Миний мэдэх “Женко” Баттулга
Дээрх уулзалтаас хэд хоногийн дараа 8 дугаар сарын 14-нд нэг гайхалтай явдал болов. Тохиолдол ч байж мэднэ. Энэ өдөр бол “Монголын жүдочдын өдөр” бас монгол түмний “Эв нэгдлийн өдөр”, “Бахархлын баяр”-ын өдөр билээ.
АРАВДУГААР ХЭСЭГ
“Өр аривдвал үгүйрэхийн цондон, өс арвидвал үхэхийн цондон”
Монгол ардын цэцэн үг
Монгол ардын цэцэн үг
Дээрх уулзалтаас хэд хоногийн дараа 8 дугаар сарын 14-нд нэг гайхалтай явдал болов. Тохиолдол ч байж мэднэ.
Энэ өдөр бол “Монголын жүдочдын өдөр” бас монгол түмний “Эв нэгдлийн өдөр”, “Бахархлын баяр”-ын өдөр билээ.
Долоон жилийн өмнөх энэ өдрийг бид мартах учиргүй, мартах ч үгүй байх.
Яагаад гэвэл энэ үйл явдлаас 1 сар 13 хоногийн өмнө сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй олон хүн Хувьсгалт намын цагаан байшинг шатааж, улмаар тэр шөнөдөө таван хүнийг төрийн цагдаа буудаж алсан билээ.
1937 оноос хойш Монголын төр дал гаруй жилийн дараа өөрсдийн гараар иргэдээ буудсан анхны тохиолдол төдийгүй энэ хэрэгт хамааруулж яг яах учраа олоогүй нийгэмд хорсч, бухимдсан олон зуун залуусыг шоронд хоморголон хорьсон түүхтэй хар өдөр.
Энэ аймшигт явдлаас хойш төрд итгэх ард түмний итгэл бараг бүрэн үгүй болж, Монгол орныг айдас хүйдэс нөмөрсөн.
Чухам л энэ их айдас хүйдсийн сүүдрээр нөмрөг хийж байгаад тэр үеийн улс төрчид, “нам”-чид асар их газрын баялгийг гадныхантай хамтран яаж өөрсдийн болгох хуйвалдаанаа хийж эхэлсэнийг дараа дараагийн үйл явдлууд тов тодорхой харуулдаг.
Монгол улс хэдийгээр 1921-1989 оны хооронд социалист чиг баримжаатай орон байсан ч тухайн үедээ бол төрийн бүтэц институцийг энэ богино хугацаанд бий болгоод тусгаар тогтнолоо хамгаалсан тодорхой төрийн бүтэцтэй байсан болохоор л хорин нэгэн онтой харьцуулахад үсрэнгүй хөгжсөн орон болоод байсныг хэн ч үгүйсгэхгүй.
Улс төрийн товчоо үзэл суртлаа яаж явуулах вэ, хөдөөгөө яаж хөгжүүлэх вэ, батлан хамгаалах, аж үйлдвэр, хөнгөн үйлдвэр, хүнд үйлдвэр, төмөр зам, усны судалгаа зэрэг судалгааг мэргэжлийн багаар хийлгээд таван жилийн тодорхой төлөвлөгөөтэй улс орон байлаа.
Ардчилсан хувьсгал гарч эрх чөлөөтэй болсон ард түмний төр бас ч үгүй эхний арван жилд хэдийгээр “тэжээгчээ алдаж” хямралд орсон ч хуучин энерциэрээ эх орноо бодсон, төрөө дээдэлсэн, төрийн бүтцээ сэргээх гэж оролдсон улс байснаа аажмаар энэ сэнтий мөнгөөр арилжиж болдог суудал болон хувирсан.
Ийм суурийг 2010 оноос эхлэн тавигсадын нэг нь Сү. Батболд байлаа. Ерөөсөө эд нарын бизнес бол татвараар бүрдсэн төсвийн мөнгийг захиран зарцуулах эрхийг ямар ч хамаагүй үнээр аваад түүнийг өөрсөддөө, өөрсдийн намдаа, намын бүлэглэлүүддээ ашигтайгаар зарцуулахын төлөөх тэмцэл болон хувирсан.
Ийм бүтэц тогтоод ирэхээр , хөгжлийн тухай төрийн институци бүрэн устаж, бүтээн байгуулалт гэгч ор тас мартагдаж, тэр тухай ярьсан хүмүүс гэнэн цайлганаараа дуудагдах болж, улмаар прагматик сэтгэлгээ гэгч бол зөвхөн авах тухай бодол болон хувирч сонгуулийн хугацааны дөрвөн жилээр үргэлжлэх луйврын тогтолцоо өнөөх хуучин төрийн институцийн оронд зүсээ хувиргаад, байраа баттай эзэлжээ.
