Б.Дэлгэрмаа: Монгол гэдэг хамгийн ойр дотны хөрш хаана явж байна вэ гэдэг асуулт өөрөө их том асуулт болсон
ОХУ-д суугаа, Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд, Хатагтай Банзрагчийн Дэлгэрмааг энэ удаагийн зочноороо урьсан юм.
ОХУ-д суугаа, Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд, Хатагтай Банзрагчийн Дэлгэрмааг энэ удаагийн зочноороо урьсан юм.
-Тантай хоёр жилийн дараа ярилцаж байна. Өнгөрсөн хорин хэдэн жилийн хугацаанд бид хоёр олон удаа ярилцаж байжээ. ОХУ буюу манай их хөршид Элчин сайдаар ажиллаж байгаа үед тань ярилцаж байгаа нь миний хувьд их онцлог юм. Сүүлийн үед нийгмийн дунд сошиал гэдэг шинэ хөдөлгөгч хүч, олон нийтийн чөлөөт индэр гарч ирснээс хойш хоёр хөрш рүүгээ хандсан нэлээд хатуу ширүүн, зарим үед санаа зовмоор, түгшмээр шүүмжлэлүүд дэвэрч байна. Оросуудын бидэнд хандах хандлага нэлээд өөрчлөгдсөн гэдэг. Дээд төвшиндөө өнөөдөр манайхыг хэрхэн, яаж авч үздэг болсон бэ. Хоёулаа энэ сэдвээс яриагаа эхэлье.
-За, би бас Ганаатайгаа уулзаж яриагүй удсан байна. Москва дахь Элчин сайдын өргөөнд энэ орой надтай суугаад, ялангуяа Петербургийн Эдийн засгийн форумын дараа хоёулаа уулзаад ярилцаж байгаадаа сэтгэл их хөдөлж байна.Намайг томилогдох тухайн үед Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг ажиллаж байсан. Тэр хүн “Бид ОХУ-д хамгийн хүчтэй,хамгийн нөлөөтэй улс төрч хүнээ илгээсэн шүү” гэж 10 жилийн дараа манай улсад ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Викторович Лавровыг айлчилж байх үеэр намайг дэмжиж урмын сайхан үг хайрлаж билээ.Түүнээс хойш яг дөрөв хоногийн дараа би Москвад итгэмжит жуух бичгээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд өргөн барьсан. Тэр өдөр Англи,Австрали, Индонез, Тайланд, Япон, Энэтхэг зэрэг 16 том гүрний Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ барьсан. Юуны өмнө Ерөнхийлөгч В.В.Путин ОХУ-ын гадаад бодлого, дэлхий ертөнцөд болж буй тодорхой үйл явдлын талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн. Дараа нь бүх Элчин сайд нарт тухайн улсынх нь хувьд ОХУ-тай ямар харилцааны түвшинд буйг хэлж байв. Зарим Элчин сайдад хандан хоёр талын харилцаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх, ОХУ-ын эсрэг санкци буюу хориг тавьсантай холбоотой үг хаях, шүүмжлэх, хатуу үг шидэх, хоёр талын харилцааг илүү өндөр түвшинд гаргах, сайжруулах талаар санал бодлоо илэрхийлж байв. Монгол Улсын ээлж ирэхэд миний сэтгэл их догдолж байсан л даа. Манай хоёр орны харилцаа бид нарын санасан хэмжээнд явахгүй байгаа гэдгийг хүн болгон л мэдэж байгаа. Намайг Элчин сайдаар томилогдох үед Монгол-Оросын харилцааны асуудал унасан, нилээд зогсонги байдалд орсныг хүн болгон хүлээн зөвшөөрч байсан. Яах бол доо гэж сэтгэл түгшиж байсан л даа. Гэтэл маш дулаан үг хэлж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нэрээр нь хэлж бид хоёрын ярьсан хэлэлцсэн олон сайхан зүйл бий гэж онцолсон. Тэр агшинд би Монгол Улсаараа бахархах тэр их сайхан сэтгэлийн урам, даль жигүүрийг Ерөнхийлөгч В.Путины үгнээс авсан гэж хэлж болно. Нэг ч орнытөрийн тэргүүнийг дурдаагүй мөртлөө манай Ерөнхийлөгчийг бүр Цахиагийн Элбэгдорж гэж нэрийг нь хэлж байгаад танай улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол-Орос-Хятад гэсэн гурван талт хамтын ажиллагаа ийм сайхан харилцааны хэлбэрт шилжсэн хэмээн бодлогын маш сайхан үг хэлж билээ.
