Голын тэртээх гацааны хавар
Хичээлийн дараа танай ангийнхныг үлд! гэж байна хэмээн жижүүр хүүхэд ямар нэгэн баярт мэдээ дамжуулж байгаа аятай хэлэв. Хичээлийн дараа үлдээх нь хэзээ ч сайны дохио байгаагүй билээ. Эхлээд хүүхэд бүр «Би яалаа» гэдэг асуулт өөр өөртөө тавилаа. Би ч яаснаа бодоод бодоод олсонгүй.
* * *
Хичээлийн дараа танай ангийнхныг үлд! гэж байна хэмээн жижүүр хүүхэд ямар нэгэн баярт мэдээ дамжуулж байгаа аятай хэлэв. Хичээлийн дараа үлдээх нь хэзээ ч сайны дохио байгаагүй билээ. Эхлээд хүүхэд бүр «Би яалаа» гэдэг асуулт өөр өөртөө тавилаа. Би ч яаснаа бодоод бодоод олсонгүй. Нөхдийнхөө царайг харвал мөн л миний нэг адил гайхшаа барсан байдалтай. Манай ангид «За даа, ер нь энэ л яачихсан болов уу» гэмээр сэжигтэй хүн ер алга. Тийм болохоор бидэнд бушуухан хичээл тараагаад, яасныгаа мэдэх асар их хүсэл эрмэлзэл төрөв. Бүх хичээл дууссан хойно манай ангийн багшаас гадна, пионерын ахлах удирдагч ойр дотных нь хүн үхчихлээ гэхэд ингэхгүй болов уу гэмээр баргар царайлан орж ирэхийг үзвэл бид «нэлээн том яасан» болох нь тодорхой. Багш олон таван үггүй:
- Мөнхөө байна уу гэж зуунги асуув.
Манай ангийн хамгийн өндөр нь боловч сурлагын чанар нь хамгийн намхан энэ хүү уул нь хорхойд хоргүй нэгэн. Мань хүн паакталсан нь тодорхой болов. Муу авсантай нь холбоотой бол уу? Гэтэл өдөр болгон муу авдаг юм чинь. Хүн зодов уу? Уул нь номхон амьтан. Гэнэт түүний нэгэн хөгтэй явдал санаанд орж өөрийн эрхгүй инээд хүрэв. Бид Д.Сүхбаатарын мэндэлсэн өдрөөр пионерт элслээ. «БНМАУ-ын өсвөрийн пионер би МАХН-ын үйл хэрэгт үнэнч байж, социализмын бүрэн ялалтын төлөө мятаршгүй тэмцэхээ өөрийн нөхдийн өмнө тангараглая!» хэмээн андгайлж, гал улаан бүч зүүцгээлээ. Урьхан салхинд дэрвэлзэх улаан бүчээ харан сэтгэл хөөрч, үнэхээр л тэр социализм гээч юм бүрэн ялах эсэх нь биднээс хамаарах юм шиг догдолцгоосон. Дараа нь «Д.Сүхбаатарын үйл амьдрал» гэсэн бүлгийн ажил зохиож их жанжны тухай багш ярилаа. Анх энэ хүний хөргийг мөнгөн дээрээс харж, юм болгоныг солиод авч болдог тэрхүү шидэт цаасан дээрх хүний нэрийг ээжээсээ асуугаад «Д.Сүхбаатар» гэгч болохыг мэдэж, төгрөгийг хийсэн хүний л зураг юм байх хэмээн тааварлаж байсныг бодоход их жанжны тухай овоо юм мэддэг болсон үе байлаа.
Д.Сүхбаатар ядуу ард цагаан дээлт Дамдины гэр бүлд төрсөн билээ. Цагаан дээлт гэхээр нь эмнэлгийн ажилчид шиг цагаан хувцас өмсдөг их ариун цэвэрч хүн байжээ хэмээн таадаг байсан юм. Гэтэл ядуу зүдүү учраас дээлэн дээрээ өнгө татах даавуу авч чаддаггүй нэгэн байсан гэнэ. Ном бичигт гардаг бүх л алдарт хүмүүсийн намтар «ядуу ардын гэр бүлд төрөөд» хэмээн эхэлдэг болохоор суу алдрын оргилд хүрэх чухал учир шалтгааны нэг нь эцэг эх нь үгээгүй хоосон байх явдал хэмээн итгэж, юмтай шиг айлын хүүхдүүдийг «алдарших замыг нь эцэг эх нь баллажээ» хэмээн өрөвдөнгүй харж явсансан.
