Людвиг фон Мизэс (1881-1973) бол ХХ зууны хамгийн аугаа эдийн засагчдын нэг юм. 1959 онд Аргентинд заасан хичээлдээ тэрээр бизнес эрхлэгчид, профессор, багш, оюутнуудад зориулан мэргэжлийн үг хэллэг үл хэрэглэн энгийн ойлгомжтой байдлаар ярьсан. Хуан Пэрон популизм социализмаар засаглан сүйрүүлсний дараах ядуурч учраа олохоо больсон аргентинчуудад энэ лекцийг уншсан юм. “Эдийн засгийн бодлогод гайхамшиг гэж байдаггүйг битгий мартаарай. “Дэлхийн II дайны дараах сүйрлээс Германыг сэргээн босгосон - “Германы эдийн засгийн гайхамшиг” гэж та магад олон хэвлэлээс уншсан байх. Угтаа энд ямар ч гайхамшиг байгаагүй. Хэдий бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй ч энэ бол чөлөөт зах зээлийн эдийн засгийн зарчим, капитализмын аргачлалуудыг авч хэрэглэсний үр дүн. Улс орон бүр эдийн засгаа сэргээх мөн адил “гайхамшиг”-ийг бий болгож болох ч би хувьдаа эдийн засгийн сэргэлт ид шидээр бий болдоггүй, харин эдийн засгийн эрүүл бодлогын ачаар л буй болдгийг онцолмоор байна.“
   
Мизэсийн энэ илтгэл болох бэсрэг товхимолыг Б.Оюунчимэгийн орчуулгаар НЭПКО хэвлэлийн газар хэвлэн гаргав. Мизэсийн хэлээд байгаа хүүхэд ч сайтар ойлгочихмоор энгийн үнэнийг манай улс төрчид яагаад ч ойлгодоггүйг нь би л лав яагаад ч ойлгодоггүй юм. Эсвэл ойлгосон ч гэсэн зориуд энэ орныг хорлох гээд ингээд байдаг юм болов уу? Яршиг зүгээр, ойлгодгоор нь хүүхдүүдэд зориулаад Мизэсийн лекцийн Төрийн оролцооны тухай бүлгийг энд товчлон хүргэж байна.

ТӨРИЙН ОРОЛЦООНЫ ҮНЭН ТӨРХ

“Бага засагладаг төр л хамгийн сайн нь” гэх үг байдаг. Би хувьдаа үүнийг сайн төрийн зөв тодорхойлолт гэдэгтэй огт санал нийлдэггүй юм. Төр шаардлагатай бүх зүйлийг хийж, яах гэж байгуулагдсан тэр зорилгоо биелүүлэх учиртай. Төр иргэдээ дээрэмчин, тонуулчдын зүй бус халдлагаас, улс орноо гадны дайснуудаасаа хамгаалах ёстой. Энэ бол чөлөөт систем дэх зах зээлийн эдийн засагтай төрийн үүрэг.
   
Социалист тогтолцоотой бол мэдээж хэрэг төр нь тоталитари байна, тэнд төрийн эрх мэдэл болон шүүхээс ангид ганц ч асуудал гэж байхгүй. Харин чөлөөт зах зээлд төрийн үндсэн үүрэг нь зах зээлийн эдийн засгийн хэвийн ажиллагааг улс доторх болон гаднах луйврын эсхүл хүч түрэмгийлсэн үйлдлээс хамгаалах байдаг.
   