“Төрд орж байж л баяжина” гэсэн бодол одоо бол дээр дооргүй...
Энэ зүсээ хувиргасан бүтцийг амилуулж байгаа хэсэг нь бэлэн мөнгөний урсгалыг хянаж буй бүлэглэлийнхэн болж хувирав. Өнөөдөр бэлэн мөнгөний урсгал хаана байдаг вэ гэвэл архи, тамхи, бензины бизнес хийгээд нүүрсчдийн л гарт орсон.
Улс төрийн сонгуульд мөнгөгүй л бол, хичнээн ухаантан, эгэлгүй гэгээнтэн, цуцахыг мэдэхгүй хөдөлмөрч байсан ч та улс төрийн хүрээний буюу мөнгөжих хүрээний гадаа л хаягдана.
Яагаад гэвэл танд бэлэн мөнгө байхгүй. Иймээс дээш ахих хүн заавал аль нэг намын далавчин доор орж, өнөөх бэлэн мөнгөтэй бүлэглэлийн өмнө өвдөг сөхрөн мэхийж тусламж гуйж, тангараг өргөнө. Хэрэв өнөөх нам чамайг тоовол шүү дээ.
Ийм бүтэцтэй улс болох эхлэл 2010 оноос биелэлээ олсон юм.
Энэ бүгдийг ард түмэн нарийн ойлгохгүй ч гэсэн мэдрээд байсны нэг тод жишээ нь 7 дугаар сарын 1-ний бослого шүү дээ!
Аргаа барсан , багтарсан олны бослого!. Тэд нар анхнаасаа дээрэм тонуул хийх байсан юм бол яагаад дэргэд нь байгаа бүр тавхан алхамын зайд байх банк, Улаанбаатар зочид буудлыг дайрч довтлон тоноогүй юм бэ гэдэг нь энэ бүхний хариулт юм даа.
МОНГОЛЧУУД АНХНЫ ОЛИМПИЙН АВАРГАТАЙ БОЛСОН ӨДӨР
7 цаг 00 минут. Хятад улс. Бээжин хот. 2008 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Олимпийн тосгон.
Түвшинбаяр энэ өглөө олимпийн хотхоноос гарч автобусаар барилдаан болж буй ордон тийш бэлтгэл хангагч Э.Энхбаттай явж байлаа.
Тэрээр ээжийнхээ өгч явуулсан захиаг харж сууна.
Миний хүү алтан медаль аваад ирээрэй. Хүүгээ зүүн хацар дээр нь үнсье. Бөх хүн гэдэг хийморь лундаагаа л өргөж явах учиртай юм шүү...гэх мэтээр сэтгэлийн үгээ бичсэн захидлыг тэрээр уншаад нандигнан эвхэж, халаасандаа хийгээд бодолд автлаа.
Энэ хэд хоногт манайхан медалийн төлөө барилдсан хэдий ч бүгд “мултарчихсан” байсан болохоор урам зориг тийм ч сайн байсангүй.
10 цаг 15 минут.
Тэрээр бэлтгэлийн зааланд ирж кимоногоо өмсөөд биеэ халаахад бэлэн боллоо. Түүнтэй эхний тойрогт таарсан японы алдарт жүдоч Кэ жи Сүзүки мөн адил бэлтгэл хангагч бөхчүүдтэйгээ ирсэн бөгөөд эхний тойрогт чамтай билүү гэх шиг тоомжиргүй харцаар харж буйг Түвшинбаяр бас анзаарлаа. Гэтэл Цагаанбаатар сугалаа барьсаар орж ирээд,
-За Түвшөө цаад Сүзүки чинь жин их хассан байна. Эхний тойрог чамд бүр амар...гэж ярьж байтал Насаа багш нь Цагаанбаатарын үгийг лавшруулж
- Чи цаад японыхоо хүзүүг хардаа горзойчихоод. Барилддаг хүн гэхэд хэцүү хүзүүтэй харагдаж байгаа биз ? хэмээн инээнгээ, - За чи гарангуутаа хөлд сайн дохино шүү...гэлээ.
Түвшинбаяр анхааран харвал нээрээ санаа дагаад ч юм уу хүзүү нь нарийхан болсон мэт харагдана.
10 цаг 45 минут.
Э.Энхбат түүнд халуун цай авчирч өгөв. Бие халаалт хийх хооронд түүний бэлтгэл хангагч цай чанаж амжсанаа уулгаж байгаа нь энэ.
