Сунгаа: Догь шоу
“Дуу хуурын өлгий Дундговь” аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр”-т АН-ын даргыг сонгох сунгааны 10 дахь уулзалт 2016.01.04-нд боллоо. Цагтаа эхлээгүй ч 350 суудалтай танхим пиг дүүрэв. Нэр дэвшигчид удалгүй цувран ирсний дотор “Алтан гадас” фракцийн загалмайлсан эцэг Р.Гончигдорж харагдана
Дуутай бүжигтэй нээлт
“Дуу хуурын өлгий Дундговь” аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр”-т АН-ын даргыг сонгох сунгааны 10 дахь уулзалт 2016.01.04-нд боллоо. Цагтаа эхлээгүй ч 350 суудалтай танхим пиг дүүрэв. Нэр дэвшигчид удалгүй цувран ирсний дотор “Алтан гадас” фракцийн загалмайлсан эцэг Р.Гончигдорж харагдана. Түүний энд яваа шалтгааныг хурал даргалагч “Хөндлөнгийн ажиглагч” хэмээн тайлбарласан юм. Ямартаа ч нэр дэвшигч Н.Алтанхуягийн дэргэд суулаа. Энэ зуур эшиглэж байсан “Ирээдүй өнөөдрөөс эхлэнэ” “Хонхны дуу”-аар солигдоход АН-ын туг барьсан залуус дуулж бүжиглэн, төгсгөлд нь танхимыг тойрон тугаа далласнаар өндөрлөв. Сунгааны уулзалт анх удаа урлагийн тоглолтоор эхлэж буй нь энэ аж. (Эхний өгүүлбэрийг дахин уншина уу)
Дундговийнхноос бүрдсэн баг
Танхимд дундговийнхон, тэр дундаа Дундговийн АН-ын гишүүд цугласан. Гэхдээ уулзалт ярилцлагын явцад сунгааныхан ямар нэг сэжмээр энэ аймагтай холбоотой болоод ирлээ. Нэр дэвшигч С.Эрдэнэ “Дундговийн хүргэн. Ж.Наранцацралттай хамгийн ойр дотно явсан. Нийслэлийн иргэдийн хуралд цөөнхийн бүлгийн дарга байхдаа Ж.Наранцацралтыг Нийслэлийн Засаг даргаар томилуулсан”-аа сануулав. Асуулт хариултын үед Д.Эрдэнэбат “Миний аав Дундговийн Дэлгэрхангай уулын хүн” гэлээ. Лу.Гантөмөр “Миний эцэг «Говийн хүн голдоо нартай» гэж сургасан” хэмээн говиос угшилтайгаа ойлгуулаад “Д.Эрдэнэбат дарга бид хоёр хамаатан байж ч мэднэ” гэж хошигнон бүр ч дөхөв. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ. Хурал даргалагч С.Эрдэнэболд “Би Дундговь аймгийн шүүхийн анхны даргын жич хүү” гэхэд “нутгийнхан” нь баярласан сэтгэлээ алга ташилтаар илэрхийллээ. Нөхцөл байдлыг мэдэрсэн Н.Алтанхуяг “1991 онд Ардчилсан хөдөлгөөний ажлаар Дундговьд ирсэн”-ээ дурсахаас аргагүй болсон юмдаг.
