АСЕМ-ыг ийм өндөр үнэлгээтэй хуралдуулж чадсан нь
гадаад бодлогод маш том нэмэх оноо авчирлаа

АСЕМ-ын дээд түвшний уулзалт өндөрлөсөнтэй холбогдуулан энэ чуулга уулзалтын ач холбогдлыг хөндөж дипломат албаны ахлах ажилтан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Дашдоржийн Баярхүүг (Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн) “Өдрийн сонин”-ы сурвалжлагч урьж ярилцжээ. Тус сонинд (2016.07.20 № 164 /5429/) нийтлэгдээгүй хэсгийг оролцуулан анхны эхээр нь baabar.mn сайт уншигчиддаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор дор сийрүүлэв.

АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө. Дэлхийн 54 орны удирдагч манай улсад цугласан уг хурлын гол ач холбогдол юу вэ?

Ач холбогдлыг олонтаа ярьсан даа. ТВ-ийн бүх суваг, өдөр тутмын бүх хэвлэлээр Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, олон ТВ-үүдээр манай дипломат албаны туршлагатай Элчин сайд нар ярьсан. Би МҮОНТВ-ээр бүтэн хоёр өдөр тайлбарлаж ярьсан. Үзсэн сонссон хүн олон байгаа байх. Гол ач холбогдлыг би гарчигт хэлчихлээ. “Цаглашгүй” гэдэг үгээр юутай ч зүйрлэхгүй, давтагдашгүй, мөнхөд дуурсагдах гэдэг утгыг илэрхийллээ. Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд нар “Нэгэн зуунд дахин тохиохгүй” гэсэн санаагаар олонтаа хэлнэ билээ. Эдүгээ 51 гишүүнтэй, 51 улсад нь ээлжлээд Ази, Европын гэж солбиод хоёр жилд нэг удаа чуулдаг гэвэл АСЕМ-ын дараагийн уулзалт Монголд иртэлээ лав 100 жилийн зай байна гэсэн санаа юм. Гэхдээ АСЕМ-д элсээгүй Ази, Европын өдий төдий улс орон цаана нь үлдэж байгаа, тэд уван цуван элссээр байх болно гэдгийг бодолцвол 100-аас ч цаашаа хугацаа сунаж мэднэ. “Цаглашгүй” гэдгээрээ би юу хэлэх вэ гэвэл, Монголын түүхнээ (810 жилээр авъя) ийм үйл явдал өмнө нь тохиож байгаагүй, хойшдоо, нэг хэсэгтээ огт тохиохгүй гэдгийг хэлж байна. Хоёр тивийн ийм олон улсын удирдагчид нэгэн зэрэг манай эх орны нийслэлд цуглараад, чуулаад, Монгол орон, монголчуудын үнэн түүх, нүүр царай, соёл урлаг, хөгжил дэвшлийг нэгэн зэрэг мэдрээд, бүр түүндээ уярч хайлаад буцна гэдэг үгээр хэлж төсөөлж боломгүй үйл явдал бус уу? Дөрвийн дөрвөн гадаад улсын Ерөнхий сайд, нэг Ерөнхийлөгчийг нэг дор, бараг зэрэг шахуу хүлээн авч албан ёсоор айлчлуулсан нь гадаад харилцааны түүхнээ тохиож байгаагүй, мөд тохиохгүй үйл явдал бус уу? Эх орны маань нийслэлээр нэрлэсэн олон улсын түүхэн баримт бичиг мөнхөрч байна. “Хельсинкийн төгсгөлийн баримт бичиг”, “Киотогийн протокол” гэдэг шиг “Улаанбаатарын тунхаглал” гэх баримт бичиг нэрлэгдэж явах боллоо. Даян дэлхийн улс орнууд 200 хол давсан, гэтэл тэд бүгдээрээ нийслэлээрээ овоглосон баримт бичиг гаргуулж чаддаг бил үү гээд бодохул ач холбогдол нь юутай ч зүйрлэшгүй. Гол ач холбогдол хэмээн нэмж яривал монголчуудыг нэгтгэн нягтруулсан, их үйлсийг давж гарахын төлөө бүгд чармайсан, тэр хэрээрээ бүтээн байгуулалт хийснийг нь бас нэмж хэлэх хэрэгтэй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр жилийн тэртээ Миланд АСЕМ-ын Х дээд түвшний уулзалтад оролцоод XI уулзалтыг эх орондоо хүлээн авах эрх олж аваад тэр үед онож хэлсэн нэгэн дүгнэлт бий: Миний гадаад бодлого дээр барьж байгаа гол бодлого ерөөсөө Монголын жинг нэмэх юмсан гэсэн зорилго. Олон улсын хэмжээнд ч, бүс нутгийн хэмжээнд ч, хоёр хөрштэйгөө ярьдаг энэ ярианы түвшинд ч. Монголын жин л нэмэгдээсэй. Энэ жинг нэмж үлдээх юмсан гэсэн чин хүсэл эрмэлзэл л надад байдаг гэсэн нь энэ удаа давж биеллээ хэмээн үзэж болно.