Энэ үеэр хар саарал хослол өмссөж зангиа зүүсэн Баттулга бэлтгэлийн зааланд орж ирэхэд өдөр бүр бэлтгэлийн хувцастай явдаг түүнийг Түвшинбаяр гайхсан харцаар угтаад
-Та өнөөдөр бэлтгэл хийхгүй юм уу? Яагаад костюм өмсчихөө вэ? гэж асуухад Баттулга
-Яах юу байхав дээ чи алтан медаль авна шүү дээ. Тэгээд би гардуулах гээд л ... гэж хэлээд инээжээ.
11 цаг 30 минут.
Түвшөөгийн бие халаалт дууслаа. Тэрээр агаар амьсгалахаар гадаа гарч ирэхэд Баттулга үүдэнд тосч уулзав.
Шиврээ бороо намуухан шаагиж байлаа. Баттулга -За Түвшөө минь олимп гэдэг тамирчин хүн болгонд тохиогоод байдаг аз биш шүү дээ. Одоо чи нэг хүнтэй 5-хан минут л барилдана. Таван хүнтэй 25 минут л барилдана гэсэн үг. Хорин тавхан минут чиний амьдралыг бүр орвонгоор нь өөрчилнө. Чи түрээсийн байрнаасаа гарч шинэ байртай болно, машин унаатай ч болно алдар нэртэй ч болно. Гол нь Монголчууд бидний хүсэн хүлээсэн олимпийн анхны аварга төрөхөд ердөө энэ 25 минутыг чи яаж өнгөрөөхөөс л шалтгаалах болчихоод байна гэж түүний нүд рүү харж хөмсгөө зангидан нухацтай хэлжээ...
12 цаг 00
-100 кг-ийн нэгдүгээр тойрог.
Татами дээр цагаан талаас Монголын тамирчин Н.Түвшинбаяр хөх талаас Японы олимп, дэлхийн аварга Сүзүки нар гарч ирлээ.
12 цаг 03 минут 37 секунд
Манай тамирчин иппон буюу цэврээр өрсөлдөгчөө ялав.
13 цаг 45 минут
Германы бөх Бенжамин Берлаг юүко үнэлгээгээр ялав.
14 цаг 20 минут
Солонгосын бөх Сунг Хо Жаныг мөн юүкогоор ялав.
15 цаг 30 минут
Азарбайжаны бөх Мовлуд Мералиевийг цаг сунгаж барилдсан ч мөн юүко үнэлгээгээр ялаад олимпийн мөнгөн медалийн болзол хангав.
19 цаг 35 минут
Жүдо бөхийн бие халаалт хийдэг бэлтгэлийн зааланд Баттулга яаран орж ирээд
- За, хэн ч баяр хүргэж болохгүй шүү. Медальдаа ханачихна. Одоо алтын төлөө барилдана. Ганцхан Насаа багш зөвлөгөө өгнө, болж өгвөл унтуулж амраагаарай гэв.
Алтан медалийн төлөөх барилдаан.
20цаг 30 минут
Монголын бөх Н.Түвшинбаяр цагаан өмсгөлтэй гарч ирлээ. Түүний өмнөөс Казахын тамирчин Ашхат Житкевич хөх өмсгөлтэй гарч ирлээ.
20 цаг 32 минут 55 секунд
Манай бөх эхний базари үнэлгээг авлаа.
20 цаг 33 минут 40 секунд
Хоёр дахь үнэлгээ юүко.
20 цаг 34 минут 49 секунд
Бас нэг юүко авч илүүрхэв.
20 цаг 35 минут
Монголын тамирчин Н.Түвшинбаяр Алтан медалийн болзол хангав.
Монгол улс. Булган аймаг. Сайхан сум
( Найдан гуайн намаржаа )2008 оны 8 дугаар сарын 14-ний өдөр
12 цагийн үед Түвшинбаярын аав Найдан ээжийнх нь хамт барилдаан үзэхээр суусан ч Монголын сувгаар гарсангүй тул тэр хоёр яаран утас барьдгаар нь Халхтын уулын оройд хүрч, хотод байгаа хүүгээсээ утсаар мэдээлэл авахаар гарчээ.
20 цаг 30 минут.
Найдан гуай найдвартай нь дээр гээд хотод байгаа хүүгийнхээ телевизээр гарч буй шууд нэвтрүүлгийн мэдээллийг авахаар уулан дээр суусаар байлаа.
Нар уулын цаагуур жаргаж хээр тал тэр чигээрээ алтан шаргал өнгөөр тунарна.