Итгэмжлэх жуух бичиг өргөн барьсан Элчин сайд нартай оргилуун дарс тулган Ерөнхийлөгчтэй хоёр минут орчим ярих боломж олддог. Би 14 дэх дугаарт зогсож байсан учраас цаг ашиглах үүднээс Монгол Улсад айлчилсан Сергей Лавровтой ярилцаж түүний Монголд хийсэн айлчлал амжилттай болсон, Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр батлагдсан, гадаад бодлогын талаар их сайхан лекц уншсан гээд хэлсэн чинь “Аа тийм үү, монголчууд сошиалаар намайг жинстэй буусан шүү дээ гээд байсан хэмээн багахан тунирхсан тоглоом шоглоом маягаар хэлж билээ. Гэхдээ л тэр их гүрний дэлхийн хэмжээний топ дипломат хүн зүв зүгээр Элчин сайдад тэгж хэлэхгүй л дээ. Тэгэхээр би таны энэ асуултад юу гэж хариулах гээд байна вэ гэхээр Оросын томчуулаас эгэл жирийн иргэдийн дунд өнөөдөр Монгол гэдэг хамгийн ойр дотнын хөрш хаана явж байна вэ гэдэг асуулт өөрөө их том асуулт болсон юм шиг.
Нэг удаа ерөнхийлөгчийн эмнэлэгт үзүүлэх гээд пропуск (үнэмлэх) бичдэг газарт очоод Монгол Улсын Элчин сайд гээд үнэмлэхээ үзүүлтэл “миний эмээ 70-аад онд Монголын СОТ-2 барилгын компанид ажиллаж байсан шүү дээ” гэж пропуск бичиж байсан бүсгүй хэллээ. Тэгэхээр нь би дараа нь дахин очихдоо чацарганаар хийсэн монгол саван эмээд нь бэлэглэлээ. Баярласан гэж жигтэйхэн. Эмээдээ заавал дамжуулж өгнөө гэх. Дараа нь би Башкортостан Улсын Уфа хотод ОХУ-ын Холбооны Зөвлөлийн даргын орлогч Г.Н.Кареловагийн урилгаар Евразийн эдийн засгийн эмэгтэйчүүдийн “Хил хязгааргүй буяны үйлс” хуралд Элчин сайд нараас ганцаараа уригдан оролцож үг хэллээ. Хурлын төлөөлөгчидУфадахь Башкортостаны түүхийн музейг үзэж сонирхох үеэр тус музейн дарга Монголд дөрвөн жил цэргийн алба хаасан талаар ярихад, тэнд ч нэг төлөөлөгч над дээр гүйж ирээд “Би Бор-Өндөрт ажиллаж байсан”, Адыгейн их сургуулийн хүндэт доктор болох үеэр намайг угтаж авсан хүн нөгөө сайхан савхин дээл хийдэг хэвээрээ юу, намайг Зүүн Баянд цэрэгт алба хааж байхадбүх хамаатнууд нь савхин куртка захидаг байсан гэх мэтчилэн явсан газар болгон ямар нэгэн байдлаар Монголтой холбоотой хүмүүс таардаг. Тийм ч учраас энгийн хүмүүсийн зүрх сэтгэлд Монгол их ойр байдаг. Гэхдээ орчин цагийн Монголыг тэд мэддэггүй.
Монгол их өөр болсон. Талын сайхан сэтгэлтэй хуучны монголчууд нэг талдаа байж л байдаг, нөгөө талаар сошиалаараа их эвдэрсэн монголчууд байгаа. Сүүлийн 10-аад жил маш их том төсөл, хөрөнгө оруулалтын олон чухал асуудлыг хөндөж тавьсан. Хэрэгжсэн нь тоотой цөөхөн. Төрийн ой санамж, залгамж чанар, удирдагчдын хариуцлага алдарсан гэж хэлж болно.Энэ нь зөвхөн ОХУ-тай ч бус, Япон, Герман, Франц зэрэг улсыг нэрлэж болно. ОХУ-тай хэрэгжүүлсэн ажил үндсэндээ бараг байхгүй. Та сая хэллээ, хамтарсан ганц УБТЗ-тай бид үлдчихлээ гэж.
Энэ нөхцөл байдалд манай хоёр орны харилцааг хэрхэх вэ гэдэг асуудал улстөрийн бодлого гэдэг утгаараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд шийдэх тийм хэмжээнд хүрсэн л гэж би боддог. Яагаад тэгж хэлж байна вэ гэхээр манай улс парламентын засаглалтай улс. Тиймээс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд дээр нь Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайд нар хагас жилдээ Орос, Хятад дахь Элчин сайд нараа дуудан мэдээлэл авч хоёр хөрштэй харилцах стратеги, тактикаа шийдвэрлэж байх нь чухал. Нэг үгээр төрийн хар хайрцагны бодлого хэрэгтэй. Тэгж байж бид хоёр их гүрний дунд өөрт ашигтай оршино.
-Ялангуяа урд хөрш гэсэн сэдэв дээр манайхан туйлширамтгай. Дургүй улстөрчдөө хятадын тагнуул болгож зарладаг, эрлийз болгож нүддэг. Хэдий болтол ингэх юм бэ. Дээр нь монголын тал нутаг дээр оросуудын хийж бүтээж өгсөн бүтээн байгуулалтууд, орон сууц, барилга, үйлдвэр, монголчуудад олгосон боловсрол гээд бүх юм байж л байгаа. Орчин үеийн, хэт барууны орчинд сурч боловсорсон хүмүүс үүнийг их үгүйсгэх юм. БНХАУ-д сууж байсан өмнөх Элчин сайд Ц.Сүхбаатартай ноднин ярилцаж байхад тэрбээр дээд төвшинд байдаг хятадууд тийм юм мэддэггүй. Энгийн хятад хүмүүсийнх нь дунд ч монголыг муучлах юм байхгүй ээ, ичиж үзээчээ, аядаж үзээчээ гэж хэлж байсан?
