Манайхан хуруугаа эсгэчихсэн ч л “Үндэсний аюулгүй байдал” гэсэн нэр томъёо хэрэглэх болсон. Үнэндээ ийм нэр томъёо бий боловч энэ нь өөрийн тогтсон хэмжүүр, хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдол, гаргалгаа, судалгаа, учир шалтгаан бүхий цогц ойлголт. Орчин үед бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн Үндэсний аюулгүй байдал гэдэгт 1. Гаднаас учрах аюул, хил хязгаарын бүрэн бүтэн байдал, халдлага болон байгалийн давагдашгүй хүчин зүйлээс хамгаалах гэх мэт. 2. Дотроос учрах аюул, бослого үймээн, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, төрийн эргэлт, терроризм, цэргийн болон шашны нийтийг хамарсан зөрчил гэх мэт. 3. Төрийн функционал үйл ажиллагааны тасралтгүй тогтвортой ажиллагаа.

Тухайн улс үндэстний онцлогоос болоод энэ гурав дээр улс орнууд өөрийн онцлог аюулгүй байдлыг нэмж тодорхойлдог. Тухайлбал Тайваньд Хятадын аюул, Исландад галт уул, Израильд лалын терроризм, Өмнөд Солонгост умартын дэглэм, Японд газар хөдлөлт, Хятадад Шиньжаан гэх мэт.

Өдгөө Монгол улсын Үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хамгийн том аюул бол Төрийн тогтвортой тасралтгүй функционал үйл ажиллагаа юм. Энэ бол төр өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй сул дорой байгааг хэлнэ. Төр шийдвэр гаргаж чадахгүй тагларах нь төр засгийн чадамжгүй байдлыг илтгэнэ. Иймдээ ч бид Тавдугаар цахилгаан станцыг барих санаачлага гаргасны 25 жилийн ой, Тавантолгойг эзэмшихээр санаархсаны 50 жилийн ойг энэ онд баяр баясгалантайгаар тэмдэглэж байна. Энэ бол захын жишээ.

Өнгөрсөн 300 орчим жилийн Монголын засгийг тооцохоо больё, учир нь бусдын тоглоом, хүчирхэг хоёр хөрш орны геополитик өргийн талбар, өөрөөр хэлбэл монголчууд Монголын нутаг дээр өөрийн бие даасан засаглалгүй байсан. Өөрөө өөрсдийгөө мэдэж засаглах болсон сүүлийн 25 жилд харин Монголын төр бараг үргэлж сул дорой засагтай явсаар ирлээ.

Үүний шалтгаан популизм, засаглалд байгаа бүлэглэлийн аймхай шийдвэргүй байдал, төрийн эрх мэдэлд улстөрийн намуудын хэт тэнцвэржилт, хууль сахих төрийн чадамж дорой, тэрбайтугай “хууль ямар хамаатай юм” гэсэн зарим засаглагчдыг аархал, хээл хахууль, авилга, “тэд тэгээд болж л байсан юм чинь бид ч гэсэн тэгэхэд яадаг юм” гэсэн хуулийг үгүйсгэл, ээлжлэн засаглах бүлэглэлүүдийн хоорондоо барьцах явдал, засаглагчдын харилцан нээнтэгт орох явдал гээд олон шалтгаан бий.

Улстөрийн бүлэглэлүүдийн хэт тэнцвэржилт төрийг ямар ч шийдвэр гаргахгүй гацаадгаараа нэн хортой. Төр буруу шийдвэр гаргах нь тийм ч аюултай зүйл биш, учир нь ардчилсан төрийн тогтолцоотой нээлттэй нийгэмд алдаа дутагдлыг засаад явж болдгоороо нэн дэвшилттэй. 1996-2000 онд УИХ-ын шийдвэр 51 хувиар гардаг байсан механикмыг тухай үеийн сөрөг хүчин овжноор ашиглан 150 орчим удаа хурал хаян бойкотолж чадаж байснаараа маш сул дорой засгийг Монгол оронд бэлэглэж байв. 4 жилд 4 Засгийн газар солигдож ямар ч шийдвэр гаргаж чадахгүй хүчгүйдэж байсны цаад шалтгаан энэ. Хэт тэнцвэржилтээс болоод 2006-2007 онд эрээвэр хураавар рэкэтчидийг өөртөө багтаасан Засгийн газар сул дорой Засгийн газрын үзүүлэн болж, Засгийн газрынхаа эсрэг Засгийн газрын гишүүн нь гудамжинд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, зарим гишүүд нь Ерөнхий сайдаа зодох гэж ширээ тойруулан элдэж байлаа. Энэ хооронд хуулиараа бол Гүйцэтгэх засаглалд ямар ч оролцоо байх ёсгүй Ерөнхийлөгч Засгийн газрыг улайм цайм толгойлон удирдаж байв. 2012-2016 оны хэт тэнцвэржилтийн үед аргагүйн эрхэнд “амраг” болсон МАХН хэмээх оймсныхон Засгийн газраа 13 удаа барьцаалж үнэн чанартаа төрийн шийдвэрийг гацаагч гол хүчин зүйл болсон.