Яг тэр мөчид хүү нь Олимпийн анхны
Алтан медаль авч төрийн дуулал Бээжингийн тэнгэрт эгшиглэхэд аав ээж хоёр нь зэрэг зэрэг “ Төрийн минь сүлд өршөөлөө дөө”... хэмээн зальбирч нулимс унаган суулаа. Монгол улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Монгол улсын Ерөнхийлөгчийн албан тасалгаа
12 цаг 00 минут
Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр, Хууль зүйн сайд Ц. Мөнх-Оргил хоёр уулзалттай байлаа. Ерөнхийлөгчийн өрөөний телевизээр Олимпийн жүдо бөхийн тэмцээн гарч байх ч, тэрээр дууг нь хаажээ.
Тэр хоёр ажил ярьж байтал телевизийн дэлгэцнээ манай тамирчин Н.Түвшинбаяр японы бөх Сүзүки нар барилдахаар гарч ирэхийг ерөнхийлөгч анзаараад Мөнх- Оргилд хандан:
-Байж байгаарай. Энэ манай залуу гараад ирлээ. Эсрэг талаас гарч ирж байгаа нь өнөөх алдарт Сүзүки шив дээ. Энэ чинь дийлдэшгүй бөх юм гэсэн. Олимпийн хорооноос санаачлаад бид дэмжээд “Чингис хааны цом” гэж гаргаад, спортоор бусдаасаа илт ялгарсан тамирчдад өгдөг болгоё гээд. Хамгийн эхнийх нь энэ гарч ирээд байгаа японы тамирчин Сүзүкид өгье гэж санал гаргаад, тэгээд Монголд энэ нөхрийг уриад би өөрөө тэр шагналыг нь гардуулсан юм.
Б.Бат-Эрдэнэ аваргын ярьсанаар бол “Энэ бөх жүдод ноёлж байгаа бөх, жиндээ бол бол тасархай, ерөөсөө ялагдаж үзээгүй бөх” гэж надад сурталчилж байсан бөх дөө... Энүүнтэй таарчих ч гэж дээ манай бөх ч шансгүй л болчлоо доо” гээд санаа алдаад яриагаа үргэлжлүүлж телевизээ харахаа байлаа.
12 цаг 03 минут 37 секунд
Ц.Мөнх-Оргил, Н.Энхбаяр ерөнхийлөгч хоёр яриагаа үргэлжлүүлж байтал зурагтаар өнөөх алдарт Сүзүкиг манай нэр нь үл мэдэгдэх бөх давхар хамаад шууд иппон буюу цэврээр ялж орхихыг хааяа зурагт өөд харц чулуудаж суусан ерөнхийлөгч хараад дуу алдан босч ирлээ.
-Хөөе энэ чинь юу вэ? Өнөөх алдартай нөхрийг энэ манай залуу бүр цэвэр ялчихлаа шүү дээ. Яасан сайхан юм болчих нь энэ вэ гэж уулга алдаад
-За Мөнх-Оргилоо чи гар гар, наад ажлаа дуусга манай хүн ямар мундаг барилдваа... би бөх үзье энэ ямар гээч гайхамшиг вэ гээд зурагтын дууг чангалаад шууд ажлаа орхиж, дараа дараагийн барилдааныг үзэхээр хууль зүйн сайдыг бараг хөөхийн наагуур гаргаад ерөнхийлөгч зурагт харан буйдандаа тухаллаа.
14 цаг 20 минут
Ерөнхийлөгч барилдааныг анхааралтай харж байтал Солонгосын бөх Сунг Хо Жаныг мөн юүкогоор ялав. Тэрээр ихэд баярлан “ За хө оройн барилдааныг нүд салгалгүй харья энэ залуу чинь юм дуулгах нь шүү” хэмээн хөөрөн бодож суулаа.
20 цаг 32 минут 55 секунд
Ерөнхийлөгч олимпийн барилдаан үзээд гэртээ харилгүй өрөөндөө сууж байлаа. Монголын бөх Н.Түвшинбаяр цагаан өмсгөлтэй гарч ирлээ. Түүний өмнөөс Казакын тамирчин Ашхат Житкевич хөх өмсгөлтэй гарч ирлээ.
-За хөөрхий мөнгөтэй ч болчихлоо доо. Одоо энэ нөхөр ч бас л чацаар өндөр казах юм байна даа...Ялчихвал алт шүү дээ. Энэ ямар гээчийн хийморьтой бөх вэ...ёстой захыг нь мушгиад хүлээж дээ... хэмээн өөртэйгээ ярьж суулаа
20 цаг 35 минут
Монголын тамирчин Н.Түвшинбаяр алтан медалийн болзол хангав.