-Монголчууд бид хэдий агуу их түүх, соёл, уламжлалтай ч жижиг үндэстэн гэдгээ ямагт ойлгож мэдэрч байх нь чухал. Орчин цагт аливаа гадаад бодлого илүү прагматик болж байгаа. Тиймээс бид Орос, Хятадтай стратегийн түншлэгчийн харилцаа тогтоосон. Харилцаа тогтоосон хэмээн тунхаглах нэг хэрэг. Хэрэгжүүлэх тал дээр илүү шуурхай, илүү ажил хэрэгч хандах нь чухал. Сэргээх тодорхой чиглэлүүд, жишээлбэл, төмөр зам төдийгүй, эрчим хүчний асуудал байна. Нэг талаас манай улс эрчим хүчнийхээ аюулгүй байдлыг хангах ёстой, тэр утгаараа эрчим хүчээр ОХУ эсхүл БНХАУ-аас хамааралтай байж болохгүй. Хамаарал гэдэг нь 70-80 хувиар эрчим хүчээ авч байх жишээтэй. Ядаж өөрсдөө үндэснийхээ хэрэгцээний эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэх, дор хаяж тал хувийг өөрсдөө үйлдвэрлэж, үлдсэн хувийг Хятад,Оросоос тэнцвэртэйгээр авч байх гэсэн зарчмыг баримтлах юм бол эрчим хүчний үндэсний аюулгүй байдал хангагдах жишээтэй.
-Сая Санкт-Петербургийн Эдийн засгийн форум дээр эрчим хүчний асуудал их яригдсан. Ер нь бол Петербургийн форум залуу форум хэдий ч их алдаршиж байгаа. Манай Монгол орны хувьд энэ жил өөрийн гэсэн байр суурьтай, бага болов ч амбицтай оролцлоо. Та энэхүү арга хэмжээнд албан ёсны багт гол ачааг үүрч ажилласан. Санкт-Петербургийн болон саяхан БНХАУ-д болсон арга хэмжээнд Монгол Улс хийж хэрэгжүүлэх ажил, төлөвлөгөөгөө танилцуулж хойд, өмнөд хөршдөө сигнал өгч байна. Мэдээж энэ бүхний ач холбогдлыг яагаад ч үгүйсгэх аргагүй. Гэхдээ зөвхөн сигнал дугаргаад орхих биш практик төвшинд хэлэлцээр рүү аваачих тал дээр удаан байдаг. Нэг хүчин эрх барьж байхад ажил харьцангуй урагшлах магадлал их өндөр байдаг. Форумд оролцсон Монгол Улсын оролцоо болон өгөх гэж хичээсэн гол мессеж зэргийг тодорхой илэрхийлэх хүн бол та ?
-Петербургийн Эдийн засгийн форум таны хэлсэнчлэн их алдартай. Ер нь Петербург анхнаасаа тус хотыг үндэслэн байгуулсан Петр хааны үеэс л Европ руу харах цонх гэсэн утгаар хойд нийслэл хэмээгдэж ирсэн, хувьсгалаас хойш Москва албан ёсны нийслэл болсон. Тэр утгаараа өнөөдөр Европ руу харах цонх буюу тэрхүү хотод зохион байгуулагдаж буй олон ач холбогдол бүхий форумаас хамгийн алдартай нь В.В.Путины гол оролцоотой энэхүү Олон улсын Эдийн засгийн форум юм. Үндсэндээ албан ёсны 3500 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд Эдийн засгийн форум учраас томоохон бизнес, компаниудын төлөөлөл өргөнөөр оролцдог. Яг тухайн форумд хүндэт зочноор жилдээ хоёр хүнийг урьдаг. Энэ жилийн хүндэт зочноор Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Австрийн канцлер К.Керн нар уригдсан. Жил болгон манай Ерөнхий сайд нарыг урьдаг уламжлал тогтоод таван жил болж байна. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Петербургийн форумд оролцож байсан. 2015 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцсон.