Нутаг усандаа нэртэй сайн гаанс зууж, бодын үнэтэй хөөргөөр тамхилдаг «алтан» хэмээх Намсрайн гэрт төрсөн боловч хувьсгалт ухамсарт ойлгогдомгүй шалтгаанаар «овоо» хүн болчихсон багш маань ядуу зүдүүгийн хүчинд л хувьсгалч болж хүний зэрэгт хүрсэн Сүхбаатарын тухай баахан ярьж «Ленин, Сүхбаатар хоёр уулзсан нь» хэмээх алдарт зургийг тайлбарлалаа.
- За, хүүхдүүдээ асуух юм байна уу гэж багш эелдгээр сонирхлоо. Гэтэл мань Мөнхөө гар өргөх нь тэр. Багшаас юу ч асуудаггүй, бас багшийн асуултад ганц удаа болов хариулдаггүй болохоор нь гайхсан хэрэг.
- За, манай Мөнхөө юм асуух гэж байна. Босоод асуу! Хүү минь. Мэдэхгүй юмаа асуух нь хүний маш чухал чанар хэмээн түүний ам ангайх гэж байгаад баярласан багш маань сэтгэл хөдлөн өгүүлэв.
Мөнхөө босоод толгойгоо нэг хэсэг илснээ, загатнасан ч юм уу дагзаа жаахан маажив. Тэгснээ нусаа хэд татлаа, гараа буулган, шал ширтсэнээ ахиад л мөнөөх толгойгоо маажив. Капитан Грантын хүүхдүүд гэдэг номд гардаг махчин омгийнхны хүний мах идэхийн өмнө хийдэг ёслолорхуу хачин үйлдлээ Мөнхөө дахиад л эхнээс нь нэг хоёр давтав.
Ерөөсөө ч манай хүн самбарын өмнө гарахаараа толгойтойгоо ноцолддог зантай л даа. Түүний толгойтойгоо ноцолдож буйг хараад «Эх орон-52» гэдэг радиогоо дуугаргах гэж энд тэнд нь тоншиж, алгадаж, нударч суудаг өвөө маань санаанд буудаг. Харин Мөнхөө толгойгоо өвөө шиг чанга бишээр оролдож зөөлөн илж, маажиж байгаад дотор нь юм бодогдуулчих санаатай байгаа юм шиг харагддаг. Тэгж тэгж мань хүн толгойныхоо ажилладаг цэгийг нь олж илэв бололтой:
- Багш аа. Тэр Сүхбаатарын ард зогсч байгаа нь өнөө кинон дээр гардаг Ховдог Гомбо гуай мөн үү гэх нь тэр.
Энэ Мөнхөөгийн танин мэдэхүйн ертөнцийн өмнө тавьсан анхны, миний мэдэж байгаагаар сүүлчийн асуулт нь байлаа. Мөнхөөг дуудагдаж байх хооронд энэ бүхэн санаанд зурсхийн буугаад алга боллоо.
Мөнхөө ч:
- Би байна гэж хэлэх дууных нь өнгөнд гайхсан шинж илэрхий.
- За Мөнхөө гуай та гараад ир хэмээн багшийн зуунги хэлэх нь бидний хувьд «цаазаар авсугай» гэхтэй нэг адил аймшигтай сонсогдов. Хилс хэргээр олон жилээр шийтгүүлсэн гэм зэмгүй ардын найдвар тасарсан царай гарган манай Мөнхөө самбарын өмнө очоод ээлжит аянга буухыг дуулгавартай хүлээлээ. Пионерын удирдагч хавтаснаасаа гурвалжлан нугалсан хоёр захиа гаргаж:
-За Мөнхөө ах, (ах гэдэг үгийг туйлын егөөтэй хэлэв) өөрийнхийгөө эхлээд уншина уу даа гэхэд сая Мөнхөө өөрийн толгой дээр ямар аянга буусныг гадарлав бололтой.
