Даян дэлхийн энх тайвны байдлыг шалгаруулдаг Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгийн (Institute for Economics and Peace) тайланг уншаад айх гайхах зэрэгцлээ. Австралийн бизнесч Стив Киллелеа (Steve Killelea) гэдэг хүн ийм санаа гарган 2007 оноос ийм рейтинг тогтоож ирсэн ба сүүлийн 10 орчим жилээр шувтан судлаад үзэхэд зөвхөн Ботсван, Чили, Коста-Рикa, Япон, Маврик, Панам, Катар, Швейцарь, Уругвай, Вьетнам л мөргөлдөөнөөс ангид байж чадсан, ийм улс даан ч цөөхүүлээ байна гэх дүгнэлт тэр хүрээлэнгийн эрдэмтэд хийжээ.

Монгол маань хаачив. Элдэв мөргөлдөөнгүй, хамгийн тайван улс хэмээн ойлгож явсансан. “2008.07.01” хар толбо болж дүгнэгдэв үү? Эсвэл гэмт хэрэг, хэрэг зөрчил, ядуурал, ажилгүйдэл нь нөлөөлөв үү? 2014 оны дүнгээр жагсаахад Монгол нь 42-т, өмнөө Өмнөд Солонгосыг, ардаа Уругвайг оруулсан байв. Харин өнгөрсөн 2015 оны илтгэл интернэтэд бүрэн тавигдаагүй байгаа тул “40” хавьд гээд таачихвал яадаг бол? Монголыг бүдэг ногооноор атлас дээр тэмдэглэсэн нь энх тайванч байдал нь дээгүүрт гэсэн үг. Бүр дээгүүр буюу найдвартай гэдэг нь тусдаа, хамгийн энх тайванч улс гэсэн тодотголтой 10 улс нь Исланд, Дани, Австри, Шинэ Зеланд, Португал, Чех, Швейцарь, Канад, Япон, Словен гэнэ. Эдний дараагийн эгнээнд бид багтана. Манай хойд хөрш Орос нь улаанаар буюу энх тайвны байдал хамгийн дор муу, өмнөд хөрш Хятад нь шараар буюу энх тайвныг дунд зэрэг сахигч хэмээн тэмдэглэгджээ.

Ази-Номхон далайн бүс нутагт энх тайвныг хэр сахиж байнав гэдгээр хамгийн энх тайванч нь Шинэ Зеланд, залгаад Япон, гуравт Австрали, Сингапур, Малайз, Тайвань, Лаос, Өмнөд Солонгос, Монгол (гэхдээ хасах тэмдэгтэй), Индонез, Вьетнам, Тимор-Леште, Папуа Шинэ Гвиней, Камбож, Хятад, Тайланд, Мъянмар, Филиппин, Хойд Солонгос гэсэн хүснэгт 2015 оны илтгэлд явж байсан.

2010 онд зэвсэгт мөргөлдөөн дэлхийд 31 өрнөсөн бол энэ үзүүлэлт 2014 онд 40, түүнээс хойш ямагт өсөх хандлагатай байна. Ялангуяа хохирсон, хэлмэгдсэн хүний тоо ямагт өсч 2015 онд сүүлчийн 25 жилийнхээ оргил үед хүрчээ. Энэ 2016 оны дүнг 2017 оны дунду үед гаргахад ийм өсөлт хадгалагдах болно хэмээн энх тайвны институт анхааруулж байна.