Энэ удаагийн уулзалтад оролцсон зочдын сэтгэгдэл ямархуу байсан бэ? Уулзалтад оролцсон хүмүүс Монголд ямар үнэлэлт, дүгнэлт өгсөн бэ?


Би энд олон баримт эшлэмээргүй байна. Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкерээс эшлэе:– Би АСЕМ-ын анхны хурал Бангкокт болсноос эхлээд дээд түвшний 11 уулзалтад бүгдэд нь оролцлоо. Өмнөх 10 удаагийн уулзалталд оролцсон хүний хувьд би харьцуулалт хийлээ. Монголд болсон энэ уулзалт санал бодлоо чөлөөтэй солилцох боломжийг олгосон, хамгийн үр дүнтэй, онцгой боллоо гэж бодож байна. Нийт 100 орчим хоёр талын уулзалт явагдсан учраас эдгээр өдрүүдэд “дэлхийн хөгжим” Монголд эгшиглэж байлаа. Энэ хоёр хоног Монголын нэр хүндийг өндөрт өргөсөн үйл явдал боллоо. Уулзалтад ирсэн хүмүүс энд ирэхээсээ өмнө Монгол гэдэг улс бол маш том газар нутагтай гэдгийг л мэддэг байсан. Гэтэл одоо бол тэд Монгол гэж ямар аугаа ард түмэн, ямар том үндэстэн бэ гэдгийг энэ хоёр өдөрт үзэж харлаа гэжээ. Германы нэгэн хэвлэлд “Дэлхий дахин Монголоор амьсгалж байна” гэсэн гарчиг бүхий нийтлэл хэвлэгдсэнийг бас дурдъя. Сэтгэгдэл гэдэг бол хүлээлтээс үүсдэг байх. Монголд ирэхээсээ өмнө эдгээр зочид өөр сэтгэгдэлтэй, өөр төсөөлөлтэй байсан болоод л магтаж ярьж хэлж байгаа болов уу. Монголын тухай дэлхийн мэдээллийн сайтуудад байдаг ерөнхий мэдээлэл: том нутагтай, гуравхан сая хүн амтай, хөдөө аж ахуй голлосон, жижиг буурай хөгжиж буй улс, ДНБ нь төд гэсэншүү мэдээлэлтэй ирээд гадаад зочид маань ёстой нэг барьц алдах шиг боллоо. Тийм мэдээлэл нь “за даа” гэсэн хүлээлт үүсгэчихсэн. Өмнө нь Азид, жишээ нь Лаост явагдсан дээд түвшний уулзалттай харьцуулчихсан ирсэн байх. Тэгээд гэнэт балмагдаад магтаалын үгсээ урсгаж гарсныг бид харлаа. Монголыг ийм гэж, ингэж чадна чинээ даан ч төсөөлөөгүй явжээ гэх харууслын үгсийг би өөрөө хоёр чихээрээ сонссон л доо. Хойшид Монголд олон улсын ямар ч том арга хэмжээ, хурлыг зохион байгуулж болох юм байна, монголчууд найдвартай зохион байгуулах юм байна. Монголчууд дэлхийн түвшинд ажиллах бүрэн чадвартай юм байна гэх сэтгэгдэл түлхүү үлдсэн байх. Энд эш татах бас нэг эх сурвалж байна. Даргын мэдэгдэл хэмээх баримт бичигт АСЕМ-ын Тэргүүн нар Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг амжилттай зохион байгуулж, нийт оролцогсдыг халуун дотноор хүлээн авч зочилсонд хурлын Дарга болон зохион байгуулагч улсад талархал илэрхийлэв гэсэн өгүүлбэр байгаа. Энэ чинь үнэлгээ биш гэж үү?

