-    Туршлага сургамж
       

Дэлхийн хамгийн амгалан нэгэн улсад зочилж билээ. Тэр талаар baabar.mn; facebook.com зэрэг сошиал сайтуудад фото-нийтлэлээ толилуулсан бол энэ удаа тэр улсын төвийг сахисан хур туршлагаас дор буулгая.

“Хүйтэн дайн”-ы үед дайн энхийн асуудал хурцаар тавигдаж байсансан. Хатуу хүчний бодлого явуулдаг их гүрнүүд түүнд төдийлөн санаа зовж байсангүй. Цөмийн зэвсэг  хорогдуулах хэлэлцээ их гүрнүүд (СССР ба АНУ) хийж, гэрээ байгуулсан нь тэмдэглэгдэн, их гүрнүүд л энхийн төлөө тэмцэгчид болон олны талархал хүлээж байснаас бус зөөлөн хүчний бодлого явуулдаг бага буурай, жижиг орнууд энхийн төлөө тэмцсэн дуугарсан нь анхаарлын төвд хэзээ ч орж байсангүй.



Энхийн төлөө жинхэнэ тэмцсэн, түүнийгээ нотлож чадсан, эдүгээ ч түүндээ үнэнч яваа нэгэн жижиг улс бол Мальта билээ. Мальтын байнга төвийг сахих статус гэгч нь Газар дундын тэнгис, түүний эргэн тойронд энх тайвныг хангах нэг чухал хүчин зүйл болсоор бараг 40 жилийн нүүр үзэж байна. Гадаадын цэргийг нутгаасаа гаргасан 1979 оноос тэр улс ийм статусыг хэлбэрэлтгүй сахиж байна.

Гадаадын цэрэг нутагт нь байхгүй боллоо, тэгмэгц нь төвийг сахиснаа шууд зарласан, түүндээ амжилттай яваа улс гэвэл арлын энэ жижиг улсыг яах аргагүй нэрлэнэ.  Англичууд энэ арлыг цэргийн бааз–колони маягаар ашиглаж байсан ба “Цэргийн бааз–улс”-ын статус нь Зөвлөлтийн үй түмэн цэрэг суулгаж байсан социалист Монголтой төстэй. Зөвлөлтийн цэрэг Монголыг бүрмөсөн орхисон 1992 онд Монгол Улсын тэр үеийн Ерөнхийлөгч П.Очирбат, түүний багийнхан төвийг сахих бодлого сонгохоор судалгаа хийж, байр сууриа боловсруулж байгаад хойшлуулсныг (Элчин сайд Ч.Баатарын дурсамж) би олзуурхан тэмдэглэдэг юм.

“Цэргийн бааз–улс”-ын статусаа халсны дараа төвийг сахихаа зарладаг олон улсын практикийг Мальта дэлхий дахинд үлгэрлэж, 1990-ээд оны эхээр манай улс мөн тэгэхээр яриа хөөрөө өрнүүлж, бүр Батлан хамгаалахын сайдаа (дэслэгч генерал Ш.Жадамбаа) Швейцарьт томилж явуулж байсан нь бас тохиолдлын хэрэг огтоос биш юм.  Тэр үед өмнөх хөрш БНХАУ-ын зүгээс Монголыг ямар нэгэн байдлаар төвийг сахиулах, гадаадын цэрэг дахин хэзээ ч Монголд оруулахгүй байхыг ятгаж шахаж байсан нь бас баримт болон үлджээ. Тэгэхлээр “цэргийн бааз-улс” байсан статус нь Монгол, Мальтын хувьд адил тал нь юм.