2010 оноос хойш Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д албан ёсоор айлчлаагүй. Төрийн айлчлалыг нь бид энэ жилийн хоёрдугаар хагаст зохион байгуулахаар төлөвлөж байсан. Иймд айлын талаас айлчлалтай давхцуулахгүй гэсэн бололтой энэ жилийн хувьд манай Ерөнхий сайдад Петербургийн ОУЭЗФ-ын албан ёсны урилга нь ирээгүй байсан. Гэхдээ “Нэг бүс, нэг зам” Бээжин дэх форум дээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай Ерөнхий сайдтай уулзаад: “Форумд та оролцоно биз дээ?” гэж асууснаар “Оролцоно” гэж Ерөнхий сайд хэлсэн учраас Москва дахь манай Элчин сайдын яам үндсэндээ хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд бүх юмыг зохион байгуулсан. Тэр утгаараа би айлчлал гэхээсээ илүү Форумд хүндэт зочноор оролцсон гэж хэлмээр байгаа юм. Гэхдээ яг үнэн чанартаа Ерөнхий сайд айлчлалын хэмжээнд Форумд оролцсон. Учир нь энэ үеэр ОХУ-ын Засгийн Газрын орлогч дарга А.В.Дворковичтэй уулзлаа. Хоёр талын зайлшгүй шийдэгдэх ёстой олон асуудлаар харилцан санал солилцсон, ялангуяа эрчим хүчний асуудал, транзит тээвэрлэлт, хөдөө аж ахуй, байгаль орчин, Эгийн болон Шүрэнгийн усан цахилгаан станцын асуудал гээд хоёр талын харилцааны томоохон асуудлууд мөн худалдааны эргэлтийг хэрхэн сайжруулах зэрэг олон чухал асуудлыг авч хэлэлцсэн. Ерөнхий сайдыг дагалдаж яваа сайд нарын бүрэлдэхүүнд орсон Ц.Мөнх-Оргил сайд, Б.Чойжилсүрэн сайд, П.Сэргэлэн, П.Ганхүү сайд нар өөр өөрсдийн салбарын чиглэлээр ОХУ-ын сайд нартай ажил хэргийн уулзалтууд амжилттай зохион байгуулсан.Өмнөх Петербургийн форумд үндсэндээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхах цаг өдрөө товлосон байдаг учраас Ерөнхий сайдыг бараалхуулах ажил илүү чухлаар тавигдаж, илүү их ач холбогдол өгч ирсэн жишээтэй. Харин анх удаа манай улсын Засгийн газрын тэргүүн хүндэт зочноор нээлтийн арга хэмжээнд илтгэгчээр оролцож, Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Модитой ажил хэргийн уулзалт хийв.Төрийн Думын Төсвийн байнгын хорооны дарга,Оросын гурван том бизнесийнтөлөөлөлтэй уулзсан, тухайлбал, “Оросын төмөр зам” НХН, “Росатом”, “Газпромбанк”, хил залгаа Буриад улс, Новосибирск мужийн амбан захирагч, Москва хотын дарга С.Собянинтай зэргээр форумын хүрээнд 16 уулзалт зохион байгуулсан. Мэдээж уулзалт бүр ажил хэргийн яриа хэлэлцээ дагуулсан. Түрүүнд би Холбооны сайд нартай манай сайд нар тусдаа ажил хэргийн уулзалт хийсэн гэж ярьсан. Энэ үеэр хоёр тал дөрвөн хэлэлцээрт гарын үсэг зурснаас гуравнь эрчим хүч, нэг нь хөдөө аж ахуйн салбартай холбоотой юм. Хөдөө аж ахуйн хувьд, махны экспортоо нэмэгдүүлнэ гэжбид олон жил ярьж байгаа.Нэмэгдүүлж чадахгүй байсан гол шалтгаан нь тарифын болон тарифын бус саад тотгор, хүндрэл бэрхшээлээс гадна малын хорио, цээрийн асуудалтай холбоотой. Үүнтэй холбогдуулж манайх 4,2 сая тун вакциныг хүмүүнлэгийн тусламжаар авах тухай хэлэлцээрт П.Сэргэлэн сайд, А.Н.Ткачёв сайд нар гарын үсэг зурлаа. Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёр дахь шатанд орсон гэж ойлгож болно.Форумд оролцож сайхан үг хэллээ гэхээсээ илүү ажил хэрэгч, үндсэндээ яг л айлчлал шиг хэлэлцээр байгуулагдсан. Хэлэлцээр гэдэг нь бол дандаа хэрэгжих тодорхой төлөвлөгөө, үйл ажиллагаа юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын айлчлалыг бүхэлд нь дүгнэж үзэхэд, анх удаагаа ийм прагматик, өөрөөр хэлбэл ажил хэрэгч, маш тодорхой үр дүнд хүрсэн үйл явц байлаа гэж хэлж болохоор байна. Нөгөө талаар, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат форумд хэрхэн оролцсоныг би юу гэж үнэлээд байна вэ гэхээр Монгол, Оросын харилцаанд өөрчлөлт гарч байна уу гэдэг асуултын хариулт боллоо гэж болно. Учир нь 12 хоногийн өмнө форумд оролцоно уу гэж мэдэгдээд манай Ерөнхий сайдаар нээлтийн ажиллагаан дээр үг хэлүүлсэн явдал юм. Гэтэл форумын хөтөлбөр нь батлагдаад хэвлэгдсэн үе. Энэ бол Монголд хэрхэн хандаж байгаагийн тод илрэл юм. Үүнээс гадна нээлтийн арга хэмжээнд НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга хүндэт зочноор оролцсон.