Тэгэхээр өнөөгийн нөхцөл байдлаас дүгнэхэд бид чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс биш болжээ, харин “холимог эдийн засагтай” гэвэл илүү ононо гэх хүмүүс байна. Манай улс “холимог эдийн засагтай” байгаагийн нэг тод жишээ нь төрөөс маш олон бизнесийн үйл ажиллагаа явуулж, өмчилж байгаа явдал гэж тэд хэлж байна.    Гэвч үнэндээ энэ нь аль ч улс орны эдийн засгийн системийн цаад мөн чанарыг өөрчлөхгүй. Төрийн өөрөө бизнес эрхэлснээрээ зах зээлд ноёлох байр суурь эзэлж, эргээд хэрэглэгчдээ “ноёлох” байр суурьтай болж ирнэ. Төрөөс тухайлбал шуудан эсхүл төмөр замын салбарыг ажиллуулдаг байлаа гэж бодоход эдгээр салбарт ажиллах хүн хөлслөх хэрэгтэй болно. Бас түүхий эд материал болон үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бусад хэрэгцээт зүйлс худалдаж авна. Нөгөө талаар тэд эдгээр үйлчилгээ эсхүл бараагаа олон нийтэд “худалдана”. Хэдийгээр төр чөлөөт эдийн засгийн системийн аргыг ашиглан эдгээр салбарыг ажиллуулж байлаа ч үр дүнд нь алдагдал л учирна. Ер нь бол төрийнхний эсхүл эрх баригч намынхны үздэгээр төр энэ алдагдлыг санхүүжүүлж чадах байр сууринд байгаа.
  
Харин хувь хүмүүсийн хувьд бол зарчим, үр дүн нь тэс өөр. Алдагдалтай зүйл ажиллуулаад байхуйц хувь хүний эрх хэмжээ маш хязгаарлагдмал. Хэрэв алдагдлыг нэн даруй үгүй хийхгүй л бол, ашигтай ажиллаж чадахгүй л бол тэр хүн дампуурч, бизнес нь зогсоно.
   
Харин төрийн хувьд нөхцөл өөр. Төр алдагдалтай байсан ч ажиллуулаад байж чадна, учир нь тэдэнд хүмүүсээс татвар авах эрх байдаг болохоор тэр. Хэрэв татвар төлөгчид төрийг ямар нэг алдагдалтай салбарыг авч явах боломжийг нь хангаж, ингэхдээ мэдээж хувийн байгууллага ажиллуулснаас хавьгүй үр ашиггүй байдлаар тэр салбарыг авч явахыг нь “дэмжиж” өндөр татвар төлөхдөө бэлэн байгаа бол, олон нийт энэ алдагдлыг нь хүлээн зөвшөөрч байгаа бол тэр салбар цааш оршин тогтносоор л байна.
   
Сүүлийн жилүүдэд олон оронд төр алив салбар, бизнесийг төрийн өмчид шилжүүлэх ажиллагаа эрчимтэй явуулж, түүнээс учрах алдагдал нь хэдийнээ иргэдээсээ хурааж буй татварын хэмжээнээс даваад байна. Тэгэхээр төрийн оролцоо гэж юу вэ? Төрийн оролцоо гэдэг нь төр дэг журмыг сахиулах үндсэн үүргээсээ халихыг хэлж байна. Нэг ёсондоо төр илүү ихийг хийхийг хүснэ гэсэн үг. Тэд зах зээлийн ажиллагаанд оролцохыг хүснэ гэсэн үг. Тэгэхээр төрийн оролцооны тухай ярьж байгаа үед бид төр дайралт болон луйвраас сэргийлэхээс илүүтэй зүйл хийхийг хүсэж байгаа тухай ярьж байгааг ойлгох хэрэгтэй. Төрийн оролцоо гэдэг нь зах зээлийн эдийн засгийн хэвийн ажиллагааг хамгаалах үүргээ биелүүлэлгүй, зах зээлд оролцох, тухайлбал үнэ, цалингийн хэмжээ, хүүгийн хэмжээ болон ашгийг зохицуулахаар оролцож байгааг хэлнэ.
   
Төр угтаа бизнес эрхлэгчдийг хэрэглэгчдийнхээ эрэлт, хэрэгцээг бодолцож үзэлгүй, өөр арга замаар бизнесээ явуулахыг шаардах үүднээс зах зээлд оролцдог. Ингэснээр, төрөөс явуулж буй бүх оролцооны арга хэмжээ нь хэрэглэгчдийн зах зээлд ноёлох байр суурийг хязгаарлахын төлөө байдаг. Хэрэглэгчдээс бүрэн хамааралтай байдаг чөлөөт зах зээлийн эдийн засагт төр оролцон өөртөө эрх мэдэл олж авахаар улайрдаг.
   