Гэхдээ дандаа өлбөгөр дорой Засгийн газар байсан юм биш. Бямбасүрэн, Энхсайхан, Баяр нарын ЗГ, Бат-Үүлийн хот зэрэг нь удирдагчийн зоримог, шийдвэртэй алхамуудын хүчээр энэ бэрхшээлийг даван туулж ихийг бүтээсэн билээ. Даанч эдгээр засаглалууд шийдвэрлэг алхамынхаа төлбөрт богино насалсан. Гэхдээ үлдээсэн нь их.

Төрийн эрх мэдлийг улс төрийн нэг бүлэглэл дангаараа авах нь сөрөг хүчний хяналтыг сулруулдаг муу талтай ч хэрэв үүнийгээ ашиглаж чадвал нэгэн утгатай шийдвэр гаргаад явах бололцоотойгоороо огт шийдвэр гаргаж чадахгүй болчихдог тэнцвэржилтээс олон талаараа давуу юм. Ийм сайхан бололцоо энэ удаа МАН-д гуравдахь удаагаа тохиож байна.

Лав л эхний хоёрыг нь огт ашиглаж чадаагүйгээр барахгүй бүр дордуулсан. 1992-1996 онд социализмын үеийн хараат, унхиагүй, аймхай, хэт болгоомжтой хүмүүсээс бүрдсэн Засгийн газар нэгэнт эхлүүлсэн зах зээлийн шинэчлэлийг шууд л таг зогсоож “хүнлэг ардчилсан, шинэ маягийн социализм коммунизм” гардан байгуулаад унаж билээ. Монгол орон шилжилтийн хамгийн дорвитой алхамууд хийж болох байсан гарааны бололцоогоо алдсанаар маш том ухралт болсон. 2000-2004 онд засаглалд бүтнээрээ гарч ирсэн бүлэглэл харин “шинэ маягийн капитализм” байгуулж гарав. Нийт сонгогчдын 50 хувийн санал авсан боловч сонгуулийн тогтолцооноос болоод суудалгүй хоцорсон сөрөг хүчнээ газрын хөрснөөс эгнэгт арчихаас ажлаа эхлэн төрийн албаны 15 мянган хүнийг ажлаас нь халсан. Албан тушаалыг мөнгөөр үнэлж наймаалцах “нийгмийн харилцааг” санаачилсан. Огт мөнгөгүй байж “мянганы зам” гэх мэтийн популист шуугиан үүсгэн нийгмийг хуурах хуучин аргыг сэргээсэн. “Хууль ямар хамаатай юм” гэсэн засаглагчдын авир үзэл эндээс буй болсон.

Монгол улсын сул дорой төрөөс салгах гуравдах бололцоо МАН-д одоо гараад ирлээ. Хүчирхэг төр гэдэг шийдвэр гаргадаг, шийдвэрээ хамгаалдаг, буруу бол айж бэмбэгнэлгүйгээр буруугаа хүлээн засч чаддаг, хуулийг ясчлан биелүүлдэг, хуулийн дагуу сайн мэнэжмэнт хийж чаддаг баг бүрэлдэхүүн байх ёстой.
 
