Москвагийн цаг уурын мэдээ

ЗХУКН-ын ХХ их хурал дээр Хрущёв бөмбөг тэсэллээ. Хрущёв энэ их хурлын хаалттай хуралдаан дээр сталинизмыг шүүмжилсэн илтгэл тавьсан юм. Илтгэлийг хуралд уригдсан коммунист намын удирдагчид болон зөвлөлтийн итгэгдсэн төлөөлөгчид сонсчээ. Их хурлаас хойш тун удалгүй Польшийн коммунист удирдагчид илтгэлийн орчуулгыг алдсанаар Хрущёв юу ярьсан нь дэлхийн нийтэд ил болсон юм. Дэлхийн дайнд үрэгдсэн зөвлөлтийн хүмүүсийн тоог Сталин 7 саяар тогтоосон байсныг Хрущёв 20 сая хүргэсэн ба харин сталинизмын харгислалд үүнээс олон хүн үхсэн үнэнтэй тулжээ.


Хуралд Монголоос Цэдэнбал, Дамба, Төмөр-Очир гурав оролцсон, харин СССР-ийн нэгдүгээр хүн болох нь батлагдаж буй Хрущёв зөвхөн Дамбыг хүлээн авч уулзжээ. Ирэнгүүтээ мань гурав МАХН-ын IV бүгд хурлыг хуралдуулав. “ЗХУКН-ын ХХ их хурлын дүн ба манай намын байгууллагуудын зорилтын тухай” гэсэн илтгэлийг Дамба тавихаар боллоо. Энэ бол Цэдэнбалын хувьд хамгийн эмзэг сэдэв нь байлаа. Тэрээр хядлагын ид үеийн дараа Монголд ирсэн боловч түүнээс хойш лавтай арваад жил үргэлжилсэн хэлмэгдүүлэлтэнд гүнзгий гар дүрсэн төдийгүй, гол зохион байгуулагч нарын нэг байсан юм. Хэргээ хүлээхгүй хүмүүст хүч хэрэглэн зодож жанчих, эрүүдэн шүүхийг ДЯЯ-нд зөвшөөрсөн МАХН-ын нууц тогтоолд түүний гарын үсэг бий. Эвлэлийн дарга Ё.Магсарыг баривчлах ажлыг тэрээр гардсан ба цаад залуу нь эрүүдэн шүүлтийг даалгүй шоронд үхжээ. ДЯЯ-ны 3 дугаар газрын сургагч Б.И.Заботин “Гоминданы тагнуул буюу Чойбалсанг алан хядах даалгавартай ирсэн групп хятад байна” хэмээн мэдээлснээс үүдэн Порт-Артурын хэрэг хэмээх олон хүнийг хядсан ажиллагаа эхэлжээ. 1947-1949 онд 80 гаруй хүнийг баривчилж залхаан цээрлүүлэх аргаар хилс хэрэг хүлээлгэсэн юм.147 Энэ ажиллагаа Цэдэнбалын шууд удирдлагаар гүйцэтгэгдсэн. Түүний гар цустай байлаа. Сталиныг дагаад Чойбалсан алуурчнаар тодрох аваас Цэдэнбал мөн л ийм ялд унана.

Бүгд хуралд оруулах илтгэлийг Цэдэнбал хянаад олон баримтыг хасуулжээ148. Тэрээр илтгэлийн төслөөс нь эхлэн эсэргүүцэж, уул бичиг баримтыг хортой цаасных нь хамт шатаалгуулсан байна149. Ингэж Дамба, Цэдэнбал хоёрын зөрчил эхэллээ. Цэдэнбал үнэндээ хүнд байдалд оржээ. Монгол Хрущёв нь Дамба болчиж. Нөгөө талаас ХХ их хурлын шуурганд өөрөө бүр юу ч үгүй хусагдах, аягүй бол шийтгэгдэх магадлалтай боллоо. Дамба нөгөө талаас эргийг нь чангалж улс төрийн хядлагын асуудлыг нэлээд буурьтай авч хэлэлцэх өнгө ороод ирлээ. Ийм үед түүнийг зайлуулах гэж оролдох нь харин ч өөрийгөө илчилсэн болно!

