Хавар Өсөх цаг

Эсэргэн хавар цагийн дохио ирэхэд
Эгшиглэн донгодогч олон шувуу жиргэлдэн
Ээлжлэх цагийн эргэлтийг мартаад
Үүрд байгаа хэлбэртэй байдаг л
Энхрийлэн өсгөсөн аав ээжийн хайранд
Эрхэлж өссөн жаргалдаа ташуурч
Элдэв наадам тохууныг даган явсаар
Эргээд ирэх дөрвөн далайн жамыг эс мэдэв л

Говийн  Догшин хутагт Данзанравжаа

Тэнгис-Оюун тогтсон жам ес мэт инээмсэглэн багахан тунгаар бал хийж амталсан жамц давстай юм шиг гашуун кофе уув. Тэр зуур хүйтэн ус залгилж, халуун бантан идэж, зараа залгисан мэт шартсан Панк Гочоод хандан 

-Урианхай найрагчийн 70-аад онуудад гаргаж ирсэн яруу найргийн томьёо бий 

-ДОТОOД шаталтын хөдөлгүүр! 




Владимир Сёмёнович Высоцкийн дуу шүлэг бол тэр юм! Нарны хайлмагт байгаа шиг түүний сэтгэлийн шаталт өндөр хэмээр асчээ. Тоглосон кино, жүжиг, зохиосoн дуу болгон Оросын нийгмийн далд амин судас. Эрх чөлөөг хайн тэмтэрсэн уран бутээлчийн зан араншин! Үүний амжилтын гол утга учир нь эрэлхэг зоригтой иргэний байр суурь!

Манай Монголын сонгодог зохиолч Д.Нацагдорж, Д.Намдаг, Ч.Лодойдамба, Э.Оюун, Л.Ванган, С.Эрдэнэ, Д.Мягмар нарын театрын урлагт үлдээсэн бүтээлийн суурь дэвсгэр нь мөн Эр зоригтой Иргэнлэг шинж чанар байсан! гэж хэлээд цааш нь

-Галсанжав найруулагчийн тавьсан суут Шекспирийн Гамлет ялгаагүй! 

Гамлетад тоглосон Жамсранжавын оюунлаг тоглолт. Уран бүтээлчийн царцаж, оюун санааны хуаран болон хувирсан хүнд суртлын тогтолцооноос асуулт шаардсан иргэнлэг, зоригтой байр суурь. Монгол уламжлал, үндэсний үзэл, үндэсний ёс заншил гэж хэлэхээс ч бэргэжээ. Дээлээ ч өмсөөд явж чадахгүй болсон. Харин энэ үед зураач-кино найруулагч Цогзол гуайн Монголын уламжлал, ёс зүй, гоо сайхныг  дүүрэн гаргасан. Түүний найруулсан Бушхүүгийн үлгэрийн кино нь бас  иргэнлэг байр суурь.

Бид бол Мел Гибсоны Зоригт зүрх киноны Баатар эр шиг байх ёстой! 

Тэрбээр –Freedom! Эрх чөлөө гэж хэлээд Английн хаанд цаазлуулдаг шүү дээ гэлээ.

Моцарт шиг алиалах яах вэ? гэж нэмж хэлээд тэрбээр эргэлээ.


Социализмийн үеийн зогсонги, амар амгалан, хөлдүү царцуу нийгэмд бидний өссөн орчин болж бүх юмыг дээрээс төлөвлөөд шийдчихсэн. Санаачлага  гэдэг юм байхгүй. Хааяадаа сэнтэг гэх хүмүүс огт хэрэггүй шахуу юман дээр дэмий улаан коммунист лоозон  гаргаж  дээд удирдлагаасаа оноо авахыг хичээх.

Яслийн нялх хүүхдүүдийг марксист-ленинизмийн сургаал коммунист философийн хүмүүжлээр цогцоор нь сургах долоо хоногийн аян ч гэх жишээний...

Бид эрх чөлөө гэдгийг мэдэхгүй өсөж. Гудамж дүүрэн хулиган атаман. Бүгд адилхан шахуу хувцастай, гадаадад бараг явж болохгүй. Дуу шүлэг, яруу найраг цензууртэй. Бидний ердийн амьдралын урсгалд намын үүр, эвлэлийн хурлын шийдвэр хэзээ ч амьдрал дээр хэрэгждэггү. Дэмий хоосон лоозогнол, дарга болох хэдэн хүний карьер хийх арга болсныг нийгмээрээ мэднэ.