Төрийн оролцооны тод жишээ, маш олон оронд, ялангуяа инфляц өндөр байгаа үед байнга л шахам давтагдаж байдаг нэг жишээг авч үзье. Энэ бол үнийн зохицуулалт юм. Төрөөс их хэмжээний мөнгө “хэвлэж”, үүнийх нь улмаас үнэ өсөхөд хүмүүс бухимдаж эхлэх үед ялангуяа үнийг хянах гэж оролддог. Үнийг зохицуулах гэсэн арга хэмжээ эцэстээ бүтэлгүйтэж байсан дуулиантай жишээ олон бий. Төрөөс үнийг нь хянах гэж ихэд хүчин чармайлт тавьдаг хоёрхон жишээг би энд дурдъя.
   
Эхнийх нь Ромын эзэнт улсын сүүлчийн хаан Диоклэтиан хааны хэрэг. III зууны сүүлийн хагаст Ромын эзэн хаан санхүүгийн нэг л арга хэрэглэдэг байсан нь мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг бууруулах явдал. Хэвлэлийн машин гараагүй байсан энэ үед инфляц ч гэсэн “энгийн” байжээ. Төрөөс зоосон дахь үнэт металлын орцын хэмжээг багасгах арга хэмжээ авсан байна. Төр мөнгөн зоосондоо улам их зэс холих болж, эцэстээ мөнөөх зоос нь өнгөө хувиргаж, жин нь ч багасжээ. Энэ арга хэмжээг авахын хамт мөнгөн зоосны хэмжээ ч нэмэгдсэн тул үнэ өсөж гэнэ. Тэгэхэд нь төрөөс үнийг хянах зарлиг гаргажээ. Ромын эзэн хаад хууль хэрэгжүүлэхдээ харгис тул өндөр үнэ хэлсэн хүнд үхэх ял оноохдоо сэтгэл түвдсэнгүй. Тэд үнийг хянах гэж оролдсон ч, нийгмийг хянаж чадсангүй. Үр дүнд нь Ромын эзэнт улс задарч, хөдөлмөрийн хуваарийн систем ч өөрчлөгджээ.
   
Энэ явдлаас 1500 жилийн дараа Францын хувьсгалын үеэр мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг бууруулах арга хэмжээ давтагдлаа. Гэхдээ энэ удаад арга нь өөр байв. Мөнгө үйлдвэрлэх технологи сайжирсан тул францчуудад мөнгөн зоосны орцыг өөрчлөх шаардлага байсангүй, тэдэнд хэвлэлийн машин байв. Хэвлэх машин тун “ажилсаг” учраас үнэ төсөөлж байгаагүйгээр их өсөв. Францын хувьсгалын үеэр үнийн дээд хэмжээг мөрдүүлэхдээ Диоклэтиан хааны ашиглаж байсан шийтгэлийн аргыг хэрэглэсэнгүй. Иргэдийг хороох техникт хүртэл дэвшил гарсан байв. Та нар бүгд гильотиныг зохион бүтээсэн эмч Ж.И.Гильотиныг мэдэх байх. Гэвч гильотин байгаад ч Францад дээд үнийг мөрдүүлэх хууль амжилт олоогүй юм. Робэспьерийг өөрийг нь гильотинд цаазлахаар авч явах үед, иргэд “Балиар дээд үнэ ч хамт үгүй болох нь” хэмээн орилолдож байсан гэдэг.
   
Үүнийг өгүүлж байгаагийн учир нь “Үнийн хяналтыг үр дүнтэй, өгөөжтэй байлгахын тулд илүү харгис арга, бас илүү их хүчин чармайлт хэрэгтэй” гэж үздэг хүмүүс байдгийг хэлэх гэснийх. Диоклэтиан маш балмад байсан, Францын хувьсгал ч ялгаагүй. Гэсэн хэдий ч үнэ тогтоох гэсэн арга хэмжээ аль ч цаг үед бүхэлдээ бүтэлгүйтэж байжээ.
   
