Ерөнхийлөгчид үлдсэн 40 хоног ба “Эрдэнэтийн шийдэл”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болоход 40хүрэхгүй хоног үлдлээ. Энэ удаагийн сонгууль “Эрдэнэт үйлдвэр” гэдэг төрийн өмчит компанийг Монголын төр “дээрэмдсэн”, энэ үйлдлийг хохирч буй “49 хувийнхан” гэгч хэсэг залуус болон тэдэнд дэмжлэг үзүүлсэн Худалдаа хөгжлийн банкныхан шүүхэд хандах дээрээ тулаад байгаатай холбоотойгоороо онцлогтой болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болоход 40хүрэхгүй хоног үлдлээ. Энэ удаагийн сонгууль “Эрдэнэт үйлдвэр” гэдэг төрийн өмчит компанийг Монголын төр “дээрэмдсэн”, энэ үйлдлийг хохирч буй “49 хувийнхан” гэгч хэсэг залуус болон тэдэнд дэмжлэг үзүүлсэн Худалдаа хөгжлийн банкныхан шүүхэд хандах дээрээ тулаад байгаатай холбоотойгоороо онцлогтой болж байна. Үүнтэй холбогдуулан миний бие өмнөх нийтлэлдээ “Ерөнхийлөгчөөс ташуур үг хүссэн, тэр ташуур минь харамсалтай нь хоосон ташуур байлаа” хэмээн бичсэн юм.
Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар “үхрийн сүүлэн дээр хутга” гэгчээр хасвуу тамгаа хүлээлгэн өгөхийн өмнө тэр өндөрлөгөөс унах зөөлөн зүлэг, гудас зэргээ бэлдэж яваад алдсан удаатай. Үүгээрээ ч Ю.Цэдэнбал агсан, Ж.Батмөнх агсан нар шиг нэр цэвэр дурсагдаж үлдээгүй болов уу. Тиймээс эдүгээ Төрийн тэргүүн таныг “Ардчиллын анхны алтан хараацай”, мөн яг одоогийн байдлаар “Ардчиллын сүүлчийн цайз” болон хамгийн өндөр эрх мэдэлтэй үлдсэний хувьд ардчиллын тулгуур зарчимд үнэнч байж төр ийм дээрэм хийж буйг дуугүй хараад суухгүй болов уу гэж найдаж байна.
Учир нь 2016 оны зургадугаар сарын 17-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” хамтарсан компаниас Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг аваад өөрсдийгөө бараг л “Үндэсний баатар” болохуйц үйл бүтээж, ард түмэндээ буян хийчихлээ гэж бодож явсан Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар тэргүүтэй залуус ердөө арав гаруйхан хоногийн дараа “луйварчин” нэр зүүж “нууц гэрээний аргаар Эрдэнэтийг дээрэмдсэн” гэгдэж гүтгүүлнэ гэж төсөөлөө ч үгүй болов уу. Тиймдээ ч юуны өмнө Эрдэнэтийн ТУЗ-ийнхний урьд нь авч байсан цалинг хэд дахин бууруулж сарын 2 сая 700 мянган төгрөгийн цалинтайгаар ажиллаж хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлж, зардлыг бууруулан богино хугацаанд үр ашигтай ажиллуулж болдгийн жишээг харуулах романтик хүсэлдээ хөтлөгдөж байсан биз. Ингээд “шахаа” гэдэг муухай юм Эрдэнэт үйлдвэрийг гутааж байсныг “хувь эзэмшигчийн нүдээр” хараад 2-хон тендер зарладаг байсныг наймхан сар ажиллахдаа 58-аар нэмэгдүүлж бараа үйлчилгээ худалдан авах бүрийг ил тод болгохыг хичээжээ.
Гэнэт нэг л шөнийн дотор бүртгэлийн гэрчилгээн дээрх нэрс солигдож, шинэ ТУЗ-ийнхөн “Бид Засгийн газраас өгсөн даалгаврыг биелүүлж явна. Та бүхэн гомдолтой байвал “манай” хурлын заалнаас хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө үү” гэж найр тавиад дайрч оржээ. Ийм л явдал болж. Бүртгэлийн газрынхан ч мөрөө хавчин мөнөөх л Засгийн газрын шийдвэр гэгч рүү түлхээд, одоо тэдэнд олон улсын шүүхэд хандахаас өөр зам үлдээгүй ч энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Оросын талд өгсөнтэй адил тул Засгийн газраас бусад төвшинд хэрхэн шийдэх бол хэмээн хүлээж сууна. Тэд энэ хугацаанд 49 хувийг худалдаж авсан хөрөнгөө, цаашид ажиллахаар цаг тутамд 2500 ам.доллар төлж хийлгэсэн судалгаа, ТЭЗҮ, төлөвлөлт, зорилт төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг эрэлхийлж олон улсын банк, санхүүгийн байгууллагад тавьсан хүсэлт, магадгүй зээл энэ бүх зардлыг төр даах эсэх нь тун тодорхойгүй, ийм будилаантай явдал болж, Л.Түдэв гуайн хэлсэн “Монгол төрийн их шуналтнууд” нэмэгдсээр, арга нь нарийссаар байна.