-Орос орон таны хоёр дахь эх орон гэж болох, таны түүхэнд их чухал дурсгалтай орон биз дээ?
-Тэгэлгүй яахав. Миний хоёр дахь эх орон гэж хэлж болноо.
-Таны улс төрийн карьерын төлөвлөгөөнд ОХУ-ын Элчин сайд болно гэсэн мөрөөдөл байсан уу? Та Элчин сайдын хувьд ч тэр, хувь хүнийхээ хувьд ч тэр ямар сэтгэл хөдлөлтэй энэ хашаанд буусан бэ. Оюутан байх үеийн амьдрал, тэр үеийн дурсамжууд тань сэргэж байсан байх. Манай сэхээтнүүдийн бүхэл бүтэн хэдэн үеийг бэлтгэж өгсөн орон шүү дээ.
-Ер нь бол их сонин л доо. Би жишээлбэл оюутан байхдаа хэзээ ч Элчин сайдаар энэ оронд сууна гэж мөрөөддөггүй, боддоггүй байсан. Элчин сайдын яаманд тэр үед чинь их айхтар том том хүмүүс ажиллана. Гаднаас нь харахад хөмсгөө зангидсан том хүмүүс л байдаг байлаа. Соёлын атташе нь л гэхэд дандаа хуучин соёлын сайд байсан хүмүүс ирж ажилладаг байв. Цэргийн атташегаар Батлан Хамгаалах Яаманд хамгийн өндөр албан тушаалтай генералууд ирж байлаа. 70-аад оны үед генерал Содномдаржаа гуай манай 40 мянгатын хөрш тэр хүн Москвад цэргийн атташе байсан. Би оюутан байхдаа манай ээж, аавтай их найз байсан учраас тэднийд ирж дипломат картыг нь ашиглаж ГУМ-ын (Их дэлгүүр) доод талд байсан дипломатчдад зориулсан тусгай дэлгүүрт нь оръё гэж гуйж билээ. Чи яах гэж байгаа юм гэж асуухад нь миний ээжийн 50 насны ой болох гэж байгаа юм аа. Би ээждээ каракуль шуба авна гэж томорч билээ. Чамд мөнгө байгаа юм уу, гэж элчингийн ажилтнуудад загнуулж байсан маань санагдаж байна. (инээв)
Би нэг л удаа Элчин сайдын яамны байранд орж үзсэн. Тийм хатуу дэг журамтай, тийм том хүмүүс ажилладаг байсан учраас би энэ яаманд айдастайгаар бас маш их хүндэтгэлтэйгээр ордог байсан.Нэг ч хүн коридороор нь дэмий явдаггүй, хуучин Төв хороо, Засгийн Газрын ордон ямар байлаа, яг л тийм байсан.
Харин хаана бид их очдог байсан гэхээр одоогийн Спасопесковскийн гудамжин дахь Консулын газрын байранд очиж гуанзаар нь орж хуушуур, цуйвангаа авч иддэг. Тэнд чинь Монголын соёлын төв байсан. Тэр газар монголчууд бужигнасан сайхан газар байж билээ. Оюутнууд зуугаараа цугларч лекц сонсоно, монгол оюутан биеэ яаж зөв авч явах ёстой гээд л ёс сургааль сонсоно доо. Тиймл газар байсан. Харин Элчин сайдын яамрууцухуйхгүй, хүлээж авахгүй, хаалгаа ч онгойлгохгүй. Энд ирэхээс өмнөбараг 30 гаруй жил яг үнэндээ би оросоор яриагүй. Унаган орос хэлтэй хүн албан ёсны уулзалтад ороход заримдаа гацна шүү дээ, орос үгний оронд англи үг толгойд орж ирээд л. Хамгийн гол нь би номыг дандаа орос хэлээр уншдаг, телевизээр орос суваг үзнэ. Тэгсэн мөртлөө амьд яриандаа тааруухан болчихдог юм байна. Над дээр ирж байгаа ихэнх сайд нар бүгд орост төгссөн, УИХ-ын гишүүд, эгэл жирийн манай сэхээтнүүд энд ирээд хорин хэдэн жил орост ирээгүй гээд л нөгөө хар талхаа үнэртээд, пирожки асуугаад л, ийм юм идэх юмсан, оюутан үеэ санаад л, оросоор ярихдаа илүү “Бид нар ингэтлээ хөндийрсөн юм байхдаа” гээд л ерөнхийдөө “ностальгия” гэж ярьдаг даа, хуучнаа санагалзсан ийм л юм анзаарагдсан. Би нэг л зүйлд их сэтгэл эмзэглэсэн. Саяхан манай орчуулагч О.Чинбаяр А.Платоновын “Чевенгүр” гэдэг гайхалтай номыг орчуулсан. А. М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд болсон номын нээлтэд намайг урьсан.
-О.Чинбаяр өөрөө энэ сургуулийн төгсөгч л дөө.