Яагаад бүтэлгүй болсон шалтгааныг нарийвчлан авч үзье. Сүүний үнэ талийж өглөө гэх хүмүүсийн гомдол ирж л байдаг. Сүү бол чухал бүтээгдэхүүн, ялангуяа өсөж торниж буй хүүхдэд бүр ч чухал. Тэгээд л төр сүүний дээд үнийг тогтоохоор шийдэж, чингэхдээ мэдээж зах зээлийн үнээс доогуур байлгахаар заадаг. Тэгээд тэд “Бид ядуу зүдүү айл өрхөд хүүхдээ тэжээж хүрэх хэмжээний сүү худалдаж авч чадах нөхцлийг бүрдүүллээ” гэнэ.
   
Гэтэл бодит байдал дээр юу болдог вэ? Нэг талаас, сүүний үнийг ийн бага тогтоосноор эрэлт нь нэмэгдэх бөгөөд өндөр үнээр сүү худалдан авч чадахгүй иргэд төрөөс тогтоосон хямд үнээр түүнийг худалдан авна. Харин нөгөө талаас өндөр үнээр сүү нийлүүлж байсан сүү үйлдвэрлэгчид төрөөс тогтоосон үнэ тэдний өртгөөс доогуур байгаагаас алдагдал хүлээж эхэлнэ. Энэ бол зах зээлийн эдийн засагт тун чухал асуудал. Хувиараа бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч урт хугацаандаа алдагдал хүлээгээд байж чадахгүй учир зах зээлд нийлүүлэх сүүгээ хязгаарлана гэсэн үг. Магадгүй зарим сүүний үнээгээ махны худалдаачинд зарж эсхүл сүүг орлуулж сүүн бүтээгдэхүүн, жишээ нь цөцгий, бяслаг үйлдвэрлэж болох юм.
   
Сүүний үнэд төр оролцсоны дүнд зах зээл дахи сүүн нийлүүлэлт урьд байгаагүйгээр багасч, үүнтэй зэрэгцээд эрэлт нь ихсэнэ. Зарим хүмүүст төрөөс тогтоосон үнээр худалдан авах сүү ч олдохгүй болно. Тэгээд бачимдсан хүмүүс дэлгүүр рүү гүйцгээнэ дээ. Чухал гэж үзсэн бараа, бүтээгдэхүүнд төрөөс дээд үнэ тогтоосон хотуудад  дэлгүүрийн гадаа урт дараалал үүсгэн зогсох хүмүүсийг та олонтаа харах биз ээ. Сүүний үнийг хянаж буй газар бүрд ийм явдал гарна. Үүнийг ухаалаг эдийн засагчид урьдаас таамаглаж л суудаг ч даанч тэдний тоо тийм ч олон биш.
   
Тэгэхээр төрөөс үнийг хянаснаар ямар үр дагавар гарах вэ? Төр “аргаа барна”. Сүү уухыг хүссэн хүмүүсийн сэтгэлд нийцүүлэх л гэсэн, гэтэл энэ арга нь тэднийг бүр ч бухимдуулж орхилоо. Төр оролцож эхлэхээс өмнө сүү хэдий үнэтэй байсан ч, хүмүүс худалдан авч чадаад байв. Одоо гэтэл сүү хомсдсон байна. Ингээд сүүний нийт хэрэглээ буурна. Хүүхдүүд сүү бага уудаг болно. Төрөөс авах дараагийн арга хэмжээ нь хүнсийг тодорхой заасан хэмжээгээр нормчлон олгох. Гэвч энэ арга нь хэсэг бүлэг хүмүүст давуу эрх өгөөд, үлдсэн хэд нь хоосон хоцорно гэсэн үг. Хэн сүү авч, хэн нь авахгүй байх вэ гэдгийг ямагт дур зоргоороо тодорхойлдог. Жишээ нь дөрвөөс доош насны хүүхэд сүү авна, зургаан нас хүртлэх нь тэрний хагастай тэнцэх хэмжээгээр авна гэхчлэн зааж өгдөг.
   