Эвгүй талцал
“Алтан нутгийнхан” үргэлж найрсаг загнаагүй ээ. Өрсөлдөж яваа улс өвөр түрийдээ орох ч гэж юу билээ. Цол гуншингаа дуудуулан тайзнаа гарч “эв эе”-ийн чухлыг тунхаглаад л үгэн дотроо үг хавчуулна. Ингэхдээ биесээ ямар нэг бүлэгт хамаатуулна. Тоймловол: “Өвгөн партизан” ба залуу үе, сонгуульд ялсан ба ялагдсан, ямар нэг бүлэглэлд багтдаг ба эс багтдаг гэх мэт. Ж.Батзандан “Зарим ах нар фракцийг татан буулгаж яах юм гэдэг. Аймаг, сум, дүүргийн намууд нэг хүний мэдэлд орчихож. Манай нам хувьчлагдсан байна. Одоо намаа тэр нөхдийн гараас салгая” гэсний хариуд С.Эрдэнэ “Батзанданд «Битгий намаа муулаад бай» гэж хэлдэг. Энэ хүн намаас хоёр удаа гарсан. 2008 онд шоронд ордгийнхоо даваан дээр «Ах аа, намайг авраарай» гэсээр надаас батлах авсан. Гудамжны популист орж ирээд АН-ыг самрахыг зөвшөөрөхгүй” гэлээ. Сунгааны дүрэм нэр цохон гоочлохгүй гэдэг заалттай ч С.Эрдэнэд огт падлийгүй бололтой. Ж.Батзандангийн “АН-ыг нээлттэй болгож иргэний нийгмийн байгууллагуудыг таслах эрхтэй оруулж ирэх” шинэчлэл түүнийг бүр ч уурлуулжээ. “Энэ намыг гудамжны баахан юмаар дүүргэх нь. Удахгүй Г.Уянга нь орж ирэх юм байна. Тэгээд «Босоо Ганбаа» нь бас орж ирэх үү, тээ..?” Ийм галыг Н.Алтанхуяг овжин ашиглаж боорцгоо хайран хувиа борлуулна. “Би энд байгаа С.Эрдэнэ, Лу.Гантөмөр, Д.Эрдэнэбат нартай ажилласан. Ж.Батзандан бид хоёр сүүлийн үед нам дамнасан бүлэглэлтэй үзэж тарж байгаа. Би эдний эвийг олдог байхгүй юу...” Д.Эрдэнэбат залуу үеэ сулхан чимхэнэ. Харин Лу.Гантөмөр рүү хүн давшилсангүй, өөрөө ч дайрсангүй.
Ёрын таван сум
Хэдий З.Энхболд “Эв эеийг хичээхийн бэлгэдэл” багцалсан таван сум өгсөн ч нэр дэвшигчид байтугай АН-ын гишүүд санал өгөхийн тулд тав хуваагдаж л таарна. Танхимд цугласан 350 хүн хэдийнэ “манай танай” болчихсон байлаа. Аймгийн намын байрны үүд хавиар хүснэгт барьсан хүмүүс бүртгэл хийсэн. Мөн “тус тусын гишүүн” рүүгээ утсаар ярин регистрийн дугаар авч эчнээ бүртгэх нь ч харагдсан. Надтай хамт Улаанбаатараас гарсан зорчигчид дунд “Ж.Батзандангийн фракцад бүртгүүлэх даалгавартай” нэг эр явсан билээ. Ямартаа ч санал авахад орон нутгийн холбоо сүлбээ маш чухал. Дундговийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ч.Баяраагийн хүсэлтээр С.Эрдэнийн зоогт зориулсан тарвагыг янзалсан залуутай таарсан. Д.Эрдэнэбат, Лу.Гантөмөр нар энэ мэт үзэгдэл байгааг индэр дээрээс хэлж байна билээ. Харин 180 мянган гишүүн нь өнөөдөр 18 мянга орчим болсныг Ж.Батзандан “гомдсон” мэтээр ярьсан нь дэгсдүүлэл. Үнэндээ АН гишүүдээ анх удаа яс бүртгэж байгаа нь энэ. Сунгааны төгсгөл рүү нэр дэвшигчид хэн нь хэнийгээ яаж гутаан доромжлох талаар бүгд дор бүрнээ хувийн таамагтай. Одоогоор С.Эрдэнийг идэж уусан гэж, Лу.Гантөмөрийг эргүү тэнэг гэж сошл орчинд муулж байгаа аж. Хурал даргалагч С.Эрдэнэболд “Үүнийг сөрөг хүчин, бүр гадаад орноос ч хийж байж мэднэ. Энэ үгэнд итгэх хүн гарахгүй гэдэгт итгэлтэй байна” гэв. Харин миний толгойд “Яваандаа нэр дэвшигчид нэгнийхээ хавирган завсар өнөө сумнаасаа хавчуулах нь дээ” гэдэг адын бодол оров.
