“Эзэнтэй айл”
Өнгөрөгч долоо хоногт гурван өөр даргын гурван өөр зургийг интернэт хэрэглэгчид хуваалцжээ.
Өнгөрөгч долоо хоногт гурван өөр даргын гурван өөр зургийг интернэт хэрэглэгчид хуваалцжээ. УИХ-ын дарга М.Энхболдын хүндэт харуулын оронд сургуулийн сурагчдыг шилэн тиркотой жагсаасан нэг зураг, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Баян-Өлгийд цасан борооноор 1000 сурагчийг ёслолын хувцастай дөрвөн цаг гадаа зогсоогоод өөрөө очоогүй нэг зураг, гурав дахь нь ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийг Хөвсгөл аймгийн шүүхийн тамгынхан ажлынхаа үүдэнд угтаж байгаа зураг.
Социализмын үед бид ч бас хичээлийн шинэ жилээр улаан галстуктай сургуулийнхаа үүдэнд шугам жагсаал хийж, дарга нарыг цэцгийн баглаатай угтдаг л байлаа. Гэхдээ жилдээ нэг л удаа шүү дээ. Харин ШЕЗ-ийн даргын Хөвсгөл аймагт хийсэн “айлчлалын” хувьд миний бие гэрч болсон байна. Их ч бай, бага ч бай нэг албан байгууллага толгойлж байгаа хүн ажлынхаа үр дүнтэй танилцахаар очиход ажилтнууд нь яаж угтдаг билээ, тэр л хэмжээнд. Түүнээс биш улаан хивс дэвсээд үлээвэр хөгжим, цэцгийн баглаатай тоссон юм биш л дээ.
Дашрамд хэлэхэд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж сүүлийн хоёр жилийн дотор 21 аймаг, нийслэлийн шүүхүүдээ эргэж, Шүүхийн захиргааны тухай хуулийн дагуу шинээр байгуулсан шүүхийн тамгуудынхаа байр байдалтай танилцан, шүүхийн ачаалал, шүүгчдэд тулгамдаж байгаа асуудал зэргийг нь сонссон. Хөвсгөл аймгийн шүүх хамгийн сүүлийнх нь болов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Шүүхийн багц хуулиудыг баталж, шүүхийн захиргааг шүүн таслах ажиллагаанаас тусад нь гаргаснаас хойш аль ч шатны шүүгч нар “Барилга маань нурлаа, засвар хийж өгөөч”, “Цалин бага, амьдралд хүрэлцэхгүй байна”, эсвэл “шүүхэд нөлөөлж байна, улс төрийн ийм тийм дарамт учирлаа” гэх мэт наль шаль асуудлаар камерийн өмнө зогсоод, хандив тусламж гуйгаад явахаа больсон нь үнэн. Дээхэн үедээ бол ерөнхий шүүгч нар нь дүүрэгтээ харьяалагддаг компанийн захирлуудыг өрөөндөө дуудаж уулзаад “Манай шүүхэд тэдэн төгрөгийн хандив өгөөч. Тэрийгээ шагнах гэсэн юм, энэ барилгын дээврийг засах хэрэгтэй” гэж нүүрээ улалзуулаад л гүйж явсан юм гэнэ лээ. Тэр цагт шүүгчидтэй ямар элэнцгийнх нь “хараат бус байдал” энэ тэр ярих вэ дээ. Харин ч эсрэгээрээ “Энэ шүүгч тэрний хамаатан, эхнэр нь тэндхийн прокурорт, нөхөр нь эндхийн цагдаад ажилладаг, нийлээд хэрэг цавчдаг, авлига авдаг” гэсэн явган яриа, хов жив л явдаг байлаа.
Одоо бол шүүхийн төсөв, боловсон хүчин, сургалт судалгааг хариуцсан шүүхийн захиргааг тусад нь байгуулж /Шүүхийн ерөнхий зөвлөл гэж нэрлэдэг/, харин шүүгч нар шүүн таслах ажлаа алдаа мадаггүй, зөв шударга, хуулийн дагуу явуулах л үүрэгтэй болсон. Төсвөөс цалин авдаг албан хаагчдаас шүүгчид л арай нэг ахуйнхаа дарамтаас ангижирч, ажил мэргэжлийнхээ чанарт анхаарал хандуулж эхэлж байгаа нь энэ байх. 2014 оны төсвийн хуулиас хойш гурван жил үргэлжилсэн шүүгчийн цалингийн хэрүүл өнгөрөгч арванхоёрдугаар сард баталсан төсвийн хуулиар арай гэж шувтарч, прокуроруудын цалинг шүүгчдийн цалинтай дүйцүүлэн нэмсэнээр асуудал цэгцэрсэн билээ. Тэгэхээр асуудал нь шүүгчийн цалин, төсвийн ачаалалд биш, өөр зүйлд байх нь.
ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийн шүүгчид, шүүхийн тамгын ажилтнуудад тавьсан тайлангаас үзвэл шүүхийн төсөв өнгөрсөн хоёр жилд 58,4 тэрбумаас 48,2 тэрбумд хүрч, бүхэл бүтэн 10 тэрбумаар буурсан байна. Хөвсгөл аймгийн шүүхтэй адил 10 шүүхийг тэжээх мөнгө шүүхийн төсвөөс хасагдсан гэсэн үг. Шүүхийн төсвийн 72 хувь нь шүүгч, ажилтнуудын цалин, нийгмийн даатгалд явдаг гэнэ. Хөвсгөл аймгийн 23 сум, 140 мянган иргэнд шүүхийн үйлчилгээ үзүүлж байгаа дөрвөн шүүхийн /Эрүүгийн хэргийн сум дундын анхан шатны шүүх, Иргэний хэргийн сум дундын анхан шатны шүүх, Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн шүүх/ 14 шүүгч, шүүхийн захиргааны 31 ажилтны жилийн төсөв нэг тэрбум төгрөг. Хүн ам олонтой Хөвсгөл аймаг хэргийн ачааллаар улсдаа жил бүр 2-3 дугаарт ордог. Улаанбаатар, Дархан, Орхоны дараа.
Хэдий төсөв хүндрэлтэй байгаа ч ШЕЗ-өөс өнгөрсөн хугацаанд 1,2 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийжээ. Тухайлбал, Захиргааны шүүхүүдийн нэгдсэн байр бариулахад 420 сая төгрөг, Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны жишиг танхим байгуулахад 156 сая төгрөг зарцуулжээ. Шүүх хуралдааны жишиг танхимын нийт талбайн 2/3 нь олон нийтэд зориулагдсан байна. Үүнээс өмнө Монгол Улсад шүүхийн стандарт хангасан барилга, шүүх танхим гэж байсангүй. 2000-аад онд УДШ-ийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ч.Ганбат гуай анх удаа Хэнтий аймагт шүүхийн зориулалттай байр бариулсан нь шүүгчдийн зөвлөлдөх тасалгаагаа мартаад барьчихсан байсан гэдэг. Бусад шүүхүүд бол сургууль, цэцэрлэгийн зориулалтаар барьсан барилгад ажиллаж, сургуулийн анги танхимд шүүх хуралдаанаа явуулдаг байлаа. Харин одоо захиргааны хэргийн шүүх хуралдааны жишиг танхимтай болохоор төсөв төлөвлөгөө, зураг төсөл нь хийгдээд явж байгаа юм байна.
Хөгжсөн орнуудад бол иргэний, эрүүгийн хэргийн, захиргааны шүүхээс гадна оюуны өмчийн, гэр бүлийн хэргийн гэх мэт дагнасан шүүхүүдтэй, шүүх болгон өөр өөр стандарт загвар бүхий барилгатай, шүүх танхимууд нь хүртэл эрс ялгаатай байдаг юм билээ л дээ. Өнгөрсөн оны сүүлээр нийслэл, орон нутгийн зарим шүүгч нар Тайванийн шүүхүүдэд ажиллаж, туршлага судлаад ирсэн болохоор мэдэх нэг нь мэднэ. Их олон газраар явж, туршлага судалдаг болсон гэнэ лээ. “Юм үзэж, нүд тайлах, дэлхийтэй танилцах хэрээр хүнд шинэ шинэ хэрэгцээ бий болдог. Тэр хэрэгцээг Монголын шүүгч нарт бий болгохыг би хүсч байна” гэж Н.Лүндэндорж дарга шүүгчидтэй уулзахдаа ярьсан. Энэ бол шүүгч, шүүхийн ажилтнуудад тавигдах шаардлага, мэргэжлийн ур чадварыг дэлхийн хөгжсөн орнуудын түвшинд аваачиж, тийм шүүхийн үйлчилгээг иргэддээ үзүүлье л гэсэн санаа.
Харамсалтай нь Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллагын дур зорго, ухвар мөчид тайлбараас болж шүүхийн шинэтгэлийн зарим үзэл санаа эхнээсээ унаад, ухраад явж байна л даа. Тэдний нэг нь ”Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно” гэсэн Үндсэн хуулийн санааг гуйвуулж, тойргийн буюу дагнасан шүүхүүдийг татан буулгасан явдал. Тухайн үеийн хууль тогтоогчид “Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх” гэдгээр анхан, давах, хяналтын шатны шүүхийг ойлгож байсан бөгөөд “шүүхийг дагнасан байдлаар байгуулж болно” гээд хуульчилчихсан. Харин манай Цэцийн нөхөд үүнийг шүүхийн тогтолцоо нь засаг захиргааны нэгждээ захирагдах ёстой гэж ойлгосон байдаг.