Төр юу ч хийсэн байлаа гэсэн зах зээлд байгаа сүүний хэмжээ улам л багасна. Ингэхээр хүмүүс урьдаасаа ч илүү бухимдана. Асуудал өөрсдөд нь байгааг ойлгоогүйгээс төр нь сүү үйлдвэрлэгчдэд хандан “Та нар яагаад өмнөхтэйгөө адил хэмжээний сүү нийлүүлэхээ больчхов оо?” гэж асууна. “Үйлдвэрлэлийн өртөг төрөөс тогтоосон дээд үнээс өндөр байгаа учир сүү нийлүүлэлтээ багасгалаа” гэсэн хариу авна. Тэгэхээр нь төр үйлдвэрлэлийн өртөгт хамаарах зүйлсийн үнийг судалж үзээд нэг зүйл олсон нь малын тэжээл байв. “Тийм байх нь, сүүний үнийг тогтоосон шигээ тэжээлийн үнэд ч гэсэн хяналт тавих хэрэгтэй юм байна шүү дээ. Тэгэхээр та нарын үнээгээ тэжээх зардал багасна. Бүх зүйл хэвийн болж, та нар илүү их сүү үйлдвэрлэж, бас зарж чадах нь байна” гэж дуу алдана.
   
Дараа нь юу болох бол? Малын тэжээл дээр ч мөн л адил түүх давтагдана гэдгийн шалтгааныг та нар одоо ойлгож байгаа байх. Малын тэжээлийн нийлүүлэлт багасаад ирэх үед төр бүр ацан шалаанд орно. Тэгээд ахиад нэг хурал зарлаад, тэжээлийн үйлдвэрлэлд юу тохиолдсоныг судалж эхлэх биз. Тэгээд тэжээл үйлдвэрлэгчдээс яг л сүү үйлдвэрлэгчдээс авсантай адил хариу авах болно. Тэд үнийг хянах бодлогоосоо ухармааргүй байгаа учир бүр цаашаа гүн явж орох болно. Тэгээд тэжээл үйлдвэрлэгчдэд шаардлагатай бүтээгдэхүүнд ахиад л үнэ тогтооно. Гэх мэтчилэн нэг л ижил түүх давтагдсаар байх болно.
  
Энэ зуур төр сүүгээр зогсохгүй өндөг, мах болон бусад зайлшгүй хэрэгцээт бүтээгдэхүүний үнийг хянаж эхэлсэн байна. Тухай бүрдээ ижил үр дүнд хүрч, үр дагавар нь ч адил байна. Ийнхүү төр өргөн хэрэглээний бараанд дээд үнийг тогтоосноороо цаашлаад үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн рүү хяналтынхаа хүрээг тэлэх бөгөөд үнийг нь тогтоосон өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай үйлдвэрлэгчийн бусад бараа бүтээгдэхүүний үнийг хязгаарлана. Тэгсээр тэгсээр зөвхөн хэдхэн бүтээгдэхүүний үнэд хяналт тогтоож байснаа өргөжсөөр үйлдвэрлэлийн процесст оролцож, бүх төрлийн бүтээгдэхүүний дээд үнийг тогтоож, ингэхдээ мэдээж хөдөлмөрийн хөлсөнд ч хязгаар тогтоох болно. Учир нь төр цалин хөлсний хэмжээнд хязгаар тогтоохгүйгээр “өртгийг хянах” арга хэмжээ нь “үр дүнгүй” болно. Өргөн хэрэглээний нэг эсхүл нэжгээд бүтээгдэхүүний үнийг хянах гэсэн нь – урьд байснаасаа ч таагүй нөхцөл байдалд хүргэдэг. Төр оролцохоос өмнө сүү, өндөг үнэтэй байсан бол, төр оролцсоны дараа зах зээлээс бүр үгүй болно. Төр эдгээр бүтээгдэхүүний үнийг нь зайлшгүй хянах чухал бүтээгдэхүүн гэж үзээд тоо хэмжээ болон нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг хүссэн, харин үр дүн нь яг эсрэгээр эргэжээ. Үүнийг чинь л социализм гээд байгаа юм шүү дээ. Би энд сүүгээр жишээ авсан нь сүүг онцгойлж үзсэнийх бус, үндсэндээ сүүлийн жилүүдэд олон оронд сүү, өндөг болон цөцгийн тосны үнийг төр тогтоож байснаас тэр юм.
   