Ерөнхийлөгч дуу алдан босч ирээд, өөрийн туслах Тулгыг дуудан,
-За хө энэ ч түүхэн үйл явдал боллоо шүү. Монгол залуу анх удаагаа олимпийн аварга болчихлоо гэж хөөрөн хэлжээ.
Туслах Тулга баяртай инээмсэглээд;
-Даргаа гадаа үүдэнд Элбэгдорж гуай ерөнхийлөгчтэй уульзая гээд ирчихсэн байна оруулах уу яахуу? гэв.
-За за оруулчих даа өөрөө уулзах гээд ирсэн бол нэг асуудал байгаа биз гэв.
20 цаг 45 минут
Энэ үе бол сар гаруйн өмнө долоон сарын нэгний үймээн болчихсон, хоёр нам хоорондоо зөрчилтэй, нэг нам нь хурал эхлүүлж тангараг өргүүлэх гээд байдаг, эсрэг нам нь тангараг өргөхгүй гэж гөжөөд Ардчилсан намын дарга Ц.Элбэгдож,
МАХН-ын дарга С.Баяр хоёр бие биенээ үзэхээ байчихсан, бие биенийгээ буруутан гэж зүтгээд байсан үе билээ.
Ерөнхийлөгч “Та хоёр хоёулаа буруутай. Худлаа амлачихаад, сонгуулийг луйвардчихаад тэгээд дээрээс нь турхирчихаад, нөгөө тал нь тэр жагсаал цуглааныг аятайхан зохицуулахын оронд эс үйлдлээрээ мэдэн будилж байж, бүүр бухимдсан олныг дэвэргээд эцсийн бүлэгт таван хүний амь нас, үй олон хүний бие болоод сэтгэлд шарх хуруулсан та хоёр хоёулаа хариуцлага хүлээх ёстой ...Ардчилсан намын дарга Элбэгдорж нэг их уулзья гээд байдаггүй одоо нэг хэлээд орхиё ” хэмээн бодож зогстол Элбэгдорж нилээд эмээнгүй орж ирээд
- Ерөнхийлөгчөө, Би Олимпийн аваргатай болсон энэ баярт мөчийг хэнтэй хуваалцах вэ гэж бодож байснаа Монгол төрийн тэргүүн “аав” дээрээ л очьё гэж бодлоо. Та бол төрийн тэргүүн монголчуудын аав гэсэн үг. Би аав дээрээ л ирж байгаа хэрэг гэж хэлэв.
Ерөнхийлөгч бага зэрэг мушийгаад марзагнах өнгөөр
- За тэгвэл суу хүү минь гэжээ.
Элбэгдорж буйдан дээр суугаад цүнхнээсээ нэг шил виски гаргаж ирээд - Энэ миний хүүгийн аавдаа барьсан, би нандигнаж хадгалж байдаг бэлэг юмаа. Би аваад ирлээ. Би танд тайлбарлахад “блэндэд” виски гэж байдаг. Тэр бол олон төрлийн вискины шавхаруу холиод ч гэхүү усаар шингэлснийг тэгж нэрлэдэг. Амт муутай хортой, шартуулдаг. Харин энэ бол “сингл моолт” гэдэг маш цэвэр виски. Хүү минь аавдаа барьсан юм. Одоо би төрийн тэргүүн, монгол улсын аавдаа баръя гээд аваад ирлээ. Надад танд барих өөр нандин юм алга гээд ширээн дээр гаргаж тавьлаа.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр инээгээд
- За баярлалаа. Чи намайг мэднэ би архи уудаггүй, гэхдээ яахав ямар наадхыг чинь аваад гэртээ харина гэж юу байхав... задалчих өнөөдөр үнэхээр дөч гаруй жил хүлээсэн өдөр юм чинь. Бид чинь бүр жирийн яриандаа ч “олимпийн найдвар” гэж найдвартай хүнээ хүртэл онцолдог байлаа шүү дээ... гэв.
21 цаг 11 минутаас хойш
Удалгүй ерөнхийлөгчийн өрөөнд С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёр хамт орж ирлээ.
Ерөнхийлөгч
-За салдаггүй хоёр ороод ирэв үү? Та хоёр чинь хамт байж л бүтэн болдог ч юм уу дандаа л хамт явах юмаа? Уг нь тус тусдаа хувь хүмүүс байлтай... хэмээн элэглээд тэр хоёрыг ширээнд урив. Араас нь Б.Бат-Эрдэнэ аварга, Г.Батхүү гишүүн... гэх мэтээр цувран орж ирсээр нэг мэдэхэд өрөөгөөр дүүрэн айраг архи болж орхив. Хэн ч айраг олоод ирсэн юм, хэн ч архи нэмж оруулаад ирсэн учир нь олдохоо байж бүгд ам амандаа бөхийн тухай, ялалтын тухай, бөх мэддэг нь мэддэгээ ярьж мэддэггүй нь ам дагуулан хөөрөн ярилцаж ,найр хавтгайрчээ.