ТВ, радио, жүжиг сониноор энхрий хайрт намын уриа цуурай. Ачир дээр дарга нар тусгай дэлгүүрт орж, арын хаалгаар асуудлыг шийддэг хөгийн үзэгдэл газар авсан. Хоёр нүүртэй, хуурамч амьдрал тойрох. Нийгмийн амьдрал нь хайрцаглагдсан. Хатуу хуарангийн нийгэмд зөвхөн хайр дурлал, хүний тач сэтгэл бидний амьдралыг чимж гэрэлтүүлжээ.

Гэтэл бас хахир сөөнгө, хүчирхэг хоолойтой Владимир Высоцкий. Этгээд гаж үгтэй дуунууд нь магнитофоноос сонсогдоно. Улаанбаатарын гадаадад сурсан хотын сэхээтэн залуус сонирхоно. Оросууд бол шүлэг дууг нь тахин шүтнэ.

Tүүний нийгмийн феномен/үзэгдэл нь юу юм бол?
Эрх чөлөө, сайхан амьдрал нэхсэн нийгмийн сэтгэл санаа болов уу?

Ажлаасаа цалингаа авсан Панк Гочоо, Тэнгис-Оюун хоёр 50-р дэлгүүр орлоо. Хоёр хайрцаг пиво, 3 шил архи, нилээдгүй хүнсний зүйл даруулганд авчээ. Авсан юмсаа дамжлан гарахад дэлгүүрийн үүдэнд Боржгин Болдхүү ахынхаа цоо шинэ Москвич асаачихсан,

Тэр хоёрыг машинд оронгуут   

Миний ардын сэтгэл цагаан
Мишээх царай нь итгэл дүүрэн
Мөнх тэнгэрийн өнгө нь цэнхэр
Мөрөн голын ус нь цэнгэг хэмээн намуухан дуулж,

-Бууз тавьчихсан, Адаацагийн айраг байгаа шүү гээд Гандангийн дэнж тийш аядуухан хурдаллаа.

Тэнгис-Оюун хамгаас дуртай Веаtles-ийн

Close your eyes and I kiss you
Tomorrow and I ‘ll miss you
зөөлөн амандаа аялахад, Панк Гочоо хоолой мэдэн бүдүүн хоолойгоор Queen хамтлагийн 

I want to B-R-E-AK F-R-E-E-E-E... хэмээн цонхоор толгойгоо ил гарган цэнхэр цамцаа тайлан дарцаг болгон хийсгээд  дуулан явлаа...

Сонирхолтой нь машинд суун яваа Москвагийн Театр Урлагийн Дээд Сургууль төгсөн ирээд ТВ-гийн найруулагчаар шинэхэн ажиллаж эхэлсэн Чурагсээ тэдний дуунууд бүгд нэг л дуу терци (гурвал) хоолойгоор дуулж байгаа мэт сайхан санагдах.

Чурагсээд уран бүтээлийн шинэ онгод орж байлаа. Элдэв зүйл бодож хийхийг мөрөөднө. Гэвч МРТУХ-ын хаалгаар орж буурал цензурын хянан тохинуулагч редактортой уулзахтай үгүй юу л түүний төлөвлөсөн нь замхран алга болно. Зориг зүрх, оюун санаа нь унтарна гэдгийг харин энэ агшинд мартсан ажээ.

Тэрээр хотын төв 40.000-д өссөн шинэ бүтээл хийхийн тэмүүлэл болсон хоёр залуухан туслах найруулагчаасаа  

-Одоо юу хийх вэ? гэж асуух болно гэдэг  гутамшгийг ч умартсан байлаа. 

Улаанбаатарын тэнгэрт саран туяа хэдийнээ татжээ. Орой бүрий болсон хойно залуусын тулга тойрон сууж, зовлон жаргал, бодол санаагаа хуваалцсан баяр өндөрлөлөө. Ням гаригийн залуусын цуглаан аядуухан тарав. Гандантэгчилэн хийд буурал түүхэндээ олонтаа үзсэн залуусын нэгэн үдэш жаргалаа.

                                                                                  (Үргэлжлэл бий)