МУ-н Ерөнхийдээ сайд
Манай ерөнхий сайдууд ямар нэг донтой явж иржээ. Жишээлэхэд, ардын засгийн анхны ерөнхий сайд нь авгайчуудын гэзэг хайчлах дуртай хүн байсан гэдэг. Бас, нүх рүү шагайчихаад л “гэрэл харагдаж байна” гэж зүтгэдэг, сул газар л харагдвал мориор сольдог ерөнхий сайдуудтай байв.
-фельетон-
Манай ерөнхий сайдууд ямар нэг донтой явж иржээ. Жишээлэхэд, ардын засгийн анхны ерөнхий сайд нь авгайчуудын гэзэг хайчлах дуртай хүн байсан гэдэг. Бас, нүх рүү шагайчихаад л “гэрэл харагдаж байна” гэж зүтгэдэг, сул газар л харагдвал мориор сольдог ерөнхий сайдуудтай байв. Түүнчлэн хувийнхаа мөнгөнд аймаар харамч боловч улсын мөнгийг нэг нүдээрээ үздэггүй, хаа олдсон газарт нь тарааж өгдөг ерөнхий сайд ч таарч байлаа.
Дээхнэ үед “нэгийн дон” туссан нэг сайхан хархүү(шар хүү гээгүй болохыг анзаарна уу) манай ерөнхий сайд байв. Яагаав нөгөө, бүх шалгаруулалтын нэгдүгээр байрт орохгүй бол гомдчихдог нөхөр. Шилдэг улс төрч, шилдэг уулчин, тэргүүлэх хартай хүн(хар царайтай биш, шилдэг хар найзтай хүн, жишээлэхэд, Манделатай найзалдаг), топ шартай хүн (хор шартай биш онцгой сайхан шартдаг хүн)...гэхчлэнгээр шалгаруулалт болгоны нэгдүгээр байрт тэр л ордог байлаа. Ямар сайндаа, оны шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулахдаа, шууд хоёрдугаар байрнаас эхлэн тодруулдаг уламжлал тогтох билээ‼
Дараа нь тууз хайлахын интэй ба бас ерөнхий сайдтай байлаа. Эхэндээ нээлтийн тууз хайчилдаг байснаа даамжраад хөндлөн даавуу л харагдвал тэсгээхээ болисон доо. Хөдөө, айлын гадаа сэмхэн давхиж очоод гэрийн бүсийг хайчлаад хаясан гэж байгаа. Гэр нь налмайгаад явчихаар айсан авгай, чавганц нар орлилдоод гараад ирэхэд мань эр алга ташаад зогсож байсан төдийгүй нэг бүрчлэн гар барьж баяр хүргэжээ. Цуу ярианд итгэх юм бол, охидын гэзэг хайчилсан явдал бий гэлцдэг.
Ихэнхдээ, иймэрхүү дон сайн юманд хүргэдэггүй. Хөөрхий ардын засгийн анхны ерөнхий сайд коминтерний төлөөлөгчийн гарыг хайчлах гэсэн хэрэгт оролдоод дууссан. Харин нэгийн донтой нөхөр маань хэцүү нэртэй (Авто Техникийн Газар) газрын тусгүй жагсаалтын нэгт ороод баларсан. Цуу ярианд үнэмших бол, уг жагсаалтыг шалгаруулалт гэж андуураад зориуд өөрийнхээ нэрийг толгойд нь бичүүлснээс болсон ч гэдэг.
Тууз хайчлагчийн тавилан ч сүрхийгүй үлджээ. Тэрээр тун ч “болохгүй хүн”-ий улаан зангиаг тууз гэж андууран хайчлаад тэрнээсээ эсэн юм болсон гэх. Болоод өнгөрсөн түүх иймэрхүү.