Мөргөлдөхөд хүргэдэг 23 хүчин зүйл гэдгийг Global Peace Index тооцдог. Энэ нь дотоодод үйлдэгддэг хүчирхийлэл, гэмт хэргээс авахуулаад гадаад харилцааны таагүй байдал, цэргийн зардлын өсөлт бүгд орно. Тухайлбал дотоод, гадаадын дайнууд, гадаад дайнд үрэгдэгсэд, дотоодын дайнд үрэгдэгсэд, дотоод дахь зохион байгуулалттай мөргөлдөөн, хөрш орнуудтайгаа тогтоосон харилцаа, иргэдийн хоорондын үл итгэлцэл, хүн амд ногдох дүрвэгсдийн тооны харьцаа, улс төрийн тогтворгүй байдал, хүний эрхийг сахидаг байдал, террорист халдлага үйлдэгдэх магадлал, хүний амь нас хөнөөсөн тоо баримт, хүнд ноцтой гэмт хэргийн түвшин, жагсаал цуглаанаас үймээн болж даамжрах магадлал, хоригдлын тоо, цагдаа, аюулгүйн албаны ажилтны тоо, ДНБ-д цэргийн зардлын эзлэх хувь, цэргийн албан хаагчийн тоо, ердийн зэвсэгийн импорт, ердийн зэвсэгийн экспорт, НҮБ-ын цэргийн бүрэлдэхүүнд оролцдог эсэх, НҮБ-аас гадуурхи цэргийн бүрэлдэхүүнд цэргээ оролцуулдаг эсэх (НАТО, Африкий Холбоо, Европын Холбооны цэрэг гэх мэт), хүнд зэвсгийн тоо, буудлагын зэвсэг болон хөнгөн калибрын зэвсгийн олдоц, арми ба шинэчлэгдсэн зэвсэгт хүчний боломж гэх мэт жагсаж байна. Мөн зэвсэгт мөргөлдөөнтэй, мөргөлдөөнгүй, түүний хэмжээ далайц, дүрвэгсдийн эзлэх хувь, улс орны дотоод дүрвэлт, нүүлгэн шилжүүлэлтийг нарийвчлан авч үзнэ. Үнэлгээг 1-ээс 5 хүртэл цифрээр илэрхийлнэ.



Global Peace Index-д Оросыг энх тайвныг үл сахигч улс гэсэн нь сэтгэл сэрдхийм гэсэн гарчгийг илтгэх мэт. Рейтингээр дэлхийн 162 улс энх тайванчаасаа энх тайвныг үл сахигч хүртлэх шалгуураар жагсахад эхэнд нь Исланд манлайлж, адагт нь Сири сүүл мушгихад 152-т Орос, ард нь Украин, өмнө нь Хойд Солонгос бичигджээ. Сиритэй зэрэгцээд хамгийн адгийн байруудыг Ирак, Афганистан баараггүй эзлэх ба хамгийн аюул дагуулсан улс нь энэ гуравтай зэрэгцээд Өмнөд Судан, Төв Африкийн БНУ, Сомали, Судан, Ардчилсан Конго, Пакистан юм байна. Араасаа урагшаа гэж тооцвол Украин, Орос, БНАСАУ гээд нэрлэгдэнэ. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад хамаарах ОХУ, Афганистан, Пакистан гээд гурван ч улс энд дурдагдлаа. Сири ШХАБ-д элсэх чин хүсэлтэй.

Сири бол ойлгомжтой. Иргэний дайн, “Лалын улс” бүлэглэлийн хорлон сүйтгэл, тэгээд бүр нутаг дэвсгэрийнх нь үлэмж хэсгийг хянаж байсан, байгаа гэдгээр, ер нь лалын хэт даврах, жихадын хөлд нэрвэгдсэн, шууд бусаар татагдан орсон гэдгээр дээр БНАСАУ-ыг эс тооцвол бусад нь бүгд нэрлэгдэнэ.

Хамгийн их цэрэгжсэн улсаар Израиль, Хойд Солонгос, Орос, АНУ гэж нэрлэжээ. Global Peace Index-ийн үзэж байгаагаар даян дэлхий хамгийн аюултай үедээ яваа ба сүүлийн 25 жилээр тооцвол 2015 он нь зэвсэгт мөргөлдөөн террорист атакууд тооны хувьд яг зэрэгцэж, өсөлтөөрөө энэ 25 жилдээ толгой цохихоор болжээ. Хойшдоо энэ рекордоо нэг хэсэгтээ хадгална.

