АГНИСТЫН ГЭГЭЭ
Цуврал-10


Хувраг ийн асуув: “Хамгаас хүчтэй нь юу вэ? Хамгаас гэрэлтэй нь юу вэ?”

Будда хариулсан нь: “Хар буруу санаагүй хүлцэл хамгаас хүчтэй. Хэдий чинээ амарлина, төдий чинээ хүчтэй болно. Хилэнцээс ангижрахын хэрээр хотол ертөнцөд хүндлэгдэнэ. Хир буртгаас салсан цэвэр сэтгэл хамгаас гэрэлтэй. Бүхнийг танин мэдсэн учир түүнийг хамгаас гэрэлтэй хэмээнэ.”

Хоёр янзын замаар амьдарч болно. Нэг нь байлдагчийн зам, нөгөө нь санъяасины зам. Амьдралтай тулалдах, эсвэл түүнтэй найрсан зохилдох. Байлдагчийн зам бол төөрөгдөл. Амьдралыг ялж дийлэхийг санаархавч эцсийн дүндээ ялагдал, сүйрэл байх болно. Амьдрал хэнийг ч сүйтгэхгүй. Гагцхүү чи өөрийнхөө тэмцэл, хүчирхийлэлд сүйрнэ. Амьдрал чиний эсрэг биш. Яаж ч эсрэг байх билээ дээ. Тэр бол чиний эх шүү дээ. Чи бол амьдралын далайгаас үүдсэн давалгаа, гэрлийн эх булгаас цацарсан туяа. Гэвч чи эх сурвалжтайгаа тулалдах юм бол өөрөө өөрийгөө сүйтгэнэ. Тулаанд улангасах тусам амьдрал чинь там болно. Хүн төрөлхтний 99,9% нь байлдагчийн замаар явдаг. Тийм болохоор ийм их зовлон шаналалд автжээ. Амьдралд хандах буруу хандлагаар та нар өөрсдөө тамыг бүтээдэг. Нэгэнтээ үүнийг ухаарч, оршихуй лугаа найрсан бүжих аваас чи санъяасин болно.

Шашинлаг хүн өөрийгөө бүхлээс тусдаа гэж боддоггүй. Тэрээр итгэл төгс амьдралд уусдаг. Амьдралд итгэхгүй өөр юунд итгэх вэ? Амьдралд өөрийгөө нээхгүй бол чи гаслант харанхуйд л оршино. Тулаан бол амар жаргалд хүрэх зам биш гэдгийг ойлгох нь хамгийн агуу ухаарал. Найрсал зохицлоос өөр үнэн мөр үгүйг ухаарсан цагт сүнсний харанхуйд үүрийн гэгээ ургана. Эргэлзээ биш, итгэл - түлхүүр. Хүчирхийлэл биш, хайр – зам мөр. Энэ ухаарал өөрөө чамайг хувиргах болно...

Зам дагуу

Зам дагуу нэгэн хувраг Буддагаас асуужээ: “Өнгөрснийг таниж, гэтлэх замд орохын тулд яах ёстой вэ?”

Будда хариу өгүүлсэн нь: “Зүрхэндээ оршиж, нэгэн үзүүрт сэтгэлийг бариваас гэтлэх замыг ухаарна. Тоосыг нь арчсан толинд дүрс тодорхой ургах мэт. Сэтгэлийн хучаасыг арилгавал урьдын амьдрал илэрхий харагдана.”

“Юу сайн, юу агуу вэ?” гэж хуврагийг асуухад Будда “Зам мөрийг дадуулах буюу үнэнийг дагах нь сайн. Зам мөртэй зохилдогч зүрх сэтгэл агуу” хэмээжээ.

Амьдралд өөрөө зорилго биш, харин зорилгыг таних боломж юм. Амьдралын утга өнгөн гадарт нь байхгүй, дотоод гүнд нь бий. Тэрээр үр хөврөлтэй адил. Үр байх нь хангалтгүй. Түүнийг задлахын тулд хичээн зүтгэх учиртай. Тэр цагт жинхэнэ зорилго биелж, мод цэцэглэнэ. Амьдрал өөрөөсөө хэтийдэх ёстой, хүн өөрөөсөө халих ёстой гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Мартах аваас амьдрал чинь утга учраа алдана. Ердийн олонх тийм утгагүй амьдралаар амьдардаг. Тэд амьдралд хэт уягдсанаас болж, илүү гүнзгий, илүү дээдэд хүрэх боломжийг огоордог. Сургуульд орчихоод төгсөхөө мартан улирч суух шиг. Амьдрал бол сургууль гэж Дорно дахинд хэлдэг. Чамайг илүү дээд төвшинд хүргэх бэлтгэл гэсэн үг. Бэлтгэл чинь төгсгөлгүй үргэлжлэх юм бол улиг ядаргаа болно. Олон хүн амьдралыг зорилго болгож явдаг. Тэд аялалд бэлдээд байхаас хэзээ ч замд гардаггүй. Тэдний амьдрал уйтгар гунигаар дүүрэн байхаас аргагүй. Амьдралд өөрт нь буруу байхгүй. Та нар л өөрсдөө амьдралыг утгагүй болгодог. Утга учир бий, гэхдээ амьдралын чанадад бий. Түүнийг нээхийн тулд дотоод цөм рүү нь нэвтрэх ёстой.

