Сайд болохгүй гэсэн Т.Бадамжунай дэд сайдын суудлыг сонирхох уу
“Эрдэнэт”-ийн захиралаар ирэх нь, Уул уурхайн дэд сайд болох нь гэсэн уухичсан айдсын цаана ямар нэгэн сүр хүч, хэн нэгэн Жунайгийн хүсэл эрмэлзэл огт байхгүй. Гэвч түүнийг уриад ч байгаа юм шиг, хөөгөөд, эсвэл бүр жигшүүлэх гээд зохион байгуулалттай ийм мэдээ урсгадгийг нягтлалгүй хэвлэн нийтлэх нь өрөвдмөөр алдаа болж архивт үлдэж дээ.
“Эрдэнэт”-ийн захиралаар ирэх нь, Уул уурхайн дэд сайд болох нь гэсэн уухичсан айдсын цаана ямар нэгэн сүр хүч, хэн нэгэн Жунайгийн хүсэл эрмэлзэл огт байхгүй. Гэвч түүнийг уриад ч байгаа юм шиг, хөөгөөд, эсвэл бүр жигшүүлэх гээд зохион байгуулалттай ийм мэдээ урсгадгийг нягтлалгүй хэвлэн нийтлэх нь өрөвдмөөр алдаа болж архивт үлдэж дээ.
Хэн нэгэн улстөрчийн тухай бичихийн тулд аль цэгээс энэ хүрээнд хүртлээ ямар зам мөрийг туулж ирснийг мэдэх хэрэгтэй. Ямар албан тушаалд хэр хугацаанд ажиллаад юу хийж бүтээсэн нь бүр ч чухал. Энэ талаас нь харвал Т.Бадамжунай гэдэг энэ намхан хижээл эр тэгтлээ хүн сонирхоод байхаар бас эмээж жигшүүлээд байх сэдэл гаргаж өгөөгүй байх юм.
Түүний хашиж байсан хамгийн том албан тушаал нь УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд. Энэ үед Атрын III аян хэрэгжиж тэр үедээ л десант буулгахуйц үр ашигтай ажилласан. Тухайн танхимын тэргүүн Ерөнхий сайд С.Баярын санаачилга байсан боловч тэр бол улстөрч. Бас танхимыг удирдаж байсан. Атрын III аяны гол ачаа Т.Бадамжунайн нуруун дээр буусан юмдаг. Хэдийгээр С.Баярын л адил УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд биш боловч хамгийн хүнд, бас том салбарын сайд боловч Т.Бадамжунай, С.Баяр нарын амбицийг харьцуулах нь зохимжгүй. Товчхондоо Т.Бадамжунай бол аж ахуйн ажилд илүү авьяастай, үр дүн гаргаж чаддагаа харуулсан билээ. Төрийн бодлоготон, төрийн нэрийн өмнөөс аж ахуйг удирдагч хоёрын ялгаа энэ.
Амбийцийнхаа хэрээр ашиг сонирхол нь ч өөр байх аж. С.Баярын хөрөнгө чинээг, эсвэл гэр орныг нь Т.Бадамжунайнхтай харьцуулсан ч мөн л тэс өөр мэдрэмж төрнө. Гэхдээ юугаараа тэд ижил гээч. Хэн нь ч Ерөнхий сайдаар ажилласан яг ижил үр дүн гарах байсан. Үүгээрээ юу гэх гээд байна вэ гэвэл Т.Бадамжунай бол Ерөнхий сайдын рангтай улстөрч юм. Тэр шоундаа тааруу, хөөрхөн харагдах гэж хичээдэггүй, гоё үг урсгаж чадахгүй ч ажил хийж мэднэ. Үүндээ л таарсан амбийцтай. Товчхондоо Уул уурхайн дэд сайдын суудлыг Т.Бадамжунай сонирхохгүй дээ. Суудал бол сандал гэж тэр боддоггүй, очоод юу хийх ёстой вэ, түүнийг би хийж чадах уу, энэ миний суух ёстой суудал мөн үү гэдгийг тэр мэдэрдэг. Тиймээс ч түүнийг “Сайдын суудлыг голсон хүн дэд сайд болно гэж үү” гээд намын зарим нөхөд нь егөөдөж сууна.
