– Шавж сэтгэлтэй болов уу?
1–р ангийн хүүхэд гайхан асууна.
– Чи юу гэж бодож байна?
гээд буцааж асуувал
– Сэтгэлтэй байхаа. Хаашаа явмаар байгаагаа,юу идмээр байгаагаа боддог юм чинь, сэтгэлтэй л байж таараа...

Шавжны ертөнц гэдэг дэндүү туйлширсан ертөнц гэмээр. Тиймдээ ч тэнд сэтгэл байдаг гэж тун бодомгүй. "Боддог", "эргэлздэг" дундаас л сэтгэл гээч юм мэдрэгддэг шүү дээ. Харин шавжны ертөнцөд огтоос эргэлзсэн төлөв ажиглагдахгүй. Жишээ нь, эрэгчин цөгөрцөг орооны үедээ эмэгчиндээ хээв нэг идүүлж орхино.



Учир нь цөгөрцөг нь хөдөлж байгаа зүйлийг "хоол" гэж үзэх тул, дээр нь хөдлөх эрэгчинг хоолтойгоо андуурчихдаг хэрэг. Андуурах ч юу байх вэ, үнэхээр ч тэр нь хоол болно л доо. 10 эрэгчин тутмын 8 нь тийнхүү үр хүүхдийнхээ тэжээл болдог юм гэнэ. Шувууны хоол болж байхаар, хүүхдийнхээ хоол болсон нь нээрээ ч дээр байж мэдэх юм.

Гэвч хүний нүдээр үүнийг тунгаавал, "баатарлаг эр" гэхээсээ илүү "бусармаг эм" гэдэг тал нь илүүтэй анхаарал татах биз.

Хэрвээ үнэхээр өлсгөлөн нүүрлэж зовлон нөмөрсөн цаг ирж, эр хүн зорьмог шийдвэр гарган
– Алив, миний махыг идэцгээ
гэсэн бол, тэр нөхөр бурхан болон тахигдах биз.

Тэгтэл цөхөрцөгийн эрэгчин нь "ямар ч эргэлзээгүй" зүгээр явж очоод идэш болчихдог юм байна. Тийм ч учраас тэндээс ямар ч сэтгэл ханхлахгүй, уянгын
халил ч амтлагдахгүй.

Чихүүр хорхой (earwig) хэмээх өөр нэг шавжны хувьд, авгалдайнууд өндөгнөөсөө хагармагц шууд эхийгээ барьж иддэг гэнэ.



Эхийн амь шууд хүүхэддээ уураг болон хандивлагддаг хэрэг. Чихүүр хорхойн хувьд ч бас "эргэлзэж" эсэргүйцэх зүйлгүйгээр өөрийгөө золигт гаргах нь, бас л тэнд сэтгэл байхгүйг илтгэнэ.

"Сэтгэл" гэдэг, "эргэлзэх (процесс)" дунд л илүүтэй хэлбэржиж харагдах аж. Харин тэр "эргэлзээ" нь нэгэн цагт "дүгнэлтэнд" хүрчихвэл, анхнаасаа юу ч байгаагүй юм шиг л тэндээс сэтгэл үнэртэхээ болино. Хичнээн, үр хүүхдийнхээ төлөө амиа зольсон ч бай...

Гэвч үнэндээ "зөвхөн дүгнэлт" харах нь хамаг будлианы эх юм. Учир нь ямар ч дүгнэлтийн ард тэр хүртлэх гаргалгаа гэж юм бий.

Аливаа зүйлийн цаад өрнөлийг мэдэх мэдэхгүйн хооронд, түүнийг харах өнцөг тэнгэр газар шиг зөрөөтэй. Өөрийнхөө тарьсан төмсийг хараад өөрийн эрхгүй
хөөрч, нүдэндээ нулимстай амтархан идэх нь холгүй байдаг бол, дэлгүүрийн лангуу дээрх төмсийг хараад онцын юу ч бодогддоггүйтэй л ижил юм.

Шавжны ертөнцийн "дүгнэлтүүд" ч бас түүхийн урт өрнөлийн алдаа онооны бүтээл гэдэг нь мэдээж боловч, хүн тэр өрнөлийг мэдье гэж бодохыг ч үл хүснэ.

"Сэтгэл" гэдэг, өөр үгээр хэлбэл хайр юм. Тэд бол нэг л зүйл. Цөгөрцөг, чихүүр хорхойн үйлдэл бол хүний ярьдаг тэрхүү "хариу нэхдэггүй хайр" мөнөөсөө мөн. Хүн одоохондоо илэрхийлж үл чадах "хольцгүй цэвэр хайр". Тиймдээ ч хүмүүс өөрт байхгүйн учир шавжны үйлдэлийг "харгис" гэлцэж, өөртөө байгаагаа "хайр" гэж тооцно.

Гэвч мөн чанартаа бол, шавж гэдэг чинь өөрөө тэрхүү "хайр", харин хүн бол одоохондоо ердөө л хайр тийш эргэлзэн буй процесс юм.

"Сэтгэл" гэдэг бас мэдлэг оюун юм. Тэгж орлуулаад онцын зөрүү гарахгүй. Зарим шоргоолж навчыг исэлдүүлж, түүний бактериар тэжээл хийдэг. Энэ бол туйлын оюунлаг үйл хэрэг боловч, шоргоолжийг мэдлэг оюунтай гэж хэн ч үл бодно. Учир нь мэдлэг оюуны эх ундрага байх учиртай тархи түүнд байдаггүй. Тархи байхгүй бол бодож чадахгүй. Бодож чадахгүй учраас оюунлаг байх боломжгүй.

Гэвч үнэндээ бол, бодолгүй үйлддэг шоргоолж гэдэг чинь өөрөө тэр "мэдлэг оюун", харин хүн бол одоохондоо ердөө л түүний хойноос нэхэн сэтгэх процесс юм. Зорилгодоо нэгэнт хүрчихвэл, тэндээс "хайр" болон "мэдлэг оюун"–ыг мэдрэхээ больдог нь хүний мэдрэмж дээрх нийтлэг зөрчил гэлтэй. Эргэлзэн буйгаас л "хайр"–ыг мэдэрч, сэтгэн буйгаас л "ухаан"–ыг мэдэрдэг бидний нийтлэг төөрөгдөл. Тэгээд, түүнээсээ болж эргэлзэж зоволгүй шийдвэр гаргадаг нэгнээ "сэтгэлгүй хүйтэн" мэтээр жигшиж, бодохоос илүү хийхийг чухалчлах нэгнээ "мунхаг" гэж үл ойшоох нь бий.

Шавжны ертөнцийг мэдэх тусам, хүн юу ч мэдэхгүйгээ ухаарна. Даанч, том болох тусмаа мэдэхгүй болохоо ч мартаж орхино. Том хүн шавжийг сэтгэлтэй гэж бодохгүй. Харин хүүхдүүд шавжнаас "сэтгэл" олж харна.

Амьдрал үзэх тусам бодит ертөнцөөс хөндийрчихдөг хэрэг үү? Эсвэл, үнэнд ойртсоны шинж юм болов уу?

Та өөрийгөө сэтгэлтэй болохоо баталж чадах уу?