Харин одоогийн ерөнхий сайд “нээх”-ийн донтой нөхөр таарчээ. Ерөнхий сайд болсныхаа маргааш л Сэлэнгэ аймагт огт өөр хүний бариулсан гүүрийг нээгээд эхэлсэн дээ. Буцах замдаа тааралдсан бүх айлын үүдийг нээгээд орхисон гэх. Нутгийнхан, ид хүйтнээр ирээгүйнх нь төлөө бурхандаа залбираад үлдсэн гэх.
Нээхийн амтанд орсон ерөнхий сайд тэр эрчээрээ арваад жилийн өмнө барьсан Төмөртэйн төмөр зам болон олон жил ашигласан боловч олигтой нээж амжаагүй байсан Хүдрийн уурхайг хамтатган бас нээгээд буцсан байдаг.
Улмаар, Дорнод аймагт очиж хэд хэдэн хуучин обьект нээснээр зам нь шулууджээ. Дараахан нь амаржих газартай танилцаж явахдаа, “төрөх гэж байгаа эхийн савны ам нээгдэж байна” гэлцэхийг дуулаад “Би очиж нээнэ” хэмээн сандаргасан гэдэг...
Одоо, Ихттэнгэрийн буудлын буфетийг өглөө болгон нээж санаа нь амраад ажилдаа явдаг гэсэн. Хэрвээ худалдагч охин түрүүлж ирээд буфетээ нээчихвэл аймаар гомдоод, “ тэгүүл би ажилдаа явахгүй” гэж тийчлээд, аргаа барсан комиссарууд нь дэлгүүрээс шилтэй өгөрций авчирч, мань эрээр онгойлгуулж (үүнийгээ “өгөрций нээх ёслол” гэж хэлдэг) баймаажин Засгийн газрын хуралдаанд авчирсан дуулдана.
Занг нь андахгүй болсон сайдууд хуралдаан эхэлмэгц гэрээсээ авчирсан хайрцагтай жигнэмэг, лаазтай молоонк зэргээ гаргаж ерөнхий сайдаараа “нээлгэн” баярлуулна. Нөгөөдүүл нь ерөнхий сайдаа улам баярлуулах гэж цүнх, цүнх нээх болон онгойлгох юм зөөгөөд Засгийн газрын хурал юм ярих завгүй болсон гэх. Ганцхан удаа л асуудал хэлэлцэж шийдсэн нь БНУ тунхагласан ойн өмнөх ажлын өдрийг амралтын өдөр болгосон тогтоол аж. Үүндээ урамшсан ерөнхий сайд маань ямар ч асуудал танилцуулсан “Ерөөсөө амралтын өдөр болгоод л шийдчихье” гэх гээд байх болж гэж.
Ерөнхий сайд маань өдөржингөө юм юм нээж өчүүхэн ч чөлөө завгүй. Туслахууд нь бичиг сачиг танилцуулахдаа хүртэл хавтас цүнхэнд битүүмжлэн өгч өөрөөр нь нээлгэн баярлуулна. Орж ирсэн хүний цүнхийг комиссаруудаараа булаалган авч нээнэ. Зарим нэг цуурхалд, цай зөөгч охид түүний өрөөнд нь орохоосоо айгаад байгаа гэх. (Та нар юу гэж ойлгосон? Би бол косметикны савных нь тагийг нээнэ гэж дайрдаг байх гэж бодсон).
Хамаг анхаарлаа “юм нээх” асуудалд зориулдгаасаа болоод их мартамхай болсоон. Улаан цайм хэлчихээд “Би тэгээгүй” гээд гүрийчихнэ. Эртүүд , “сайд, дэд сайдын асуудлыг намын хурал шийдсэн” гэж ярилцлага өгчихөөд, залгуулаад “Би сайд дэд сайдын асуудлыг намын хурал шийдсэн гэж хэлээгүй” сэдэвт хэвлэлийн хурал хийгээгүй юу? Дараа нь ярилцлага, хэвлэлийн хурал хоёроо хоюуланг нь үгүйсгэсэн нэвтрүүлэг хийлгээ л, айн? Ингээд зогссон бол их юм.