Оросын хувьд өрнөдтэй геополитикийн өрсөлдөөнд хэт татагдаж, тэгснээрээ бүс нутгийн элдэв мөргөлдөөнд оролцож, тэр нь шатлан өргөжиж, тэр хандлага нь буурах төлөвгүй хэмээн дүгнэсэн байх юм. Оросын хувьд гол бэрхшээл нь 1) хөршүүдтэйгээ таагүй харилцаатай; 2) цөмийн зэвсгийн их нөөцтэй; 3) зэвсгийн экспорт эрчимтэй хийж байгаа гурван “проблем” тэмдэглэгдэнэ. Тэр утгаар түрэмгийллийн сэтгэхүй Орост хөшиж тогтсон хэвээр, түүнийг дагалдан улс төрийн хэлмэгдүүлэлт үйлдэх, хүчний байгууллагын хэт илүүдэл, террорист халдлага үйлдэгдэх магадлал өндөр байна гэжээ. Global Peace-ийн рейтингийн судалгаагаар Оросын нэр хүнд ямагт унаж яваа юм байна. Орос нь 2008 онд араасаа 131-т бичигдэж байснаа жилийн дараа нь 7 үзүүлэлтээр унаж, дахиад жил өнгөрөхөд 142-т бичигдэж доошилжээ. Тэгснээ ухарсаар 2011 онд 148-т, 2012 онд 152 дээр буужээ.

Оростой мөргөлдөөд авсан Украины рейтинг бас тааруухан байна. Бөгснөөсөө 12 дугаарт өнгөрсөн онд бичигджээ. Гэхдээ муу тал руугаа уруудаж яваа гэх тодотголтой. Дорнод Украины үйл явдлыг Global Peace Index-ээс гадаадын түрэмгийлэл гэж үздэг юм байна.

Украинд буудлагын зэвсгийн олдоц хэт задгайрсан, дотоодыг хямрал эрчээ алдахгүй байгаагаас гэмт хэрэг, терроризм өссөн аж. Энэ байдлаараа энэ улс мөд өөдлөхгүй гэнэ.

Global Peace Index-ийн бүр ноцтой дүгнэлт байна. Сүүлийн 60 жилээр аваад үзвэл дүрвэгсдийн тоо чинээндээ тулсан, мөн терроризм нь бүр рекорд түвшиндээ хүрсэн гэжээ. Дэлхийн улс орнуудын цөөхөн хувьд нь буюу 69 улсад л террорист халдлага үйлдэгдээгүй, өмнөх онтой нь харьцуулахад терроризмын золиос болж алагдсан хүн 80 хувиар өссөн гэх аймшигт мэдээ илтгэлд оржээ. Эдүгээ даян дэлхийд террорист халдлагын аюулын өсөлт урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд байна. Тайван ба тайван бус улс орнууд улам бүр зааглагдах болжээ. Тайван нь амгалан тайван байдлаа сайжруулсаар байгаа бол тайван бус нь улам дорджээ.

Үүнд маш аюултай бүс нутгуудыг нэрлэж байна. Умард Африк, Ойрхи Дорнод шууд нэрлэгдэв. Аюулгүй, энх тайванч бүс нутаг гэвэл Европыг нэрлэнэ. “Аюулгүй, энх тайванч” хэмээгдэх Европт мөргөлдөөний ноцтой голомт Украинд буй болж, тэр нь царцаагдан, мөддөө шийдвэрлэгдэхгүй болсонд Global Peace Index нэн сэтгэл түгшжээ.

Даян дэлхийд энх тайвныг тогтооно хэмээх их үүрэг хүлээсэн АНУ өмнөөсөө ба араасаа яг тэхий дунд нь бичигджээ. Энэ улс рейтингээрээ 94-т, харин Америк тивд нь Канад аюул дагуулахгүй хамгийн тайван улсад, өмнө хөрш Мексик нь аюулгүй байдал бүр дор биш гэдэгт, Колумб, Венесуэл нь мөн ийм ангилалд, Бразил ба түүний ойр орчмын хөршүүд, Төв Америкийн зарим улс нь АНУ-тай ижил ангилалд, тэднээс Аргентин, Чили, Коста-Рик, Уругвай нь Монголтой нэг бүлэгт бүртгэгдсэн байна.

Хэрэв уншигчдад сонин байгаа бол цаашаа independent.co.uk/news/global-peace-index-2016; medium.com/@GlobPeaceIndex/2016 гэх сайтууд руу орж мэдээлэл авна уу!