-Тийм. О.Чинбаяр энэ сургуулийн төгсөгч. Монгол дээр “Уйллис”-ийг орчуулсан орчуулагч, асар хүнд ном орчуулдаг хүн. Орчуулга бол хүний махыг барж, ясыг нь цайлгадаг. Тус дээд сургуулийн ректор нь өөрөө намайг урьсан байсан. Би Горькийн институт дээр ээж, аав хоёрын 1971 онд Москва хотод авахуулсан зургийг аваад очсон. Тэр үед “Зам” роман Матвеевын орчуулгаар анх удаа орос хэлээр хэвлэгдээд гарсан юм. Миний аав Горькийн нэрэмжит дээд сургуульд сурч байх үед 1967 онд хэвлэгдсэн энэ роман дөрвөн жилийн дараа орос хэлээр хэвлэгдсэн юм. Тэр мөнгөөр нь манай ээж, аав хоёр Москвад зугаалаад, ресторанд орж тансаглаж, зурагчинд орж зургаа авахуулсан юм. Би Элчин сайд болж томилогдон ирээд аав ээжийнхээ тэр зургийг Элчин сайдын өргөөнд байрлуулсан юм л даа. “Манай аав Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурч байх үедээ авахуулсан зураг нь энэ” гэж “Чевенгүр” номын нээлтийн үеэр хэлэхээр би энэ зургийг аваад очсон. Гэтэл тэр институт нь ёстой бөмбөгдсөн юм шиг, халтар заалтай. Үнэхээр харамссан.
-Өчигдөр би очиж үзээд. Бас л дотроо дуу алдсан. Уг нь тэнд сэргээн засварлах гээд юм хийж л байгаа юм шиг байна. Гэхдээ дотроо нэг л амьдралгүй болчихсон юм шиг харагдсан. Миний том мөрөөдөлтэй холбоотой болохоор уйлмаар санагдсан.
-Харин тийм л болчихсон юм байна. Би бас уйлмаар санагдсан. Би дотроо бодсон “Яана аа, энэ Чинбаярын номын нээлтийг би Элчин сайдын яамны байрандаа зохион байгуулдаг байж гэж. Платоновын алдартай зохиол шүү дээ.
Тэр өдөр надад гурван урилга ирсэн байсан. Нэг урилгыг өөрийнхөө оронд өөр хүн явуулсан. Яагаад гэвэл, тэр өдөр Дэлхийн хөрөг зургийн сор болсон бүтээлүүдийн үзэсгэлэн Москвад анх удаагаа нээгдэж байлаа. Харамсалтай нь би тэрийг “пялаад”, тэр “Чевенгүр”-лүү очсон. Өөрөөр хэлбэл монгол орчуулагчаа дэмжээд тэнд очсон.Элчин сайдын хувьд бас аавынхаа сурч байсан сургууль дээр очно гээд байдгаараа гоёод очлоо. Очоод “Куда я попала?” гэдэг шиг “Би хаашаа ирчих вэ?” гэдэг юм боллоо.Үнэхээр гутарсан.
О.Чинбаяр бөөн баяр. Надад нэг охин цэцэг өгөөд, багш нар нь алга ташаад сүйд болсон. Дараа нь тэндээсээ “Современник“ театрын жүжгийн зохиолын прогон буюу жүжгийн сүүлийн давталт-сургуулилт дээр очсон. Намар тавих гэж байгаа жүжиг юм байна л даа. Тэр жүжигт оросын Ардын жүжигчин Валентин Гафт, Саид Багов нархамтран тоглож байгаа. Би Адыгейн их сургуулийн ректор Рашид Думаличевич Хунагов гэдэг гайхалтай хүнтэй танил юм.. Би чинь Адыгейн их сургуулийн хүндэт доктор шүү дээ. Тэр хүний охин нь энэ жүжгийн хувцасны дизайнераар ажилласан юм байна. “Манай охин Москвад алдарт В.Гафтын тоглох гэж байгаа жүжгийн хувцсыг бүтээсэн, тэр сургуулилтад ирнэ үү?” гэж намайг урьсан. Жүжгийн сургуулилтыг хэзээ ч үзэгчидтэй хийдэггүй. Тэгэхдээ хамгийн ойр дотны 30-40 хүнийг урьсан юм байна. Тэдний дунд эрүүл мэндийн дэд сайд, боловсролын дэд сайд, “Московский дом книги” төвийн захирал,оросын сэхээтнүүд бас Сербийн элчин сайд бид хоёр уригдсан байсан. Би Сербийн элчин сайдаас “Петербургийн Эдийн засгийн форумд танайхаас хэн оролцох гэж байгаа вэ?”гэж асуухад “Ерөнхий сайд” гэхээр нь “Хоёр Ерөнхий сайдаа уулзуулчихъя” гэтэл “Тэгье” гээд, бид хоёр форумын үеэр зохион байгуулаад уулзуулчихсан шүү. (инээв)
Тэр жүжиг 1 цаг 30 минут ярьж байгаа хоёрхон хүний монолог /хүүрнэл/ юм. В.Гафт одоо 82 настай жүжигчин шүү дээ. Дараа нь баярласан жүжигчид, найз нөхөд нь бүгдээрээ нэг газар оръё гэснээр хоёр жүжигчинтэй, арваад хүнтэй бараг шөнийн 2-3 цаг хүртэл ярилцаж суухдаа “Монголчууд бид нар яагаад ном уншихаа больчихсон юм. Яагаад оюунлаг, гэгээлэг зүйлээ алдчихсан юм бол” гэж бодож их харамссан. Би В.Гафтын өөдөөс харж суугаад “Намайг бага байхад таны тоглосон кинонуудыг үзэхээр та дандаа муу дүрд тоглодог байсан. Тэгээд тэр нь киноны гол дүр биш. Их сонин, гол дүрд тоглосон жүжигчдийг би санахгүй мөртлөө таны бүтээсэн дүрийг сайн санадаг. Хүний зүрх сэтгэлд хоногшсон таны дүрүүдийн тухай бодоод байхаар хүнийг нэвт шувт хардаг энэхүү ухаалаг нүдэнд учир байна. Би анх удаагаа ийм нүд харж байна” гээд л хараад байсан. Гафт гуай бас намайг хүндэтгэж сайхан урмын үг хэлсэн дээ. Тэр шөнө оросын сэхээтнүүдтэй хамт алдарт Гафтын шүлгийг сонсож цаг өнгөрч байхыг мэдрээгүйсэн.