Монгол Улс ба Мальта улсын хувьд хоёул бага буурай улс, хоёул Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний (ЭҮНХ) гишүүн, Мальта нь байнга төвийг сахих статусаа эвсэлд үл нэгдэх зарчимтайгаа оновчтой хослуулж (синтез) чадсан, тэгээд тэр статусаа байнга бэхжүүлсээр ирсэн  гэдгээр Монголд туршлага сургамж болох болов уу хэмээн үзнэ. Мальта улсын нэг туршлага байна. Монголын төвийг сахихыг тойрсон мэтгэлцээн өрнөж буй өнөө цагт тэр туршлага нэн хэрэгтэй. Энэ нь төвийг сахих ба эвсэлд үл нэгдэх хоёрыг ялгаж зааглаж өгсөн туршлага нь. Байнга төвийг сахина гэдэг нь дайны цагт төвийг сахина гэсэн үг. Харин эвсэлд үл нэгдэхэд ийм үүрэг амлалт шаардлагагүй. Нейтралитетын түвшин, үйл ажиллагааны эрх чөлөө гэдэг нь өөрөө хязгаартай юм. Төвийг сахихын зорилго бол энх тайвныг хангах, тэгээд дайнд үл оролцох, харин эвсэлд үл нэгдэнэ гэдэг бол колоничлолын эсрэг хөтөлбөрийн хүрээнд их гүрнүүдээс үл хамааран хамтран тэмцэх явдал хэмээн мальтынхан ялгаж үзжээ.

Харьцангуй энх тайван цагт, дотооддоо хэвийн тогтвортой нөхцөл хангагдсан үед нейтралитетын зам сонгосон нь Монгол, Мальтын хувьд адилтгах бас нэг нөхцөл юм. Цөмийн зэвсгээс ангид бүс байна, болно хэмээн Мальтын олон нийт зарлаж тэмцэж байсан нь мөн Монголын цөмийн зэвсэггүй статустай адилхан. Олон улсын харилцаа судлаач, эрх зүйч зарим эрдэмтэд үүнийг ad hoc нейтралитетаа зарласан хэрэг1 гэж үздэг. Тэгж зарласан орнуудад Монгол, Мальта хоёроос гадна Шинэ Зеланд, Канад, Исланд, “Зургаагийн бүлэг”-ийн гишүүн улсуудыг (5 тивийн 6 улс болох Аргентин, Грек, Энэтхэг, Мексик, Танзани, Швед) нэрлэж болно.

Мальтын хувьд британийн цэрэг гарахаас бүр өмнө гадаадын олон улс оронтой Мальтын дараагийн статусын талаар хэлэлцээ явуулж байсан юм билээ. Хэлэлцээнд уригдсан олон улс орон түүний сонгож буй нейтралитет-статусыг нааштайгаар хүлээн авч, хожим   түүнийгээ зарламагц нь Алжир, Ангол, Аргентин, Болгар, Хятад, Франц, Грек, Гвиней, Итали, Иран, Ирак, Ливи, БНАСАУ, Марокко, Кипр, Румын, Саудын Араб, Сенегал, СССР, АНУ, Тунис, Ватикан, Югослав, Британийн хамтын нөхөрлөл, ЭҮНХ, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны бага хурал (ЕАБХАБ) дуун дээр дэмжин сайшаасан байдаг. Сүүлчийн гурван субъект бол бараг тэг чигтээ дэлхий гэсэн үг болж таарна.

Төвийг сахисан Европын бусад улсуудтай Мальтыг харьцуулж үзсэн судалгаа байдаг. Хэд хэдэн ялгаа буйг судалгаа өгүүлдэг. Үүнд  1) Дайн байлдаантай шууд холбогдолгүйгээр төвийг сахисан; 2) Их гүрнүүд тэрхүү байнга төвийг сахисныг нь зөвшөөрөх байр суурь эхэндээ баримтлаагүй; 3) Мальтын нейтралитет нь харьцангуй энх тайван цагт, дотооддоо хэвийн тогтвортой нөхцөлд буй болсон; 4) Төвийг сахилаа гээд Мальтад нийгмийн томхон өөрчлөн байгуулалт, бүтээн байгуулалт өрнөөгүй; 5) Цэргийн бааз-улс байсан статусаа эвсэлд үл нэгдэх, байнга төвийг сахих статус болгох диалектик зам туулсан2 явдал нь хэмээн үздэг.