Саяхан манай ерөнхий сайд Японд айлчлахдаа эзэн хаанд нь бараалхжээ. Оруутаа л
-Намайг Эрдэнэбат гээд нэрээ хэлжээ
Хаан хариуд нь
-Сайн байна уу, Эрдэнэбатаа гэхэд, манай хүн
-Би нэрээ Эрдэнэбат гэж хэлээгүй хэмээн зүтгээд, ээ базарваань‼ Үүнийг харсан Япончууд яг өгөх гээд тоолж байсан мөнгөө буцаагаад далд хийчихжээ.
Энэ бүхнээсээ ч болсон юмуу, даргадаа загнуулсаар байгаад юу яачихвуу, сүүлийн үед өөрөө мэдэж үг хэлэхээ байсан гэнэ. (зарим нэг цуу яриагаар бол, дарга нь орой дуудаж авчраад “Яах гэж тэгж хэлсэн. Дахиж тэгэх ээ байх уу, чи‼” гэж загнан, толгой руу нь укаасгаар тоншсоор байгаад хачин болгоцон ч гэх юм билээ)
Үүнээс хойш, ерөнхий сайд маань ерөнхийдээ л тиймэрхүү болцроод,
-Сайн байна уу гэхээр хариу мэндлэхийн оронд утасдаж “юу гэж хариулах нь зөв бэ, дарга аа” хэмээн асуух болсон гэлцэнэ.
Саяхан, Монгол улсын ерөнхий сайдаас ярилцлага авахаар ирсэн ВВС-ийн сурвалжлагч
-Та монгол улсын ерөнхий сайд мөн үү, гэхэд
-Би даргаасаа асуучихаад ирье гээд дэгдчихжээ...тэгээд таг болж, болж ирээд
-Та тэгж асуугаагүй. Худлаа ярьж байна хэмээн дүрэмджээ.
Энэ бүхнийг эс тооцвол сүрхий боловсролтой, ер нь хэл устай, Сэлэнгийн хүн болохоор наймааны орос хэл сайтай гэнэ. (Хятад хэлтэй гээгүй гэдгээ онцлон тэмдэглэмээр байна) Ерөнхий сайд болсон өдрөө л Оросын ерөнхийлөгч В.Путин руу залгаж “Драасчий кампаань, Я Эрдене-крепкий. Общий минийстр Монголий, У мэня еще многоо министранты и министрацы. Боонд еэст, еэст моноог. Бензээн ест? Сколько гэжээнэ” хэмээн эдийн засгийн чухал сэдвээр ярилцжээ.
Энэ бүхнийг эс тооцвол түүнийг орон даяар хүндэлж, хайрлаж байна. Жишээ нь түүний нэр хүндийг өргөх үүднээс төгссөн сургуулийнх нэрийг шинэ, хуучин алинаар нь ч: Худалдааны техникум, Худалдаа үйлдвэрийн дээд сургууль гэхчлэн тэмдэглэхийг больсон байна. Харин сургуулийг нь “Худалдааридж Үйлдвардын Оксфоорд, мэргэжлийг “төрийн нябо” хэмээн өргөмжлөн, намтарт нь тэмдэглэх болжээ. Харин суманд нябо байсан хэсгийг нь “засгийн газраас суманд суух санхүү-эдийн засгийн тусгай агент (зарим мэдээлэлд “эдийн засгийн агент-007” гэж дурьдсан тал ч байна) болгон дурьдаж эхэлжээ.
Түүнчлэн Иргэний бүртгэлийн газраас хотын паспорт шинээр бичиж олгохдоо, оюутан байсан жилийг нь Улаанбаатарт амьдарснаар тооцон “4 гаруй, бараг таваад жил” болгосноо уламжилж, баяр хүргэсэн байдаг.