Үндэсний аюулгүй байдлын гурван субъектын зөвхөн нэг нь ийм шийд гаргасан ч УИХ-ын дарга болон Ерөнхийлөгч маань ямар байр суурь илэрхийлэх бол гэсэн хүлээлт, итгэл найдвар тэдэнд байна. Ерөнхийлөгч Таны хувьд “Эрдэнэт үйлдвэр”-тэй нэлээд нэр холбогддог хэдий ч энэ үйлдвэрийг хайрлах шалтгаан, ядаж л хувийн хэвшлийнхнийг ингэж хохироож дээрэмдэж болохгүй гэсэн үзэл бодол байдаг бол сонсоход л таатай үлдэхсэн.
УИХ-ын дарга хэдийгээр өнөөдөр МАН-ын дарга мэт харагдавч ардчиллыг ойлгодог, алдаа оноог дүгнэж цэгнэж чаддаг хүн гэж харагддаг. Тэр өнөөдөр тодорхой хэмжээний “дайсан”-тай болоод байгааг мэдэрч байна. Энэ нь айсуй Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой “нам доторх дайсанууд” нь юм. Ёстой л “Тэмцэл” кинонд Гүржавыг тодорхойлохдоо “Зоригтой нь зоригтой. Гэхдээ сагсуу” тийм л “дайсанууд”. МАН-ыг үүсгэн байгуулагчид 100-аад жилийн өмнө хүртэл намдаа зүтгэсэн авиргүй этгээдүүдийг тэгж таньдаг байж. Гэтэл өнөө хэр нь “Гүржавт архи өг” гэхээр л “данжаадад” найр тавиад явчихаар залуус нь олон буйг өнөөгийн МАН-ын дарга хараад, таниад, тэсч ядан суугаа нь анзаарагдах болсон.
Одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах, Эрдэнэт үйлдвэрийн талаар хэлэлцэж, Ноён Ерөнхийлөгч та байр сууриа илэрхийлэх цаг болжээ. Мөн ҮАБЗ Монгол төрийн их өрийн талаар, ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрийн талаар ямар нэг шийдэл гаргахгүй бол нөхцөл байдал улам доройтож мэднэ.
Ардчилсан намыг өөгүй цэвэрхэн гэх аргагүй. Тэд төрийн өмч рүү “өлсгөлөн бар” мэт дайрч хоосолсон, дундраад ирэхийн цагт овоорсон их өр тавьсан. Үүнийгээ Эрдэнэтийн эрдэнэ мэт үнэтэй овоолсон шорооноос ч үнэд хүргэж өрөө баяжуулж, таван салаа төсөвтэй, хариуцлагагүй, сахилга батгүй тийм л аргаар өдөр хоногийг аргацааж байв. Сонгогчид үүнд нь дүн тавиад МАН-ыг сонгов. Алдааг засна, арай дээр болгоно гэж найдсаных байх.
Гэтэл “өлсөж сураагүй чонос” өлсөж сурсан “барсаас” аймшигтай гэж яаж мэдэх билээ. Харин одоо энэ бүхнийг дурьдах дурсах бус хариуцлага хүлээлгээд зөвхөн маргааш яах вэ гэдгээ бодоцгооё. Нэг намынхан дотроо харилцан барьцаалагчихаад байгааг улстөрчийн хувьд та анзаарч байгаа байх.
Бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд үлдсэн 40 хоногт та нэр хүндээрээ, “хаана очиж унахаараа” дэнчин тавиад ч атугай зөв замыг засч өгөх арга бол Төрийн тэргүүн Таны зарлиг гаргах явдал болов уу. Төсвийн тухай хуульд хориг тавихаар “аваад шидчихдэг” ч Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүйд тооцох шийдвэрийг УИХ-ын олонх хэчнээн хүчтэй байсан ч гаргаж чадахгүй болов уу.
Тэр тусмаа Үндсэн хуулийн Цэц дээр асуудал нь хөндөгдсөн байгууллагыг бүртгэлийн байгууллагынханд шахалт үзүүлэх замаар ийнхүү “дээрэмдэж” байгааг зогсоох хүч Төрийн тэргүүн, УИХ-аас өөрөөр Ардчилсан орны хаанаас нь хайхаа мэдэхгүй юм.
Шинээр томилогдсон ТУЗ-ийнхийг тэгэхээс тэгэх гэж танай нутгийнхнаас “олсон”-ыг та анзаарсан байх. Таныг энэ “дээрмийн” хэрэгтээ хутгах гэснийх ч байж мэднэ. Гуравхан сая хүнтэй Монголд уламжлал болон үлдсэн нутгархаад байна уу гэх хардлагыг халж чадахгүй байгаа, чадахад ч хол байна. Энэ бол төрийн бодлого биш төөрөлдүүлэх бодлого байж мэдэх юм. Шинэ ТУЗ-ийн гишүүдэд буруу байхгүй. Өөрсдийнх нь хэлж байгаачлан Засгийн даалгаврыг биелүүлж яваа төрийн зарц нар. Эдүгээ эвгүй юманд хутгалдсанаа мэдсэн зарим нь “зүүн дээр суусан мэт” өндөлзөж байгаа харагдана. Ядахдаа цалинг нь нэмдэг нь ч юу вэ. Ийм цаг үед хэн тэднийг хүссэндээ биш хүчээр ирсэн гэхэд итгэх билээ.
Нэг ийм л явдал болоод байна. Таныг байр сууриа илэрхийлэн нийтлэлд минь хариу өгнө гэдэгт итгэж байна. Эрх мэдэлтэй байхад нь шөвөгдөж, шүүмжилж байдаг ч “газар хатуу, тэнгэр хол” болохын цагт тэдэнд хандаж бичих нь сүүлчийн найдвар болдогийг сэтгүүлч байсны хувьд та мэддэг байх гэж найдна.