Энэ удаагийн уулзалтаар Улаанбаатарын тунхаглалыг баталсан. Уг тунхаглалын гол утга санаа юу байв?

АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэх хүрээнд түүний үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, АСЕМ-аас гурав дахь 10 жилдээ баримтлах үндсэн чиг шугамыг тодорхойлсноороо тунхаглалын гол утга илэрхийлэгдэнэ. Харилцан хамаарал бүхий өнөөгийн ертөнцөд хоёр тивийн улс орнууд улам бүр ойртож, нийтлэг асуудлаа шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллахаар зориг шулуудлаа гэсэн санаа тэнд бий. Хурлын ерөнхий уриа нь “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэхүй” гэж байгаа шүү дээ. АСЕМ нь XXI зууны дэлхийн хөгжлийг тодорхойлоход чухал хүчин зүйл болсоор ирсэн ба цаашид ч байх болно гэж бас тэнд бий. АСЕМ өөрөө хэн бэ, яах зорилготой юм бэ гэсэн тодорхойлолтоо тэнд жагсаасан байгааг бид олж харна. АСЕМ-ын өдөртэй боллоо. Үүнээс хойш “2016 онд Улаанбаатарт тэгж шийдвэрлэсэн” гэх үгс байнга дагалдах болно. Цаашдаа ирэх 10 жилдээ тэгнэ ингэнэ гэсэн зорилтуудаа “Түншлэлээ бэхжүүлнэ”, “Бодит өгөөжийг дээшлүүлэх хамтын ажиллагааг бэхжүүлнэ”, үүнд АСЕМ нь нийтлэг ашиг сонирхол бүхий салбаруудад анхаарлаа төвлөрүүлнэ: терроризм, түрэмгий экстремизмтэй тэмцэх, далайн аюулгүй байдал, далайн дээрэм болон зэвсэгт халдлагатай тэмцэх, хүний ба хар тамхины наймаа, кибер аюулгүй байдал ба кибер гэмт хэрэг, мэдээлэл, харилцаа холбооны технологийн болон түүний ашиглалтын аюулгүй байдал, НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг дээдлэн сахих, хуулийн засаглал ба олон улсын эрх зүйг нийтээр хэрэгжүүлэх, хүний эрх, авилгатай тэмцэх, шилжилт хөдөлгөөн, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчин, гамшгийн эрсдлийг бууруулах ба түүний удирдлага, хүнс-ус-эрчим хүчний аюулгүй байдал, эх газрын болон далайн нөөц баялаг ба хууль бус, бүртгэгдээгүй болон хяналтгүй загас агнууртай холбоотой асуудлууд, боловсрол, ядуурлыг арилгах, цэнхэр эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, либералчлах, шинжлэх ухаан, технологи, инноваци, тээвэр, ЖДҮ-ийн хамтын ажиллагаа, чадавхыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, эмэгтэйчүүдийн чадавхижуулалт, залуучууд ба хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг гээд бүр тодорхой заачихлаа. Ази, Европын аль алинд ч ашиг тусаа өгөх салбаруудад анхаарлаа төвлөрүүлнэ гэсэн заалт байна. Мөн “Уялдаа холбоог бүхий л чиглэлээр бэхжүүлнэ”, “Албан бус шинж чанар, сүлжээний хэлхээ холбоо, уян хатан байдлыг хөгжүүлнэ” гэсэн тодорхой үүргүүд ч гишүүддээ санал болголоо. Яг нэр заагаагүй ч АСЕМ-ын гишүүн орнуудад хүний хөгжил ямар өндөрт байх ёстойг битүү хэлээд өгчихлөө. Дахиад 10 жил өнгөрөхөд тэр үед болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтаар “АСЕМ-ын иргэн” гэх нэр томъёо орж ирэхийг би үгүйсгэмгүй байна.

