Философи
Эцсийн эцэст хүрэх бодит байдал, физик үзэгдэл (байгалийн философи), ёс зүй (ёс суртахууны философи), юмс үзэгдлийн үлэмж ерөнхий шалтгаан, зарчим болоод тэдгээрээс гарч ирсэн хүний хүртэхүй,
Өөрөө сурах бичиг
Философи гэдэг бол амьдралын янз бүрийн юмс үзэгдлийн цаана нь буй ерөнхий зарчим, утгыг ойлгох оролдлого–идэвхит үйл юм.
Философи гэж юу вэ?
Оксфордын толь-д тодорхойлсноор:
Эцсийн эцэст хүрэх бодит байдал, физик үзэгдэл (байгалийн философи), ёс зүй (ёс суртахууны философи), юмс үзэгдлийн үлэмж ерөнхий шалтгаан, зарчим болоод тэдгээрээс гарч ирсэн хүний хүртэхүй, бодол санаа зэрэгтэй холбоо бүхий мэдлэг, оюун ухааныг эрэн хайж улмаар түүнээс чанагуух зүйлийг ойлгохыг эрмэлзэх явдлыг философи гэнэ.
Философи гэдэг бол амьдралын янз бүрийн юмс үзэгдлийн цаана нь буй ерөнхий зарчим, утгыг ойлгох оролдлого–идэвхит үйл юм. Жишээ нь, улс төрийн философи нь ардчиллын үзэл санаа, зүй ёс, тэгш эрх гэж юу болох, төр-улс хэрхэн зохион байгуулагдах ёстой гэх зэрэг асуудалд анхаарлаа төвлөрүүлдэг. Улс төрийн философи нь өдөр тутмын улс төрийн ярианд хэрэглэгдэж байдаг олон нэр томьёог хэрэглэнэ. Гэхдээ улс төрд өдөр тутмын ярианд хэрэглэж буй нэр томьёонуудаа шалгаж, ердийн нэг улстөрчийн хэрэглээнээс гүнзгийрүүлэн авч үзэж, уг нэр томьёо нь бүхэлдээ яг ямар утгатай болохыг судалж үздэггүй билээ. Тэгвэл улс төрийн философид бид энэ үгийг чухамхүү ямар утгаар хэрэглэж байна? Энэ зүйл үнэн гэдгийг бид яаж мэдэх вэ, үүний далд утга нь чухам юу вэ гэх мэт асуултыг тавьдаг.
Иймэрхүү асуулт нь маш ерөнхий, хийсвэр тодорхойлолт шаарддаг тул зарим хүмүүст философи бол “хоосон”, номчирхсон зүйл юм байна гэсэн бодол төрүүлдэг. Бусад ухаануудад ч мөн ийм бэрхшээл гардаг байх. Математикийн томьёо, тодорхойлолт юм уу, техникийн диаграммыг аваад үзье. Мэргэжлийн бус хүнд тэдгээр нь утга багатай юм шиг байдаг авч томьёо, тодорхойлолт, диаграмм зэргийг ойлгодог хүнд хичнээн гүнзгий агуулгатай болох нь мэдэгдэнэ.
Философийн хувьд яг ийм байдаг. “Томоохон” асуулт амьдралын бүх л салбарт гардаг учраас оюун санааны, шашны, шинжлэх ухааны, улс төрийн философи гэх мэтээр ангилагдана. Танд Өрнөдийн философийг эртний Герегийн сэтгэгчдээс (ихэвчлэн Платон, Аристотэл нараас) эхлэн өнөөг хүртэл зуун зууны турш хөгжиж ирсэн тэр хэв маягаар судлах боломж бий.
Тэгэхээр философи нь бодол сэтгэлгээ, ойлголт, хэлний утга зэргийг тодотгож, ойлгомжтой болгох үүргийг гүйцэтгэсээр ирсэн. Философидоно гэдэг бол зөрчилгүй, цэвэр, нямбай сэтгэнэ гэсэн үг.
