсон гэсэн үг.

-Танай банк шинэ байранд оржээ. Маргааш шинэ байрны тань нээлт болох юм байна. Та бүхэнд баяр хүргэе.

-Миний өмнө ажиллаж байсан оффисууд дундаас хамгийн сайхан нь гэж хэлмээр байна. Энэ шинэ байрандаа орсноор ХААН банкны үйл ажиллагаанд ч шууд нөлөөлөх нь дамжиггүй. Үүнээс өмнө манай төв оффис, бизнес хариуцсан газар, мэдээлэл харилцааны газрууд маань тус тусдаа байрладаг байлаа. Одоо нэгдсэн нэг газарт ажиллах нь ажил үүргийн хувьд ч ойртож, илүү амжилттай ажиллах боломжийг нээж өгч байна. Өмнө нь хамтдаа ажлаа ярих гэж хотын өөр өөр хэсгээс цуглардаг байлаа шүү дээ. Манай оффисын барилга хотын үзэмжинд өнгө нэмж, архитектурын өвөрмөц шинэ шийдлийг харуулж байгаагаас гадна Монголд өөр том зүйлийг илэрхийлэх баталгаа болж байна гэж би хувьдаа үзэж байна. Монгол Улсын хувьд эдийн засгийн амаргүй бэрхшээлүүдтэй тулгарч ирсэн. Харин зах зээлд эерэг уур амьсгал ирж байгааг, эдийн засагт боломжууд байгааг илэрхийлэх эерэг дүр зургийн нэг нь энэ болно гэдэгт найдаж байна.

-Манай эдийн засаг амаргүй байгаа талаар бид ярьсаар ирсэн. Та гадны хүний хувьд бас банк, эдийн засгийн салбарт ажиллаж ирсэн хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Эдийн засгийн хувьд амаргүй үеийг туулсан нь үнэн. Гадаад валютын тогтворгүй байдал, ханшны тогтворгүй байдал зэрэг нь томоохон асуудал болж, бэрхшээлүүд авчирч байсан. Гэхдээ монголчууд үүний эсрэг хичээж сайн ажилласан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсон нь эерэг ойлголтыг олон улсад өгсөн. Гэхдээ зөвхөн үүнд хамрагдана гэхээсээ өөрсдөө оролцож, илүү сайжруулах тал дээр хичээх хэрэгтэй. Эдийн засгийг солонгоруулах тал дээр илүү ажил хийгээсэй гэж харж байгаа. Зөвхөн эрдэс баялгийн салбар гэлтгүй байгалийн эрчим хүчийг ашиглах, хөдөө аж ахуйн салбар гээд боломж бололцоогоо ашиглах хэрэгтэй. Манай банкны зүгээс ч энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн. Нарны үүсгүүрийн хоёр ч төсөл дээр бид хамтраад явж байгаа. Миний харж буйгаар цагаан сар гэхэд цаашлаад хавар нэлээд гарахад эдийн засаг илүү сайжирчихна гэж харж байна. Өнгөрсөн арван хоёр сард сайн ажилласан. Ирэх арван хоёр сарын хүлээлт ч илүү сайн байх болов уу гэсэн эерэг дүр зурагтай байна даа.

-Танд баярлалаа. Танай хамт олонд илүү их амжилтыг хүсье.