Тэр үед ерөнхийлөгчийн туслах Тулга ерөнхийлөгчид дөхөж очоод
-Та утсаа харахгүй байх шиг байнаа. Ерөнхий сайд С.Баяр тань руу залгаад байна гэж хэлэв.
2008 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монгол хүн Олимпийн наадмаас анх удаа Алтан медаль авлаа.
Ерөнхийлөгч түүн рүү залгатал ерөнхий сайд С.Баяр мэндийн зөрөөгүй -Би таньд гомдож байна гэх нь тэр.
-Чи яахлаараа гомддог билээ ийм сайхан өдөр?
-Та Элбэгдоржтой уулзаад байхдаа яадаг юм. Тэр хогийг өрөөндөө
оруулаад байхдаа яадаг юм.
-Чи юу яриад байнаа Баяраа? Энэ хүн чинь баяраа хуваалцах гээд
“ааваа” гээд ороод ирж байхад хөөж гаргах юм уу? Чи юу яриад байна. Согтуу юм уу?
-Наадах чинь долоон сарын нэгэнд буруутай шүү дээ?
-Тэрийг шүүх л тогтооно. Хоёулаа л буруутай та хоёр...Ядахдаа ёс суртахууны хувьд та хоёр буруутай. Гэм зэмийг нь шүүх тогтоох биз. Ийм сайхан өдөр ийм хачин юм яриад байхаар наашаа ороод ир.
-Би орохгүй. Наад балай юмыг чинь би хармааргүй байна. Би таньд гомдож байна.
-Чи одоо хаана байгаа юм бэ халамцуу?
-Би Лүндээжанцан их хурлын даргын өрөөнд баяр тэмдэглэж байна. Тиймээ би халамцуу байна...
-Та нар бүгдээрээ наашаа ороод ир.
-Би орохгүй, би танд гомдож байна гээд утсаа тасалчихав.
Н.Энхбаяр ерөнхийлөгчийг ярьж дуусаагүй шахуу байхад утсаа салгасанд эвгүйцсэн ч дотроо “ За би гэдэг төрийн тэргүүн, аливаа зүйлд тэгш амгалан хандах ёстой, бас эв нэгдлийг бүтээгч, илэрхийлэгчийн хувьд ийм үед л энэ хоёр намын тэргүүнүүдийг эвлэрүүлэх алхам хийх ёстой”... хэмээн бодоод дахин залгаад
-За чи аан гэж бай. Би монгол улсын төрийн тэргүүн. Чи энэ орны ерөнхий сайд тиймээс би чамайг манай өрөөнд орж ир гэж тушааж байна, даалгавар өгч байна, олон юм ярилгүй наашаа орж ир! гэж хэлжээ.
Төдөлгүй ерөнхий сайд С.Баяр орж ирээд ерөнхийлөгчтэй гар барьсан ч Элбэгдоржтой гар ч барьсангүй жишүү хараад суучихжээ.
Яг энэ мөчид тэр үеийн Улаанбаатар хотын засаг дарга байсан Т.Билэгт орж ирээд,
-Уг нь бид ямар нэгэн арга хэмжээ зохионо гэж бодоогүй ч талбай дээр ард түмэн өөрсдөө цуглачихаад байна...Та төрийн тэргүүний хувиар гарч, энэ олон түмний баяр цэнгэлийг хуваалцмаар байнаа гэж хэлэв.
-За даа тэр зөв үү буруу юу? Бид бас айраг цагаа, архи дарс зооглочихоод гэнэтийн ийм юм хийх ч дээ...гэхэд тэнд байгаа олон бүгд ам нэгтэйгээр
-Та гарч баяр хүргэсэн дээр шүү дээ, бид яахав эндээ сууж байя гэцгээв.
Хотын захирагч
-Бид саяхан Солонгосоос нэг машин авсан юм. Шууд тайз болчихдог бас чанга яригчтай тэрийгээ бэлдчихье та гарч үг хэлэх хэрэгтэй байхаа гэв.
22 цаг 20 минут
Т.Билэгт дарга тайз бэлдчихлээ... гэсээр ороод ирэхэд ерөнхийлөгч
-За тэгвэл бүгдээрээ гарья. Энэ бол монгол хүн бүрийн баяр.