Ингээд тэрээр бололцооныхоо хэрээр Чойбалсанг өмөөрөв. Гол нь элдэв факт баримтыг гаргуулахгүй байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр тэрээр хэлмэгдэл 1937-1938 онд гарсан боловч 1939 онд намын ТХ тогтоол гаргаад засчихсан гэж зүтгэв. Нэг үгэндээ өөрөө хядлагад холбоогүйгээр барахгүй засалцсан хүний нэг болж хувирав. Харин олон жил айдаст явсан хүмүүс ХХ их хурлын чимээнээр илт идэвхжин сэргээд иржээ. Бүгд хуралд оролцсон хүмүүс Дамбын илтгэлийг харин ч хор холбогдлыг нь тодорхой гаргасангүй, бүрхэгдүүлсэн сул хэмээн шүүмжилсэн байна. Говь-Алтай аймгийн дарга Ц.Лоохууз хурал дээр Цэдэнбалыг ёстой авч өгөв. Улс орны амьдрал ядуу зүдүү байхад дарга нар нь идэж наргих, зугаалж цэнгэхээс өөр юм хийхгүй байгаа тухай нэр заан шүүмжилснээс гадна улс төрийн хядлагын хариуцлагын тухай ярьлаа.

Нэг хүнийг тахин шүтэх явдал намд их хэмжээтэй байна... Чойбалсанг тахин шүтэх явдлыг хэн санаачилсныг илтгэлд дурдсангүй... Ер нь тахин шүтэхийг дэмжиж, хувийн алдар нэр, зэрэг хэргэмийг эрхэмд үздэг, хөөцөлддөг хүн УТТ-нд байна уу?

Энэ бол Цэдэнбал руу хийсэн шууд дайралт байлаа. Хуралдааны төгсгөлд Дамба “Лоохуузын шүүмжлэл зүйтэй. Ийм дутагдал манайд байна” гэтэл Цэдэнбал босон харайж “Чи намын эсрэг шүүмжилсэн хүнийг зөвтгөлөө. Энэ нөхөр буруу шүүмжлэл тавьсан” хэмээн уурсчээ. Хурал нэлээд ширүүн маргаантай болсон ба эцэст нь “ДЯЯ-ны шийдвэрлэсэн улс төрийн зарим хэргийг хянан үзэх комисс” байгуулж Ширэндэвээр толгойлуулах боллоо.

Ирмэгт шахагдсан нь

Москва дахь айлчлалын, ялангуяа ЗХУКН-ын ХХ их хурлын дараагаас Дамба өөрийгөө ямархуу том тушаал дээр оччихсноо мэдэрлээ. Тэрээр Цэдэнбалыг Ерөнхий сайд болоход нь гол дэмжлэг үзүүлсэн. Хариуд нь Цэдэнбал түүнийг намын нэгдүгээр нарийн бичгийн дарга болгосон. Энэ нь Цэдэнбалыг улс оронд нэгдүгээр хүн байж өөрийгөө хоёрдугаар хүн болохыг зөвшөөрсөн хэрэг. Гэтэл өөрийнх нь суудал илүү үнэтэй болохыг Кремлийн толь улам бүр тод болгож байлаа. Цэдэнбал үүнийг мөн мэдрээд түрүүн түүнд өгсөн суудлаа одоо эргүүлж авах гэж далим хайх болов. Үүнийг нь ойлгохын хэрээр Дамба өөрийгөө хамгаалах арга бодох боллоо. Энэ нь сөрөг дайралт. Цэдэнбалыг зайлуулахаас нааш өөрийнх нь суудал улам хэврэг болж байлаа.

Цэдэнбалын хамгийн эмзэг цэг нь ХХ их хурлаар зад татсан ард түмний эсрэг гэмт хэргийн асуудал байлаа. Хэдийгээр Цэдэнбал Их хядлагын дараа Монголд ирсэн боловч 1939 оноос ард түмнийхээ эсрэг явуулсан дайн зөөлөрсөн болохоос зогсоогүй, тэр болгонд нь тэрээр гараа гүнзгий дүрсэн байв.

НЭПКО хэвлэлийн газар