Үүл нүүх үү, Монголын нийслэл Детройт шиг болох уу
Үүл нүүх цаг болсон л баймаар. Гэтэл “нүүлгэхгүй” гэнэ ээ. Нийслэлийн Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааны нээлтийн үеэр “Энэ удаагийн сонгуульд Э.Бат-Үүл олонхийн саналыг авч сонгогдоно, улмаар нам нь олонхи болно, бас болоогүй дахин дөрвөн жил хотын даргаар тухална” гэсэн үгсийг ардчиллынхнаас сонсдог юм байна.
Нийслэлийнхэн Үүлийг хангалттай эрхлүүлсэн, хайрласан. Түүнийг Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Засаг даргаар 2012 оны наймдугаар сарын 7-нд томилогдсоноос хойш нэг сарын дотор хоёр хүн амиа алдаж, барилгын ослоор хүний эрүүл мэндэд хохирол учирсан гэх мэдээлэл өндөр өнжилгүй дуулдаж байхад тэр мэдэгдэл гаргахаас хэтрэхгүй, Мэргэжлийн хяналтынхантайгаа сандал суудлын хэрүүл хийгээд л сууж байсан. Гэвч Үүл баатар аа гэж хүндэлдэг нийслэлчүүд “шинэхэн дээрээ сонихон” гэгчээр их л зөөлөн хандаж, “гай нь таарлаа” гэх нь холгүй байж толгойг нь илснээр мээрийгээ эрхлүүлчихсэн юм даг. Одоо тэр нь “эвэр нь ургаад эхийгээ мөргөнө” гэгчээр “Гоё суудал байна, дахиад суумаар байна” гэж хэлүүлсэн бололтой юм. Тиймгүй бол төдий насны, өдий туршлагатай улстөрч намынхнаараа өөрийгөө үргэлжлүүлэн даргалуулна гэхэд нь “Ардчилал хаана байна” гээд асуучихаж дөнгөхгүй байж АН-ын туг дарцаг болж хийсэх нь ч юу л бол.
Учир нь энэ бол АН-ынхны өнөөх асуудал шийддэг сугалаа биш. Санал асуулга нэртэй ч хүссэн саналаа авахаас нааш шийдвэрээ дуулгадаггүй дүр эсгэсэн санал асуулгаар шийддэг хэрэг бүр ч биш юм. Зүгээр л “Намаа удирдаад сонгуульдаа ялалт гарга, чаддаг юм бол томилогдоорой” ийм л зарчмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргыг томилох учиртай.
Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн өнгө төрхийг нэмсэн, зээлээр авсан буюу Чингис, Самурай бондын мөнгөөр зам, гудамж, уулзвар барьсан гэдгээрээ нийслэлийн АН-ынхны шоу эхэлж буй. Гэвч Э.Бат-Үүлийн өмнөх дарга нар тоонд муудаа, толгой нь ажилладаггүйдээ өр тавиад зам тавьчихъя гэж сэтгэж чадаагүй хэрэг биш л дээ. Өндөр хүүтэй зээлийн мөнгөөр зам тавьж болдоггүй гэдэг зарчмаараа л ажилласан болохоос Оюутолгойн урьдчилгаагаар зам бариад сууж байж болох л байсан. Тийм зарчим байдаггүй болоод л Үүл баатараас “дутуу сэтгэсэн, бага ажилласан” болж таарч байгаа бололтой. Дутуу сэтгэх гэснээс 2010 оны хавал Х.Баттулга, Э.Бат-Үүл нар хэн нь илүү сэтгэдэг талаараа IQ уралдаан зарласан мэт “Баттулга сайдын дутуу бодол”, “Баатар Бат-Үүлд “дутуу бодлоо” гүйцээж илгээх хариу” хэмээх нэртэй нийтлэлүүд харилцан шидэлцэж шоудсаныг санаж байна. Тухайн үедээ тэд албан тушаалыг тойрч бус, ажил хэргээ тунгаан шүүхээр нийтийн өмнө мэтгэлцэж эхэллээ хэмээн өөрсдийгөө хөөргөөд авсан. Тэдний мэтгэлцээний гол сэдэв нь одоо яриад байгаа, заримыг нь хийчихсэн гэх гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны зээл, хашаандаа хаус барих зээл, газрын асуудлыг яаж зохицуулах гээд олон чухал асуудлыг хөндсөн байв. Харин үүнээс хоёрхон жилийн дараа хүссэн эрх мэдэл нь АН-д ирсэн. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга, бүгд АН-аас нэр дэвшиж сонгогдсон намынхаа лидерүүд төрийн жолоог атгаж, Үүл баатар нийслэлийн жолоог атгасан. Харин санасандаа хүрч чадсан уу. Одоо бүр хашаа будах дээрээ тулчихаад сууж байна.