Даргын мэдэгдэл гаргасан. Ямар мэдэгдэл гарсан бэ?

Даргын мэдэгдэл бол 5 бүлэг, 45 зүйл бүхий маш том баримт бичиг. Тунхаглалтай хольж хутгаж болохгүй. Айлчлалын дүнгээр хамтарсан албан мэдээ, хамтарсан мэдэгдэл гардагтай адил агуулга бүхий баримт бичиг юм. Дээд түвшний XI уулзалт хаана хэзээ болж, хэн хэн оролцов, хэн даргалав, ямар асуудал хэлэлцэв, ямар шийдвэр гаргав, АСЕМ эгнээгээ хэрхэн тэлж ирэв, өмнө гаргасан шийдвэрүүдийн явц ямар байнав, дэлхий нийтийн түгээмэл хурцадмал асуудлаар АСЕМ-ын гишүүд ямар байр суурьтай байнав, хэрхэн хамтран ажиллав, цаашид яахав, 2030 оныг угтуулсан тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа, байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийн талаархи хамтын ажиллагаа, тогтвортой эрчим хүчний технологи, гамшгийн эрсдлийг бууруулах, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн төлөөх хамтын чармайлт, ажлын байр, бизнес, АСЕМ-ын үйл ажиллагаан дахь уялдаа холбоо, дэд бүтэц, худалдаа, хөрөнгө оруулалтын урсгал, хувийн хэвшил, төрийн болон хувийн хэвшлийн түншлэл, шинжлэх ухаан, технологи, иновац, хоёр тивийн хоорондын соёл, боловсрол, эрдэм шинжилгээ, аялал жуулчлал, залуусын солилцоо, боловсрол, үндэсний болон бүс нутгийн брэндийг бий болгоход бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих гээд олон асуудал хэлэлцсэнээ Даргын тэр мэдэгдэлдээ тайлагнажээ. Мөн олон улсын энх тайван, аюулгүй, тогтвортой байдал, хөгжилд ноцтой аюул занал учруулж байгаа терроризмын талаархи байр суриа АСЕМ-ын энэ удаагийн зочид илэрхийлжээ. Терроризмын эсрэг тэмцэх, нийгмийг хүчирхийлэл рүү түлхэж буй түрэмгий экстремизм, хэт туйлшралыг дэвэргэх нөхцөл байдлыг арилгах, түүнчлэн аливаа шашин, үндэстэн, иргэншил эсвэл угсаатны бүлэгтэй холбохгүйгээр терроризм, түрэмгий экстремизмтэй цогц байдлаар тэмцэх шаардлагатай байгааг мэдэгдэлд дурджээ. Чингэхдээ гадаадынхныг үзэн ядах үзэл, шашны үзэн ядалт ба хүчирхийлэл зэрэг үзэн ядах, үл тэсвэрлэх үзлийг өдөөн турхирах бүх хэлбэрийг буруушаажээ. Тэд маргаантай байдлыг зохицуулах, хэт туйлшралын аливаа илрэлтэй тэмцэхэд хүлээцтэй хандах нь нэн чухал болохыг хүлээн зөвшөөрчээ. Дэлхийн янз бүрийн бүс нутагт өрнөж буй мөргөлдөөн, түүний дотор Ойрхи Дорнод, Африк, Украин болон Солонгосын Хойг, Афганистан дахь хэрэг явдал, БНАСАУ-тай холбоотой хүний эрхийн асуудал, цөмийн зэвсгийн асуудал, дүрвэгсдийн хямрал, хүний эрх, сайн засаглал гээд бүгд Даргын мэдэгдэлд оржээ.