Шинэ Засгийн газрын хамгийн анхны шийдвэр нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг УИХ-д оруулж ирэх байлаа. Гэтэл Авилгатай тэмцэх газраас дөрвөн сайдыг нь ашиг сонирхолыг зөрчилтэй болохыг сануулангуут шууд л гөлгөнөөд өнөө дөрвөөсөө татгалзчих нь тэр. АТГ бол төрийн боловсон хүчин сонгон шалгаруулдаг газар биш. Авилга хээл хахуультай тэмцэх, ийм боломжит зөрчил илэрвэл түүнийг урьдчилан сануулж засч залруулахыг шаардах үүрэгтэй. Төрийн аль нэг албан тушаалтан өөрийн гүйцэтгэж буй тушаалаараа дамжуулан ашиг сонирхолын зөрчилд орж болохоор бол түүнийг сануулан, энэ зөрчлөөс холуур байх арга хэмжээ авахыг зөвлөх, сануулах, урьдчилан сэргийлэх ёстой юм. Нөгөөтэйгүүр тухайн албанд очиж буй хүн ашиг сонирхолын зөрчилд орж болохоор бол түүнээ мэдүүлээд ийм эрсдлээс холуур байхаар амлах нь зөрчлөөс урьдчилан сэргийлж буйгаа илэрхийлээд, алдаа зөрчлөө засчиж буй хэрэг. Түүнээс биш цөөхөн монголчууд хоорондоо яриад эхлэхээр л тун удахгүй хамаатан садан болох нь дороо илэрдэгийг хэн хүнгүй мэднэ. Хэн нэгний ах дүү хамаатан садан ямар нэг бизнес эрхлэх нь түүнтэй хамаатай албан тушаалтны буруу биш. Ухаан нь хамаатан нь тариалангийн газартай бол шинээр нэр дэвшигч АТГ-ын сануулсан ёсоор дүүтэйгээ холбогдсон ямар нэг шийдвэр гарах тохиолдолд огт оролцохгүй гэж амлалт өгөх, мөн дүүгээс нь гадна хөдөө аж ахуйтай холбоо бүхий өөр хамаатан садан найз нөхөд байдаг бол тэднийгээ “илчилж”, тэдэнд энэ албан тушаалыг хашиж байх хугацаандаа ямар ч “тус үзүүлэхгүй” гэдгээ нийтэд илэрхийлснээр АТГ-ын сануулга алдаа, зөрчлийг арилгачиж буй хэрэг юм. Нэгэнт АТГ-ын болон олон түмний хараанд орсон албан тушаалтан энэ зөрчлөө арилгахын оронд лоббидоод унавал харин төр түүнтэй хатуу хариуцлага тооцох журамтай юм. Мэдээж, төрийн албаар гул барин авилга хээл хахуультай холбогдсон, зөрчил байгааг нь сануулсаар байтал гэмт үйлдэл хийгээд байгаа албан тушаалтныг “алаад өгөх нь” АТГ-ын заавал гүйцэтгэх ёстой үүрэг л дээ. Мөнөөх дөрөв эдгээр албан тушаалд очихын тулд хахууль өгсөн нь батлагдвал АТГ сануулах биш “цусыг нь холих” ёстой л доо.

Дөрвөн нэр дэвшигчийг би таних ч үгүй, надад тэдэнтэй ямар ч “ашиг сонирхолын зөрчил” байхгүй. Энэ дорой үлбэгэр байдал ямар хор уршиг дагуулж болох вэ гэдгийг л хэлэх гэсэн юм.

АТГ сая ашиг сонирхолын зөрчил буйг сануулж буй нь тэдний үндсэн үүрэг, ийм үүрэг функцтэй байлгах гэж л АТГ-г байгуулсан. Санаачлагч болон дүрэм журмыг нь буй болгоход оролцож байсан хүний хувьд би гадарлана. Гэхдээ манай хууль дүрэм журам ихэнхдээ олон зүйл дээр тодорхой бус байдгаас болоод төөрөгдөх, тодорхой хүний ашиг сонирхолоос болоод гуйвах, улайтал буруу мушгих явдал элбэг байдаг нь манай төрийн нэг том гамшиг.

АТГ төрийн албан хаагчдыг өөрийн үзэмжээр “сонгон шалгаруулж эцсийн шийдвэр гаргадаг” инстүүц болон хувирах магадлал өндөр болно. Ийм байдал хэвшил болбол АТГ өөрөө авилгын маш том уурхай болно.