Ийм сэтгэл уудалсан яриа тэр болгон үүсдэггүй. Манай оюунлаг сэхээтнүүд хааччихсан юм бэ? Олон л хүн Москвагаар дамжин өнгөрөөд явж л байхад “Яагаад элчин сайдынхаа өргөөнд орж ирээд, сайхан юм ярьдаггүй, яриа өрнүүлдэггүй юм бэ, яагаад Монголчууд ингэтлээ улстөржчихсэн юм бэ? Яагаад ингэтлээ намчирхчихсан юм бэ? гээд элдвийн юм бодогдох юм.
-Бас нэг асуулт байна. Гадаад улс орнуудад сууж байгаа элчин сайд нартайгаа ярилцах үед миний заавал асуудаг асуулт маань хүний нутагт гэмт хэргийн улмаас ял шийтгэгдэж байгаа хүмүүсийн талаар. Орост тийм иргэд байдаг уу? Байдаг бол тэд нарт чиглэсэн ямар бодлого явуулж байна вэ? Манайх, ялангуяа урд хөрштэйгээ ялтан шилжүүлэх ажлыг шинэ шатанд гаргах чиглэлээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маш их ажилласан. Үүнийг асууя гэж бодож байна.
-Оросын хорих ангид ял эдэлж байгаа монгол хоригдлууд байгаа. Тэр болгон би консулын ажилд оролцохгүй явдал бий. Дээрээс нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас манайх хоёр төлөөлөгчтэй. Тэд прокурор, дээд шүүх, үндсэн хуулийн шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, хил, онцгой байдал гээд хууль хяналтын бүх байгууллагыг хариуцаад иргэдийнхээ асуудлаар ажилладаг.
-Ялангуяа, визгүй зорчдог болсноос хойш илүү анхаарал, илүү өргөн ажиллагаа шаардагдаад эхэлсэн энэ үед яагаад хоёр том хөрш дахь элчин сайдын яаманд цомхотгол явагдсан бэ?
-Манай Гадаад Харилцааны Яамны чиг үүрэг нь асар их нэмэгдсэн. Хуучин Гадаад Хэргийн Яам байсан бол одоо Гадаад Харилцааны Яам болсон. Өөрөөр хэлбэл, Ц.Мөнх-Оргил сайдын үед ачаалал нь улам их нэмэгдсэн. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт,гадаад худалдаа гээд асар их ачаалал нэмэгдэж байхад орон тоогоо нэмэгдүүлэх ёстой. Манай Элчин Сайдын Яам 147 сая хүн амтай, манай хамгийн том хойд хөрш оронд ажиллаж байна. Европ руу явж байгаа хүний болон ачааны урсгал гэх мэт бүх юм Оросоор дамжихаас өөр арга байхгүй. Дээр нь бид чинь ерөнхийдөө “дамжин өнгөрөх бааз” гэж хэлж болно шүү. Тиймээс протокол, ёслолын ажилтнаас эхлээд л хэвлэлийн ажилтан, эдийн засгийн газар гээд бид нарт хэрэгтэй байна. Би Элчин сайдын яамандаа ирээд гурван нэгж байгуулсан. Эдгээр нь эдийн засгийн газар, улс төр-хууль хяналтын, хүмүүнлэгийн газар. Гэхдээ улс төрийн газар гэхэд нэг л хүн ажилладаг жишээтэй.