Амьдралын өнгөн гадарт оршихыг Будда ‘сансрын хүрд’ гэж нэрлэдэг. Хүрд гэдэг үгийн утгыг сайтар ойлгох хэрэгтэй. Хүрд эргэхийг харсан биз. Хэчнээн эргэвч гол бул үл хөдөлнө. Зөвхөн хүрдийг харах аваас чи түр зуурын үзэгдлийг харна. Голыг нь харах аваас өнө мөнх рүү нэвтэрнэ. Өнө мөнхийг танихаас нааш чиний амьдрал нэгэн хэвийн давтлага байна. Сансрын хүрдэнд өөрийгөө ахин дахин давтах тусам уйтгар гунигт автаж, цог заль чинь бүүдийж, сэрэмж сэхээ чинь мохож, зүгээр нэг механик юм болж хувирдаг. Эргэн тойрон буй хүмүүсийг хар. Тэд робот аятай нэгэн хэвийн загварчилсан амьдралаар өдөр, шөнийг элээнэм. Тэдний нүдэнд амьдралын оч гэрэл үгүй. Энэ тойргийг сансар гэдэг бол түүнээс гэтлэхийг нирваан гэдэг.

Уг судар руу орохын өмнө бид хэдэн зүйлийг ойлгох хэрэгтэй. Амьдрал бол илбийн наадам. Энгүүн цайлган хүлээж авах юм бол энэ наадам чамд олон нууцыг илчилнэ. Нэгэн цагт чи бар байсан бол өөр нэг цагт чулуу байсан. Заримдаа мод болон ургаж, заримдаа хүн болон алхаж, заримдаа хорхой болон мөлхөж явсан. Нэг тоглоомоос нөгөө тоглоомд шилжиж, хувьслын бүхий л хэлбэрт орж, туршсан. Мод болж байж л модоор дамжин хүртэх ертөнцийг мэднэ. Модонд өөрийн сэрэхүй бий. Тэнгэрт үүл гарч, солонго татахыг мод мэдэрдэг. Салхи сэвшиж, бороо зүсэрч, шувууд жиргэхийг мод сонсдог. Амьдралыг тэр өөрийнхөөрөө таньдаг. Тэгвэл баранд ч бас өвөрмөц хүртэхүй бий. Шоргоолж бас өөрийн тоглоомыг тоглодог. Сая сая тоглоом... Тэр бүгд сургуулийн анги тэнхим юм. Хүн бол түүний дээд дэс. Амьдралын бүх ангийг дүүргэж, хүний бүх хичээлийг гүйцээж гэмээ нь чи амьдралын гол цөм рүү орох боломжтой болно. Тэр бол Бурхан буюу Нирваан. Бурханд хүрэхийн тулд л тэр бүх ангийг дамжин суралцаж буй. Оршихуйн замаас өөр суралцах зам байхгүй. Гэвч нэг ангиас нөгөө анги руу тэнэг дүйнгэ, үлгэн салган байдлаар явах юм бол амьдралын их сургуульд суралцахын утга үгүй болно.

Хүний төрөлд төрчихөөд олонх нь Бурханыг таниж чаддагүйн учир энэ. Хүн байх, шашинлаг байх хоёрын утга санаа ижил байх учиртай. Даанч цөөхөн хүн шашинлаг болдог. ‘Шашинлаг’ гэдгээр би ням гараг бүрт сүм рүү явдаг хүнийг хэлээгүй. Хиндү, Лал, Христ, Буддын шүтлэгтнийг хэлээгүй. Аливаа нэг шашны бүлгэмд хамаарагчийг хэлээгүй. ‘Шашинлаг’ гэдгээр би амьдралын гол мөрөн зүг зүгээс чанадын их далай, Бурханы оршихуй руу урсдагийг сэрж мэдсэн хүнийг хэлж байгаа юм. Тэрээр ямар ч шашинтан байж болно, бас ямар ч шашинд хамаардаггүй байж болно. Гэхдээ тэр Бурханд хамаардаг. ‘Бурхан’ гэж хэлэхдээ би чанадын утгаар хэлдэг. Түүнд ойртон ойртсоор байх боловч үргэлж чиний урд байна. Бурхан бол үнэмлэхүй зорилго, эцсийн цэг – омега. Хэчнээн ойртовч түүнийг эзэмдэж чадахгүй. Гагцхүү уусан хайлж болно. Түүнийг танихын хэрээр илүү их нууц хүлээж буйг мэдэрнэ. Бурханыг таних тусмаа хүн даруу болдгийн учир энэ. Үгээр илэрхийлшгүй үлэмжийн чанар, үл шавхагдах тэрхүү эх сурвалжийг би ‘Бурхан’ гэж хэлнэ. Түүнийг мэдрэх нь шашинлаг байхын утга.

НЭПКО хэвлэлийн газар