“М.Энхболдын хүн” хаягтай хотын удирдлагад ажиллаж байсан хэдэн залуус бий. Өвгөчүүл гэхээр хатуудна, залуус гэхээр Монголд бол гайхах ч бие бялдар, оюун санааных нь талаас дүгнэвэл ташаа бус. Тэд ажил хийж сурсан багийнхан. Яах вэ, АН-ынхныг дуурайгаад “Хотын фракцийнхан” гэцгээдэг юм. Гэхдээ ороо бусгаа, олон солигдсон хотын удирдлагуудын дараа нэг гарт зангидагдсандаа тэд 20 жилийн нүүр үзэх гэж байж “хотын фракцийнхан” гэгдэж буй нь энэ.
Т.Бадамжунайгийн тухайд “Эрдэнэт”-ийн захирлаар очих нь гэж зарим хүнийг их айлгасан. Ерөөсөө л баттай, ойлгомжтой гэцгээгээд байсан ч тэр албан тушаалд нь очсонгүй. Одоо Уул уурхайн дэд сайдаар очих нь гэх боловч Эрдэнэтийн захирлын суудалд тэмүүлээгүй хүн дэд сайд болно гэж үү. Яах вэ, Уул уурхайн яаманд бол хэрэгтэй байж мэдэх л юм. Хүнс, хөдөө аж ахуйн яамыг хэрхэн өөд татсан, ямар байхад нь ямар болгосон, түүний дараагийн сайдууд яаж ажилласныг хар. Энэ ажиглалт одоогийн сайдад ч хамаатай. Аж ахуйн ажил хийж сурсан байх, зохион байгуулалтын ур чадвар гэдэг сайдын суудал, тамга хоёроос тэс өөр юм шүү дээ. Өмнөх дөрвөн жилд л гэхэд Х.Баттулга, Р.Бурмаа нар ямархуу яамыг хүлээж аваад хэр амжилтад хүргэв. Т.Бадамжунайгийн бариулсан байшинд ороод суух, тэр байшингаас гарч тариан талбайд ажиллах хоёрын ялгаа дэндүү хол. Хөдөө аж ахуйн биржийн захирал сард 9.5 сая төгрөг авдаг байж. Түүнийг ажиллуулах төрийн бодлоготон 1.2 сая төгрөгийн цалинтай. Хэн нь хэнийгээ удирдах вэ. Гадаадын улс орнуудаар “аялж” эрчимжүүлсэн мал аж ахуйн шагшин магтаж лимузин шиг том гахай, камазны дугуйнаас том гуятай үхэр гайхаж явах ирээд малчдын амьдралтай танилцах ч тэнгэр газар шиг ялгаатай билээ.
“Жунай бол Мангас” гэж боддог нэгэн “Их шуналтан” бий. Өөрөө үлгэр зохиочихоод түүндээ итгээд явдаг. Өөрт нь утсан хүүхэлдэй шиг хөтлөгдөөгүйн төлөө өнөө хүртэл өс зангидаж явдгаа одоо ч илэрхийлсээр байгаа. Гэтэл бусдыг айлгаад байдаг тэр “мангас” нь яагаад ч юм бэ шоронд ордоггүй. Хийсэн хэрэггүй болохоор тэр. Албан тушаал бүрт хамраа шургуулж ашиг хайдаггүй болохоор тэр. Ийм ч учраас “их шуналтан” шиг баяждаггүй. Түүнд өөрийн зарчим, өөрийн ранг бий. Боломж байсаар байвч зарчим нь, ранг нь уяад байдаг ийм занг АН-ынхнаас Р.Амаржаргал, Г.Батхүү нараас олж харж болдог. Тэд ч бас “Би ийм албан тушаалыг тийм үр дүнтэй хашсан. Үүнээсээ өндөрт гарах ёстой, эсвэл гэртээ байя аа” гэдэг. Ийм зөв зарчмыг хүлээж авч чаддаг болж байж улстөрчдөөс зарим нэхдэг болох учиртай.