-ОХУ-ын Засгийн Газрын тэтгэлэг, Ерөнхийлөгч В.В.Путины тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг. Таныг ажлаа авснаас хойш эдгээр хөтөлбөрүүдэд хамрагдах оюутны тоо нилээд нэмэгдсэн гэж сонссон. Тэгэхээр боловсрол хариуцсан газар гээд энд илүү өргөн хүрээнд ажиллаж, олон зуун оюутны эрх ашгийг хамгаалдаг, хүсэл мөрөөдлийнх нь төлөө ажилладаг газар байх ёстой биз дээ?
-ОХУ-д гурван мянган оюутан сурч байна. Зөвхөн оюутны асуудлыг хариуцсан нэг хүн байх ёстой. Жишээлбэл, Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёл,Спортын Яамнаас томилогдсон хүн ганцхан оюутан биш боловсролын асуудлыг бүхэлд нь бодлогын хувьд хариуцна. Дээрээс нь соёл, спорт, шинжлэх ухаан орно. Спорт л гэхэд энэ оронд бүхэл бүтэн Спортын Яам байна. Тэр тусмаа ОХУ спортын их гүрэн. Бид, жишээлбэл, өвлийн спортоо хөгжүүлье гээд яриад байдаг. Тэгэхээр спортын чиглэлээр нэг хүн ажиллах хэрэгтэй байдаг. ОХУ музейгээрээ дэлхийд тэргүүлэх орны нэг. Тухайлбал, Пушкины музей, Эрмитаж,Кремлийн цогцолбор гээд л олон музейтэй. Үүнээс гадна кинотеатр, соёлын бүх газар, тухайлбал, Большой театр, Мариины театр гээд. Ер нь ОХУ бол соёлын их гүрэн. ОХУ, Дубна - цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүч, усан цахилгаан станцууд, мэдээлэл, технологийн салбарын хөгжлөөрөө дээгүүр орж байна. Орос бол бас шинжлэх ухааны орон. Жишээ нь инновацийн төв “Сколково”, шинжлэх ухааны инкубатруудыг бий болгоод л байж байна. 86 субъекттэй, 11 цагийн бүстэй ийм агуу их орон. Гэтэл ОХУ дахь манай ЭСЯ-нд тус яамнаас томилогдсон нэг хүн энэ дөрвөн асуудлыг хариуцна. Дээр нь оюутны асуудал. Манай оюутнууд ихэнхдээ эгэл жирийн айлын хүүхдүүд байдаг. Өрнөдөд сурч буй залуустай харьцуулахад тийм их бэл бэнчинтэй айлын хүүхдүүд ихэнхдээ биш.Ерөнхийлөгч В.В.Путины тэтгэлгээр сурч байгаа нь. Энэ оюутнууддаа бид аль болох дэмжлэг үзүүлж ажилладаг. Нэг хүн энэ их ачааллыг даах уу?
Өнгөрсөн жил БСШУСЯ-ны сайдын айлчлалын үеэр монгол оюутны 320 квот байсныг 450 болгож нэмэгдүүлсэн. Айчлалын дараа би тус яам 450 квотыг Засгийн газраар хэлэлцээд, яам болгоноос саналыг нь авах болов уу гэж их хүлээлттэй байсан. Энэ бол манай үндэсний хүний нөөцийн, би бүр баялагийн гэж хэлье бодлого юм. Манай салбарын яамны төлөөлөгчид ирээдоросын талдсалбарынхаа чиглэлээр 20 хүн сургаж өгөх хүсэлтийг тавьдаг. Монгол өнөөдөр хуульч, эдийн засагч, хүмүүнлэгийн чиглэлээр мэргэжилтэн дотооддоо бэлтгэх боломжтой. Гэтэл энд цөмийн эрчим хүчээр хүнээ бэлтгэх, төмөр зам, аргаль угалз, ойн мэргэжилтэн, цахилгаан станцын инженерүүдийг бэлтгэх хэрэгтэй байна.Мөн балетчин эсхүл босоо ятгачинг бэлтгэх. Орост дэлхийн түвшинд хүрчихсэн салбар, чиглэлээр, өөрөөр хэлбэл нарийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх боломж байна. Үүнд нь квот олгож байна. Гагцхүү манай талаас бодлоготойгоор хэдэн хүнийг, ямар мэргэжлээр сургах вэ гэдгээ тодорхой болгомоор байна. Гэтэл квотдоо ч хүрэхгүй л байна шүү дээ.
-Тантай уулзах сайхан байлаа. Ярих зүйл зөндөө байна. Дараа илүү тухтай, илүү өргөн сэдвээр ярилцах боломж гарах биз ээ. Ярилцлага өгсөн Танд баярлалаа.
-Санал нэг байна. Хоёр орны харилцааны асуудлаар надаас олон ярилцлага авна бизээ гэж найдаж байна. Элчин сайдын хувьд тэр бүр ярилцлага өгөх эрмэлзэл байхгүй болдог. Үг бүрээ цэгнэж, энэ өгүүлбэрийн цаана харилцааны асуудалд нөлөөлөх далд утга санаа бий болчихвий гэдгээс эмээнэ. Учир нь миний ажил бол улс төр биш улс орны эрх ашиг юм.