Дөрвөн хожгор нэг можгор
Нэр дэвшигчдийн дөрөв нь мөрийн хөтөлбөрөө хэвлүүлэн тараав. Н.Алтанхуяг “Би ингээд алаад өгнө гэж ярихгүй” гэснээ Шинэчлэлийн Засгийн газар Дундговьд юу юу хийснийг тоочоод “Хээрийн боохойтой нийлсэн хотны нохой”-д бариулснаа сануулав. “Шинэ дээл өмслөө гээд шинэ харагдахгүй” гэдгээр намын шинэчлэлийг тодорхойлж байна. Түүнээс нэрээ татах уу гэж асуухад “Ёстой үгүй” гэв. Ээж нь “Санаатай явж бай, салаа нүх ухаж бай” хэмээн сургасныг Н.Алтанхуяг дагаж яваа бололтой. АТГ-д ураг төрлөөрөө ээрэгдэж суугаа хүнд өөр нүх байх уу?!? Ж.Батзандан өөрийн ээлжиндээ уран илтгэгчээ харуулсан. Түүний нам дамнасан бүлэглэл, фракцаас АН-ыг салгах шинэчлэлийн санаа нижигнэсэн алга ташилт дор өндөрлөв. Намын шинэ дарга болно гэдэг итгэлтэй явсан Д.Эрдэнэбат огт “гомдоогүйгээ” аятайхан ойлгуулаад “АН-ын шинэчлэл гэхээсээ гишүүдээ идэвхжүүлэх, алдаа дутагдлаа дүгнэх, цаашид хэрхэн ажиллахаа ярилцах ёстой” гэж байна. Ардчиллын алтан хараацай С.Эрдэнэ 26 жилийн хичээл зүтгэлээр Монгол Улс өдий зэрэгтэй явааг цохон тэмдэглэв. Харин шинэчлэлд “Бүх аймаг, дүүрэгт баг бүрдүүлнэ. Тэр багт ажиллах хүмүүс хүч хөдөлмөрөө зар, мөнгөө зар, 2020 онд хамт ялалт байгуул. Тэгээд албан тушаалд оч” хэмээн прагматик хандав. Лу.Гантөмөр ерэн онд дарга нарын улсыг татан буулгасан ч 26 жилийн дараа эргээд дарга нарын улс болсныг ярилаа. Гэтэл дарга нар нь асуудал шийдэж чадахгүй байгааг ҮЗХ-ныхоо хурлаар жишээ татан тайлбарлав. Тиймээс “Намаа гишүүдийн нам болгоё, бодлогын нам болгоё” гэсэн нь Лу.Гантөмөрийн шинэчлэл хийх гол арга зам ажээ.
Гишүүдийн хүсэлт ба захиас
Уулзалтаас өмнө хэний төлөө саналаа өгөхөө “мэдчихсэн” гишүүдээс бусад нь үгээ хэлсэн гэхэд болно. Тэд нэр дэвшигчдэд ерөөл өргөхийн сацуу сануулга ч өгсөн. Сайнцагаан сум Ш.Энхбат “Үзэл бодлоороо саналаа өгөхөд минь туслаарай. Хэн нэгэн хүн рүү утасдаж таваг хоол, тал шил архи, таван төгрөг гаргахыг битгий бодоорой”. Сайнцагаан сум н.Цэнджав “Ерэн онд ард түмэн маань ардчилагдсан, харин сүүлийн үед АН-ын удирдлага ерөөсөө ардчилагдаагүй”. Өлзийт сум н.Баатарсүх “Гурав нь хуучин дарга юм байна. Ж.Батзандан, Лу.Гантөмөр хоёрыг шинэчлэх гэж байгаа хүн юм байна гэж бодлоо”. Говь Угтаал сум н.Ариунаа “Энд суугаа хүмүүстээ хэлье. 1 200-г чинь төлье, ийм фракцийг дэмж гэж яригдаад эхэлсэн. Үүнийг битгий тоо. Энэ удаа намын даргыг өөрсдийнхөө эрх ашгийг харж л сонгоё гэж уриалъя” гэх мэт... Энэ сунгаа хэдий хэл ам, хэрүүл тэмцэлтэй яваа ч хэдэн хүн нударган дотроо наймаалцдаг байсан даргын суудлыг гишүүдийнхээ нүдэн дээр гаргаж ирлээ. Хүний өөрийн гэлтгүй үзэхэд уйдамгүй “догь шоу” байна билээ.
Зочин
Зочин
Зочин
Иргэн
BAATAR
BAATAR
AN gishvvn
Зочин
Батый
Батый
Зочин
Зочин
Зочин
Нийтлэлч Батбаярт
Нийтлэлч Батбаярт
Нийтлэлч Батбаярт
Zochin
Ардчилсан нам
zochin
хөгжил