Даргын мэдэгдэлд манай улсын энх тайванч санал санаачилгыг дэмжсэн агуулга бүхий заалт орсон нь нэн чухал ач холбогдолтой юм. Тухайлбал Монголыг яг нэр заагаагүй ч гэсэн дэлхий дахинд итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг хангах үйлсэд төвийг сахисан улс орнуудын хүч чармайлт чухал болохыг заалаа. Бүс нутгийн улс орнууд болон бусад оролцогч талуудын хооронд харилцан ойлголт, итгэлцэл, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн сонгодог жишээ болгож Монгол Улсаас санаачилсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ”, түүнчлэн Зүүн хойд Азийн энхийн хамтын ажиллагааны тухай БНСУ-ын санаачилгыг нэр заалаа. АСЕАН-ы Хамтын нийгэмлэг 2015 онд албан ёсоор байгуулагдсныг өндөр үнэллээ. АСЕАН бол тэргүүлэх ач холбогдолтой эвсэл гэдгийг ч тэмдэглэлээ. Энд би хэсгээс нь авч тайлбарлаж байна. Мэдэгдлийн 45 заалтыг нэг бүрчлэн ярина гэвэл Танай сонины нэг дугаар бүтнээрээ хүрэлцэхгүй.

Улаанбаатарын тунхаглал, даргын мэдэгдэл хоёрыг хэрхэн хэрэгжүүлдэг юм бэ?

Нэгэнт л хэрэгжүүлнэ, хэрэгжүүлж чадна гээд 51 улс, олон улсын хоёр том эвслийн удирдагчид санал нэгдчихсэн юм биш үү? Тэгэхлээр илүүц асуулт байна.

АСЕМ-ын дараа манай улсын эдийн засаг болон гадаад бодлогын хүрээнд шууд нөлөөлөх өөрчлөлтүүд гарах уу?


АСЕМ-аас эдийн засгийн шууд ашиг хүсэн хүлээж горьдсон бол тун тусгүй юм. “Нэр хугарахаар яс хугар!” гэж уул уурхайн бизнес тойрсон их улс төр өрнүүлж, гадаадын түншүүдээ цочоож айлгаж айлгачихаад эргүүлж татаж авчрах, гадаадын хөрөнгө оруулалтыг хийлгэх маш том ухуулга ятгалгын цаана бид гарч чадсан юм биш үү? АСЕМ-ыг угтуулж бүтээн байгуулалт өрнүүллээ. Нийслэл хотынхоо өнгө зүсийг танигдахгүй болтол өөд нь татлаа. Дэлхийн түвшинд хүрсэн зочид буудлын үйлчилгээ буй болголоо. Энэ бүхний төлөө монголчууд жил хагас ажиллалаа, нэгдэж нягтарч чадлаа. Хамгийн гол нь ийм том ажлыг нугалахын тулд монгол хүнээ хөгжүүлж чадлаа. Үүнээс өөрөөр ямар ашиг хүснэ вэ? АСЕМ-ыг ийм өндөр үнэлгээтэй хуралдуулж чадсан нь гадаад бодлогод маш том нэмэх оноо авчирлаа. Монгол бол олон улсын харилцаанд найдвартай түнш байж чадна, эвлрүүлэгч эерүүлэгч байж чадна гэдгийг харуулж чадсан нь гадаад бодлогын гол ололт болов уу. Монгол Улсын гадаад бодлого залгамж чанараа хадгална гэдгийг ч төрийн тэргүүн нэг бус удаа илэрхийлнэ билээ.

Улс орны төрийн тэргүүнүүд манай улсад бэлэг барьсан. Жишээлбэл Хятадын тал 38 тэрбум ам.долларын хугацаа хэтэрсэн зээлийг тэглэлээ. Ер нь ингэж очсон улсдаа бэлэг өгдөг юм уу?

Энэ асуултаа Хятадын талд тавих ёстой юм байна. Та бүхэн Монгол-Хятадын хэлэлцээг сурвалжилж явахдаа Хятадын Засгийн газрын тэргүүнээс асуудаг байж л дээ.