Би ганцаараа гарах угаасаа зохимжгүй. Бид бүгдээрээ олимпийн аварга болчихоод байна гээд гарахдаа Ц.Элбэгдорж, С.Баяр хоёрыг гараас нь хөтлөөд гарчээ.
Өнөөх хоёр гараас нь мултарчих гээд байсан тул ерөнхийлөгч чанга атгасаар чирэх нь холгүй зассан тайзнаа олны өмнө гарч иржээ.
Баярлаж хөөрсөн олон уухай хашгиран тэднийг угтсан бөгөөд
Бат- Эрдэнэ аварга дөнгөж тайз тийш явж байтал, хэн нэгэн өргөөд хүзүүндээ мордуулж шавсан олны дундуур орж явчихжээ. Бэт-Эрдэнэ аварга их л сандарч “миний араас түшээрэй, ар дагзаараа уначих вий” гэхэд хоёр туслах нь дагажээ.
Үүнээс хойш юу болсоныг бараг хүн бүр үзсэн. Ерөнхий сайд С.Баяр хэтэртлээ согтоод “Би Монгол улсын ерөнхий сайд Баяр ураа” гэж хашгирсан бол Элбэгдорж урагшаа ойччих гээд байсан тул ерөнхийлөгч
-Баярцогтоо Сайханбилэгээ та хоёр наадхаа тэлээнээс нь зуураад байгаарай уначих вий дээ гэж хэлж амжжээ.
Ерөнхийлөгч С.Баяр Ц.Элбэгдорж хоёрт их анхаарал тавиад чи эхлээд үг хэл, одоо чи хэл гэж дэглэж байхдаа Их хурлын даргыг нэг их анхаараагүй тул Лүндээжанцан үг хэлэхдээ
-Тэгж ярьвал их хурал бол төрийн дээд байгууллага гэх мэт хачин үг хэлсэн ажээ.
Үг хэлж дуусаад төрийн дуулал эгшиглэхэд бүгд цээжиндээ гараа авч дуулсан боловч, Элбэгдорж зүүн гараа зүрхэн дээрээ тавиад байхыг анзаарсан ерөнхийлөгч түүнийг нь засч өгч байлаа...
...Улаанбаатар хотод талбайд ингэж хөөрсөн олон төрийн дууллаа хамтдаа дуулж байх тэр агшинд өнөөх хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур ялсан баатар Найдангийн Түвшинбаяр ядарсандаа болоод нам унтаж байв.
Гэтэл яг тэр үед талбайд ард олон төрийн тэргүүнүүд хамтдаа дуулж бөөн баяр хөөр болж байсныг Баттулга ч мэдээгүй өнгөрсөн бөгөөд хожим нь гэртээ ирээд тийм явдал болсныг зурагтаар харж мэджээ.
Гэтэл долоон жилийн дараа яг энэ өдөр Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж прокурорын баярын хурал дээр доорхи үгсийг хэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Прокурорын байгууллагын 85 жилийн ойн баярын хуралд хэлсэн үг
Улаанбаатар хот. 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр
Эрхэм хүндэт прокурорууд, Монгол төрийн хууль цаазын зөвлөхүүд та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж энэ гайхамшигтай түүхт ойн баярын мэндийг хүргэж, чин сэтгэлээсээ халуун баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. (алга ташив...)
гэж тэрээр үгээ эхлээд цааш өгүүлэхдээ.
...Хэцүү ажилтай хүмүүст үнэн үг хэрэгтэй гэж бодож байна. ...Хулгайч нэг хүнийг хохироодог. Ихэнхдээ нэг айлаас, нэг хүнээс юм
хулгайлсан байдаг. Авлигач бол бүгдээс нь хулгай хийдэг.Авлигач авлигад авсан мөнгөөрөө үйлдвэр барьлаа гэж сонссон уу, та
нар? Авлигач бол нам байгуулдаг, авлигач бол фракц байгуулдаг, авлигач бол гишүүнийг худалдаж авдаг, авлигач бол телевиз худалдаж авдаг, авлигач бол хуурамч фэйсбүүкийн аккаунтуудыг, бүртгэлийг худалдаж авдаг, твиттерийг худалдаж авдаг, сониныг худалдаж авдаг. Хамгийн нэр хүндтэй гэж үзэж байгаа тэр нэвтрүүлгүүдийг худалдаж авдаг. Тэр телевизийг худалдаж авдаг, сэтгүүлчид нь мөнгө өгдөг. Тэдний үгийг дамжуулахгүй бол тэднийг боодог, хорьдог. Ийм л болсон. Тийм юманд л мөнгөө зарцуулж байгаа...