Хэрэв та байгаль шинжлэлд суралцаж байсан бол шинэ санаа, онооны дэвшил, мэдлэгийн байнгын өсөлт, өргөжилтөн дунд байх байсан. Эдүгээ “шинжлэх ухааны сэтгэлгээний тогтсон хэв маягийн өөрчлөлт”, юмсыг авч үзэх шинэ арга барил хаа сайгүй бий болж байна. Тэгвэл философид үзэл бодол ерөнхийдөө хөгжин дэвшиж байдаг боловч тэр нь шинжлэх ухаанд байдаг шиг биш, харин эсрэгээр эртний Герегийн философид байсан тэр асуудлууд өнөө хэр оршиж, хэлцэгдсээр байгаа нь харагддаг. Философи нь хуучин асуудалд хандах шинэ хандлага, үзэл бодлыг илэрхийлэх шинэ арга зам, улмаар философийн өөрийнх нь зорилго, үүргийн тухай шинэ хандлагыг байнга дэвшүүлдэг.
Философи хэлэнд онцгой анхаарал хандуулна. Тэр ч бүү хэл, зарим философичийн хувьд философийн гол зорилго бол хэл шинжлэл. Ийм философийн хувьд “нэг дэх түвшний” болон “хоёр дахь түвшний” хэлний ялгааг гаргаж ирэх нь чухал байдаг. Жишээ авч үзүүлье.
Нэг дэх түвшний хэл: “А бол Б-гийн шалтгаан”
Хоёр дахь түвшний хэл: “А бол Б-гийн шалтгаан гэдэг нь
юу гэсэн үг вэ?”
Нэг дэх түвшний хэл: “Үүнийг хийх нь зөв үү?”
Хоёр дахь түвшний хэл: “Ямар нэг юмыг зөв гэж хэлэх нь
юу гэсэн үг вэ?”
Нэг дэх түвшний хэл: “Бурхан байдаггүй”
Хоёр дахь түвшний хэл: “Шашны хэл гэж юу вэ, шашны хэллэгүүд нотлогддог уу?”
Хоёр дахь түвшний хэл нь нэг дэх түвшний хэлэнд яригдаж буй зүйлийг тодотгож байдаг. Ингэснээрээ ч хэлний цаана нь нуугдмал байдаг бодол, сэтгэлгээг гаргаж ирдэг гэсэн үг. Философи ер нь хоёр дахь түвшний хэлэн дээр тулгуурлана. Энэ нь ямар нэг зүйлийг зөв юм уу, буруу хэмээн хэлж болохгүй гэсэн үг биш, харин таны гаргасан шийдвэрийн шалтгааныг тодруулж байгаа хэрэг юм.
Яагаад философийг судалдаг вэ?
Та бусад хүнтэй хэлээр дамжуулан харилцдаг. Тэр хэл (хэрэв та сонссон зүйлээ зүгээр л давтан хэлээд байдаггүй юм бол) чинь таны бодол санаанаас, харин таны бодол санаа төрж өсөн, амьдарч байгаа нийгмийн боловсрол, амьдралын туршлагаас тань гарч ирдэг.
Философи нь танд асуудлын голыг ойлгож, янз бүрийн үед амьдарч байсан сэтгэгчдээс хэн нь тэр асуудлыг хөндөж байсныг олж харахад туслана. Энэ нь таны амьдралд тааралдах олон олон будлиант төсөөллүүдээс чөлөөлөгдөхөд тань тусалдгаараа ач холбогдолтой. Философичдын ажиллах үндсэн арга бол анхдагч зарчмуудаар дамжуулан сэтгэх явдал юм. Философи нь бас таны бодол санааг тодотгож, цэгцтэй болгож тэр хэрээр шийдвэрээ нарийн, нягт нямбай шалгуураар гаргаж, өөрийгөө сайн илэрхийлдэг болно.
Тэгээд ч бидний өмнө үзсэнээр философи нь хэлийг шалгаж, тодотгож байдаг. Философи нь утгагүй зүйлийг илрүүлэн гаргах, өөрийгөө үлэмж даруу байдлаар илэрхийлэх хэрэгсэл мөн. Жишээ нь, философи нь “аналитик” болон “синтетик” илэрхийллүүдийг ялгаж өгдөг. Аналитик илэрхийллийн нэр томьёоны тодорхойлолт ойлгомжтой байх юм бол үнэнд тооцогддог. 2+2=4 гэдэг бол ийм илэрхийлэл юм. Та энэ илэрхийллийн үнэнийг шалгахын тулд хоёр, хоёр зүйл цуглуулах юм уу, цуглуулсан зүйлсийг тоолох шаардлагагүй. Энэ илэрхийллийг худал гэх аргагүй, түүнийг няцаасан энгийн жишээ ч олдохгүй. Хэзээ ч хоёр, хоёрын таван зүйл байдаггүй! Аналитик илэрхийллүүдийн баталгаа нь судалгаа шинжилгээ, аль эсвэл туршлагаар батлахыг шаарддаггүй билээ. Гэтэл би хэн нэг хүнийг гэртээ байгаа гэж хэлэх юм бол уг илэрхийллийн үнэн болох нь дээрх замаар батлагддаггүй. Үнэнийг мэдэхийн тулд утсаар ярих юм уу, очих хэрэгтэй болно. Тэгж байж л худал юм уу, үнэн гэдэг нь батлагдана. Мэдээжээр ийм илэрхийлэл ямагт үнэн байж чадахгүй.