Маш товчхон, бас нэг жишээ дурдая. Хэрэв төр байрны түрээсийг хянаж, үнийг нь тогтоох гэвэл ямар үр дүн гардаг вэ гэхээр, гэр бүлийнх нь амьжиргааны нөхцөл байдал өөрчлөгдөхөөр хүмүүс том байрнаас жижиг байр руу нүүдэг явдал зогсдог. Хүүхдүүд нь хорь хүрмэгцээ гэр бүлтэй болоод явахад нь хоёулхнаа үлдсэн эцэг, эх нь жижигхэн байр руу нүүнэ. Тэд байраа багасгаж, хямдыг худалдан авдаг. Хэрэв түрээсийн үнэд төрөөс хяналт тогтоовол энэ хэрэгцээ үгүй болно. Тэгэхээр хүмүүст байрнаасаа нүүх, солих ямар ч сонирхол байхгүй болно гэдгийг та төсөөлж байгаа байх. Нөгөө талаас шинэ байр барих ажил бараг л зогсч, төрөөс шинэ орон сууц барихад хэдэн тэрбумыг зарлагадна. Яагаад орон сууцны хомсдол үүссэн юм бол? Үүний шалтгаан нь яг л сүүний үнэд хяналт тавьснаар хомсдол үүсдэгтэй адил. Өөрөөр хэлбэл: Төр зах зээлд хэдий хэр гүн оролцоно төдий хэрээр социализм руу хөтөлж аваачдаг.
   
“Бид социалист биш ээ, бид төр бүх зүйлийг хянадаг байхыг хүсдэггүй. Тэгэх нь буруу гэдгийг ойлгосон. Гэхдээ яагаад төр зах зээлийн багахан хэсэгт хяналтаа тогтоож болохгүй гэж? Төр яагаад бидний хүсэхгүй байгаа зарим зүйлийг хийж болохгүй гэж?” хэмээн асуух хүмүүст өгөх хариу нь энэ юм. Ийн ярьж байгаа хүмүүс угтаа өөх ч биш, булчирхай ч биш холимог эдийн засгийн бодлогын тухай ярьж байна л даа. Тэдний харж чадахгүй байгаа зүйл гэвэл: онцгойлсон оролцоо буюу эдийн засгийн системийн тодорхой нэг л хэсэгт хяналт тогтоох нь төрд өөрт нь ч, төрийн оролцоог хүссэн хүмүүст ч хүсч байснаас нь хувь илүү дордсон нөхцөл байдал үүсгэдэг явдал.  
 
Социализм болон капитализмын хоорондох – дэмжигчдийнх нь хэлдгээр капитализмаас ч хол, социализмаас ч хол, аль алиных нь сул талыг нь гээж, давуу талыг нь авсан гэх гуравдагч системийн тухай ойлголт – тэр чигтээ утгагүй зүйл. Ийм үлгэрийн гэмээр систем байж болно гэдэгт итгэдэг хүмүүс төрийн оролцооны “ололт”-ыг магтан дуулахдаа эгээтэй л яруу найрагч мэт болчихдог. Тэднийг андуурч байна гэдгийг л баттай хэлж чадах байна. Тэдний магтан дуулаад байгаа төрийн оролцоо нь өөрсдөө ч хүсэхгүй тийм л таагүй нөхцөл буй болгодог.
   