...Гэтэл зарим авлигач өнөөдөр салхилах гэж Монголдоо ирдэг болжээ. “Би салхилах гэж Монголд ирлээ” гэдэг. Би Төрийн ордон бол хүн салхилаад байх газар биш гэж бодож байна. Салхиа санаад хүний нутагт хэвтээд бай гэж хэн ч хэлээгүй шүү дээ. Хүний газрын тансаг, өндөр үнэтэй байшинд очоод хэвтээд бай гэж хэн ч хэлээгүй.
Тэр авлигачид тэр хамсаатнуудаа аваад ир. Тэр авлигаар зугтаалгасан олон тэрбум төгрөгөө, тэр олон сая ам.доллараа аваад ир. Тэр хамсаатан болгоод, гаргаад зугтаалгасан байгаа дүүгээ авч ирээд салхилуул. Дүүтэйгээ ирээд салхил. Тэр хамсаатан болгоод хэрэг хийгээд гаргаад явуулчихсан байгаа туслахынхаа ахыг аваад ир, тэгээд хамтдаа салхилцгаа. Тэр гаргаад зугтаж яваа хүмүүстэйгээ Монголын салхинд хамтдаа салхил л даа. Заавал тэр хүний нутгаар явж, тэр салхигүй газраар явж зовж яах юм. Монголдоо ирээд сайхан салхил. Тэр хамсаатнуудаа аваад ир. Тэр гаргасан мөнгөө аваад ир. Тэр гадна дотноос дамжуулж, тэр авлигын сүлжээ гар хөл бологсдоо санхүүжүүлдэг тэр мөнгөө ил тод аваад ир. Тэр мөнгөө ил тод болгочих, тэгээд болно. Өөр юм шаардаагүй байна. Үүнийг л шаардаж байгаа юм.
...“Шоронд орлоо” гээд орилолддог. “Намайг гаргаад өг, би амь тавих гээд байна” гээд орилоод байдаг. Аймшигтай том хэрэг нь илрэх гээд, аймшигтай том сүлжээ нь илрэх гээд гадна дотногүй үйл ажиллагаа яваад ирэхээр л “амь тавилаа, хором хормоор хэмжигдлээ миний амь” гээд л орилоод эхэлдэг шүү дээ. Яах юм, тэгж гадагш дотогш зугтааж...гэх мэт үгсийг хэлж билээ.
Энэ үгсийг олон түмэн сонссон бөгөөд энэ хэсэгт оруулсан үгсийг өөрийнх нь нүүр номондоо тавьсан эхээс авлаа.
Аливаа юм тохиолдлоор ч гэсэн нэг өдөр таарах нь бий. Сэтгэл багалсан тэр хар өдрийн хар үүлийг жирийн нэг монгол тамирчин ингэж салхи мэт үлдэн хөөсөн бөгөөд хэдийгээр хөөрч баярласандаа “Би Монгол улсын ерөнхий сайд Баяр ураа”... хэмээн хашгирч байсан ерөнхий сайд асан С.Баяр хэд хоногийн дараа “ Сонгуулийн дүнгээс болж төр нь хэдэн тийшээ харж эв эвдэрчихээд, цус урсаж монгол түмэн үл итгэхийн дэнсэн дээр шаналж байсан тэр хар бараан өдрүүдийг баяр баясгалангаар сүлж, төрийг эвэнд нь оруулсан тэр хүүд Монголын төр өртэй юмаа. Болдогсон бол, хэрэв би мэддэгсэн бол Чингис хааныхаа одонг энэ хүүд өгчих юмсан ”... гэж ярьсан удаатай.
Эгэл малчны хүү Олимпийн аварга Н.Түвшинбаярын байгуулсан гавъяагаар эвдэрсэн төр эргэж эвэндээ орсон 8 дугаар сарын 14-нийг долоон жилийн дараа ийнхүү Ц.Элбэгдорж Н.Энхбаярт өвөрлөсөн өс хонзонгийн хандлагаар эвдэж орхисон нь даанч харамсмаар... Тэр өдөр бол Монголын түүхэнд гэрэл гэгээ дүүрэн өдөр гэж хойшид ч тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй юм. 8 дугаар сарын 14-ний өдөр ийнхүү Монголын ард түмэн өөрсдөө талбайдаа цуглаад баяр хөөр болсон бөгөөд маргаашийн телевизийн мэдээгээр нэг ч хэрэг төвөг гараагүй, бүх хүн эвтэй найртай инээд хөөртэй өнгөрлөө хэмээн мэдээлж байж билээ.
“Өр аривдвал үгүйрэхийн цондон, өс арвидвал үхэхийн цондон” гэсэн хуучны үг эрхгүй санаанд бууна...