Нэг нууцыг задлахад Үүл дарга чинь ардчилагч биш юм байна лээ шүү. Дарангуйлагч юм билээ. Үүгээрээ УИХ-ын дарга, намын даргатайгаа аягүй адилхан. Тиймээс ч хотын дарга болсныхоо дараахан баахан торгуул, хориглосон шийдвэр, журам, татвараар дарамталж эсвэл өөртөө таалагдтал санал асуулга явуулж билээ. Эцэст нь нийслэлийн төсвийн орлого тасарч, төсвөө батлуулахад нийслэлийн иргэдээ шулахаас өөр замгүй болтлоо буланд шахагдах гэхчлэн юм юмыг үзэж, үзүүлж дөрвөн жилийг үдэв. Гэтэл дахиад дөрвөн жил хотыг даргалмаар байгаа бололтой.
Уучлаарай, эхлээд иргэдээ торгож олохоор төлөвлөсөн 23 тэрбум төгрөгийн орлого, “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банк, бусад хөрөнгө оруулалтаар орж ирсэн их хэмжээний зээлээс зөвхөн нийслэлд л гэхэд 2.1 их наяд төгрөгийг зарцуулсан задаргаа нь тун бүдэг байгаа. Мөн хүү нь оффшор бүсэд данстай компанитай холбоотой хэрэгт нэр холбогдож, бантсан эцэг “Аав нь хотын дарга байхад хүү нь бизнес эрхэлж болохгүйг ойлгосон. Хүүгийнхээ бизнес хийх урмыг л хугалчихсан байх” гэж ярьж суусан. Энэ талаас нь харвал Москва хотын дарга Ю. Лужковын гэргий нь Оросын нэг номерын эмэгтэй баян байж, барилгын зэрэг салбарт ажилладаг хүн байсан. Гэтэл Ю.Лужков шинэ барилга барих, хороолол байгуулахын тулд маш олон эртний барилгыг нураахаас буцахгүй байсан нь ард иргэдийн дургүйцлийг дэгдээжээ. Үүнээс гадна Оросын албаны талын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Лужковыг авилга авч хариуцлага алдсан гэж илээр зэмлэж байлаа. Энэ бүхнээс үүдэн тухайн үеийн Ерөнхийлөгч Д.Медведев “Итгэл алдсан” гэсэн шалтгаанаар түүнийг огцруулах тушаалд гарын үсэг зурж байсан. Харин манай Ерөнхийлөгч Баатар цолоо өгсөн ч бангаа өгөөгүй л яваа нь эмээдгийнх үү, элэгтэйнх үү, бүү мэд.
Ямартай ч Үүл даргын шинэчлэл, гялалзсан их амжилтын зэрэгцээ Хуримын ордоны хувьчлал, Төв бассейны хувьчлал болон “Таны газрыг тэрбумд хүргэнэ” гэх амлалт зэрэг нь хасах оноотой яваагаас харахад Нийслэлийн АН-ыг ялуулна гэдэг Үүл баатарт амаргүй даваа. Гэвч тэр хариуцлагаа хүлээж чаддаг улстөрч. Магадгүй тийм л болоод 2010 оны 9 дүгээр сарын 10-нд нийтлэгдсэн “Манай Зюганов” нийтлэлдээ “Орон нутгийн сонгуулиар манай нам Баянгол дүүрэгт байнга ялагдана. Эрдэнээ юу ч болоогүй мэт царайлан Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга хэвээрээ л үлдэнэ. Тэгээд зогсохгүй Нийслэлийн намын дарга болоод дэвшээд явчихаж байгаа юм даа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд манай нам ёстой “будаа” болтлоо ялагдсан. Харин мань эр намын дүрмийн дагуу хариуцлагаа хүлээн огцрох нь бүү хэл “Нийслэлийн намын дарга дүрмэнд заасан ёсоор хариуцлагаа хүлээх учиртай “гэж хэлж зүрхэлсэн гишүүдийг “шорон” зангаараа далайлган дарамталсаар зүрхийг нь үхүүлээд Намын Хорооноос хөөн зайлуулчихаж билээ” гэж ирээд л хариуцлага тооцон бичсэн биз. Гэхдээ л ялагдвал яах вэ гэдгээ ярилгүй намынхнаа “зохицуулчихсан”, олуулаа л болдог юм бол “сразу майор” гэдэг шиг Хотын даргаар дахиад томилно гээд сонгуулийн эхэнд ам гарчихсан нь сонихон байгаа юм даа. Ер нь л иймэрхүү төсөв төлөвлөгөө, татварын дарамт, хориглосон журам шийдвэрээр “Найрсаг” хот байгуулах, сонгуулийн тойрог ч болчих эрхгүй дүүргүүдэд сонгогчоо тараачихдаг “Дагуул хот”-той нийслэл энэ удирдлагаасаа салахгүй бол Детроит шиг болж иргэд нь хаяад явах биз. Үүнийг хүсэж байгаа олигархиуд ч цөөнгүй. Харин сонгогчид Үүл нүүх эсэхийг, Улаанбаатар сэргэх үү, Монголын Детроит болох уу гэдгээ сонгох гэж байна.