Мальтын Засгийн газар анхлан 1976 онд Төвийг сахих тухай Тунхаглалаа Итали, Франц, Алжир, Ливид хандан санал болгосон. Тэр 4 улсаар аюулгүй байдлаа баталгаажуулах гэсэн оролдлого нь энэ байсан ба Итали нааштай хандаж, түүнийг нь дэмжсэн. Хожим энэ хоёр улс Төвийг сахих тухай хэлэлцээр байгуулсан. Мальтын байнга төвийг сахихыг тус улсын парламент 1979.03.31-нд батлаад, 1981.05.14-нд Тунхаглалаараа зарласан.

Төвийг сахисан туршлага сургамжийнхаа талаар надтай сэтгэл харамгүй яриа өрнүүлсэн мальта нөхөд ийн ярьж байна. Төвийг сахихаа зарлахдаа тэр үед парламентын хоёр жигүүрийг бүрдүүлж байсан, одоо ч бүрдүүлсээр байгаа Лейборист нам (1920 оноос түүхтэй), Үндсэрхэг намын (1924 оноос) хооронд гэрээ  байгуулагдаж, тэр бодлогоо нэгдсэн бодлого болгож хэрэгжүүлсэн тухай тэрээр ярьж, тэр туршлагыг Монголын эрх баригч намууд судалж үзэхийг санал болгож байв. Энэ асуудлаар эв нэгдэлтэй, нэгдсэн чиг хараатай баймааж нь хэрэгждэг, гадаадын улс орнууд ч хүлээн зөвшөөрдөг гэж байв.

СССР ба Хойд Солонгос Мальтын тэр статусыг эхлэн хүлээн зөвшөөрөгч байсан нь сонин юм. Зөвлөлтийн хувьд Британийн цэрэг гарсныг гол болгоод дахин өрнөдийн өөр улсын цэрэг оруулахгүй гэдгээр хандсан бол Солонгосын хойгийг цөмийн зэвсэг, гадаадын цэргээс ангид байлгах гэсэн бодлогынхоо хүрээнд Пхеньяны дэглэм Мальтад ханджээ.  1982 онд Мальтын Ерөнхий сайд Доминик Минтоффыг Пхеньянд урьж айлчлуулан хэлэлцээр байгуулж байв. Хойд солонгосоос цэргийн мэргэжилтэн, зэвсэг авах тухай тэрхүү хэлэлцээрт заасныг Мальтын парламентад шүүн хэлэлцээд төвийг сахисантай зөрчилдөж байна, цэргийн холбоотонтой болохыг зорилоо хэмээн буруушаажээ. Хойд Солонгосын ашиг сонирхлыг Мальтад буй болгох гэсэн гэх тэр шүүмжлэлдээ дүгнэлт хийгээд бусад бүх улс орны бодит сонирхлыг зэрэг хангана гэсэн зарчмыг тууштай баримтлан өнөөг хүрчээ. Төвийг сахиснаа бусад орны бодит сонирхлоор баталгаажуулна  гэсэн үг болж таарна. Улс төр, цэрэг, олон улсын эрх зүй, эдийн засгийн гээд бүх хэлбэрээр Мальта нь дипломат чармайлт гаргасан, түүндээ ч хүрсэн. Өмнө нь тус улсын аюулгүй байдлыг Их Британи хангаж хариуцаж байсан бол британийн цэрэг гарсны дараа арлын жижиг энэ улс хэрхэх вэ гэдэгт оновчтой хариулт олсныг нь энд хэлж байна.

Нутаг дэвсгэрээ хамгаална, хил хязгаарын халдашгүй дархан байдлаа хангана гэхгүйгээр Газар дундын тэнгисийн бүс нутаг дахь энх тайван, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулна, тэгэхдээ Европ ба Умард Африкийн хооронд энх тайвны гүүрийн үүрэг гүйцэтгэнэ (1981 оны Тунхаглалын I хэсэгт буй) хэмээн заасан3 нь чухамдаа сонирхогч бүх талуудын эрх ашигт нийцжээ.  
 