Манай хүн нэг охинд захиа бичиж... тэр нь баригдах юу байхав цаадах нь багшдаа өгчихсөн хэрэг.
-Унш! Унш!
Мөнхөө захиагаа минчийсэн хүрэн юм болж ирээд л түгдчин уншиж гарав. Мань эр уншихдаа угаасаа л маруухан боловч яг одоо бол тун сайн уншиж байх шиг:
Надаас чамд
Навчнаас цэцэгт
Сэсээр улсад хийсэн
Сэвсгэр цагаан цаасан дээр... би ийм захианы үгийг уншиж байсан ба манай ангийн ганц нэг хөвүүд яг хуулж аваад ганц нэг охинд атгуулсан боловч юу ч болоогүй өнгөрсөн билээ. Зарим охид бүр «сайхан үерхэе» гэсэн хариу ч өгсөн явдал бий. Мэдээж хэрэг сайхан үерхэх гэсэн бол өвчин туссан аятай захиа бичиж яах билээ. Бид Мөнхөөг захиагаа түгдчин унших бүрийд дооглон шиг шуг хийж, багш:
- Нөхөд минь энэ чинь инээдэм наргиан биш гэж тасхийх тоолон намжиж байлаа. Тэгж байтал ямар ч зовлонд өөрийн хугацаа байдаг хойно Мөнхөө захиагаа уншиж дууслаа. Гэтэл пионерын удирдагч:
- За дараагийнхыг нь гээд нөгөө нэгийг өглөө.
Мань хүн хоёр охинд зэрэг захиа бичиж шараа болсон хэрэг. Охид юм хойно бие биедээ хамаг нууцаа дэлгээд сүүлд нь багшдаа ховлож. Зайлуул! Сурлагаар хамгийн сүүл барьж явдаг дорой ноомой царайтай түүнийг хэн ч тоох билээ дээ гэхчлэн бодлоо. Мөнхөө:
- Сэсээр улсад хэвлэсэн… гээд л эхэлтэл багш
- Наад дээр нь байгаа хаягнаасаа эхэл гэж тушаав. Мөнхөө үхчихнэ үү гэмээр хачин болсноо:
-Энхрий хайртай Мөнхөөдөө
Энхцэцэгээс хүргүүлэв гэх нь тэр. Бид цөм амаа ангайн дуугаа хураалаа.. Манай хүн бүр хариу, тэгэхдээ зөвшөөрсөн хариу авчихсан байх нь... Үүнээс эхлэн бид түүний уншсан захиаг атаархан атаархан сонслоо. Эцэст багш:
- За, ийм байна. Энэ Мөнхөө урьдах хичээлээ хүчрэхгүй байж, ийм балай муухай, пионер хүний ёс суртахуунд таарахгүй юм хийсэн байна. Бүр хэнд бичсэн гэж бодно. Дээд ангийнхаа эгчид... Манай ангид «ая» хэмээн дуу алдах сонсдов. Манай дээд ангид ганцхан Энхцэцэг бий бөгөөд тэр нь ёстой л бидний ганц нүдээ хужирладаг, дээд ангийнхны бүгдийнх нь сэтгэл, захидал хоёрыг өөр дээрээ соронздон татсан охин билээ. Тэр Мөнхөөг зөвшөөрсөн. Ийм хачин ийм гайхалтай зүйл байх уу. Түүнээс хойш багшийн ярьсан хайр дурлалын хор холбогдлын тухай, энэ нь сурагч насны хэрэг биш болох тухай, сургуулиас хөөх тухай яриа бүгд чихний хажуугаар өнгөрч «тэр яаж ингэж чадав» гэсэн ганцхан асуулт өөртөө тавьж, асуулт тавих тусмаа Мөнхөөг бишрэн хүндлэх сэтгэл төрж байлаа. Пионерын удирдагч заагуур модоор ширээ балбан байж бидний анхаарлыг төвлөрүүлээд «Та нөхдийн гол зорилго бол сурах явдал». «Дурлал бол сурлагын дайсан мөн» гэдэг үгийг сайн санаж авцгаа.. алив чи бос хэмээн намайг заав.
Б.ЦЭНДДОО