Засгийн газар гаргасан шийдвэрээсээ “сургаар” тэр дороо буцах нь сул доройгоо харуулах ба энэ нь үүнийг далимдуулагч бүлэглэлүүдэд том олз болно. Үүнд юун түрүүн хууль тогтоох байгууллага болох УИХ байна. Тэнд үргэлж бөөн “ашиг сонирхолын зөрчил” үүрлэж байдаг. Засгийн газрыг хамгийн ихээр шантаажилж, хуулиар заагдсан үүрэг эрхэд нь халдаж байдаг инстүүц бол УИХ. Үнэндээ сүүлийн 25 жилд ихэнхдээ Засгийн газрын ажлыг өмнөөс нь гүйцэтгэж байсан байгууллага бол УИХ дотрох ашиг сонирхолын бүлэглэлүүд байлаа.

Цаашлаад гудамжны рэкэтчид сул дорой Засгийн газраар тоглож өлсгөлөн суулт, тэр байтугай терроризмаар айлган сүрдүүлж шийдвэрийг буцаах, огт шийдвэр гаргуулахгүй болгон төрийг хүчгүйдүүлэх үйлдэл манайд улам бүр газар авч байна. 26 мянган ТББ-тай болсон манай орны засаглалын эрх мэдэл улам бүр рэкэтчидийн гар руу шилжиж байна шүү дээ.

Сонгууль гэж юу вэ. Ард түмэн тодорхой хугацаанд өөрсдийнх нь өмнөөс шийдвэр гаргаж захиран зарцуулах эрх мэдлийг тодорхой хүчинд шилжүүлэн өгч буй хэрэг. Иргэдийн хэн нь ч тэр хугацаанд төрийн шийдвэрийг эсэргүүцэх болон дэмжих эрхтэй. Манай оронд өдгөө олон объект “ард түмний” өмч. Гэхдээ энэ нь ард түмний нэрийн өмнөөс сонгогдон буй болсон Засгийн газар захиран зарцуулах эрх эдлэх болохоос, хэсэг “ард түмэн” шууд л хүрз жоотуу бариад дуртай газраа ухаад унана гэсэн үг биш. Одоо болтол бид өмчийн зөв тодорхойлолт, үүнийг ангилсан хуульгүй л явна. Зах зээлийн тогтолцоонд өмчийн эзэмшил, захиран зарцуулалт, хамаарлыг тодорхой болгох нь хамгийн чухал бөгөөд анхдагч алхам юмсан.

Гэхдээ л сонгогдсон засаг хуулийн хүрээндээ л багтаж байвал эцсийн шийдвэрээ гаргаж байх эрхтэйгээр барахгүй үүрэгтэй. Хүчирхэг төр гэж үүнийг л хэлнэ. Бүх юм хуулийн хүрээнд л бол шийдвэр гаргаж чаддаг, түүнээ шийдвэртэй хамгаалж чаддаг.

Сүүлийн үед ажиглаад байхад Монголын ээлж дараалсан Засгийн газрууд болон инстүүцүүд олон нийтийн сүлжээнд гарч буй сүрдүүлэг, доромжлол, дайралтад хэт автдаг болжээ. Монголд сая 300 мянга орчим фэйсбүүк хаягтан бий боловч энэ нь улам бүр сонирхлыг бүлэгт хуваагдан тус болгон нь цөөн хамаарагчтай. Харин хамаагүй чанга дуутай нь твиттэрчид. 200 гаруй мянган твиттэр хаяг эзэмшигч бий ч маш олон нь давхардсан хуурамч хаяг. Байнга бичдэг хорхойтой идэвхитэн 200-300 орчим. Тэдний дуу хоолой маш өндөр авдаг учир шийдвэр гаргагчид тэднийг ард түмний дуу хоолой гэж эндүүрдэг.

Шинэ Засгийн газар анхны шийдвэрээсээ буцаж ард түмнийхээ дуу хоолойг сонсдог “сайн хүү” гэсэн магтаал бол мөнөөх 200-300 жиргээчдийн л үнэлгээ шүү дээ. Ард түмний дуу хоолойг жинхэнээр нь сонсдог механизм бол сонгуулийн дүн.

2016.7.27