МУИС-ын профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор хүний хувьд Н.Лүндэндорж дарга шүүгчидтэй уулзах далимдаа “номын дуу” сонсгохоо мартдаггүй. Хууль тайлбарлах онол, арга зүйн тухай түүний лекцид дээрх жишээ тун сайн загвар болдог. Шүүгч хүн хамгийн түрүүнд хуулийг тайлбарлан хэрэглэх ур чадвартай байх ёстой. Хуулийг тайлбарлахын тулд тэнд бичигдсэн үг үсэг биш, түүний цаана оршиж байгаа зарчим, үзэл санаа, хууль тогтоогчийн санаа бодлыг таньж мэдэх ёстой. Тэгж байж хуулийг зөв хэрэглэж, тэгсний эцэст шүүгчийн шийдвэр үнэн зөв бөгөөд шударга ёсонд нийцэж гардаг гэж. Үүн дээр манай “Үндсэн хуулийн шүүх” гэгддэг Цэцийн гишүүд хамгийн түрүүнд унасан юм даа, харамсалтай...
ШЕЗ-ийн даргыг аймгийн иргэдтэй уулзах үеэр орон нутгийнхан ямартай ч шүүх, шүүгч нартаа ам сайтай байна лээ. Шүүгчид хэргийг үнэн зөв, шударга шийдэж байна, нөлөөнд автахгүй байна. Харамсалтай нь шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байна гэлцэж байна. Энэ бол шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой дарга нар, албан тушаалтнуудтай холбоотой асуудал. Ялангуяа Шийдвэр гүйцэтгэлийн албатай холбоотой гомдол, чирэгдэл хаа явсан газарт байнга дагалддаг. Үүн дээр харьяалдаг яам нь санаа тавих ёстой биз. Орон нутгийн иргэдээс лав шүүх, шүүгч нарын талаар гомдол сонссонгүй, 500-600 хүн цугласан зааланд гурван цаг суухдаа. Харин энд, нийслэлд болсон С.Зоригийн хэргийн хоёр шатны шүүх хурал “Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бууруулсан шүү” гэдэг үгийг нэг бус хүн дайлаа. Энэ мэт олон нийтийг дагуулсан дуулиантай том хэргүүд дээр шүүх бүрэлдэхүүн өөрсдөө санаачлага гаргаад, шүүх хуралдааныг аль болох иргэдэд нээлттэй, эргэлзээ үүсгэхгүй байдлаар явуулах шаардлага гарч байна гэдгийг Н.Лүндэндорж дарга ч хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр бол шүүхийн шийдвэрийг буруу, зөв гэж шүүмжлэх эрх энэ хүнд хуулиар олгогдоогүй. Харин иргэдэд бол эргэлзээ үлдсэн байна.
Шүүхийн захиргааны тухай хуулийг УИХ-аар баталсны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж доктор Н.Лүндэндоржид “ШЕЗ-ийн даргаар ажиллаач” гэдэг санал тавихад нь тэр нэг л үг хэлсэн юм гэнэ лээ. “Надад МУИС-ийн профессор гэдгээс илүү өндөр албан тушаал, алдар цол гэж байхгүй шүү. Надад энэ албан тушаал чинь хэрэггүй ээ. Харин таны хийх гэж байгаа шинэтгэлийн ажилд би хэрэгтэй бол ажиллая аа” гэж. Төрийн эрх зүй судалдаг судлаач, эрдэмтэн хүний хувьд, түүн дотор нь шүүх ч бас багтдаг, шүүхийн үйл ажиллагааны төлөөр өөрөө шүүмжлэлтэй ханддаг байсны хувьд хийх ёстой ажил нь ч мөн байсан биз.
Одоо эргээд харахад энэ хоёр хүний сайн, муугаар хэлүүлсэн хэдэн жилийн ажлын үр дүнд шүүх гэдэг айл ямар ч байсан “эзэнтэй” болсон байна. Гадна, дотнын байгууллагуудын чамгүй цаг, хөдөлмөр гаргаж хийсэн судалгаагаар “Монголын шүүхэд итгэх иргэдийн итгэл 60-70 хувьд хүрлээ. Ижил гараатай бусад орнуудаас илүү түрүүлж явна” гэх мэтчилэн эерэг үр дүнгүүд гардаг л юм билээ. Гэвч “уулын чинээ цагааныг туулайн чинээ хар” гэж үг бий... Нөгөө хоёр “гэрийн” эзэн өрх гэрээ яажшуу авч явааг иргэд хэлээд өгөх байх аа.