Иргэний танхим иргэдэд юуг авчирсан бэ?
Өнгөрсөн 2010 оноос эхлэн улс орны маань өнцөг булан, сум дүүрэг, аймаг нийслэлд байгуулагдсан Иргэний танхимын үйл ажиллагаа хэр явж байгаа талаар цөөнгүй газруудад очиж харж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Өнгөрсөн 2010 оноос эхлэн улс орны маань өнцөг булан, сум дүүрэг, аймаг нийслэлд байгуулагдсан Иргэний танхимын үйл ажиллагаа хэр явж байгаа талаар цөөнгүй газруудад очиж харж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Ерөнхийдөө орон нутгийн сонгуулийн дараахь өөрчлөлт энд тэндгүй байгаа болохоор энд тэндгүй хурал хуй, юун иргэн, юун Иргэний танхим гэж байгаа байдал ажиглагдаж байлаа. Иргэний танхим иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд үнэхээр бодит тусаа өгсөн гэж байгаа хүмүүс байх ч, удахгүй хаагдах байх аа гэж байгаа хүмүүс ч цөөнгүй байсан. Өмнөх жилүүдэд АН-ын удирдлагатай газруудад Иргэний танхим сайн ажиллаж, МАН удирдлагатай газруудад цоожтой байдаг гэсэн яриа байдаг нь үнэний ортой байж дээ гэж анзаарагдсан. Одоо тэгэхээр орон нутгийн сонгуульд МАН ихэнх газруудад ялсан болохоор хаагдах биз ээ гэсэн нийтийн хандлага анзаарагдсан. Дээрээс нь Нийслэлийн Иргэний танхим үүдээ барьсан болохоор дээрээс өгч байгаа чиг гэж ойлгох хүмүүс ч байна лээ. Засаг нь солигдсон газруудад дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийнхөө зургуудыг цагаан ором татуулаад хуулаад авчихсан, түүнийг тойроод “Гоё гоё” гэж хэлээд зогсч байгаа хүмүүсийг харахаар ингэтлээ улстөржиж, ингэтлээ өс хонзонтой байгаа бид яана даа гэж бодогдож байсныг нуух юун. Иргэний танхим хаагдах биз гэж хэлж байгаагийн учир шалтгаан нь анхны санаачилгыг нь Ерөнхийлөгч гаргасан учраас гэж тайлбарлах хүмүүс их байна. Санаачилсан нь тэндээ гэхэд иргэд оролцож, иргэд өөрсдийнхөө тусын тулд ярьж хэлэх газартай болсон гэж ойлгодог. Хэрэв асуудалтай зүйл гарч, ойлгомжгүй зүйл тохиолдвол талууд цуглаж асуудлыг шийдэх боломж энд гарах учиртай. Нэлээд хэдэн жилийн өмнөөс Ховдод Хөшөөтийн уурхайтай холбоотой асуудлууд гарч, хэвлэлээр ч багагүй шуугиж байсныг санаж байна. Байгаль орчин бохирдлоо муухай боллоо гэх талууд нөгөө талд орон нутагт томоохон уурхай нээгдвэл нутгийн иргэдэд хэрэгтэй гээд талцаад байсан. Харин маргалдаж хуваагдаж байгаа талууд, уурхайн удирдлагууд, орон нутгийн удирдлагууд жинхэнэ тал талаасаа цуглаж байгаад Иргэний танхимдаа энэ асуудлаа шийдсэн гэдэг юм билээ. Тэгж ярьсных хэл ам ч намжиж, аль аль талдаа аятай сайхан байхаар асуудлаа шийдэж чадсан гэдэг. Хэрэв хэн нэгэн хүчээр асуудлыг шийдэх гэх юм бол хэдэн талаас цуглуулсан ч шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байдаг. Харин өөрсдөө цуглаж, асуудлаа шийдсэн учраас чухам “Чоно цатгалан, хонь бүрэн” гэдэг шиг болдог биз ээ. Иргэний танхимыг анхнаас нь хүлээж аваагүй, хэрэгжих боломжгүй гэж үздэг хүмүүс байсан байж болно. Тийм хүмүүст хүндэтгэлтэй хандаж болно. Харин нам хүчин солигдлоо гээд үзэл бодол нь өөрчлөгдөж, асуудалд хандаж байвал харамсмаар л юм. Гэхдээ нэг асуудал бий. Өнгөрсөн он жилүүдэд иргэний оролцооны асуудал нэлээд яригдаж цөөнгүй хууль тогтоомжинд суулгаад өгчихсөн байгаа билээ. Иргэний оролцоо гэж их ярьдаг ч хэрхэн оролцох нь тодорхойгүй явж ирсэн манайд өөрчлөгдсөн зүйлс олон. Бүр Иргэний танхимд гээд нэр заагаад хуулинд зүйлчлээд орчихсон нь ч бий болсон. Нийтийн сонсголын тухай хуулинд иргэний танхимд сонсголыг зохион байгуулна гээд заагаад өгчихсөн байх жишээтэй. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулинд иргэдэд мэдээллийг цахим болон иргэний танхимаар дамжуулж өгөх тухай бий. Иргэний танхимыг хариуцдаг албан ёсны орон тоон дээр ажилладаг хүн байсан бол сүүлийн үед төсөв хүндэрсэн гээд байхгүй болгосноор олон зүйл тодорхойгүй болсон гэж байгаа. Төсвийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг Шилэн дансны хуулиар иргэдэд өгөхөд, Хууль тогтоомжийн тухай хуулинд заасанчлан аливаа хууль тогтоомжийг гаргахдаа иргэдээс санал авах ёстой энэ тэр гээд заагаад өгчихсөн нь одоо хэрхэх нь тодорхойгүй байна. Мэдээж, ямар нэгэн гаргалгаа гаргаад учир нь олдох байх л даа. Гэхдээ манайд нэг ажил хийж урагш хоёр гурав алхсан байлаа гэхэд төд удалгүй гурав дөрөв ухардаг нь харамсал төрүүлнэ. Ухарсан ч нэгээс хэтэрдэггүй баймаар. Нэг ажил эхлүүлээд үр шимийг нь үзээ ч үгүй байж гэнэт замын дундаас хаях нь улс төрийн шалтаг зорилготой байх нь бүүр хачирхмаар. Иргэний танхим бол иргэдийн үгийг сонсох албан ёсны зөвшөөрөлтэй хаалга байснаараа чухал байлаа. Иргэдийнхээ үгийг төдийлөн сонсдоггүй дарга нарт нэг тийм газар бий гэдгийг байнга санаж байх нь чухал байсан. Иргэний танхим байгуулагдсанаар ойлгомжгүй байсан олон асуудлууд шийдэгдэж ирсэн. Үүнийхээ ач холбогдлыг мэдэж, мэдэрч ажиллах хүмүүс нь олон байгаасай гэж анзаарагдсанаа буулгалаа.