Тэгвэл хэн нэг хүн “Бурхан байдаг” гэж хэлэх юм бол энэ нь аналитик илэрхийлэл үү эсвэл синтетик илэрхийлэл үү? Та бурханы оршихуйг энэ хоёр илэрхийллийн аль нэгээр тайлбарлан тодорхойлж чадах уу? Энэхүү илэрхийллийг баталсан юм уу эсвэл няцаасан баримт байна уу? Энд үндэслэгээ дараах байдлаар тавигджээ:
Бурхан гэдэг бол оршин байгаа бүх юм,
Оршин байгаа бүх юм оршиж байна,
Тэгэхээр Бурхан оршиж байна.
Энэ үндэслэгээ үнэмшилтэй сонсогддог боловч энд “Бурхан”, “оршин байгаа юм” гэсэн ойлголтуудыг адилтгажээ. Энэ бол ихээхэн үнэмшилтэй сонсогддог пантеист үзэл (гол утга нь Бурхан, ертөнц хоёрыг адилтган үздэг), гэхдээ хүмүүс “Бурхан”, “оршин байгаа юм” гэдгийн дор юу ойлгодог юм бэ? Мэдээжээр бүх юмс байнгын өөрчлөлтөнд байдаг. Одоо байгаа бүх юмс ирээдүйд өөрчлөгдөх болно. Тэгэхээр бурхан байнга өөрчлөгдөж байдаг гэсэн үг үү? Хэзээ ч өөрчлөгддөггүй ямар нэг зүйлийг та мэдэх үү?
Герегийн философич Хэраклит амьдралын бүх юмс, үзэгдэл байнга өөрчлөгдөж байдгийг ажиглаад, зүйрлэн хэлэхдээ, голын ус байнга урсч байдаг учраас хүн нэг голын усанд хоёр удаа орж болохгүй хэмээсэн. Гэтэл сургууль хэвээр байтал сургуулийн байр, боловсон хүчин, суралцагчид жилээс жилд өөрчлөгдсөөр байвал яах вэ? “Би” хэвээр байсаар атал миний биеийг бүрдүүлж байгаа эд эсүүд болоод бодол санаа байнга өөрчлөгдөж байвал яах вэ? Бүхий л амьдралын турш намайг “Би” хэвээр байлгаж байгаа тэр зүйл юу вэ?
Эдгээр асуулт философийн дараах зангилаа асуудлуудыг хөндөж байна:
метафизик асуудал – бодит байдал буюу яг юу оршин байдаг юм бэ гэдгийг судлах;
эпистемологи асуудал – бид юуг, хэрхэн танин мэддэг тухай асуудлууд,
шашны философийн асуудал – шашны хэл болон үзэл, номлолын цаана байдаг асуудлууд,
оюун ухааны философийн асуудал буюу “би”–гийн мөн чанар юу болох тухай.
Энэ бүхэн философийн онцлогийг харуулж байгаа бөгөөд танд түүнийг эхлэн судлах сайн сэдэл болно: философийг судлахад аль ч асуудлаас эхэлж болдог бөгөөд өөрийгөө аль ч асуудалтай холбоотой болохыг харж болно. Өөрөөсөө эхэлнэ гэдэг бол өөрийнхөө тархи, толгойнд байгаа метафизик хийгээд шашны асуудлыг олж харна гэсэн үг. Философийн чадвар гэдэг бол өөртөө байгаа янз бүрийн үзэл санааг нэгтгэж холбохоос гадна ялган салгах чадвар мөн.
НЭПКО хэвлэлийн газар