Мальтын тэрхүү Тунхаглалд зааж өгсөн нэг чухал нөхцөл бол гадаадын цэргийг оруулах, байлгах шалтгаан ба хэлбэр аж. Тухайлбал 1) өөрийгөө хамгаалах зайлшгүй шаардлага тулгарсан, 2) НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхээс аргагүй нөхцөл тулгарсан, 3) бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, төвийг сахих, эв нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд нь аюул учирсан үед гадаадын цэргийг урьж болно4. Тэр утгаар Монголын байнга төвийг сахих хуулийн зарим заалттай (7.1. Монгол Улс гадны халдлагаас өөрийгөө хамгаалах болон бусад улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас тусламж хүсэх бүрэн эрхтэй) яв цав тохирч байна гэж үзэх үндэстэй.  

Мальта нь байнгын нейтралитетаа зарласнаас хойш гурван үүргийг баттай авч хэрэгжүүлжээ. Үүнд 1) мөргөлдөөнийг өдөөгч санаачлагч байхгүй, 2) гуравдагч этгээдийн эсрэг цэргийн мөргөлдөөнд огтоос оролцохгүй, 3) бусад улс орнуудын эсрэг аливаа суртал нэвтрүүлэг хийхийг хориглоно5 гэх мэт. Эдийн засаг, худалдаа, соёлын харилцааг бусад бүх улс оронтой тэнцвэртэй барина хэмээх зорилтоо “Хүйтэн дайн”-ы үед Мальта хангасан. Түүнийгээ ч Тунхаглалдаа үүрэг болгон авсан. Тэгэхдээ эдийн засгийн интеграцад оролцох эрхээ хязгаарлаагүй. Европын Холбоонд хавсрага гишүүнээр явж байгаад хожим жинхэлсэн. Европын Холбоонд “онцгой статус”-тай байна хэмээн нэг хэсэг зүтгэсэн.

Мальта бол хэр чинээндээ томдохоор зуучлалын түүхэн үүрэг гүйцэтгэсэн улс мөн. “Хүйтэн дайн”-ыг дуусгасан олон улсын тэрхүү яриа хэлэлцээ чухам Мальтын оролцоо санаачилгаар тус улсын нутаг дэвсгэрт 1989.12.02-03-нд тохиосон юм. Берлиний хана нураад хэдхэн 7 хоног болоогүй байхад СССР ба АНУ-ын удирдагчид “Ялтаас Мальта хүртлэх” түүхийн эрин үеийг дүгнэж цэг тавьсан билээ. 1990-ээд оноос хүн төрөлхтөн “Мальта-Беловежийн эрин үе”-ээ туулж байна.

Эдүгээ Орос-Туркийн хооронд зуучлан эвлэрүүлэхийг уриалан дуудагч санаачлагч болж  Мальтын Ерөнхий сайд Жозеф Мускат үгээ хэлж байна. Тус улсын нейтралитет гэдэг нь терроризмын эсрэг глобал тэмцэлд оролцохгүй гэсэн үг биш. Иргэншсэн ертөнц ба терроризмын хооронд тэмцэл өрнөж байхад Мальта нь төвийг сахисаар байна гэх нь утгагүй юм. Бид терроризмын эсрэг ямагт тэмцэж ирсэн хэмээн тэрээр Bloomberg ТВ-ээр ярьж байв.

                                                                                                     
1
Conditional Neutrality, Limited Intervention: The Ad Hoc Nature of Britain"s Taiping Policy, 1853-1862,  http://scholar.colorado.edu/cgi
2 Шкембри, Д. Постоянный нейтралитет Республики Мальта: Международно-правовые вопросы (автореферат диссертации на соискание ученой степени кандидата юридических наук), http://www.law.edu.ru/1185065
3 Declaration of Neutrality. Valletta, 1984, p. 2. Speech by Foreign Minister Dr. A. Sceberras Trigone at the Plenary of the 37th U.N. General Assembly, 14 October 1982 Documents MFA. Valletta, 1984
4 Мөн тэнд
5 Мөн тэнд