1.      Би Москвад нэг хонов. Маргааш орой нь Москва-Кривой-Рогийн галт тэргэнд суугаад өглөө эрт 7 цагт би Днепропетровск хотод ирлээ. Би төмөр замын вокзалын хажуухнаас трамвайнд сууж, оюутны дотуур байрандаа ирсэн бөгөөд жижүүр эмэгтэйгээс өрөөнийхөө түлхүүрийг авч өрөөндөө оров. Бид гурвуулаа энэ өрөөнд бүтэн нэг жил амьдарсан билээ. Манай өрөөний цонх өндөр саглагар модтой урт өргөн гудамж руу харсан байх бөгөөд оюутны байрны тавилга гэж 3 төмөр ор, хувцасны том шкаф, модон ширээ өөр эд зүйлс гэхээр тоймтой юм бараг үгүй. Аан тийм 20 копейкны үнэтэй зузаан шилэн стакан 3 ширхэг, 3 хүн тус бүрт нэг нэг хөнгөн цагаан жижигхэн цайны халбага, 1 данх, 3 сандал. Ингээд л болоо... Би усанд ороод, ус буцалгаж хоёр аяга сахартай байхуу цай уулаа. Тэгээд би хэсэг зуур унтлаа. Үдийн хоолны дараа үдээс хойш би бас дахиад унтав. Орой нь гадагшаа гарч алхав. Тарас Шевченкогийн талбай. Театральный зочид буудал. Би тэр зочид буудлын ресторанд оройн хоол идээд 2 шил Жегулевский пиво уув. Тэрүүхэндээ би тансаглав. Тэгээд тэндээс гараад би алхаж гарлаа. Шаргал намрын чимээ үгүй уйтгартай орой байсан. Гудамж талбайд хүн цөөхөн үзэгдэнэ. Сэв сэлүүхэн ажээ. Би алхаад л байлаа. Би гэдэг хүн өдийг хүртэл гав ганцаараа алхаад л байдаг... Хаашаагаа... Яах гэж? Бүү мэд... Би алхаад л байлаа. Яг энэ мөчид Хулан бүсгүй. Тэр надад бодогдов. Тиймээ тэр бүсгүй надад чин сэтгэлээсээ ханддаг бус уу? Тэр намайг захидал бичиж байгаарай гэсэн. Тэр намайг бас “Сайн яваад ирээрэй” гэж хэлээд, тэгээд тэр бүсгүй намайг тэвэрсэн. Би ингэж бодов. “Тиймээ тэр чамайг нэг удаа тэвэрсэн. Чамайг сайн яваад ирээрэй гэж тэр хэлсэн. Гэхдээ энэ бол, тэр бүсгүй чинийх гэсэн үг биш” гэж миний зүрх надад хэлэв. Тэгээд тэр бас надад ингэж хэллээ. “Заримдаа хүмүүс ингэж төөрөлддөг билээ. Тэр минийх гэж тэд боддог. Гэтэл тэр нь өөр хүнийх болчихсон байдаг бус уу?” гэлээ. “Юу юу гэнэ ээ? Тэгээд чи тэр бүсгүй чинийх биш гэж хэлж байгаа юм уу? Тэс өөр хүнийх гэж хэлж байгаа юм уу?” гэж би түүнээс асуув. Тэр дуугарсангүй. “Тийм л юм байна л даа...” гээд түүнд зүрхэндээ би туниж гомдоллов. “За яахав” гээд... Тэгээд юу чиг хэлж чадахгүй яахыгаа мэдэхгүй би гуниглаж, хэсэг зуур бодлогоширон зогслоо... Тэгээд би бодлоо. Бусдаас ялгарч сүйд болоод байх юм надад байхгүй л дээ!.. Гэхдээн надад бусдаас дутах юм юу байдаг билээ? Тиймээ үнэн шүү дээ! Нээрээн нэг мэдэхэд ирдэг. Нэг мэдэхэд явчихдаг, ор тас алга болчихдог. Түүнийг хайр гэж үзэж болно гэж үү? Түүнийг бас тэр мэдрэмжийг хайр гэж эндүүрч болохгүй ажээ. Түүнийг Хуланг би тийм сайн мэдэхгүй. Тэр бас намайг мэдэхгүй. Бид хоёр бие биенийхээ тухай, хайрын тухай юм ч ярьж байгаагүй. Тийм учраас түүнийг санасан тэмүүлэх миний сэтгэл гэдэг ердөө л миний хүсэл. Зүгээр л миний хүсэл юм байна. Тэгээд ч би түүнийг мэдэхгүй. Бас түүний хүсэл сэтгэлийг ч бас мэдэхгүй. Ганцхан миний хүсэл сэтгэл юу ч шийдэхгүй шүү дээ. Тэгээд би дуугаа хураалаа. Миний дотор сэтгэлд юу ч үгүй юм шиг... Ой гутам жигшүүрт бодол ар араасаа цуварч эхлэв... Ийм үед хамгийн ухаалаг бодол, хамгийн үнэн үг ч мулгуу мэт санагддаг ажээ... Тиймээ. Миний зүрх надад үнэнийг л хэлсэн ажээ. Би хожим сүүлд үүнийг ухаарсан билээ. ... Одоо боль. Энэ бодлоо зогсоо! гэж би өөрөө өөртөө хатуу чанга тушаалаа!...