АСЕМ-ын үеэр дэлхий нийт Монголд хэрхэн анхаарал хандуулсан бэ?

Дээр үнэлгээ гэдэгт ярьчихсан даа. Өвөр хоорондоо хэлэлцэх олон асуудалтай, хоёр талдаа уулзаж хараахан амжаагүй буюу тийм уулзалт хийх цаг нь болоогүй олон талууд Улаанбаатарт уулзлаа шүү дээ. Орос-Герман, Хятад-Япон, Хятад-Вьетнам гэхчлэн. Энэ бүхэн дэлхийн хэвлэл ТВ-үүдээр хангалттай сурталчлагдлаа. “Монголд”, “Улаанбаатарт” гэсэн үгс ямагт дагалдаж байлаа. Францад террорист халдлага, Туркэд төрийн эргэлт хийх гэсэн оролдлого давхацлаа. Дэлхийн бодлогыг тодорхойлдог Ази, Европын том том гүрний удирдагчид, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүний 4-ийнх нь дээд өндөр хэмжээний төлөөлөгчид Улаанбаатарт цуглажээ, тэд юу гэх бол, Европын Холбооны хоёр дээд лидер Улаанбаатарт байна, тэд юу гэх бол хэмээн дэлхийн хэвлэл, мэдээллүүд нүд салгалгүй манай эх орон руу ширтэж байсныг бид харлаа шүү дээ.

Дээд түвшний уулзалтууд хаалттай горимоор хуралдсан. Яагаад ийм байдлаар хуралддаг вэ?

Хаалттай хуралддаг журам түгээмэл л дээ. Нууж хаасандаа биш юм. Олон түмэнд мэдээдэх мэдээлэхгүй асуудал гэж байдаг юм. АСЕМ-ын энэ хоёр чухал баримт бичгийг Улаанбаатарт цуглаад эхийг нь зохиогоод гаргачихсан биш юм. Бүр жилийн өмнөөс төслийг нь гишүүн орнууддаа тараагаад дараа нь ахлах албан тушаалтнуудын хоёр ч уулзалт дээр ярилцаад, Улаанбаатарт сая эцэслэн гаргасан нь тэр юм. Хаалттай гээд хардаад байгаа чинь тэрхүү баримт бичгүүдийн төсөл дээрээ заалт нэг бүрээр, бүр үг өгүүлбэр, цэг таслал нэг бүрээр шүүн хэлэлцэн шийдвэр гаргасныг нь хэлж байна. Эхлээд англи хэлээр бүрэн тохиролцоно. Дараа нь АСЕМ-ыг гишүүн орнуудын үндсэн эх хэлэнд хөрвүүлэгдэнэ.

Уулзалтад ирсэн дэлхийн томоохон удирдагчид хуралдааны асуудлаас өөрөөр манай улстай холбоотой хамтын ажиллагааны чухал шийдвэр гаргасан уу?

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр хоёр талын 100 орчим уулзалт явагдсаны 60 гаруй нь манай Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар оролцсон хоёр талын албан ёсны уулзалтууд байна. Тэгэхлээр лав 60 гаруй уулзалт Монголын эрх ашгийг шууд хөндлөө. Хамтын ажиллагааны асуудал яригдлаа гэсэн үг. Гадаад хэргийн сайдын уулзалт, ТНБД-ын уулзалтуудыг би хэлээгүй байна. Заавал албан ёсоор уулзахын сацуу зоог, наадам, бусад арга хэмжээний үед албан бус өч төчнөөн уулзалт өрнөлөө. Тэр болгонд л Монгол орон, монголчууд, онгон байгаль, зочломтгой чанарын тухай эцэс төгсгөлгүй яриа өрнөж байлаа. Тэд Жаргалантын аманд байгалийн театр үзсэн тухайгаа сэтгэл хөдлөм ярьж байлаа. Бүр гайхшаа барж байлаа. Ингэж л хариулах байна.


-о0о-