Миний хожим авч үзэх, үүнээс урган гарах олон асуудлын нэг нь протекционизм юм. Төр дотоод зах зээлээ дэлхийн зах зээлээс тусгаарлах гэж оролддог. Тэд дотооддоо худалдаалах бараа бүтээгдэхүүний үнийг дэлхийн зах зээл дээрхээс өндөр байхаар тариф тогтоосноор дотоодын картель үүсгэдэг. Картель гэдэг нь ашгаа нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан цөөн тооны бие даасан үйлдвэрлэгчдийн нэгдэл юм. Картелиуд үйлдвэрлэлийн хэмжээг хязгаарлах, үнийг хянах, зах зээлийг хуваан эзэмшихэд чиглэгдсэн байдаг. Өөрийнх нь оролцооноос болоод дотоодын картелиуд үүсэх нөхцөл бүрэлдсэн атал төр бизнесийн байгууллагууд руу хуруугаараа чичлэн “Картелиуд бий болоод байна, иймд төр оролцох ёстой” хэмээдэг нь хачирхалтай. Угтаа бол картелиуд байгуулагдах боломжийг олгосон зах зээл дэх төрийн оролцоог таслан зогсоож байж л картелиудаас зайлсхийх нь энгийн ойлгомжтой зүйл.
   
Төрийн оролцоог эдийн засгийн асуудлын “шийдэл” гэж хараад авч хэрэгжүүлсэн улс бүрд маш таагүй, заримдаа бүр эмх замбараагүй нөхцөл байдал үүсдэг. Хэрэв төр цагаа олж үүнийгээ зогсоохгүй бол гарцаагүй аюулд тулна. Гэсэн хэдий ч, бизнес дэх төрийн оролцоо газар сайгүй ажиглагдах ажээ. Хүн ямар нэг зүйлд сэтгэл дундуур болоод ирэхээрээ л “Төр үүнийг шийдвэрлэх ёстой. Бидэнд төр байгаагийн хэрэг юу билээ? Төр л үүнийг хийх ёстой” гэдэг. Энэ бол өнгөрсөн үе, тодруулбал орчин үеийн эрх чөлөө, орчин үеийн үндсэн хуульт төр, орчин үеийн төлөөллийн засаглал болон орчин үеийн бүгд найрамдах үзэл, ойлголт бий болохоос ч өмнөх үед хамаарах улирсан, баларсан бодол шүү дээ.
   
Олон зууны туршид хүн бүр хүлээн авч, зөвшөөрөх ёстой нэг л “номлол” байсан нь хаан бол Бурханы элч; тэр албат иргэдээсээ хол илүү ухаалаг, бас ер бусын хүчтэй гэх ойлголт. Саяхныг хүртэл буюу XIX зууны эхэн үе хүртэл өвчин туссан хүмүүс хааныхаа мутраас адис авбал өвчин нь илааршина гэсэн “гэнэн” бодолтой байсан шүү. Эмч нар уг нь илүү ухаалаг баймаар байтал тэд өвчтнүүдээ хаантай уулзуулахыг л хичээдэг байж. Халамжит төрийн дээд эрх мэдэл, үе залгамжилсан хаадын ер бусын, бурханлаг хүчний тухай энэ “онол” аажимдаа оргүй алга болов. Үгүй дээ л бид тэгж бодсон байтал ахиад гараад ирэх нь тэр.   
   
Ийм зүйлээс сэргийлэх арга чарга байдаг уу? Миний бодлоор тийм арга байгаа. Тэр арга нь иргэдэд эрх мэдэл олгох бөгөөд ингэж байж л өөрсдийгөө жирийн иргэнээс дээгүүр ухаантайд тооцдог автократ дэглэм тогтохоос сэргийлж чадна. Энэ бол эрх чөлөө хийгээд хамжлагат ёс хоёрын том ялгаа юм.