Нар шингэж хүмүүс ямар нэгэн юманд, магадгүй гэр лүүгээ яаран алхана. Би сая бодсон гунигт бодолдоон түүртэн дарагдана. Би хаана хоног тааруулахыгаа мэдэхгүй, орон гэр үгүй нэгэн адил би яаралгүй сажлан алхана. Нар жаргав. Би алхаад л байлаа. Цаг аль хэдийнээ шөнө орой болж 10 өнгөрчихсөн болохоор гудамжинд хүмүүс бараг үзэгдэхээ болив. Би яваад л байв. Ганц нэгхэн хүн надтай зөрж өнгөрнө. Зарим нь ганцаараа, зарим нь хосоороо, хоёулаан гурвуулаа алхана. Харь элгийн хэнийг нь мэдэхгүй хүн намайг анхаарч харах нь нэгээхэн ч үгүй. Би гав ганцаараа алхана. Үгүй ээ дээ. Тэр нэг бүсгүй миний өөдөөс алхаж явна. Тэр бас ганцаараа алхаж явна. Зөрөхдөө би түүнтэй эелдэгээр мэндлэв. Тэр над руу харж инээгээд: -Сайн уу? гээд гараа даллаад өнгөрөв. Тиймээ ухаан нь тэгэхээр энэ бүсгүй инээгээд тэгээд зүгээр л инээгээд өнгөрөөд явчихаж байгаа биз дээ. Тийм л байна. Гэхдээн би нэг л юмыг мартаад яваад байдаг. Хамгийн их чухал юмаа мартаад алхаад байдаг! Надад нэг мэргэн санаа төрлөө. Би ганцаараа биш. Миний зүрх надад байгаа. Миний сэтгэл бас надад байгаа шүү дээ. Би тэдэнтэй, дотор сэтгэл зүрхтэйгээ ярилцах хэрэгтэй юм байна. Би ингэж бодов. Тэгээд би “Ямарав? Чи юу гэж бодож байна?” гэж тэднээс би асуулаа. Зүрх ярьж байна. “Дэлгэр ээ. Чиний сэтгэл хүсэл хоёр чинь чамайг байнга дарангуйлдаг билээ. Тэр 2 болвоос зөвхөн өөрсдийнхээ ашиг сонирхол ая тух, амар амгалан оршихуйг хичээдэг. Түүнийхээ төлөө бүгдийг тэд гуйвуулдаг. Түүнийг бол шунал гэдэг билээ. Тийм учраас чи тэдэнд битгий итгэж бай” гэв. Тэгээд тэр миний зүрх цааш нь үргэлжлүүлээд ингэж хэллээ. “Чи миний үгийг сонс! Би чамд хоёрхон л юмыг хэлж өгч чадна. Тэвчээртэй бай! Хүн нэг л юмыг их сайн сурвал бусад бүх юмыг сурдаг юм. Тэр нэг юм бол тэвчээр. Чи түүнд суралц гэв. Бас Бодолтой бай! Аливаа сайн муу аль алиныг нь бодож, ойлгож ухаарч чаддаг бай. Энэ бол амьдрах эхлэл. Энэ бол амьдрах төгсгөл. Тийм учраас чи түүнд суралц” гэв. Би түүний үгийг таслав. “Тиймээ гэхдээн бас айхгүй байх ёстой бус уу? Миний айдас намайг юу ч хийлгэхгүй зовоогоод байна л даа” гэж би түүнд учирлав. “Тиймээ. Айхгүй бай. Гэхдээ юунаас ч айдаггүй сэтгэл бол аюултай. Түүний зориг нь халуун байдаг. Сэтгэл нь хүйтэн. Ухаан нь мунхаг байдаг билээ” гэв. “Юу гэлээ гэнээ? Сэтгэл нь хүйтэн, Ухаан нь мунхаг гэв үү?” гэж би түүнээс дахин лавлан асуув. “Айхгүй бай. Гэхдээ хэзээ чи айх, хэдийд чи айхгүй байхыгаа мэддэг бай л гэсэн үг л дээ” гэж миний зүрх надад өгүүлэв. Тиймээ би юунд хэт их автаж өөрөө өөрийгөө зовооном билээ. Хайр сэтгэлд. Хуланд. Түүнийг дурсан санаагүй бодоогүй өдөр надад үгүй ажээ. Тиймээ зоригтой бай! Гэхдээ Ухаан нь мунхаг... сэтгэл нь хүйтэн!!! Тиймээ айхгүй бай. Гэхдээ хэзээ айх... хэдүйд айхгүй байхыгаа мэддэг бай... Би ингэж бодов. Тэгээд би саглагар том моддын дундуур гаргасан явган хүний зөрөг замаар алхав. Замын хажуугийн сандал дээр эрэгтэй эмэгтэй хоёр тэврэлдэн сууж үзэгдэв. Би буцаад алхав... Оюутны байрандаа би эргэж ирэв. Тэгээд би унтлаа...

‘Хулан бид хоёр’ туужийн хэсгээс.      (Ноорог)



 ‘ИХ ГЭР’ 1998 он
Ш.Чимэддорж  1954 он